2024 оны анхны тоймоороо эргэн уулзаж байгаад баяртай байна.
Unread-ийн хамт олон бид жил бүрийн эхэнд тухайн жилийн өнгийг тодорхойлох хамгийн чухал, хамгийн нөлөөтэй арга хэмжээнүүдийг онцолж, гол тренд болон чиг хандлагуудтай хослуулан таамгаа дэвшүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн тухайд дэлхий, технологи, спорт, шинжлэх ухаан, энтертэйнмент гэсэн сэдвийн хүрээнд хүлээгдэж буй гол үйл явдлуудыг багцлан тоймоо бэлтгэлээ.
Хүн төрөлхтний хөгжил улам өөд тэмүүлж, бидний төсөөлөлд ч багтамгүй олон гайхамшигт үйл явдлуудтай зэрэгцэн амьдарч буй энэ цаг үед биднийг улам эерэг, улам өөдрөг ирээдүй хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
2024 оны турш бид та бүхэнд илүү чанартай, илүү агуулгатай тоймуудыг хүргэж, цаг завыг тань хэмнэн, мэдээлэлд ойр байх хэрэгцээг тань хангахаар улам хичээн ажиллах болно.
Танд шинэ оны мэнд хүргэе.
Дэлхий: Сонгуулийн бужигнаан
2024 оныг "их сонгуулийн жил" гээд нэрлэчихэд буруудахгүй. Дэлхий даяар 80 гаруй улсад сонгууль явагдаж, төрийн эрх мэдэл шилжих үйл явц явагдана. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа хэдийнээ эхэлж, дэлхий нийт Д.Трампын засаглалыг дахин гэрчлэх магадлал өндөр хэвээр байна.
Монголчууд анх удаа 126 гишүүн сонгоно. Томсгосон тойргоор, холимог системээр явагдах сонгуулийн тов 6-р сарын 28-нд хэмээн батлагдсан. Шинэчлэгдсэн үндсэн хуулийн хүрээнд явагдах энэ сонгуулийн үр дүнгээс хамаарах улс төр, нийгэм, эдийн засгийн олон үйл явдал биднийг хүлээж байна.
Орос, Украины дайн үргэлжилсээр. Энэ оны 3-р сард явагдах ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дайны нөхцөл байдалд ямар нөлөө үзүүлэхийг эцэж туйлдсан олон нийт анхааралтай ажиглаж буй нь тодорхой. Их Британи, Европын холбооны парламентийн сонгуулийн үр дүн ч дайны нөхцөл байдалтай холбогдох нь гарцаагүй.
Нөгөө талд Израйл, Палестины дайн олон нийтийн санааг зовоосоор байна. Газын зурваст үүссэн хүмүүнлэгийн хямрал энэ жилийн геополитикийн хамгийн гол сэдвүүдийн нэг байсаар байна. Индонез, Тайван шинэ лидерээ сонгож, дэлхийн хамгийн том ардчилал Энэтхэгт сонгууль явагдана. Энэ мэт бүс нутгийг хамарсан олон асуудлууд дэлхийн ардчилал, эдийн засгийн орчинд чухал нөлөөтэй.
BRICS-ийн бүлэг өргөтгөсөн хэлбэрээр анх удаа цугларна. Саудын Араб, АНЭУ, Иран, Этиоп, Египтийг эгнээндээ нэгтгэсэн уг бүлэг стратегийн түүхий эд, хөрөнгө санхүүгийн хувьд улам хүчирхэгжиж байгаагийн илрэл энэ. Гэхдээ одоог хүртэл энэ бүлгийн түншлэл ямар хамтын ажиллагаа, үр өгөөж дагуулах нь тодорхойгүй хэвээр.
Энэ жилийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн том цугларалт COP29 Азербайжанд зохиогдох болсон. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг эрчимжүүлэх, эргүүлээд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой олон төсөл, санаачлагууд хүлээгдсээр буй. Дэлхийн дундаж температур тасралтгүй нэмэгдэж, 1.5 градусын босгыг бид 2024 онд давахыг ч үгүйсгэхгүй.
Гурван таамаг:
1. Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдоно.
2. ОХУ, Украин дайн зогсоох хэлэлцээрийг эхлүүлнэ.
3. 2024 он дэлхийн хамгийн халуун жил болно.
Технологи: Хиймэл оюуны түрэмгийлэл
2023 он тэр чигтээ AI-ийн жил байлаа. Технологийн чиг хандлага тэр чигтээ хиймэл оюунтай холбогдож, бүх бүтээгдэхүүн, бизнесүүд AI-тай хэрхэн холбогдох аргаа эрэлхийлсэн жил өнгөрөв. Microsoft, Google, Meta, Amazon зэрэг томоохон гигантууд бүгд AI-ийн аяллаа эхлүүлж, бэлтгэл ажлаа базаагаад авчээ.
Тиймээс ч 2024 оныг бид AI-ийн түрэмгийллийн жил болно хэмээн тодорхойллоо. AI бидний өдөр тутмын амьдралд эргэлт буцалтгүйгээр нэвтэрч, хаалга тогшилгүй орж ирэх цаг айсуй. Бидний мэддэг олон зүйл тэр чигтээ өөрчлөгдөж, илүү олон янзын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ AI-тай холбогдоно. Энэ жилийн хувьд дэлхийн улс орнууд AI-ийн хэрэглээг илүү найдвартай, аюулгүй байлгах үүднээс зохицуулалт хийх оролдлогууд улам эрчимжих нь тодорхой. Гэхдээ энэ нь нөгөө талдаа нийгэмд үзүүлэх цочмог нөлөөг зөөллөх чухал ач холбогдолтой гэдгийг ойлгох учиртай.
Өнгөрсөн жилийн тренд нь текст, зураг, видеоноос хариулт өгөх чадвартай "үүсгэгч AI" байв. Тэгвэл EIT Digital-ийн тоймд ирэх жилийн тренд нь "сэтгэл хөдлөлт AI" байх гэнэ. Хүний ааш зан, нүүрний хувирал, сэтгэл хөдлөлийг мэдэрч түүнд тохирсон хариу үйлдэл үзүүлэх чадвартай энэ төрлийн AI нь эрүүл мэнд, харилцаа холбооны салбарт чухал нөлөө үзүүлэх магадлалтай.
Нөгөө талд төхөөрөмжийн зах зээлд AI-ийн хэрэглээ маш хурдтай нэвтрэх болно. Humane-ийн бүтээсэн AI пин олон шинэ бүтээгдэхүүний сэдэл болсон нь гарцаагүй. Энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй бүтээгдэхүүн 3500 долларын үнэтэй Vision Pro байх болно. Apple-ийн аварга экосистемийн шинэ нэмэгдэл хэт өндөр хүлээлттэй, бас харьцангуй үнэтэй байгаа нь таамагласнаас доогуур амжилт үзүүлэх гол шалтгаан болж магад.
Тэрчлэн цахилгаан машины зах зээл улам тэлж, батарейн технологийн хөгжүүлэлт үнийг улам буурахад хүргэж байгаа нь сайшаалтай. Жолоочгүй машин ч олон нийтийн хэрэглээнд нэвтрэхэд ойрхон байгаа нь 2023 онд олон стартапууд дампуурч, нөгөө талд нэгдэж, цэгцрэх үедээ орсоноос харагдана.
Гурван таамаг:
1. Vision Pro-ийн эхний төхөөрөмж бүтэлгүйтнэ.
2. АНУ AI-ийн хэрэглээний тухай хуулийг батлана.
3. X АНУ-ын сонгуулийн үеэр оргил үзүүлэлтдээ хүрнэ.
Спорт: Олимпын дурсамж
2024 он бол олимпын жил. Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон Олимпын наадам бэлэгдэл, агуулгынхаа хувьд өмнөхөөс илүү утга учиртай, чухал ач холбогдлолтой үед явагдаж байна. Парис хот 100 жилийн дараа Олимпыг хүлээн авч, дэлхийн хамгийн шилдэг тамирчдын гал гарсан өрсөлдөөнөөр дамжуулан энх тайван, эв нэгдлийг түгээх болно. Үүнээс илүү төгс "зохиол" байна гэж үү?
Манай улсын хувьд Парист 50 орчим тамирчнаа илгээх төлөвтэй байна. Уламжлал ёсоор жүдо, чөлөөт бөх, бокс, буудлагаас гадна байт харваа, хүндийг өргөлт, дугуй, 3х3 спортоор дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрснийг бид Ханжоу 2022 Азийн наадмаас гэрчилсэн билээ.
Нөгөө талд цахим спортын тэсрэлт үргэлжилсээр байх болно. Олон улсын олимпын хорооноос цахим спортод зориулсан олимпын наадмыг явуулна гэдгээ зарлаад удаагүй байна. Үүний тов, дэлгэрэнгүй мэдээлэл энэ салбарын хөгжлийг хурдасгах гол түлхүүр байх учиртай. Энэ зун Саудын Арабад явагдах 45 сая долларын шагналын сантай испортын ДАШТ ч өндөр хүлээлттэй байна.
Спорт бооцоо хуульчлагдаж, телевизийн эрхийн үнэ тэнгэрт хадсанаар АНУ-ын мэргэжлийн лигүүдийн ашиг орлого улам нэмэгдсээр байгаа. Тиймдээ ч тамирчдын цалин хангамж тэр хэрээрээ өсөж, өрсөлдөөн ч ширүүссээр. NBA, NHL, NFL, MLB зэрэг гол лигүүд шинэ аваргатай болно хэмээн таамаглая.
Гурван таамаг:
1. БНХАУ Парис 2024-ыг багийн дүнгээр тэргүүлнэ.
2. Монгол улс Олимпоос алтан медаль хүртэнэ.
3. NBA-ийн ТВ-ийн эрх рекорд тогтооно.
Шинжлэх ухаан: Сарны жил
2024 он сарны жил байх болно. Энэтхэг сарыг эзэлсэн дөрөв дэх орон болсон бол энэ жагсаалтыг Япон үргэлжүүлэхийг хүсэж байна. Тэд энэ сард SLIM хөлгөө саран дээр буулгах төлөвлөгөөтэй байгаа. Харин Хятад улсын хувьд сарны өмнөд туйлаас дээж авчрах зорилго тээн шинэ төслөө эхлүүлнэ.
50 жилийн дараа сансрын нисгэгчээ сар луу илгээх гэж байгаа NASA Artemis төслийн хүрээнд 3 ч хөлгийг саран дээр газардуулна. Мөн энэ оны сүүлээр сансрын нисгэгчтэй хөлөг илгээж, сарны тойрог замд ажиллахаар зэхэж байгаа билээ.
SpaceX, Blue Origin-аас гадна олон арилжааны компаниуд сансрын технологийг илүү хямд бөгөөд хялбар болгож, төрөл бүрийн сонирхолтой шийдлүүдийг санал болгож байна. Polaris Dawn хэмээх компани задгай сансарт алхах боломжийг энгийн иргэдэд олгож, анхны арилжааны нислэгээ үйлдэхээр зэхэж байгааг энд онцолъё.
CRISPR буюу генийн инженерчлэлийн салбар энэ жилээс нийтийн хэрэглээнд нэвтэрч байна. Оны өмнөхөн Их Британийн зохицуулах байгууллагаас генийн инженерчлэлээс гарган авсан цусны улаан эсийн эсрэг эмчилгээг зөвшөөрсөн нь дөнгөж эхлэл. Цаашлаад эмчилгээгүй гэгдэж байсан олон өвчнийг ген засварлах замаар эмчлэх эхлэл энд тавигдаж байна.
Тэрчлэн дараагийн том тэсрэлт гарах магадлалтай квант компьютер, ус төрөгчийн эрчим хүчний чиглэлийг анзаарч байхыг экспертүүд сануулсаар буй.
Гурван таамаг:
1. Япон саран дээр газардсан тав дахь гүрэн болно.
2. Starship амжилттай хөөрнө.
3. Генийн инженерчлэлийн шинэ эмчилгээнүүд зөвшөөрөгдөнө.
Энтертэйнмент: Сэргэх цаг
2023 онд Холливүүдийг хамарсан ажил хаялт энэ жилийн энтертэйнмент ертөнцийн өнгийг тодорхойлчихсон гэж хэлж болно. Ажил саатаж, хуваарь өөрчлөгдсөнөөс энэ жилийн өндөр хүлээлттэй олон шоу, киноны ажил гацаж, стриминг платформууд хөтөлбөрөө дүүргэх олон арга чаргыг эрэлхийлж буй.
Өнгөрсөн жилүүдэд бокс оффисыг чирж явсан Marvel-ийн хувьд өнгөрсөн жил "хар дарсан зүүд" мэт өнгөрсөн. Тиймдээ ч энэ жил нээх ганц бүрэн хэмжээний кино Deadpool 3-таа тэд их найдлага тавьж буй. Гэхдээ Echoes, Eyes of Wakanda, X-Men 97, Agatha зэрэг тв цувралууд хүлээж байгааг мартаж болохгүй.
Энэ жилийн гол хитүүдийг Joker, Dune: Part Two, Kingdom of the Planet of the Apes, The Lord of the Rings: The War of the Rohirrim зэрэг өндөр төсөвтэй кинонуудаас гадна Ж.Викийн ертөнцөд өрнөх Ballerina, домогт франчайзуудын эхлэл Alien: Romulus, The Strangers багтана. Parasite-ийг найруулагчийн Mickey 17 ч анхаарал татаж буй. Gladiator-ийн түүх ч яаж өрнөх нь сонирхолтой. Анимэйшний хувьд голцуу үргэлжлэл түүхүүд кино театрыг давамгайлна. Kung-Fu Panda 4, Inside out 2, Despicable Me 4 зэргээр жагсаалт үргэлжилнэ.
Энтертэйнмент салбарт Т.Свифтийн нөлөө дэндүү их байлаа. Eras Tour-ийн үеэр зөвхөн Ticketmaster 2.2 тэрбум долларын борлуулалт хийж, Т.Свифт тэрбумтны эгнээнд шилжив. Аялан тоглолтын жишгийг ахиулсан тэрээр концертын киногоороо ч бокс оффисыг эзэгнэв. Гэхдээ түүний аялал энэ жилийн турш үргэлжилнэ гэдгийг сануулъя.
Гурван таамаг:
1. Paramount, Warner Bros.Discovery нэгдэнэ.
2. Р.Рэйнолдс Марвелыг аварна.
3. The Eras Tour бүх цаг үеийн хамгийн амжилттай аялал болно.
Өмнөх оны нийтлэлүүд:
2016 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2017 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2018 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2021 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2022 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2023 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлуудUnread/7 хоногийн тойм
Unread Wrapped 2023 цуврал:
12.25: Оны онцлох стартапууд
12.26: Оны онцлох аппууд
12.27: “Би хэрхэн ажилладаг вэ?” - Шинэ оны тусгай дугаар
12.28: Оны онцлох кинонууд
12.29: Атаархлын жагсаалт: Оны онцлох нийтлэлүүд
12.30: Оны онцлох номууд
12.31: Оны онцлох үйл явдлууд
01.01: 2024 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд