Жил бүрийн төгсгөлд манай редакц шинэ жилийн тусгай-цуврал нийтлэлүүдийг бэлтгэн хүргэдэг уламжлалтай. Улиран одож буй оноо дүгнэх, ололт амжилтуудыг багцлах, үнэ цэнтэй агуулгуудыг базах Unread Wrapped цувралын гурав дахь нийтлэл уншигч танд ийнхүү хүрч байна.

2024 оны бусад Unread Wrapped нийтлэлтэй танилцах:

Оны онцлох аппууд
Оны онцлох ярилцлагууд

Бид өмнөх оны онцлох стартапаар шалгарсан компанийн үүсгэн байгуулагчдад санал тавьж, 2024 онд тэдний хувьд ямар стартап хамгийн онцлогтой байсан талаар санал асуусан юм. Ингээд тэдний хувьд энэ жилийн онцлох стартапаар хэн шалгарсныг хамтдаа харцгаая.


Жил бүр хайртай дотнын хүмүүстэйгээ аялалд явах гэхээр хаашаа явах, юу үзэхээс эхлээд төлөвлөлтийн олон асуудал гарч ирдэг шүү дээ. Тэр бүгдийг өөрөө Google-ээс хайгаад, аяллын төлөвлөгөөгөө зохионо гэдэг цаг хугацаа их шаардахаас гадна санаснаар бүтэх нь ч бий, бүтэхгүй нь ч бий. Харин U Wish компани энэ асуудлыг шийдэж, аяллын арвин туршлагатай менторуудын маршрутыг маш хямд үнээр худалдан авах боломжийг олгож байгаа юм.

Жишээлбэл, би ердөө 15 мянган төгрөгөөр Тайланд руу явах аяллын төлөвлөгөө худалдаж аваад, ямар төсвөөр юу юу хийж болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Тиймээс аяллын асуудлыг тун хялбар аргаар шийдэж өгсөн нь олон хүнд тусаа өгнө хэмээн найдаж, энэ оны онцлох стартапаар нэрлэж байна.



Digital Garage компани нь автомашин эзэмшигчдийн цаг, мөнгийг хэмнэсэн шинэлэг шийдэл бүхий платформ болж чадсан. Хэрэглэгч машиныхаа улсын дугаар, марк, үйлдвэрлэгдсэн он зэрэг мэдээллийг апптайгаа холбоод автомашиндаа тохирох сэлбэг, засвар үйлчилгээг нэг дороос харах боломжтой нь тун онцлог. Мөн дэлхийд тэргүүлэгч автомашины сэлбэгийн дата сантай холбогдсон гэдгээрээ давуу талтай.

Шинэлэг сонирхолтой аргаар хэрэглэгчийн асуудлыг оновчтой шийдэж, цахим худалдааг амжилттай нэвтрүүлж байгаа тул тэднийг энэ оны онцлох стартапаар нэрлэж байна.



Өнгө нэмье төсөл нь үнэхээр онцлох стартап гэж нэрлэгдэхүйц чухал асуудлыг хөндсөн, манай улсын хог хаягдлын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй төсөл юм. Монголд хог хаягдлын менежмент, дахин боловсруулах үйл ажиллагаа хангалттай хөгжөөгүй байгаа учраас энэхүү төсөл нь зөвхөн байгаль орчны төдийгүй эдийн засгийн хувьд ч томоохон ач холбогдолтой.

Тус стартапаас дараах шийдлүүдийг нь онцолж байна:

1. Мэдлэг, ойлголт өгөх нөлөөллийн аян – Хог хаягдлын зөв зохистой менежментэд иргэдийг идэвхтэй оролцуулахын тулд мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь үйл ажиллагааны суурь чухал алхам юм.

2. Ангилах систем – Хэрэглэхэд хялбар, ангилдаг хогны уут болон хогны савын шийдлүүд нь хог хаягдлыг анхан шатанд ялгаж, дахин боловсруулах боломжийг нэмэгдүүлнэ.

3. Тээвэрлэлт, цэгүүдийн менежмент – Хог хаягдлыг үр дүнтэй тээвэрлэх, зөв цэгүүдэд хүргэх системийг төлөвлөж, хэрэглээнд нэвтрүүлэх нь салбарын бүтээмжийг дээшлүүлнэ.

4. Дахин боловсруулах үйлдвэрүүдтэй бий болгох хамтын ажиллагаа – Тус төсөл нь зөвхөн хог ангилах, цуглуулах биш түүнийг үр ашигтай боловсруулах бүхий л үе шатанд дэмжлэг үзүүлж байгаагаараа онцлог.

Иргэдийн хог хаягдлын менежментийн талаарх идэвх, оролцоо нэмэгдэж байгаа нь сайн хандлага боловч энэ төрлийн системтэй арга хэмжээг өргөн цар хүрээнд хэрэгжүүлснээр илүү том өөрчлөлт авчрах боломжтой миний зүгээс харж байна. Харин “Өнгө нэмье” төслийн санаачилга, шийдлүүд нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжилд чиглэсэн амжилттай үлгэр жишээ болж чадах юм.



Гар утасны тоглоом хөгжүүлэгч Stone Axe стартап нь энэ жил Монголоос анх удаа Hybrid Casual тоглоомыг Америк болон бусад улсын зах зээлд гаргасан. Тоглоомын нэр нь Combat Cruiser. Бүх технологийн хөгжүүлэлтийг өөрсдөө хийж, Publish хийх тал дээр дэлхийн томоохон Game Publisher, Unicorn компани болох Voodoo-тэй хамтран тоглоомоо гаргасан бөгөөд зөвхөн хөгжүүлэлт дээр бараг жил гаруй ажилласан байдаг. Энэхүү тоглоом нь одоогоор АНУ, Бразил гэх орнуудын Appstore-д байршиж байгаа ба дөрвөн сая гаруй таталттай байгаагаараа онцлог. Мэдээж татаж авсан хүмүүсээс маш өндөр үнэлгээ аваад байгаа. Миний хувьд Stone Axe компанийг гаднын Unicorn болсон компаниудтай хэрхэн хамтарч ажиллах, яаж гадаад зах зээлд гарахыг харуулж буй Монголд байгаа хамгийн сайн жишээ гэж хардаг.



Манай редакцын хувьд анх 2022 оны есдүгээр сард Airee компанийг “Онцлох бизнес” нийтлэлдээ урьж оролцуулсан юм. Тухайн үед үе тэнгийнхээ залуусыг монголд элбэг байдаг түүхий эд ашиглан тун инновацлаг бүтээгдэхүүн гаргасанд олзуурхаж байсны зэрэгцээ бизнесийн хувьд цаашид өсөж дэвжих өндөр потенциалыг нь олж харсан гэж хэлж болно. Үндсэндээ тэд 2022 оноос эхлэн дотоод орчны агаарын бохирдлыг шийдэхийн тулд монгол хонины ноосоор хоёр давхар шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч бүтээж, хэрэглэгчдийн гарт хүргэж буй.

Өнөөдөр бидний өргөн хэрэглэж байгаа үнэтэй брэндүүдийн агаар цэвэршүүлэгчид нь синтетик материалаар хийгдсэн шүүлтүүртэй бөгөөд энэ нь эргээд байгальд задрахдаа микро пластик болж, эх дэлхийдээ ээлгүй худалдан авалт болдог. Тэгвэл ноос нь цахилгаан соронзон шинж чанартай ба Airee-ийн шүүлтүүр агаарт дэгдсэн бохирдлыг өөртөө татах замаар ажилладаг гэсэн үг юм.

2024 онд тэд таван тивд өөрсдийн бүтээгдэхүүний танилцуулгаа хийж, шинэ агаар цэвэршүүлэгчээ өлгийдөн авсны сацуу хонины ноосон шүүлтүүр бэлтгэх үйлдвэрээ угсрах ажлуудыг тус тус гүйцэтгэжээ. Тэдгээрээс хамгийн онцлууштай нь Австралийн Сидней хотод зохион байгуулагдсан тэмцээнүүдэд орж техник хангамж (hardware) төрөлд нь түрүүлсэн явдал байлаа.



Papa Logistic платформ нь тээвэрлэгчдийн сул зогсолтыг бууруулж, ачааны дүүргэлтийг нэмэгдүүлэх замаар хэрэглэгчдэд өрсөлдөхүйц үнээр ачаагаа илүү хялбар, найдвартай тээвэрлүүлэх боломжийг санал болгодог. Энэ нь манай улс шиг тээвэр, логистикийн зардал өндөр, салбарын хөгжил дунджаас доогуур түвшинтэй өнөө үед дижитал шилжилт, дэвшилтэт технологийг авчирч буйн зэрэгцээ бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж, инфляцийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж байна.

Энэхүү платформ нь хэдийгээр зах зээлд танилцуулагдаад дөнгөж хоёр жил болж байгаа ч одоогоор 19,000 тээвэрлэгчдийг нэгтгэсэн нь тэдний ашигт ажиллагааг нэмэгдүүлэн дизель хөдөлгүүрийн ажиллах хугацааг бууруулж, байгальд ялгардаг нүүрстөрөгчийн хийг бодитоор бууруулж буй.

Papa Logistic платформд логистикийн бүх төрлийн цогц үйлчилгээ бий. Хот хооронд, хот дотор, улс хоорондын тээвэрлэлтийг хялбаршуулж, алслагдсан бүс нутгийн хөгжлийг дэмжин захиалгат хүргэлтийн үйлчилгээг байгууллагын болон хувь хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн, уян хатан шийдлээр нийт 40,000 харилцагчдадаа хүрч ажиллаж байна.



Уламжлалт Анагаах ухааныг Эмзүйн шинжлэх ухаантай хослуулан түүнээсээ инновац шингэсэн бүтээгдэхүүн гарган авснаараа Gobidara онцлогтой. Тэд шүршдэг ариун ганга, гангатай нойтон салфетик, гангатай саван гэсэн нэр төрлийн бүтээгдэхүүнээ одоогоор зах зээлд гаргасан бөгөөд цаашид үс арчилгаа, амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр судалгаа, хөгжүүлэлтдээ анхаарч байгаа юм. Энэ нь Монголын зах зээлд импортыг орлохуйц, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажиллаж буйн илрэл билээ.

Залуучуудын өдөр тутмын хэрэгцээнд тохирсон гангын үнэртэй бүтээгдэхүүнүүд нь Монголын онцлогийг шингээсний сацуу олон улсын зочдод бэлэг болгон өгөхөд сав, баглаа боодлын дизайн нь нэн тохиромжтой санагдсан. Мөн Gobidara брэнд маань Монголын төдийгүй олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, шагналт байруудад шалгарч байгаа нь тун бахархалтай санагддаг. Органик эрүүл бүтээгдэхүүнийг чухалчлах болсон энэ цаг үед тун удахгүй Монголын Gobidara брэнд дэлхийн зах зээлд амжилт гаргана гэдэгт миний зүгээс итгэж буйгаа энэ ташрамд уламжилъя.



Чадварлаг хүний нөөц улам ховордож буй энэ цагт талентууд өөрсдийгөө бодитоор үнэлэх талбарыг бүтээж чадсан Lambda Global стартап компанийг онцолж байна. Хөдөлмөрийн зах зээлд байр сууриа хэдийн олсон Zangia, Unegui.mn, Worki зэрэг олон технолги ашигласан шийдлүүдтэй богино хугацаанд өрсөлдөх хэмжээнд ирсэн нь уг стартапын потенциалыг харуулсан болов уу.

Тэд энэ жил манай технологийн экосистемийн гол тоглогчдын дүүргэсэн Казакстаны Астана хотын Google Silkway хурдасгуур хөтөлбөрт Монголоос шалгарсан бөгөөд уг стартапын үүсгэн байгуулагч нь бидний сайн мэдэх В.Баярсайхан юм. Тэд одоогийн байдлаар 138 мянган мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж чаджээ.

Өмнөх оны нийтлэлүүд:

2016 оны онцлох стартапууд
2017 оны онцлох стартапууд
2018 оны онцлох стартапууд
2023 оны онцлох стартапууд

Unread Wrapped 2024 цуврал нийтлэл:

- Оны онцлох аппууд
- Би хэрхэн ажилладаг вэ? - Тусгай дугаар
- Оны онцлох стартапууд
- Оны онцлох номууд
- Оны онцлох кинонууд
- 2024 онд биднийг чимсэн онцлох 24 нийтлэл
- Атаархлын жагсаалт: 2024 оны онцлох нийтлэлүүд
- 2024 оны онцлох үйл явдлууд
- 2025 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд