Жил бүрийн төгсгөлд манай редакц шинэ жилийн тусгай-цуврал нийтлэлүүдийг бэлтгэн хүргэдэг уламжлалтай. Энэ жилээс бид уг цувралаа Unread Wrapped хэмээн нэрлэж буй. Улиран одож буй оноо дүгнэх, ололт амжилтуудыг багцлах, үнэ цэнтэй агуулгуудыг базах Unread Wrapped цувралын эхний нийтлэл уншигч танд хүрч байна.
 


Ингээд энэ онд бэрхшээл, сорилтыг үл ажран урагш давшиж чадсан, Монгол Улсын 2023 оны онцлох стартапуудтай хамтдаа танилцъя. Бид стартапуудыг тодруулахдаа стартап экосистемийн чухал хэсэг болж, цөмд нь орон ажиллаж буй бойжуулах төвүүд болон тэднийг өсөж дэвшихэд нь дэмжин ажиллаж буй эрхмүүдийн саналыг авсан юм.


2023 оны онцлох стартапаар Neolingo аппыг нэрлэж байна. Миний хувьд стартап бүтээнэ гэдгийг инновацыг хөгжүүлдэг, хэрэглэгчдэд хүртээмжтэй үнэ цэнийг бүтээдэг, тогтвортой ажиллах систем бий болгох зорилготой үйл ажиллагаа гэж ойлгодог. Тэр ч утгаараа Neolingo апп нь улс орнуудын хэлний онцлог, сэтгэлгээний хэв маягийг судалж, хэл сурах Puzzle-block нэртэй цоо шинэ арга зүйг хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлсэн төдийгүй үүгээрээ дамжуулан хэрэглэгчдэд хүртээмжтэй үнэ цэнийг бүтээж байгаа билээ.

Neolingo гурав хүрэхгүй жилийн дотор дотоодын зах зээлд амжилттай байршиж, хөтөлбөртөө 6,000 гаруй суралцагч хамруулан өсөлтийн замдаа нэгэнт орж чаджээ. Түүнчлэн тус стартап Хонг Конг дахь “Founder Institute Funding Lab” хөтөлбөрийг амжилттай төгсөж, 2023 оны Monja хөтөлбөрийн шилдэг стартапаар шалгараад буй. Өдгөө тэд олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх том зорилгын дор ажиллаж байгаа.

Neolingo аппын Үүсгэн байгуулагч А.Ариунтуяагийн хөрөг ярилцлагыг унших



Metacog Metrics стартап нь шинжлэх ухаан болон технологи суурьтай залуусаас бүрдсэн тун өвөрмөц баг бөгөөд сэтгэлзүй, тархи судлал дээр тулгуурлан технологийн стартапыг босгож буй. Тоглоомд суурилсан энэхүү платформын тусламжтайгаар их сургууль төгсөөгүй ч өөрийн потенциалаа харуулж, ажлын байран дээр үүнийгээ батлан яваа олон залуус байгаа. Энэ үр дүн нь Metacog-ийн алсын хараа болох “Хүн бүр өөрийн бүрэн потенциалдаа хүрч чадах боломжуудыг нээх” зорилгодоо бага багаар хүрч буйн илрэл болов уу.

Хамгийн эхний мөр код бичиж байсан үеэсээ л олон улсын зах зээлд гарах тухай ярьдаг байсан тэд аль хэдийн гадаад харилцагчидтай болсон төдийгүй харилцагчийн тоогоо улам нэмэгдүүлэх том зорилт тавин ажиллаж байна. Ийнхүү монгол стартапууд гаднын зах зээлд байршиж буй нь дараагийн үеийн стартапуудад илүү дөт зам туулахад даацтай хувь нэмэр болох нь дамжиггүй.

Metacog Metrics-ийн тухай дэлгэрүүлэн унших



АМУРА бол өөрийгөө хайрладаг, эрүүл мэндээ чухалчилдаг хэн бүхэнд зориулсан брэнд юм. Ялангуяа цэвэр орц найрлага, хүрээлэн буй орчинд ээлтэй бодлого нь тус стартапыг ийн онцлох гол шалтгаан болж буй. Ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тус компани нь жамц давстай аяга таваг угаагч шингэн, чацарганатай органик гарын шингэн саван, спиртэн суурьтай гар ариутгагч гель, жимс ногоо угаагч шингэн, спиртгүй хөөсөн гар ариутгагч зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгцээт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

Уг брэндийн гол ялгарал нь бүтээгдэхүүндээ парабен, сульфат, фталат, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд өргөн хэрэглэгддэг найрлагууд агуулаагүй. Мөн бусад бодистой урвалд ордоггүй, байгальд хурдан хугацаанд 100 хувь задардаг хуванцрыг ашигладаг нь тун онцлууштай санагдсан.

Энэ ташрамд дурдахад үүсгэн байгуулагдаад хоёр жил болж буй АМУРА брэнд дотоодын зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх үндсэн зорилгоосоо гадна АНУ-ын Костко сүлжээ дэлгүүрээр борлуулах ажлыг эхлүүлж байгаа юм билээ.

Сошиал хуудсаар зочлох



Энэ жилийн онцлох стартапаар миний хувьд CarePay компанийг онцолж байна. Тэдний үйл ажиллагааг товч тодорхойлоход хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод эрүүл мэндээ хойш тавих асуудлыг шийдэж, ямар ч шимтгэл, хүүгүй зээлээр бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлдэг.

B2C (Business to Customer) төрлийн бизнесийг эхлүүлэхэд зах зээлд зөв танигдаж, анхны хэрэглэгчдээ олох нь хамгаас чухал байдаг. Тэд богино хугацаанд 10 мянга орчим хэрэглэгчийг цуглуулж, сарын тогтмол орлого (Monthly Recurring Revenue) олдог болсон нь стартапын хувьд маш сайн эхлэл болсон гэж бодож байна. Тиймдээ ч Казакстан Улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, компаниа үнэлүүлж чадсан. Энэ бол хүссэн стартап бүрийн хийж чадах зүйл биш. Ирэх жил тэд зах зээлээ хэрхэн тэлж, бүтээгдэхүүндээ ямар нэмэлт боломжууд нэвтрүүлэх нь тун сонирхол татаж байна.

CarePay компанийн тухай унших



Бидний хувьд 2023 оны онцлох стартап бол VR, AR технологийг Монгол Улсад бүхий л талаас нь хөгжүүлэх зорилготой UP Tech. Тэд уг зорилгынхоо хүрээнд VR, AR технологид суурилсан контентыг шат дараатай хөгжүүлж, бизнес, боловсрол, эрүүл мэнд, үл хөдлөх зэрэг олон салбарт сургалт, маркетингийн зардал бууруулж, цаг хугацаа хэмнэх шийдлүүдийг санал болгож байна. Түүнчлэн байгуулагдсан цагаасаа хойш олон улсын, төрийн, хувийн хэвшлийн 100 гаруй байгууллагатай хамтарч ажиллажээ.

Онцлох төслүүдээс дурдвал,

  • Цар тахлын дараа Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд болон музейг виртуалаар хадгалан авч үлдэхээр “Виртуал өв соёл” төслийг санаачлан зургаан аймгийн 10 музейн виртуал хувилбарыг бүтээсэн.
  • Чингис хаан музейн 2-8 давхарт байрших бүх дижитал, интерактив газрын зургийг хийжээ. Үүнд XX зууны Монгол хүртэлх нийт арван улсын байлдан дагуулалт, газар нутгийн тэлэлт гадаад харилцааг интерактив газрын зураг байдлаар харуулсан бөгөөд онцлох мэдээллүүдийг англи, монгол хэл болон дохионы хэлээс сонгон үзэх боломжтой.
  • Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх “Төсөөллөө бодит болго” нийгмийн кампанит гүйцэтгэсэн.

Онцлох бизнес: Up Tech - Виртуал шийдлийг санал болгоно


START-ийн портфолио Listly апп нь үл хөлдөх хөрөнгө зуучлал, агент реалторуудын ажлыг хөнгөвчлөхөд чиглэсэн, pre-seed шатандаа явж буй стартап юм. Үүсгэн байгуудлагдсан цагаасаа хойш үйл ажиллагаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд түлхүү анхаарч, анхны хөрөнгө оруулалтаа анжел хөрөнгө оруулагчаас амжилттай аваад байна.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ажилладаг хэн бүхний хувьд тулгардаг асуудал бол асар их цаг зарцуулан зураг янзалж, эвлүүлэх жижиг ажлууд байдаг. Цаашлаад зараа сошиал платформууд дээр нийтлэх, тухай бүрд нь мэдээллийг нягтлан оруулах зэрэг “механик” ажлууд олон. Listly платформ нь эдгээр ажлыг хөнгөвчилж, ажлын бүтээмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх замаар тухайн реалторуудын борлуулалтыг өсгөх зорилготой.

Listly: Бүтээмж, боломж, үл хөдлөх хөрөнгө


Манай улсын хэмжээнд сургалтын төв, дугуйлан, клубууд олноор нээгддэг ч урт хугацаанд үйл ажиллагаа явуулж чадалгүй хаагддаг. Үүний томоохон шалтгаан нь ажиллах хүчин болон технологийн шийдлийн дутагдалтай холбоотой. Харин Clubi системийн санал болгож буй шийдэл нь тухайн газрын нэртэй, логотой апп борлуулалт, дотоод үйл ажиллагааны системийг долоо хоногийн хугацаанд үүсгэж, төлбөрөө subscription байдлаар төлөх боломжийг бүрдүүлжээ. Товчхондоо тэд сургалтын хуваарь, элсэлт, бүртгэл, төлбөр, борлуулалт, маркетинг, харилцагчийн үйлчилгээ зэрэг асуудлыг цогцоор нь агуулсан апп бүтээх боломжтой системийг хөгжүүлсэн гэсэн үг. Энэ бол хүний нөөц багатай, дөнгөж эхэлж буй сургалтын төвүүдэд тун өгөөжтэй шийдэл юм.

Вебээр зочлох

Өмнөх оны нийтлэлүүд:
2016 оны онцлох стартапууд
2017 оны онцлох стартапууд
2018 оны онцлох стартапууд

Unread Wrapped 2023 цуврал:
12.25: Оны онцлох стартапууд
12.26: Оны онцлох аппууд
12.27: “Би хэрхэн ажилладаг вэ?” - Шинэ оны тусгай дугаар
12.28: Оны онцлох кинонууд
12.29: Атаархлын жагсаалт: Оны онцлох нийтлэлүүд
12.30: Оны онцлох номууд
12.31: Оны онцлох үйл явдлууд
01.01: 2024 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд