Он солигдох мөч ойртон ирж буй энэ цаг мөчид "Би хэрхэн ажилладаг вэ?" булангийн шинэ оны тусгай дугаарыг хүргэж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай буланд хийж буй үйлсээрээ олны хүндлэлийг хүлээн, бусдад үлгэр дуурайл болсон 50 зочин оролцож, ажлын арга барил, баримталдаг зарчим, алсын хараагаа та бүхэнтэй хуваалцжээ. Салбар салбарын үлгэр жишээ мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагууд маань уншигчдад шинэ санаа, урам зориг өгсөн гэдэгт найдаж байна. Ирэх жил ярилцлага маань шинэ формат, зочидтойгоор хүрэх болно. Шинэ оны мэнд хүргэе! 

Өнгөрч буй оноо эргэн нэг дүгнэж, ирж буй оныхоо төлөвлөгөө, зорилгоо гаргаж буй энэ цаг мөчид бид "Би хэрхэн ажилладаг вэ?" буланд оролцсон зарим зочдоос доорх асуултуудыг асуусан юм. Та бүхэн ч гэсэн өөрсдөөсөө эдгээр асуултыг асууж, дүгнэлт хийн, зорилгоо тодорхойлоорой.

Асуулт 1: 2020 онд та шинээр юу сурч мэдэв?
Асуулт 2: 2021 оны гол зорилгоо уншигчидтай хуваалцвал?

п.Наранбаяр 

1. 2020 онд "Шинэ Монгол" сургуулийн захирлын ажлаа хүлээлгэн өгч, УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр оролцон, олон хүний итгэлийг хүлээхийн утга учир, хариуцлагыг мэдэрлээ. Нэр дэвшиж явахдаа багаа зохион байгуулах, сонгогчдын дуу хоолойг цуглуулан илэрхийлэх, өөрийгөө хурцлах, дайчлах, өөртөө хатуу бусдад эеврүү хандах, хүний хувьд зөвийг дэмжихийн ухаанд суралцав.

2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн хувьд 2021 онд сонгогчдынхоо итгэл найдварыг хүлээж, иргэндээ ойр бодлогыг, хэрэгжүүлэхэд хүчээ дайчилна. Нобелийн шагналт Кавабата Ясүнаригийн “Мянган тогоруу” бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлж олны хүртээл болгоно. Мөн ганц нэг бодсон бүтээл байна. Түүний зэрэгцээ “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ынхаа үйл ажиллагааны нэг хэсгийг цахим сургалтын орчинд чиглүүлж, интерактив аппликэйшнийг хэрэглээнд оруулан, Монгол улсын ахлах сургуулийн сурагчдад чанартай сургалтын тэгш, хүртээмжтэй боломжийг хүргэх зорилттой байна.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Олон улс судлалын доктор, Шинэ Монгол сургуулийн гүйцэтгэх захирал асан П.Наранбаяр

М.Сувдмаа 

1. Миний ажиллаж, амьдардаг АНУ-ын Цахиурын хөндийд өнгөрсөн гуравдугаар сараас одоог хүртэл цар тахлын хатуу хөл хориотой байгаа тул бид гэрээсээ ажиллаж байна. Нэг сайн тал нь оффис руу явах цагаа хэмнэж, өөрийгөө хөгжүүлэх, онлайн хичээл авах цаг нэлээн гарсан. Ажилтайгаа холбоотой үзэж судалсан курсууд гэвэл “Artificial Intelligence: Business Strategies and Applications”, “Foundations in Design Thinking”, “Pragmatic Product Manager” зэргийг дурдаж болно. Хувь хүний хөгжлийн хувьд тогтмол гүйдэг болсон, олон подкаст болон аудио ном сонссоноос гадна талх барих хоббитой болсон.

2. Манай "Salesforce" компани шинэ зах зээлд хөл тавьж, шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаа тул би тэрхүү төсөлд гар бие оролцоно. Хувьдаа хэрхэн сайн манлайлагч, удирдагч болох тал дээр үргэлжлүүлэн ажиллана.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - "Salesforce" компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал М.Сувдмаа

Д.Болор

1. 2020 онд COVID-19 цар тахлын улмаас амьдралын энгийн хэв маягууд өөрчлөгдсөн. Эдийн засаг уналтад орсон ч сургуулийн хичээл, менежментийн сургалтууд, хурал, цуглаан, ажлын байруудаас эхлээд онлайнд шилжиж болох бүхнийг цахимаар шийдэж болохыг харуулсан нь эерэг тал байлаа. Өөрөөр хэлбэл, бид онлайнаар ажиллаж, суралцаж, зөвлөх үйлчилгээ хийх шинэ арга барилд амжилттай суралцаж эхлэв.

2. Ирэх 2021 оныг шинжээчид өөдрөгөөр харж байгаа. Цар тахлын нөлөөгөөр агшсан эдийн засаг сэргэж, салбар бүрд өсөлт дэвшил гарах он болно гэсэн хүлээлттэй байна. Миний хувьд энэ жилийн хөл хорионы хугацааг ашиглан шинэчилж баяжуулсан сургалт, зөвлөх үйлчилгээний контентуудаа ирэх жил онлайн хэлбэрт бүрэн оруулж, "CEO_2" номоо дуусгаж хэвлүүлэх зорилготой байна.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - "NCS" компанийн гүйцэтгэх захирал Д.Болор

Каори Ишикава 

1. Миний хувьд энэ жил Zoom, Kahoot, Jamboard зэрэг онлайн хурал, уулзалт хийх тохиромжтой шинэ технологиудыг өдөр тутамдаа ашиглахад суралцлаа. Мөн гэр бүлийнхэнтэйгээ хамт дөрвөн сар байх хугацаандаа Тунис хоол хийж сурсан шүү. Ээж, эгч маань надад олон онцгой хоолны жоруудаас зааж, шинэ хоол туршиж үзлээ. Монголоос өөр газар гэвэл зун каяак завиар хэрхэн сэлүүрдэхийг сурсан.

2. Монголд ирээд гурван жилийг үджээ. Цаашид танилын хүрээгээ улам өргөжүүлж, монгол хүмүүс, Монгол орны тухай илүү сайн мэддэг болж, олон зүйл суралцах хүсэлтэй байна. Мөн охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, дэмжих чиглэлээр олон байгууллагуудтай хамтын ажиллагаа үүсгэхээр зорьж байгаа. Хувь хүнийхээ хувьд ирэх жил бие физиологи болон сэтгэлзүйн хувьд эрүүл, эерэг байх зорилго тавьсан. 2021 онд цар тахлын хөл хорионоос болж уулзаж чадаагүй найз нөхөд, гэр бүлтэйгээ уулзаж учрахыг л тэмүүлж байна даа.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава

Б.Хонгорзул 

1. Миний хувьд сурч мэдсэн зүйл ихтэй жил байлаа. Монголд бизнесийн орчинд төслийн менежмент хэрхэн хэрэгждэгийг М-Си-Эс группийн олон чадварлаг удирдлага, мэргэжилтнүүдээс сурсан. Хүний нөөцийн удирдлагыг онолд тулгуурлаж, туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авч, практикт туршиж суралцсаар байна. Боловсролын шинжлэх ухаан гэдэг ямар гүн гүнзгий бөгөөд хүний хөгжил, орчин тойрон, сэтгэл зүйтэй нягт холбоотой болохыг ойлгож, бидний хийж буй ажлын цар хүрээ, үр өгөөж ямар өргөн уудам болохыг ухаарсан. Өөрийнхөө сул талуудыг илүү тодоор харж, байгууллага манлайлж байгаа хүний хувьд цаашид үр бүтээлтэй, амжилттай ажиллахын тулд анхаарч, сайжруулах ёстой ур чадваруудыг илрүүлсэн.

2. "Сэлбэ" сургуулийн хувьд 2021 онд Кембрижийн Олон улсын сургууль болох эрхээ авах том зорилготой. Үүнтэй холбоотойгоор багш нарыг олон улсын хөтөлбөр заах арга зүйд сургах, хэлний мэдлэгийг нь сайжруулах ажил тууштай зохион байгуулах юм. Мөн хоёр дахь жилдээ сургуулийнхаа бүх ангийг дүүргэх зорилт тавьсан байгаа. Бид сурагчдын гадаад хэл, хувь хүний хөгжилд анхаарч, хувь нэмэр оруулахаар дэргэдээ Сэлбэ Институт байгуулж байгаа юм. Энэ хүрээнд сургалтын хөтөлбөрийг баяжуулж, гадаад харилцаагаа тэлэх зорилготой ажлууд төлөвлөөд байна.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - "Сэлбэ" сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүйцэтгэх захирал Б.Хонгорзул

Д.Сайнбаяр 

1. Уухай хөдөлгөөн маань үр дүнд хүрсэн. УИХ болон орон нутгийн сонгуулиар цөөнгүй гишүүд маань сонгогдов. Нийгэмд зөв сэтгэлтэй, чадварлаг залуусыг дэмжих хүч хангалттай байгаа нь харагдлаа. Ковидын үеэр нөхдийн хамт SIGMA - Сингапурт төгсөгчдийн холбоо байгуулсан. Сингапур хэмээх хот улсаас нутагшуулж болох шийдлүүдийг нэгтгэж хот, дүүргийн удирдлагад бодлогын зөвлөмж гаргаж өгөх ажлыг эхлүүлсэн. Түүний хажуугаар нь "Сингапурын эцэг Ли Куан Ю: Улс үндэстнээ цогцлоох нь" номыг орчуулж буй юм. Цар тахал, хөл хориотой байгаа нөхцөлд багаараа хэрхэн үр бүтээлтэй ажиллаж болох тал дээр шийдэл олж, цахим, үүлэн технологийг илүү сайн нэвтрүүлж байна.

2. Төлөвлөсөн олон төсөл бий. Илүү бүтээлч контент, ном хэвлэн нийтлэх ажилдаа илүү төвлөрнө. "Инжинаш Паблишинг" компани маань Улаанбаатар хотын удирдлагад зориулж Нью-Йорк хотыг босгосон Роберт Мoзесийн намтар "The Power Broker" (1975) номыг гаргана. Энэ ном эрин зууны шилдэг намтар бичлэгт зүй ёсоор тооцогддог билээ. Мөн Америкийг бүтээсэн эрхмүүдийн “Тhe Federalist papers” (1787), хот хөгжлийн сэдвээр Жэйн Жейкобсын "Хотын эдийн засаг" (1969) зэрэг сонгодог бүтээлүүд гарна. Түүнээс гадна ирэх оны босгон дээр шинжлэх ухаан, танин мэдэхүйн "Сониучхан" хүүхдийн номын дараагийн цувралууд хэвлэлд шилжих юм. Оны өмнөх өдрүүдэд энэхүү цуврал борлуулалтаараа дээд амжилт тогтоолоо. Шинэ онд уншигчдадаа олон сайхан бүтээлүүдээр бэлэг барина.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - SAYAN компаниудын үүсгэн байгуулагч, захирал Д.Сайнбаяр

Э.Билгүүн 

1. 2020 онд маш их зүйл шинээр туршиж, сурч мэдсэн, огт төсөөлж байгаагүй ололт амжилтаар дүүрэн жил байлаа. EducationUSA болон МАSA-ийн баг хамт олон маань хоёр ч олон улсын шагналын эзэн болсон. Өөрийн тухтай бүсээс гарч, цоо шинэ салбарт хүч үзэж, өөрийгөө шинээр нээж илрүүлэхийн зэрэгцээ шинэ хамт олон, найз нөхөд, танилын хүрээгээ өргөжүүлсэн жил байлаа.

2. 2021 онд нийгмийн хөгжил, жендерийн чиглэлийн хэд хэдэн олон улсын төслүүдийн хэрэгжилтэд төвлөрч ажиллана. Сайн дурын ажлын хувьд "MASA"-гийн үйл ажиллагааг өргөжүүлж, "EducationUSA"-гийн боловсролын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохын төлөө ажиллах төлөвлөгөөтэй байна. Хувь хүний хөгжлийн хувьд цаг төлөвлөлт болон харилцааны ур чадвараа сайжруулах, эрүүл дадал хэвшлийг амьдралдаа хэвшүүлэх зэрэг зорилтыг тавьсан байгаа.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - АНУ-д төгсөгчдийн холбооны (MASA) ерөнхийлөгч Э.Билгүүн

Б.Золбоо 

1. 2020 он тун завгүй жил байлаа. Бидний зохиосон олон төсөл бодитоор хэрэгжих үе шат буюу барилгажих шатандаа орсон.

2. Цаг үе, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч олон сонирхолтой архитектурын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул 2021 оныг өөдрөгөөр харж байна.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - "Анаграм" компанийн гүйцэтгэх захирал, ерөнхий архитектор Б.Золбоо

Б.Болор-ЭрдэнЭ

1. 2020 онд маш их зүйл мэдэж сурлаа. Хамгийн чухал нь, хөдөлмөрлөхөөс гадна өөрийн хийж буй ажлын үр нөлөө хүмүүс дээр яаж буухыг төсөөлөх учиртайг ойлгосон. Зарим тохиолдолд баргийн хүнээс гарахгүй зориг гаргах үе ч байсан. Хийх гэсэн зүйлээ зоригтой хийж шинэчлэлийг авчрах нь өөрөө багийн тоглолт, их зориг, том хөдөлмөр гэдгийг сайн ойлгосон.

2. 2021 онд хийх хамгийн эхний зорилго бол "E-mongolia" цахим платформыг хэрэглэхэд улам амар болгож, 500 гаруй үйлчилгээтэй, 1.5 сая хэрэглэгчидтэй болгож бодит хэмнэлт, үр ашгийг гаргах. Үүний дараа дижитал эдийн засагт шаардлагатай хууль эрх зүйн орчныг сайжруулж, дэлхийд гарах стартапууд, энэ салбарын залуучуудыг дэмжих зорилготой байна.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ

Г.Арсланхуяг 

1. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр 2100 он гэхэд гараг ертөнцийн хөрсний бүтэц бүхэлдээ хувирч, байгалийн тогтолцооны 40 хувь нь өөрчлөгдөхийг НАСА агентлаг анхааруулсан. Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах арга ухаан сүүлийн 50 жилийн хугацаанд бүрэн алдагдаж, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдахад нөлөөлж байгаа тул “Байгаль эн тэргүүнд” төслийг боловсруулан Экологийн цагдаагийн албанаас олон аян өрнүүллээ.

2. Дэлхий ертөнц хурдацтай хөгжиж буй энэ үед бид техник технологийг сайн ашиглаж, хөгжүүлж буй шигээ байгаль экологийн тухай шинийг мэдэж, алхам бүрдээ хайрлан хамгаалах арга ухааныг нийтээрээ сурч мөрдөөсэй гэж хүсэж байна.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - ЦЕГ-ын хурандаа Г.Арсланхуяг