Unread Wrapped шинэ жилийн цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаарт Unread-ийн брэнд контент болох "Би хэрхэн ажилладаг вэ?" булангийн 2023 оны онцлох хариултуудыг багцлан хүргэж байна. 

Бид шинэ оныг хүсэл тэмүүллээр угтаж, сургамж ухаарлаар үддэг. Дараах 14 эрхмийн онцлох хариултуудаас та энэ оны сүүлийн ухаарал, сургамжуудаа олж аваарай. 


1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?   

Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран


Би дунд сургуулиа төгсөв үү үгүй юу театрын тайзан дээр гарч, 50 гаруй жилийн турш 120-иод жүжгийн гол болон туслах дүрийг бүтээж. Хүний хувь заяа гэдэг тун хачирхалтай. Угтаа би цэргийн сургуульд орно гэж эртнээс төлөвлөж, элсэлтийн шалгалтдаа хүртэл тэнцчихсэн байсан нөхөр. Гэтэл нэг өдөр Улсын Драмын Эрдмийн театрт дагалдан жүжигчин авна гэх зарыг дуулангуутаа чавхдаж очоод шалгуултал тэнцэж орхих нь тэр. Намайг сурагч байх цагт буюу 1960-иад онд төр засгийн зүгээс бодлогоор дунд сургуулийн сурагчдад театрын жүжиг тогтмол үзүүлж, урлагийн боловсролыг системтэйгээр олгодог байлаа. Одоо эргээд бодох нь ээ, У.Шекспир, Ф.Шиллерийн сонгодог жүжгийг Б.Дашдаваа, Ц.Гантөмөр, Г.Гомбосүрэн гуай, Т.Цэвээнжав эгч гэх аваргууд амилуулж байхыг үзэгчийн суудлаас харах тоолонд ерөөс ийм сайхан жүжигчин болдог ч юм уу гэх хүүхдийн гэнэн бодол сэтгэлийн мухарт зочлоод, оюун бодлоос салж өгөхгүй байсан юм шиг. Дээр нь нэмээд “Хөхөө гэрлэх дөхлөө” кинонд тоглож, ид хит болж байсан Б.Дашдаваа гуайг бишрэн шүтэж, яг л түүнтэй адил жүжигчин болъё гэх гэнэтийн шийдвэрээр өнөөх цэргийн сургуулиа тэр чигт нь орхисон түүхтэй. Жүжигчний мэргэжлээр их сургуульд элсье гэхнээ Багшийн дээд сургуулийн жүжигчний анги дөрвөн жилдээ ганц удаа элсэлт авдаг байсан тул миний мөчлөг таараагүй.

Тэр үед шалгалт өгсөн хэдэн зуун хүүхдээс МУГЖ А.Цэгмид, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Ж.Дашзэвэг, найруулагч Д.Жамъян бидний хэдэн нөхөр шөвөгдөж, дагалдан жүжигчнээр театрын босгыг анх давж байлаа. Намайг шалгаж авсан хүмүүс бол эрдэмтэн, зохиолч, найруулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Э.Оюун, театрын уран сайхны удирдагч Д.Ичинхорлоо гуай. Дагалдан жүжигчнээр гурван жил ажилласны эцэст театрт намайг жинхэлсэн анхны гол дүр маань “Тэр талд” жүжиг. Театрын тайзнаа хэн илүү дүр бүтээх вэ гэдэг өрсөлдөөн залуу жүжигчдийн дунд айхтар ширүүн өрнөж байсан тул дагалдан надад гол дүр оногдоно гэдэг тэнгэрийн умдаг атгасан дайны аз завшаан юм шүү дээ. Тэр үеэс хойш хагас зууны туршид театр миний хоёр дахь гэр болжээ.

Ардчилсан хувьсгалын дараах жилүүдэд нэг хэсэгтээ театр үзэгчгүй, драмын жүжиг тавих амаргүй байсныг хэн хүнгүй л мэдэх биз. Тэр ороо бусгаа үед арав гаруй жил Бага театрт жүжигчнээр ажиллахын сацуу тэрхүү театрыг босголцоход хувь нэмрээ оруулж, 2005 онд УДЭТ-даа эргэж орсон. Дээр хэлсэнчлэн театрын тайзнаа би 120 гаруй дүр бүтээсэн бол уран сайхны кинонд бүтээсэн дүрээ тоолж байсангүй. Өнгөрсөн жил гэхэд Монгол, Францын уран бүтээлчдийн хамтарсан бүтээл, найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр Сарын Цас” богино хэмжээний кинонд тоглолоо.

Энэ олон жилийн турш төрд үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдэх сайхан байлгүй яахав. Гэхдээ юу юунаас илүү уран бүтээл туурвина гэдэг хамгийн бахархам үйлс. “Мандухай Сэцэн хатан” кино нээлтээ хийсэн 1988 оны үес бол бидний хэдэн жүжигчдийн хувьд алтан үе байлаа. Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн багш, А.Очирбат, Б.Дамчаа, Ж.Лувсанжамц, Д.Ичинхорлоо гуай гээд дээд үеийнхнээсээ тасралтгүй суралцаж, мөр зэрэгцэн уран бүтээл туурвиж явсан маань нэр төрийн хэрэг хэмээн залбирч явдаг.

Мэдээж хүүгийнхээ ерөнхий найруулагчаар ажилласан “Фауст” жүжигт дүр бүтээсэн явдал карьерын хамгийн онцлох хэсэг болов уу. Би хүүгээ найруулагч болчих нь чинээ зүүдэлж ч яваагүй, ер нь манай гэрээс урлагийн хүн төрнө гэж итгэдэг ч үгүй байв. Урлагийн ажил гэдэг үр хүүхдэдээ өвлүүлмээр хүсүүштэй мэргэжил ер биш. Урлагаар хоолоо олж амьдарна гэдэг чинь өөрийнхөө амьдралыг зольж буйгаас ялгаагүй. Гэтэл эмчийн мэргэжил эзэмшиж, мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байсан хүү гэнэтхэн найруулагчаар суралцана гэхэд цус харвахын наахнуур үйл явдал болох нь аргагүй. Ээж нь ч, би ч их дургүй байсан. Хүсэл нь байвч авьяас, өгөгдөл байхгүй бол шагайх ч эрхгүй шүү дээ, урлагийн тайз гэдэг. Тиймдээ ч хүүгээ хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд хий дэмий цаг хугацаагаа үрэх вий дээ гэж эмээж байсан хэрэг. Харин мэдээ орох цагаасаа л Улсын драмын эрдмийн театрт гүйж өссөн хүү маань бидний эсэргүүцлийг үл тоон Оросын театрын урлагийн институтийг төгсөж, "Фауст", "Гэм зэм" жүжгийн ерөнхий найруулагчаар ажиллаж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж буйг нь хараад бахдах сэтгэл төрдгөө нуугаад яах вэ.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?   

"Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" номын зохиолч, Парисын Нантерийн Их сургуулийн багш, дэд профессор, түүх судлаач, зохиолч Мари Фавэру


Миний зарчим бол өдөр ердөө ганц ажлын ард гарах. Бичнэ гэж бичгийн ширээнийхээ ард суусан бол тэр өдрийнхөө нормыг зайлшгүй гүйцээнэ гэсэн зарчимтай. Ажлын өдрүүд ерөнхийдөө нэгэн хэвийн өнгөрдөг. Урьд өдөр нь хэчнээн оройтож унтсан ч бай хамаагүй нартай хамт сэрэх дуртай. Нарны гэрлийн нөлөөгөөр биедээ серотонин ялгаруулж, бичих ажлаа урамтай эхлүүлэх сайхан.

Бага үд буюу 11 цагт харин өдрийн кофегоо уухаар өөрийнхөө дуртай кафед саатаж, үргэлжлүүлэн ажиллана. Парис бол миний төрсөн нутаг. Парисыг кафе, парисчуудыг кофегүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэр ч утгаараа кофешопт ажлаа амжуулах нь Парис соёлын нэгэн хэсэг.

Улаанбаатарт байгаа энэ хугацаандаа би яг л ижилхэн хэмнэлээр ажиллаж байна. Би аялах үедээ тухайн нутгийнхаа кафе соёлтой танилцах дуртай. Улаанбаатарт 20 гаруй кафегаар зочлоод амжчихаж. Бүгд л их бага хэмжээгээр онцгой сэтгэгдэл төрүүлсэн.

Зөвхөн кафе тохижилт, кофены амтаас гадна үйлчлүүлж байгаа залуус, ажлаа амжуулж суугаа залуусаас их хотын хэмнэлийг мэдэрсэн шүү. Монголд өмнө нь аялж байсан ихэнх найзууд “Монголд очсон бол Улаанбаатарт удах шаардлагагүй, шуудхан хөдөө яв” гэж захидаг. Харин миний зүгээс Монголд аялахаар ирж буй жуулчдад Улаанбаатарт хэсэг хугацаанд саатаж, залуусын эрч хүч, их хотын замбараагүй хэр нь оргилсон хэмнэлийг заавал мэдрээрэй гэж зөвлөмөөр байна.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?  

"Эрхэт Эрдэм" сургуулийн гүйцэтгэх захирал, математикийн ухааны доктор А.Ганбат


Энэ тал дээр математикийн салбарын хүмүүс ижил шинжтэй хариулт өгөх байх. Математикт нэг асуудлыг (бодлогыг) аваад, түүнийг шийдэх хамгийн үр дүнтэй, зөв гарцыг хайж олохын тулд төрөл бүрээр туршиж үздэг. Иймд аливааг нухаж, эрснээ олохын тулд сууж сурдаг нь зайлбаргүй. Хариу гаргах зөв арга замаа олох гээд дөрвөн цаг гаруй босохгүй суучихсан байх нь бий. Тэр хэмжээгээр төвлөрөл нэмэгдэнэ. Ингэх явцдаа бид асуудлыг томоор харах, нэг том ажлаа олон жижиг хэсэгт хуваах, зөв гарц хайх, дүн шинжилгээ хийх, хамгийн товч арга замыг эрэх мэт чухал чадваруудад суралцдаг. Түүнээс биш хүмүүсийн хэлдгээр зөвхөн косинус, альфаг олох гээд л цагаа үрээд суудаг юм биш шүү дээ.

Бас биеэ даах чадвар байна. Математикийг сайн суръя гэвэл бие дааж оролддог хандлагатай байх хэрэгтэй. Үүнд багш нэг бүрчлэн заахаас илүү чиглүүлэгч хийж өгдөг. Бидний хувьд ч манай багш сүүлийн хэдэн жилд бодох аргачлалаас илүү чиглүүлэх маягаар ажилладаг байв. Тиймээс аливаа ажилд шууд хүнээс асууж, арга замаа нарийн заалгахаас илүүтэй том зургаа хараад өөрөө нухах, эргээд багийнхнаа өөрөөр нь шийдвэр гаргуулж, биеийг нь даалгах аргачлалтай болсон.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД? 

Интернет дэх хамгийн алдартай илбэчин Жулиус Деин


Бүх сошиал аппуудыг тогтмол хэрэглэдэг. Контент бүтээхдээ Final Cut Pro, арилжаа хийхдээ Binance, явган аялал хийхдээ AllTrails, Google Maps ашиглана. Илбийн үзүүлбэртээ тусгай аппууд ашигладаг ч нэрийг нь хэлэх боломжгүй. Мөн дасгал хийхдээ зүрхний цохилт болон бусад мэдээллээ хянахын тулд Apple Watch, Oura бөгж ашигладаг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?   

UBCab-ийн хамтран үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр


Багийнхандаа итгэх л хамгийн сайн арга юм болов уу. Өмнө нь хэлсэнчлэн, миний хувьд бүх ажилд оролцоод байдаггүй. Бид хаашаа, яагаад явж байгаагаа маш сайн ярьж ойлгуулчхаад бусад зүйлсийг багийнхаа залууст итгээд, өөрсдөө хийх орон зайг нь олгодог.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ? 

"TomYo School of Ulaanbaatar" сургуулийн захирал Ц.Дэлгэрцэцэг


Олон ажлыг зэрэг амжуулах шаардлагатай учраас санасан дээрээ сайтар тэмдэглэнэ. Хичээл ажиглаж суухдаа багшид өгөх зөвлөгөө, коридор анги танхимаар явахдаа аж ахуйн ажил зэргээр дэвтэртээ нарийн тэмдэглэж хариуцах хүмүүст нь даалгана.

Төслийн менежментийн удирдлагад “бөмбөг өнхрүүлэх” гэх хэлц бий. Аливаа ажлыг эхлүүлэх буюу бөмбөгийг өнхрүүлээд орхих нь чухал гэсэн үг. Бөмбөг над дээр ирсэн байхад эхлүүлэхгүй байж болохгүй. Олон бөмбөгийг зэрэг өнхрүүлэхийн тулд долоо хоног, сарын хийх зүйлсийн жагсаалтаа гаргах ёстой. Өглөөдөө өнөөдрийн төвлөрөх зүйлдээ анхаарч, бусад детайль ажлуудаа хариуцах хүмүүст нь даалгадаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ? 

Ondo-ийн Гүйцэтгэх захирал Б.Мандуул


Хүний бие махбодыг тодорхой өгөгдөл, дүрэмтэй машин гэж хэлж болно. Эрч хүч гэж тэр машины судсаар явж буй эрдэс бодисын хэм хэмжээний тэнцвэрийг хэлдэг. Тэр хэмжээг төв мэдрэлийн системээс элэг рүү дамжуулж, элэг тэндээс хуваарилалт хийдэг. Тус хуваарилалт тэнцвэргүй байх юм бол хүн ядарсан мэдрэмж авдаг гэсэн үг. Тиймээс миний хувьд алдагдсан эрч хүчийг сэлбэх бус тухайн орчин нөхцөлдөө тэнцвэрт байдлаа хадгалахад анхаарлаа хандуулдаг.

Жишээлбэл, хоёр жилийн өмнөөс Анар шарк мотоцикл унах хоббиг маань илрүүлж өгсөн. Дуртай зүйлсдээ хангалттай цаг зарцуулж чадахгүй бол стресс хуримтлагдаж эхэлдэг. Тиймээс сүүлийн үед ажилдаа ирж, очихдоо мотоцикл унаж, ажил, дуртай зүйлийнхээ тэнцвэрийг эргэн хэвийн болгоод байна. Энэ мэтээр шинэ хобби, ажлын арга барил, нэмэлт амин дэм гэх зэрэг олон аргаар тэнцвэрт байдлаа хадгалахыг хичээдэг. Хамгийн гол нь адал явдалд нээлттэй хандах ёстой.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ / АЖИЛ ЮУ ВЭ? 

VEP Entertainment Productions-ийн Захирал С.Буянтөгс


Миний хамгийн дуртай зүйл бол ямар нэгэн зүйлийг төлөвлөх. Хамгийн их дурлаж, төлөвлөж хийсэн зүйл бол манай зуслангийн байшин. Цаг зав багатай болохоор амралтын өдрүүдийг ашиглан барьсан, одоо ч нэмж хийх зүйл их олон байгаа. Энэ жилээс гаднах тохижилт дээрээ ажиллах төлөвлөгөөтэй байна. Шаардлагатай бүх зүйлийг Юүтүб багшаас сурч байгаа.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? 

Монголиа Талент Нэтворк ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүлэн


Манай салбар хүнийг ажилд оруулж, карьераа өсгөх боломж олгодог гэдэг утгаараа их буянтай ажил гэж боддог. Хүмүүс цалин, мөнгө чухал биш гэж ярьдаг ч эцсийн дүндээ хүн бүрд тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй шүү дээ. Ажилтай болно гэдэг нь зөвхөн тэр хүн бус тэр хүний гэр бүл хоолондоо хүрнэ гэсэн үг.

Зарим харилцагч компанийн удирдлагууд хүний нөөцийг ямар чухал зүйл болохыг ойлгодоггүй. Залуусын ур чадвар өсөн нэмэгдэхийн хэрээр орлогын олон эх үүсвэртэй болж, дуртай зүйлээ хийгээд хүссэн цалингаа авах боломжтой болсон энэ үед нөгөө л цалингийн хэмжээгээ яриад байдаг нь хамгийн том хүндрэл. Хүний нөөцөө зардал гэж хардаг байгууллагад ямар ч сайн ажилтан өгөөд нэмэргүй.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ?   

"Discover Mongolia Travel" ХХК-ийн Үүсгэн байгуулагч Б.Барсболд


Сүүлийн гурван жилийн хугацаанд Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан аялал жуулчлалын салбар хамгийн их уналтад орсон. Тийм учраас бид үйл ажиллагаагаа эргэн сэргээхэд багагүй хүчин чармайлт гарган ажилласны үндсэн дээр одоо харьцангуй тогтворжиж, жуулчдын урсгал эргэн сэргэж байна.

Одоогоор бид цар хүрээгээ тэлэн Discover World групп компани болох зорилго тавьж байгаа бөгөөд Монголын жуулчдыг гадаадад аялуулах буюу Аутбаунд салбарт манай Discover World Travel ХХК үйл ажиллагаа явуулж буй. Мөн Хятад болон Тайланд улсуудад Discover China, Discover Thailand гэх олон улсын аялал жуулчлалын бизнесүүдийг эхлүүлэхээр ажиллаж байна.

Discover World Travel гадаад аяллын салбараар дамжуулан Монголын аялагчдад олон төрлийн шинэлэг аяллууд болон шинэ маршрутыг нээх хөгжүүлэлтүүдийг хийж байна. Вьетнам, Малайз, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, АНЭАУ, Турк, Казакстан, Европын холбооны улсууд гэх мэт 10 гаруй улс руу аялал зохион байгуулж байгаагийн дотор өнөөдрийн байдлаар Малайз улс дээр төвлөрөн хосуудад зориулсан хөтөлбөрийг санал болгож буй нь тун сонирхолтой, шинэлэг байж чадаж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ? 

Хэлбичгийн ухааны доктор, Монгол Хятадын Найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн, МУИС Күнзийн институтийн зөвлөх, орчуулагч М.Чимэдцэеэ


Би хятад хэлний мэргэжлээр суралцаад 50 гаруй жил өнгөрч байгаа ч мэдлэг чадвараа цаг үргэлж голж, энэ хэлийг төгс төгөлдөр суралцсан хэмээн хэзээ ч өөрийгөө хөөргөж явсангүй. Энэ салбарт л гэхэд миний сураагүй зүйлс асар их. Би ер нь энэ олон жилийн турш юу суралцав? хэмээн сэтгэлээр унах үе ч цөөнгүй. Насан туршдаа суралцах тухайд

“Мэдсэнээ мэднэ хэмээх
Мэдэхгүйгээ эс мэднэ хэмээх
Үүнийг мэргэн хэмээх” гэсэн Күнзийн сургаал байдаг. Мэддэг зүйлээ мэднэ хэмээж, аа харин мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрдөг нэгэн угтаа мэргэн хүн юм гэсэн санаа. Ингээд бодохоор хүний амьдрал тэр чигтээ суралцах үйл явц мэт.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?  

MonPay брэндийн Гүйцэтгэх захирал Ш.Оюунчимэг


Киноны тухайд “12 Angry Men” (1957) бүтээлийг санал болгоё. Тангарагтны шүүхийн үйл явдлаар дамжуулж, 12 өөр хүний зан араншнаар нийгмийн өнгийг илэрхийлдэг. Үүн дээр нэмээд “Tinker Tailor Soldier Spy” (2011) киног санал болгомоор байна. Тагнуулчийн амьдралыг тун бодитой өгүүлсэн сайн бүтээл гэж боддог.

Номын хувьд би мэргэжлийн номуудаас гадна уран зохиолын ном унших дуртай. Сүүлийн үед Stephen King-ийн бүтээлүүдийг шимтэн уншж байгаа юм байна. Одоо “The Stand” номыг нь уншиж байгаа.

Дуу хөгжмийн тал дээр 2018 онд “Bohemian Rhapsody” намтарчилсан киног үзээд Queen хамтлагийн шүтэн бишрэгч болсон. Харин санал болгох хөгжим гэвэл 2001 оны Оскарын наадамд нэр дэвшиж байсан зургаан киноны дууг алдарт хөгжимчид Yo yo ma, Itzhak Perlman-ий тоглосон хувилбараар сонсоод үзээрэй.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?   

Ори Студиос ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бат-Оюун


Өнөөгийн намайг бий болоход өвөөгийн маань нөлөө тун их. Хэзээ ч надад ингэ, тэг гэж хэлж байгаагүй ч үргэлж үйлдлээрээ үлгэрлэн үзүүлдэг байсан нь хариуцлагатай, тэвчээртэй нэгэн болж төлөвшихөд нөлөөлсөн гэж боддог юм.

Харин хамгийн сайн зөвлөгөөг анхны ажилдаа ороод ерөнхий нягтлангаасаа авч байсан. Тухайн үед би хоёрхон сарын хугацаанд ажлын үйл явцаа бүрэн ойлгож, бүх ажлаа хурдан хийхэд л төвлөрдөг байлаа. Гүйцэтгэлээ нягталж, шалгана гэж мэдэхгүй туршлагагүй байсан үе л дээ. Тэгээд сурсан зангаараа ажлаа гялс хийж дуусгатал ерөнхий нягтлан маань хэлэх нь тэр. “Ажлыг хэдэн минутад биш хэн хийснийг нь асуудаг юм. Нэрээ гаргана гэж бодож байвал заавал нягталж, чанартай зүйл хийж бай” гэж хэлж байв. Үнэхээр л санхүүгийн хүмүүсээс гарч байгаа тоон мэдээллүүд удирдлагын шийдвэрт шууд нөлөөлдөг учраас тэр зөвлөгөөнөөс хойш ахин дахин нягталж, ажилдаа няхуур хандахад анхаардаг болсон.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?  

Эдийн засагч, санхүүч Ж.Дэлгэрсайхан


Бусдад зөвлөх тийм ч дуртай биш. Гэхдээ шидэх санаа гэдэг нь бусдад өөрийгөө зөвөөр хүргэх боломж санагдлаа.

Өнөөдөр бид олон талаар, олон зүйлд гүнзгий төөрөлджээ. Олон хүмүүс амжилт гэх зүйлийг эрэлхийлэх болж. Тэр хүнийхээр амжилт гэдэг нь юу ч байж болох авч ямартай ч шударга замаар түүндээ хүрээсэй гэж хүсдэг.

Хүн бүрийн гарт хүссэн амжилтаа шударга хөдөлмөрөөр бүтээх, бий болгох боломж бий. Энэ нь зөв хандлага, үнэнч, тууштай хөдөлмөрийн үр дүнд бий болдог гэдгийг уншиж буй хүмүүс ойлгож аваасай.

Өмнөх оны нийтлэлүүд:
Шинэ оны тусгай дугаар - 2022
Шинэ оны тусгай дугаар - 2021
Шинэ оны тусгай дугаар - 2020
Шинэ оны тусгай дугаар - 2019
Шинэ оны тусгай дугаар - 2018
Шинэ оны тусгай дугаар - 2017

Unread Wrapped 2023 цуврал:
12.25: Оны онцлох стартапууд
12.26: Оны онцлох аппууд
12.27: “Би хэрхэн ажилладаг вэ?” - Шинэ оны тусгай дугаар
12.28: Оны онцлох кинонууд
12.29: Атаархлын жагсаалт: Оны онцлох нийтлэлүүд
12.30: Оны онцлох номууд
12.31: Оны онцлох үйл явдлууд
01.01: 2024 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд