Шинэ жилийн өдрүүд хийсэн ажлаа дүгнэх, хийгээгүй ажлаа санах боломжийг дагуулан ирдэг жамтай. Энэ үеэр манай редакц бусад редакцуудын онцлох бүтээлүүдийг эргэн санаж, өөрсдөдөө дүгнэлт хийн ирэх ондоо илүү ихийг бүтээх урам зориг авдаг уламжлал тогтоод найман жилийн нүүрийг үзжээ.
Улиран одож буй 2023 оны хувьд хэвлэл мэдээллийн салбар тун ч хөл хөдөлгөөнтэй байлаа. Хэвлэл мэдээлэл хүчтэй гэдгийг батлах олон үйл явдал тохиолдсон энэхүү жилийг дараах 28 нийтлэл тодорхойлж, бидний цагаан атаархлыг хамгийн ихээр төрүүлсэн хэмээн онцлон жагсааж байна.

Энэ зун тохиосон үерийн дараа олон асуудал урган гарсны нэг нь хүмүүсийн хэлдгээр Авлига хороолол буюу Aqua Garden хотхонтой холбоотой. Чухам яагаад энэхүү орон сууцны хотхон олны анхааралд өртөж, нийслэлчүүдийг талцуулж, үе үеийн шийдвэр гаргагчдыг буруутгаж эхэлснийг тус редакцын баг он цагийн дараал, баримт нотолгоотой буулгажээ. Ингэхдээ тэд уламжлалт бус интерактив хэлбэрийг сонгосон нь бидний хувьд атаархах томоохон шалтгаан болсон юм.
Бүрэн эхээр нь унших

Загварыг мөн чанарыг ойлгож, өөрийгөө зөвөөр илэрхийлэхэд анхаарч буй энэ цаг үед Buro шиг төрөлжсөн редакц байдаг нь олзуурхууштай. Тэдний эрхлэн гаргаж буй Velin сэтгүүлээс онцлох нийтлэл нь барималч, керамик артист Н.Сүхбүрэнгийн ярилцлага байлаа. Сэтгүүлч уран бүтээлчийн дотоод ертөнц, үүх түүх, арга барил зэргийг өөрийн өнцгөөс хүүрнэн бичсэн нь төсөөлөн уншихад нэн тустай байв.
Бүрэн эхээр нь унших

Энэ оны халуухан сэдэв болох “Нүүрсний хэрэг”-тэй салшгүй холбогдох Эрдэнэс Тавантолгой компанийг тойрсон асуудлуудыг уг дата сэтгүүлзүйн бүтээл тод томруун өгүүлжээ. Уг нийтлэлээс тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирал нарын товьёог, тэдний ажлын туршлага, улс төрийн өндөр албан тушаалтнуудтай хэрхэн холбогдож буйг олж мэдэх боломжтой.
Бүрэн эхээр нь унших

Улиран одож буй 2023 онд улс төрөөс эхлээд энтертайнмент хүртэл хиймэл оюун ухааны оролцоогүй салбар бараг л байсангүй. Ялангуяа Generative AI буюу бүтээлч хиймэл оюун ухааны моделиуд боловсронгуй болсоор тэдэнтэй харьцаж чадах, тэдний хэлээр ярих Prompt engineering гэх мэргэжил ч бий болов. Б.Билигүн (Програмч аав) DeepLearning AI, Open AI нарын хамтран гаргасан нэг цагийн хичээлийг үзэж, сурсан зүйлсээ блогтоо буулгажээ. Хиймэл оюун ухааны хэлээр ярихад ихээхэн туслах гарын авлага байлаа.
Бүрэн эхээр нь унших

Оны төгсгөлд онцлох нэгэн нийтлэл олны анхааралд өртсөн нь The New York Times-ийн “Монголын циркчид эх нутагтаа бус дэлхий дахинд одууд” нэртэй нийтлэл байв. Уг нийтлэлд Монголын циркийн салбарын үүсэл хөгжил, шинэ үеийг авчрахыг амласан ч хэзээ ч биелэгдээгүй тэр нэгэн амлалтын тухай өгүүлнэ. Уянгын халилгүй, урт богино нь таарсан энэхүү нийтлэл бидний умартаад буй нэгэн чухал асуудлыг энгийн боловч хүчтэй гаргаж чаджээ.
Бүрэн эхээр нь унших

X Богдын нэрийг зарласан нь зөвхөн Монголын гэлтгүй Дэлхий даяарх Буддын шашинтнуудын магнайг тэнийлгэсэн үйл явдал байлаа. Энэхүү нийтлэлд яаж Х Богдыг тодруулсан, эцэг эх нь хэрхэн хүлээн авсан, ямар нөхцөл байдалтай байгаа зэргээр олон жилийн өмнө тодорсон ч өнөөдрийг хүртэл нууц хэвээр байсан Х Богдын талаар мэдэж болох бүхнийг багтаажээ.
Бүрэн эхээр нь унших

Монголчуудын ондоошлын салшгүй нэг хэсэг болсон нүүдэлчин соёлыг үүрэн яваа малчдад тулгамдаад буй асуудлыг бодит түүхээр гаргажээ. Гантай зун мал хангалттай тарга, тэвээрэг авч чаддаггүй учир өвлийн зудад ихэнх нь үрэгддэг аж. Малаа онд мэнд оруулахын тулд малчид банкнаас зээл авч, нэмэлт тэжээл авах боловч ирэх жил нь банкны зээлээ төлөх хангалтай хэмжээний орлого олж чаддаггүй гэнэ. Бэлчээрийн доройтол, даац хэтрэлт, ажиллах хүчний хомсдол, буруу төлөвлөлт зэргээс үүдэлтэй уг асуудлаас шалтгаалан малчид хот суурин бараадах боловч ажлын байр олдохгүй гэх өөр нэгэн асуудалтай тулгардаг аж.
Бүрэн эхээр нь унших

Дата сэтгүүл зүй, инфографикаараа алдартай Ikon-оос уг бүтээлийг онцолж байна. Жил бүр зарладаг Монгол Улсын онцлох 100 ААН-ийн жагсаалт дээр үндэслэж компаниудын төрөл, орлого, зарлагын түвшин, үйл ажиллагаа эрхэлдэг салбар зэргийг хүн бүрд ойлгомжтой байдлаар дүрсэлжээ. Улс орныг ямар компаниуд нуруун дээрээ үүрч явааг мэдэхийг хүсвэл алдалгүй унших ёстой нийтлэл шүү.
Бүрэн эхээр нь унших

"Баяртай үдэш" хэмээх шинэхэн нэвтрүүлэг олны анхаарлыг татаад буй энэ үед ярилцлагын “мастер” гэгддэг Б.Ганчимэгийн Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан С.Баяртай хийсэн, хараа булаам хар, цагаан зурагтай ярилцлага цацагдав. Тэтгэврийн хүний амьдрал, бодол эргэцүүллээр эхлэх энэхүү ярилцлага улс төрд дөрвөн арваныг элээсэн эрхмийн түүх, шинэ нэвтрүүлэг хийх болсон шалтгаан зэргийг нь багтаажээ.
Бүрэн эхээр нь унших

Дотоодын цөөн хэдэн цахим товхимлууд дундаа ууганд тооцогдох Lemon Press-ээс эрхлэн гаргаж буй Inside Mongolia-ийн 100 дахь дугаарыг онцолж байна. Долоо хоног тутам, Англи хэл дээр Монголын эдийн засагтай холбоотой мэдээллийг хүргэдэг уг цахим товхимол тасралтгүй хоёр жил үргэлжилж, эх орноо сурталчлах, таниулахад үнэтэй хувь нэмрээ оруулж буй нь яах аргагүй атаархах шалтгаан мөн.
Бүрэн эхээр нь унших

Жил бүрийн Атаархлын жагсаалтад хөрөг нийтлэлээрээ алдартай Б.Энхцэцэг сэтгүүлч заавал дурдагддаг гэхэд хилсдэхгүй. Энэ жил түүний нийтэлсэн аутизмтай, арван настай А.Болор хүүгийн талаарх нийтлэлийг онцолж байна. Сонирхолтой дүр, сэтгүүлчийн чадвар, гэрэл зурагчны мэдрэмж гэсэн гурван тулганы чулуу гайхалтай таарсан энэхүү бүтээлд эгэл жирийн гэхдээ бас эгэлгүй гэж хэлж болохоор нэгэн түүхийг өгүүлдэг.
Бүрэн эхээр нь унших

М.Тэнгисийн олон ярилцлага энэ онд анхаарал татлаа. Тэр дундаас Танхай банди нэрээрээ олноо танигдсан, Г.Ням-Очирын үнэн атлаа итгэмээргүй, нэн сонирхолтой, адал явдалтай түүхийг өгүүлэх ярилцлагыг онцоллоо. Тэрээр өдгөө бадарчилж яваа бөгөөд нэг хэсэгтээ ярилцлага өгөхгүй гэсэн нь энэ ярилцлагын үнэ цэнийг улам нэмэх мэт санагдав.
Бүрэн эхээр нь унших

Энэ онд олон хүний сэтгэлийг сэмрүүлж буй үйл явдал бол Газын зурваст өрнөж буй дайн. Уг дайны үүсэл гарал, шашин гэдэг ямар хүчтэй зүйл болох талаар түүхийн эх сурвалж, орчин үеийн мэдээлэл хоёрыг холбон өгүүлжээ. Өнөөдрийн байдлаар 85 дахь өдрөө үргэлжилж буй уг дайны суурь шалтгааныг мэдэхийг хүсвэл энэхүү нийтлэлийг заавал уншаарай.
Бүрэн эхээр нь унших

GoGo редакцын “Гутал” цуврал энэ онд олон асуудалд хөндсөний дотор Боловсролын зээлийн сангийн асуудалтай холбогдох нэгэн хөрөг анхаарал татав. Учир нь энэ хөргийн эзэн олон нийтийн хэлдгээр “даргын хүүхэд” биш, төрийн албан хаагчийн хүүхэд бөгөөд “онц сурсан бас мөнгөгүй” учир уг тэтгэлэгт хамрагджээ. Гэсэн ч журмын дагуу зээлээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгтөл хүлээн аваагүй аж.
Бүрэн эхээр нь унших
ДУРДАХ ЁСТОЙ НИЙТЛЭЛҮҮД
- Г.Аким орчуулагчийн англи хэл сурсан авсаархан намтар - Б.Бадамзул, duuren.life
- Яагаад ийм олон миллениалууд Монголыг зорьж байна вэ? - Lauren Jackson, The New York Times
- Монголын зөөлөн хүч “Монгол Хаан” Лондонд айлчлав - Lana Lam, CNN
- Гоогийн бадан багш: Онон өргөнгөөгийнд очиж “хоол буудна”, Оуэн Латтимор ирж сонин сайхан хуучилдаг байлаа - Саруул, baabar.mn
- Б.Сарантуяа: Чи ердөө ингээд л болоо юу гэж би толинд хараад олон удаа өөрөөсөө асууж байсан - Б.Ганчимэг, interview.mn
- 2023 оны онцлох хүмүүс - Редакц, gogo.mn
- Сурагчдын үдийн хоол ба хүүхдийн эрх - Д.Мягмаржаргал, unuudur.mn
- SpaceTalk#13: PICA үнэлгээний үр дүнд боловсролын салбар ИНГЭЖ ӨӨРЧЛӨГДӨНӨ - О.Ариунбилэг, mpress.mn
- Дурдатгал: Маршал Х.Чойбалсангийн ажлын өрөө байсан 204 тоот өрөөний үүднээс... - А.Азсайхан, ergelt.mn
- Г.Аюурзана: Нэг монгол зүгээр л хэвийн амьдрахын тулд 50 оростой, 500 хятадтай тэнцэх эрдэм, боловсрол, чадвартай байх ёстой - Л.Батцэнгэл, nio.mn
- Улс төрийн задлан: Нүүрс тойрсон авлигын хэрэг ба "Жижиг"-үүдээ намнасан эрх баригчид - У.Болортуяа, urug.mn
- Сөжү чамд амттай санагдаад эхлэвэл - Мө.Батбаяр, tagtaa.mn
- Видео: Миний залуу, миний бүсгүй - Баг, Noorog
- Видео: 2023. Товчлов. - Баг, Unnu News
Агуулгаа мэргэн сонгож, сонгосон агуулгаа чадварлаг бүтээж, бүтээсэн нийтлэлээ уншигчдадаа хүртээмжтэй хүргэж чадсан мэргэжил нэгтнүүддээ баяр хүргэе. Шинэ оны мэнд дэвшүүлье.
Unread HQ
Өмнөх оны нийтлэлүүд:
Атаархлын жагсаалт 2016
Атаархлын жагсаалт 2017
Атаархлын жагсаалт 2018
Атаархлын жагсаалт 2019
Атаархлын жагсаалт 2020
Атаархлын жагсаалт 2021

Unread Wrapped 2023 цуврал:
12.25: Оны онцлох стартапууд
12.26: Оны онцлох аппууд
12.27: “Би хэрхэн ажилладаг вэ?” - Шинэ оны тусгай дугаар
12.28: Оны онцлох кинонууд
12.29: Атаархлын жагсаалт: Оны онцлох нийтлэлүүд
12.30: Оны онцлох номууд
12.31: Оны онцлох үйл явдлууд
01.01: 2024 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Сэтгэгдэл бичих

