Байгууллагын нэр: "Бавариа Моторс" ХХК
Байгуулагдсан он: 2016
Үйл ажиллагаа: Автомашины борлуулалт, засвар үйлчилгээ
Ажилтны тоо: 18
Хаяг: ХУД, 4-р хороо, Арцатын ам, BMW үзэсгэлэнгийн танхим
Вэб: www.bmw.mn
Сошиал хуудас: BMW Mongolia (Фэйсбүүк), @bmwmongolia (Инстаграм)
ЯАГААД СОНГОХ БОЛОВ?
Нүхтийн замаар явахад BMW гэсэн логотой минималист цагаан барилга эрхгүй нүдэнд тусдаг. Тэр бол ХБНГУ-ын Бавари мужаас гаралтай Bayerische Motoren Werke (BMW) брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч “Бавариа Моторс” компанийн үзэсгэлэнгийн талбай болоод тэндхийн 20 орчим ажилтны суудаг оффис юм. Тус компани албан ёсны төлөөлөгчийн хувиар иж бүрэн буюу 3S - Sales, Service, Spare Parts (борлуулалт, засвар үйлчилгээ, сэлбэг захиалга) үйлчилгээг цогцоор нь хүргэдэг билээ.
Яс чанараараа дэлхийд гайхагддаг герман стандартыг Монголд нутагшуулж байгаа учраас бид "Бавариа Моторс"-ыг онцолсон нь энэ. Тэрхүү стандарт нь шоурүүм, засвар үйлчилгээ, байгууллагын дотоод соёл гэхчлэн бүх л тал дээр илрэх аж. "Бавариа Моторс"-оор дамжуулан бид германчуудын хариуцлагатай, чанартай ажиллах ур чадварыг ойроос жишээлэн харж болно.
Загварын шийдэл
Дэлхий даяарх BMW-ийн бүх шоурүүмийн барилгын загварыг модерн урлаг, дизайны хөгжилд онцгой нөлөө үзүүлсэн гэгддэг, Германы Баухаусын сургуулийн философиор шийддэг ажээ. Монголд нээгдээд жил гаруй болж буй шоурүүмийн загвар ч мөн адил. Баухаусын цөм нь гоо зүйн болоод хэрэглээний үнэ цэнийг хэрэглэгчид хамгийн таатай байдлаар хослуулан гаргаж ирэх байдаг. BMW бол үүний бодит илэрхийлэл болсон брэнд билээ. Тэд тансаг зэрэглэлийн брэндийн бүхий л давуу талыг шингээсэн автомашинаа хэрэглэгчдэд хүргэн талархлыг нь хүлээдэг.
Ажлын орчин
Үүдээр нь ормогц автомашин борлуулалтын хэсэг угтлаа. Бүх талаасаа битүү шилэн барилга учир цэлгэр саруулхан, зай талбай ихтэй юм. BMW-ийн нарийн удирдамж ёсоор плитанаас гэрэл хүртэл бүх материалыг брэндийн албан ёсны түншүүдээс л авах учиртай бөгөөд дэлхий даяарх BMW-ийн аль ч шоурүүмд зочлоход өнгө, шийдэл нь, бүр үнэр нь хүртэл ижил байх ёстой аж.
Борлуулалт, сервис
Албан ёсны борлуулагч тул эндхийн салбарт зочилсон хэрэглэгч машиныхаа моделиос гадна өнгө, салоны хийц, оруулга, материалаа сонгоод захиалах боломжтой. Сервисийн тухайд, түлхүүрийг нь уншуулаад л хөдөлгүүрийн тос, тормосны шингэн, агаар шүүгч хэр байгааг, машинд засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг мэдчих боломжтой. Түүнчлэн зөвхөн эндээс авсан гэлтгүй, Монголд яваа тус брэндийн бүхий л автомашинд засвар үйлчилгээ үзүүлдэг. Машинаа засуулж байгаа үйлчлүүлэгчид засварын үйл явцыг харахыг хүсвэл сервисийн хэсэг дэх дөрвөн камерын шууд бичлэгийг таблетаар үзэж болох нь таатай.
Минимал
Хоёрдугаар давхрын буюу оффисын хэсгийг "Бавариа Моторс"-ынхон өөрсдөө шийджээ. Ингэхдээ илүү модерн, минималист байлгахыг зорьсон аж. Өнгөний тухайд BMW-ийн логоны цэнхэр, цагаан голложээ. Шил ихтэй барилгууд хүйтэн, "амьгүй" мэт сэтгэгдэл төрүүлдэг бол эднийх харин ч дулаан, тухтай сэтгэгдэл төрүүлж байв. Интерьертээ мод их оролцуулсан болохоор аргагүй биз ээ.
Их үдийн дараанаас оффис тэр чигтээ жаргаж буй нарны туяанд хучигдсан нь гойд сайхан байлаа. Өглөө эртхэн ирээд, эсхүл орой ажил тарсны хойно ном бариад ч юм уу, сайхан хөгжим сонсоод энд хэсэг суувал ажлын стресс тайлагдах нь лавтай. Хоёрдугаар давхарт байх Изетта лаунжид бүр ч үзэсгэлэнтэй юм.
Хотын төвөөс зайдуу байрладаг учраас гал тогоог онцгойлон анхаарч тохижуулан, нэг давхартаа vending machine байрлуулжээ. Засварын үйлчилгээ үзүүлдэг учир шүршүүрийн өрөө мөн байгуулж, тус хэсгийн инженер, мэргэжилтнүүддээ ажлаа дуусгасан хойно усанд орж биеэ сэргээн гэртээ харих боломжийг олгосон байна.
2.5 давхар
"Бавариа Моторс" компанийн оффисоос анзаарч харахгүй өнгөрч болохгүй хэсэг бол яах аргагүй амралтын өрөө буюу энэ хамт олны нэрлэж заншсанаар 2.5 давхар юм. Гал тогооны хажуу шатаар өгсөж гарахад харагдах ширээний хөлбөмбөг, "Sequence" тэргүүтэй тоглоомууд, дартс, хөвсгөр сандлууд бүхий энэ хэсэг ажил явагддаг танхимуудаас өөр түвшинд (давхарт) байгаа нь маш том давуу тал юм. Сүүлийн үед оффисууд ажилчдын амрах хэсгийг анхаарч үзэх болсон ч тэр нь ихэвчлэн ажлын өрөөтэйгөө ойр, бусдын нүдэнд ил байдаг учраас амрахад тэр бүр тухтай байдаггүй. Харин энд ажилтнууд "жинхэнээсээ" чөлөөтэй байх боломжтой ажээ. Удирдлагатай машин уралдуулж болох нь ч догь.
Байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт
Эерэг, чөлөөтэй, "нэг дүрээрээ"
Өглөө 7.50 цагт нэг давхартаа цуглаад босоо уулзалт хийж, төгсгөлд нь бие биедээ амжилт хүсэж нижигнэтэл алга ташсанаар "Бавариа Моторс"-ынхны ажлын өдөр эхэлдэг. Энэ үеэр бие биедээ заавал урмын үг хэлж, сурсан зүйлсээ хуваалцана. Тэдний оффист өнгөрүүлсэн хэсэгхэн хугацаа эндхийн ажилтнууд оффис дээрээ хэр чөлөөтэй, эв найртайг олж харахад хангалттай байлаа. Захирал нь тусдаа өрөөнд бус, ажилтнуудтайгаа хамт суудаг нь бас сонирхол татав.
"Бавариа Моторс"-ынхан "нэг л дүрээрээ" байх зарчимтай . Тэр нь үйлчлүүлэгчид ч, ажлынхандаа ч, ойр тойрнынхондоо ч нэг л янзаар хандаж, бүгдтэй жигд сайхан харилцахыг хэлж буй. Нэг ажилтных нь хэлсэнчлэн үнэхээр л "Хэн ч ийм газар ажиллахыг хүснэ" гэж бодогдуулахуйц орчин байлаа.
Шилдгүүдээс суралцах боломж
"Бавариа Моторс"-ынхан дотооддоо сургалтад суухаас гадна BMW-ийн сургалтын төвүүдэд очиж суралцдаг. Азийнх нь Малайз, Тайландад байдаг бөгөөд сургалтууд одоохондоо Ковид19-тэй холбоотойгоор цахимаар явагдаж байгаа аж. Ажлын дэг цэгц, үйлдвэрлэлийн чанараараа шилдэгт тооцогддог германчуудаас сурах зүйл их нь мэдээж билээ.
Ажилтнуудын сэтгэгдэл
Орж ирэхэд тэр чигтээ шилэн фасадтай болохоор маш цэлгэр сайхан байдаг. Оффисын хэсэг ч тэр, ер нь нэг хүнд ногдох талбайн хэмжээ том шүү. Үйлчлүүлэгч, ажилтны аль аль талаас нь бодолцож оновчтой тохижуулсан. Амрах өрөө маань бас их таалагддаг. Үнэт зүйлдээ үнэнч манай залуучууд хамтдаа тууштай зүтгэж эерэг цэнэгтэй орчныг бий болгодог. Энэ салбарт, BMW-тэй холбоотой ажиллаж байгаадаа баяртай байдаг.
Борлуулалтын зөвлөх С.Ууганбаяр
Хар багаасаа л BMW-г сонирхож, шохоорхож өссөн дөө. Тиймээс ч мөрөөдлийн брэнддээ ойр ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Ажлын орчин тэр чигтээ хүнд аль болох амар хялбар байхаар бодолцож бүтээгдсэн, багаж сэлбэг, туслах хэрэгслүүд маань ч бүгд дэргэд. Засвар үйлчилгээнд ажилладаг хүний хувьд энэ их чухал. Заримдаа машины онош олдохгүй, бухимдах үе байна. Бухимдлаа тайлж чадахгүй чигээрээ гэртээ харьж болохгүй, түгжрэл л гэхэд ямар билээ. Тэр стрессээ дор дор нь mайлаад явах боломжийг манай оффис олгодог.
Техникч Д.Ууганбаяр
"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ
Хүний амьдралын чанарт ажлаасаа авах сэтгэл ханамж ихээхэн нөлөөтэй. Тэгвэл ажлаасаа авах сэтгэл ханамжид оффисын тав тух, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт томоохон байр эзэлдэг.
Үүнийг үйл ажиллагаандаа бодолцон шингээж, ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг өрдөх, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг Unread Media жил бүр зарлан алдаршуулдаг билээ. Энэ жил бид “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд” жагсаалтыг гаргахдаа уншигчдаасаа 500 гаруй санал хүлээн авч, заримтай нь өөрсдийн биеэр танилцаж, эцэст нь хамгийн таатай 10 оффисыг тодрууллаа. Жагсаалт маань жил бүр шинэчлэгдэх тул таныг саналыг бид хэзээд хүлээн авах болно.
"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2020" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ
БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - HOME by Monre Insurance
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - РИО ТИНТО МОНГОЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - NUMUR
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SANKOU MARKETING
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - СОКРАТУС СТАРТАП СТУДИ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SPOT AGENCY
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НАНО ИНТЕРНЭЙШНЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MOFFICE
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НЕТКАПИТАЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - БАВАРИА МОТОРС
ӨМнөх жагсаалтуудтай танилцах
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018
З Зочин 2020.10.04 192.82.74.41
Wow ямар ч хүлээлтгүй орж үзээд үэнхээр сэтгэл хөдөлж гарч ирлээ үнэндээ яагаад орсон юм бол гэж их гайхсан хэрэг л дээ маш сайн зохион байгуулалт, соёл илт мэдрэгдэж байна шүү