Байгууллагын нэр: Нано Интернэйшнл
Байршил: Хан-Уул дүүрэг, Суруга центр, 2-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа
Байгуулагдсан он: 2006 он
Сошиал хуудас: Nano International (фэйсбүүк)
Веб: Nanointernational.mn


Яагаад сонгох болов?

Дэлхийд алдартай 25 компанийн 900 гаруй бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж, олон улсын брэндүүдийг төлөөлөн ажилладаг "Нано Интернэйшнл" ХХК нь гадаад худалдаа, дистрибьюшний чиглэлээр салбартаа олон жил манлайлж буй. Бидний мэдэх “Chupa Chups”, “Mentos”, “Nivea”, “Dove”, “Unilever”, “PepsiCo” зэрэг дэлхийн томоохон брэнд бүтээгдэхүүнээр дамжуулан бизнесийн салбарт олон улсын нөү-хау, инновацыг нутагшуулж байгаа билээ.

Гэр ахуй, өргөн хэрэглээ, хүнс, гоо сайхны импортын худалдааны чиглэлээр Англи, Герман, Польш, Франц, Япон, Голландын компаниудтай 2007 оноос хойш хамтран ажиллаж буй тус компанид эрч хүчээр дүүрэн, бүтээлч залуус ажилладаг. Үргэлж өөрчлөлтөд бэлэн байж, чөлөөтэй сэтгэж, хурдтай ажиллахыг эрхэмлэдэг тэдний хувьд оффисын тохижилтдоо хүртэл ажлын нөү-хаугаа шингээж, нээлттэй орон зай, чөлөөтэй уур амьсгалыг бий болгохоор зорьжээ.

Ажлын орчин

Оффис, оюуны орон зай

Гурван сарын өмнө нүүж орсон шинэ оффис нь урьдхаас мэдэгдэхүйц томсжээ. Ийн оффис сэлгэх болсон нь юун түрүүнд ажилчдынхаа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, чөлөөтэй сэтгэх, нээлттэй харилцаа холбоог бүрдүүлэх зорилготой нь холбоотой аж. Хотын төвтэй ойр, баруун талд нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн байрладаг учраас цонхоор харагдах орчин тун цэлгэр, нарны гэрэл сайн тусдаг юм билээ.

"Нано Интернэйшнл"-ийнхан заавал тогтсон цагт ажилдаа ирж, буцахгүйгээр уян хатан нөхцөлөөр ажиллах горимыг хэрэгжүүлээд буй. Энэ хүрээнд IT инженерүүд зэрэг зарим ажилчдадаа алсын зайнаас ажиллах боломжийг бүрдүүлжээ. Зайнаас, уян хатан нөхцөлөөр ажилладаг болсноос хойш ажилчдын бүтээмж өссөн үзүүлэлт гарсан аж. Түүнээс гадна Brainstorm хийхээр бол заавал оффис дээр суух шаардлагагүйгээр гадуур уулзалт хийдэг нь таалагдсан. Энэ ч дагуу, брэнд маркетингийн албаныхан нь 14 хоногт нэг удаа гадуур кофе шопт суунгаа шинэ санал санаачилгаа хэлэлцэн, ажлаа ярилцдаг юм билээ. "Манайд өдөржин ширээнийхээ хойно эсвэл нэг байрлалдаа эргэлддэг хүн байдаггүй. Оффисын эргэн тойрон үргэлж хөдөлгөөнтэй, энд тэнд хүмүүс ярилцаж байх нь бий. Зарим нь гадуур явж, зарим нь зайнаас ажиллах жишээтэй" хэмээн ажилтнууд нь онцолсон юм.

Багаараа багтах "Нарны аймгууд"
Түргэн эргэлттэй, өргөн хэрэглээний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас ихэвчлэн залуу хүмүүс төслүүдээ багт хуваан авч, хурдтай хэмнэлээр ажилладаг ажээ. Одоогоор ажилтнуудын дундаж нас 28-30 гэнэ.
Багийн ажиллагааг чухалчилж, үндсэн арга барилаа болгодог учраас алба хэлтэс бүр дотроо баг болж, төслүүд дээр нийлж ажилладаг байна. Борлуулалтын алба гэхэд дотроо 5-7 баг болж, шинэ төслүүдээ хэрэгжүүлдэг. Үүний дагуу баг тус бүрийг тухтай уулзаж ярилцах тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Ангараг, Буд, Марс зэрэг нарны аймгийн гарагуудаар нэрлэсэн уулзалтыг өрөөнүүдийг бий болгожээ. Уулзалтын өрөө бүрийн онцлог, дизайнд нийцүүлэн ханыг нь өөр өнгөөр будаж, хурал, уулзалт хийхэд тохиромжтой самбар, гэрэлтүүлэг зэрэг тохижилтыг хийжээ. Захирлын өрөөнд ч уулзалт хийж болох юм гэсэн шүү.

Байгаа газраа "байгалийг" бүтээх нь
Оффисын ханыг дагуулан харвал ногоон ургамал, элдэв өнгийн цэцэгс тарьж, эко орчныг бүрдүүлсэн нь дулаан, таатай орчныг бий болгожээ. Оффисынхоо интерьер дизайныг “эко, минималист, чөлөөт” гэх түлхүүр үгсээр тодорхойлсон "Нано Интернэйшнл"-ийнхан ажилчдынхаа тав тухыг хангах бүх шийдлийг оффистоо шингээж өгсөн байна. Цэлгэр гал тогооны өрөөг тусад нь байгуулснаас гадна эцэг, эхчүүдэд ажил дээрээ хүүхдээ саатуулахад туслах хүүхдийн өрөөг хүртэл тохижуулсан нь сайшаалтай.

Байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт 

  • Ажлаас гадуурх чөлөөт клубүүд
  • Шинэ ажилчдаа сургах, багийн гишүүдээ дэмжих сургагч багш нар
  • "21 боломж"

Ажилчдын сэтгэл ханамж, урам зоригийг тэтгэхийн тулд "Нано"-гийн гэр бүлийн гишүүн болсон хэн бүхэнд "21 боломж" олгож дэмждэг гэнэ. Тухайлбал, хэн нэгний төрсөн өдрөөр мөнгөн хуримтлал олгохоос эхлэн жилийн турш компанийн бүтээгдэхүүнээс хөнгөлөлттэй үнээр авах, жил бүр эрүүл мэндийн бүтэн шинжилгээнд хамрагдах, улирал тутамд гэр бүлийн хэрэгцээндээ зориулан хангамж авах эрхтэй байдаг нь ажилчдаа урамшуулах арга хэлбэрт үлгэр жишээ болохуйц санагдсан юм.

Байгууллагын үйл ажиллагаа уян хатан, бүх түвшинд чөлөөтэй харилцдаг учраас дотор нь ажиллаж байгаа хэн ч карьерын хувьд өсөж дэвших боломжтой, хэн чадаж байна түүнийг дэмжихэд бэлэн системийг бүрдүүлсэн хэмээн ажилтнууд нь онцолж байлаа. Борлуулалтын компани хэрэглэгчдийн хэрэгцээ, хэв маягийг дагаж, маш хурдтай өөрчлөгддөг. “Бүхнээс түрүүнд, хамгийн эхэнд” гэх компанийн уриа энэ бүх нөү-хауг илтгэх ажээ.

Ажилчдынхаа ажлаас гадуурх сонирхлыг нь дэмжиж, бусад авьяас, ур чадварыг нь хөгжүүлэх нь зүйтэй гэж үздэг тул байгууллага дотроо спорт, аялал, хувь хүний хөгжил зэрэг таван чиглэлийн чөлөөт клубийг байгуулж, тогтмол арга хэмжээ зохион байгуулдаг нь тун олзуурхууштай. Дээрх клубүүд сард нэг удаа өглөөний уулзалт хийх, ном хэлэлцэх, аялалд гарах, йог хийх зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Чөлөөт хувцас өмсдөг баасан гариг бүр ажилчид нь клубийнхээ футболкыг өмсөөд ирдэг гэсэн шүү. Мөн дунд түвшний менежерүүдийн хувьд өөрсдийн туршлагаа хуваалцаж, доод ажилтнуудаа мэргэшүүлэх үүрэгтэй учраас "сургагч багш" хөтөлбөр гарган, шинэ ажилчдаа сургах, багийн гишүүдээ дэмжихэд анхаарч ажилладаг болжээ. Үүний дагуу сургагч багш нар I-III хүртэлх одны зэрэглэл авч, ур чадвараа улам хөгжүүлэх талбарыг бий болгосон байна.

Компанийн зүгээс бидэнд мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, сурч мэдэх өргөн боломжийг олгодог нь ажилтнуудад улам тууштай, бүтээлчээр ажиллах сэдэл, урам зориг өгдөг болов уу. Сургалт хөгжүүлэлтийн хүрээнд гэхэд манай ажилчид Ази болон Европын орнууд руу олон улсын хурал, арга хэмжээнд оролцож, салбарын шилдэг туршлагыг хуваалцдаг.

“Нано фэйшн” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Мөнхзул

Би дөнгөж их сургуулиа төгсөөд, нялх хүүхэдтэй байхдаа ажилд орж байсан юм. Миний анкет бөглөж байсан бусад ажил олгогчидтой харьцуулахад намайг маш нээлттэй хүлээн авч, ажиллах таатай нөхцөлөөр хангасан. Ажлын байран дээрх жендерийн эрх тэгш байдлыг маш сайн хангахаас гадна ажилтан бүрдээ ээлтэй бодлого баримталдаг нь талархууштай.

“Нано Интернэшнл” компанийн сошиал медиа менежер Ц.Номин-Эрдэнэ

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Хүний амьдралын чанарт ажлаасаа авах сэтгэл ханамж ихээхэн нөлөөтэй. Тэгвэл ажлаасаа авах сэтгэл ханамжид оффисын тав тух, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт томоохон байр эзэлдэг. Үүнийг үйл ажиллагаандаа бодолцон шингээж, ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг өрдөх, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг Unread Media жил бүр зарлан алдаршуулдаг билээ. Энэ жил бид “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд” жагсаалтыг гаргахдаа уншигчдаасаа 500 гаруй санал хүлээн авч, заримтай нь өөрсдийн биеэр танилцаж, эцэст нь хамгийн таатай 10 оффисыг тодрууллаа. Жагсаалт маань жил бүр шинэчлэгдэх тул таныг саналыг бид хэзээд хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2020" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - HOME by Monre Insurance
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - РИО ТИНТО МОНГОЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - NUMUR
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SANKOU MARKETING
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - СОКРАТУС СТАРТАП СТУДИ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SPOT AGENCY
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НАНО ИНТЕРНЭЙШНЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MOFFICE
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НЕТКАПИТАЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - БАВАРИА МОТОРС

Өмнөх жилүүдийн жагсаалттай танилцах

Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018