Байгууллагын нэр: "Сократус студио" ХХК
Байгуулагдсан он: 2018 оны есдүгээр сар
Үйл ажиллагааны чиглэл: Системийн инженерчлэлд суурилсан хөтөлбөрөөр гарааны бизнест хөрөнгө оруулах, бойжуулах төв
Ажилтны тоо: 6, комюнитид 60+
Хаяг: Колорадо оффис төв
Вэб: socratus.mn
Сошиал хуудас: Socratus Start-up Studio (Фэйсбүүк)


яагаад сонгох болов?

"Сократус стартап студио" нь гарааны компаниудыг органик өсөлттэй, хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем болгоход чиглэсэн системийн инженерчлэлд суурилсан цогц хөтөлбөрөөр бойжуулах үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн байгууллага юм. Тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 250 гаруй гарааны бизнес, бизнес санааг сонгон шалгаруулалтанд хамруулж долоод нь хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулжээ. Анхлан "National Venture Capital" хөрөнгө оруулалтын санг байгуулан, гарааны цөөнгүй компани, төслүүдэд оруулсан боловч нэлээд нь бүтэлгүйтсэн аж. Ингээд тэдгээрийн бүтэлгүйтлийн шалтгааныг бүтэн жил судалсны эцэст гарааны бизнесүүдэд санхүүжилтээс гадна менежментийн арга барил дутагддаг болохыг илрүүлсэн нь "Сократус"-ын эхлэл болжээ.

Ажлын орчин нь бага зай талбайг үр дүнтэй төлөвлөж, бүтээлчээр ашиглаж, олон зүйлсийг цэгцтэй багтааж чадсанаараа онцлог байлаа. Мөн гарааны компаниудыг системийн инженерчлэлийн шийдэлд сургах замаар аливаа бүтэлгүйтэл, уналтаас сэргийлэх, асуудал шийдвэрлэх оюуны загвар боловсруулахад зөвлөх, компанид учирдаг бодит зардлуудыг санхүүжүүлэх зэрэг олон талт үйлчилгээг үзүүлдэг учир нэгдсэн байдлаар студио хэмээх статустай явдгийг дурдах нь зүйтэй.


Ажлын орчин

Цэгцтэй сэтгэж, системтэйгээр гүйцэтгэ

Оффист ормогц цагаан, цэлгэр танхим угтах нь сэтгэлд нэн таатай ажээ. Цааш үзвэл гурван хурлын өрөө, нэг сургалтын танхим, номын сан, гарааны компаниудын өрөө, хоёр хамтын оффис байрлана. Өрөө бүр өөр өөрийн гэсэн онцлог бүхий өнгө, дизайнтай байх боловч хоёр давхар дамнан байрлах уг оффисын нэг л зүйл “Энэ Сократусын оффис шүү” гэдгийг илтгэнэ. Тэр бол системийн инженерчлэл, цэгцтэй сэтгэх, дэс дараатай ажиллах зөвлөгөө бүхий зураглалууд. Тиймээс ажлын болон хурлын аль ч өрөөг системийн инженерчлэлийн нарийн заавар зөвлөгөө бүхий самбар, үзүүлэнгүүдээр тохижуулсныг төвөггүй харж болно. Энэ нь тэдний байгууллагын соёл, ажиллах арга барил юм. Оффисын аль ч өрөөнд маркераар бичиж тэмдэглэх хэсэгтэй байдаг нь харилцан яриа бүрээс гарч буй шинэ санаа, сэдлийг марталгүй тэмдэглэн, түүнийгээ хөгжүүлэх боломжийг олгоно.


Хамтын оффис дахь өргөн бүрэлдэхүүн

Өнөөдрийн байдлаар Сократусын портфолиод хиймэл оюун ухаанд суурилсан онлайн туслахаа угсран авах боломжтой платформ хөгжүүлэгч www.chatbot.mn, цахим сургалтын платформ, контент хөгжүүлэгч www.melearn.mn, "Янзтай" брэндийн ясны шөл, уургийн бэлдмэл үйлдвэрлэлийн www.stsfoods.mn, минимал орон сууц түрээсийн үйлчилгээ www.roomies.mn, нярай хүүхэд болон жирэмсэн эхчүүдэд зориулсан функционал хувцас хэрэглэлийн үйлдвэрлэл Elephant Mom&Baby Mongolian Brand, Улаан-Үдэд гоо сайхны дундын ажлын байрны үйлчилгээ үзүүлэгч Мастер Space beauty co-working, малын дайвар бүтээгдэхүүнээр функционал хүнс үйлдвэрлэгч "Дизайр фүүд" гарааны компаниуд багтаж байна. Төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй эдгээр компани хамтран ажиллаж, чанартай хүрээллийг үүсгэж чаджээ.


Төвлөрч суу, хамтаар ажилла, багаараа хуралд

Оффисын тохижилт, интерьер дизайны ажлыг Skinny студи гүйцэтгэжээ. "Сократус"-ынхан ажлын орчин хүний есөн суурь хэрэгцээг хангах ёстой гэж үздэг. Энэ зарчмаараа гүйцэтгэх компанитайгаа сайтар ярилцан оффисоо тохижуулжээ. Уг зарчимд амьжиргаа, аюулгүй байдал, баталгаа, ойр дотно байх мэдрэмж, ойлгох, танин мэдэх, оролцох, чөлөөтэй бодох, сэтгэх, бүтээх, өөрийгөө илэрхийлэх, хүлээн зөвшөөрүүлэх, эрх чөлөөтэй байх гэсэн хэрэгцээнүүд багтана.

Тиймдээ ч бүтээмжтэй ажиллахад зориулсан, төвлөрч суух, зогсоогоор ажиллах, багаар ярилцах, олноороо хуралдах гээд ажлын онцлог, арга барилаасаа шалтгаалан төрөл бүрээр орчноо өөрчлөх боломжтой олон төрлийн хэсгүүдтэй. Дээр дурдсанчлан, хэсэг бүр маркераар тэмдэглэх самбартай.


Байгууллагын соёл- Сургалт хөгжүүлэлт

Нэгдсэн ойлголт, тодорхой үр дүн

Тэд байгууллагын соёлоо “Цэгцтэй сэтгэлгээ, системтэй гүйцэтгэл, багийн ажиллагаа, хамтын үр шим” хэмээх дөрвөн түлхүүр үгээр илэрхийлдэг. Үнэхээр ч эдгээр нь байгууллагын дотоод соёлдоо бүрэн нэвчсэнийг дотор нь ормогц төдөх юмгүй ойлгоно. "Сократус"-ынхан "чанар", "бүтээмж", "гүйцэтгэл" гэхчлэн ихээхэн ашиглагддаг, ойлголтын зөрүү үүсгэж болох бүхий л нэр томъёог хэмжиж, нэгдсэн нэг ойлголтод хүрч байж ажлаа эхлүүлдэг. Мөн ярианы болон ажлын аль ч хэлэндээ “Ерөнхийдөө, уг нь” гэх мэт тодорхойгүй үгсийг ашиглахаас татгалздагийг онцлохгүй байхын аргагүй. Үйлдэлд ач холбогдол өгөхгүйгээр өндөр үр дүн гаргах боломжгүй тул өдөр тутмын үйл ажиллагаандаа системийн инженерчлэлийн аргыг ашиглаж тогтсон дэс дарааллаар, сэтгэлгээний сахилга баттай ажилладаг байна.

Хамтын ажиллагаа ба чанартай гүйцэтгэл

"Сократус стартап студио"-гийн портфолио компаниуд хууль эрх зүй, гэрээ хэлцлийн тал дээр олон улсын "Маххони Лиотта" ХХН, системийн инженерчлэл талаас "ТУС Солюшн" компани, өргөжилтийн шатны хөрөнгө оруулалт тал дээр "Гүнд инвестмент", богино хугацааны зээлийн хэрэгцээгээ "Эн Ви Си" ББСБ, цэгцтэй сэтгэлгээ, логикийн сургалт, судалгаа шинжилгээ тал дээр "Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ-тай хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл, тухайн гарааны компани анх орж ирэхдээ 2-3 хүнтэй байдаг бол "Сократус"-ын нэг хэсэг болсноор 200 орчим хүний хүрээлэлд орж компаниа хөгжүүлэх боломжтой болох юм.

Таатай оффис гэдэг нь миний бодлоор тухтай буйдангаар дүүрсэн өрөө бус харин амьдралынхаа гуравны нэгийг өнгөрөөж буй ажилчдын суурь хэрэгцээ хангагдсан орчныг хэлнэ. Энэ чиглэлд илүүтэй анхаарсан нь манай оффисын давуу тал гэж боддог.

“Сократус Студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог

Шинээр байгуулагдсан гарааны компанийн хувьд системийн инженерчлэлийн шийдлүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах нь бидний ажлаа төлөвлөх, гүйцэтгэх, хянах явцыг үр дүнтэй болгодог. Мөн хамтын оффист байснаар бусад компаниудтай харилцан туршлага солилцож, төслүүдэд нь тус нэмэр болж, бие биенийхээ дутууг нөхөөд явдаг нь том дэмжлэг болдог шүү.

Сократус студиогийн гарааны хөтөлбөрт хамрагдсан “Яг Тек” гарааны компанийн гүйцэтгэх захирал С.Оюунсайхан

Сократус студио нь гарааны бизнесийг тодорхойлох нэгдсэн тодорхойлолт боловсруулах зорилгоор “Гарааны бизнесийн экосистемийн жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажлыг санаачлан санхүүжүүлж, Залуу Судлаачдыг Дэмжих Сан (ЗСДС) ТББ-тай хамтран гүйцэтгэж байгаа юм. Судалгааны ажлын анхны хэлэлцүүлгэд 100 гаруй зочид төлөөлөгчид хамрагдсан бөгөөд бид энэ үеэр суурь ойлголтууд болох “Гарааны бизнес”, “Инновац”, “Экосистем”, “Гарааны бизнесийн экосистем”, "Гарааны бизнесийн экосистемийн зорилго"-ын тухай, мөн Инновацийн тухай хуульд хийсэн системийн шинжилгээний үр дүнгийн талаар хэлэлцээд байна. Судалгааны хүрээнд тодорхойлсон ойлголтуудад та ч мөн саналаа өгөх боломжтой бөгөөд бидний зүгээс ЗСДС ТББ-ын олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг цахим хуудсанд дээрх QR кодын тусламжтай хандан саналаа өгөхийг урьж байна.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Хүний амьдралын чанарт ажлаасаа авах сэтгэл ханамж ихээхэн нөлөөтэй. Тэгвэл ажлаасаа авах сэтгэл ханамжид оффисын тав тух, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт томоохон байр эзэлдэг.

Үүнийг үйл ажиллагаандаа бодолцон шингээж, ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг өрдөх, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг Unread Media жил бүр зарлан алдаршуулдаг билээ. Энэ жил бид “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд” жагсаалтыг гаргахдаа уншигчдаасаа 500 гаруй санал хүлээн авч, заримтай нь өөрсдийн биеэр танилцаж, эцэст нь хамгийн таатай 10 оффисыг тодрууллаа. Жагсаалт маань жил бүр шинэчлэгдэх тул таныг саналыг бид хэзээд хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2020" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - HOME by Monre Insurance
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - РИО ТИНТО МОНГОЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - NUMUR
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SANKOU MARKETING
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - СОКРАТУС СТАРТАП СТУДИ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SPOT AGENCY
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НАНО ИНТЕРНЭЙШНЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MOFFICE
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НЕТКАПИТАЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - БАВАРИА МОТОРС

ӨМНӨХ ЖАГСААЛТУУДТАЙ ТАНИЛЦАХ

Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018