Байгууллагын нэр: "Sankou Marketing Mongolia" ХХК
Байршил: Дашчойлин хийдээс хойш явах замд, “Санко Маркетинг”-ийн байр
Үйл ажиллагааны чиглэл: Оффисын тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ
Байгуулагдсан он: 2006 он
Сошиал хуудас: Sankou Marketing Mongolia (Фэйсбүүк)
Веб: www.sankoumarketing.mn


Яагаад сонгох болов? 

Орчин үеийн оффисын хэрэгцээнд тохирсон технологийн шийдлүүдийг түгээж, албан байгууллагын дижитал шилжилтийн гүүр болж буй газар бол "Sankou Marketing Mongolia". Konica Minoltа, Bizhub, Dell, Optoma, BXB, IQ Touch, MaxHub, Mozaik Education зэрэг оффисын дижитал тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн 20 гаруй брэндтэй хамтран ажиллаж, Монгол дахь албан ёсны борлуулалтыг хийж буй тус компани 2006 оноос хойш салбартаа түүчээлж яваа юм. Өдгөө проектор, хувилагч, ухаалаг самбар, компьютерын дагалдах хэрэгслүүд зэрэг оффисын хэрэгцээнд зориулсан, хоорондоо интеграц хийх боломжтой дижитал бүтээгдэхүүнүүдийг 2000 гаруй харилцагч байгууллагадаа түгээж буй. Зөвхөн борлуулалт гэлтгүй дагалдах засвар үйлчилгээний хамт цогц хүргэдгээрээ онцлогтой.

“Хариуцлагатай, эелдэг, үнэнч шударга байх” үзэл баримтлалыг эрхэмлэдэг Санкоугийнхан япон менежментийн арга барилаар бизнесийн үнэт зүйлс, байгууллагынхаа соёл, хэв маягийг тодорхойлжээ. Үүний дагуу ажлын орчин бүрдүүлэхдээ ажилчдынхаа бүтээмжтэй байдлыг чухалчилсан байна. Бүтээмжтэй байхын тулд тав тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх учиртай тул “Хоёр дахь гэрээ аваръя” төсөл санаачилж, ажилчдынхаа дунд санал асуулга явуулан оффисынхоо интерьер дизайн, тохижилтыг бүхэлд нь өөрчилжээ. Ингээд хоёр дахь гэрээ хэрхэн тохижуулсныг хамтдаа сонирхоцгооё.

Ажлын орчин 

Хоёр дахь гэрээ хайрлая

“Хоёр дахь гэрээ аваръя” төслийн хүрээнд интерьер дизайн, тохижилтын дүр төрхийг өөрсдийн шинэ санаа, төсөөллөөр бодит болгож, аль болох гэртээ байгаа юм шиг тухтай орчин бүрдүүлэхийг хичээжээ. “Санко Маркетинг”-ийн нэгдүгээр давхарт оффисын тоног төхөөрөмжүүдийн showroom байрлана. Одоогоор тэдний голлох бараа бүтээгдэхүүн нь Konica Minolta-гийн BizHub брэндийн хувилагч машин болон MaxHub ухаалаг самбар юм. Showroom болон уулзалтын өрөөнүүдэд цагаан, цайвар өнгө давамгайлсан бол ажилчдын өрөө, гал тогоо болон амралтын хэсгүүдийг гэгээлэг өнгөөр дагнан тохижуулсан аж.

Ухаалаг самбарын тухай

Үүсэн байгуулагдсан цагаас хойш Konica Minoltа компанитай 14 жилийн турш хамтран ажиллаж, BizHub брэндийг Монголын зах зээлд таниулжээ. Олон үйлдэлтэй хувилах төхөөрөмжийн борлуулалтаар олон жил дагнан ажиллах явцад харилцагч байгууллагуудынхаа эрэлт хэрэгцээг ажиглаж, оффисын хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүний борлуулалтаа өргөжүүлэхээр шийдсэн хэрэг. Ингээд сүүлийн хоёр жилд компанийнхаа үйл ажиллагаагаа өргөжүүлж, орчин үеийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулах болсон байна.

Байгальдаа ээлтэй байгууллагын орчинг бүтээх нь

Дэлхийн дахинд цар тахал нүүрлэж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор албан байгууллагуудад онлайнаар ажил явуулах хэрэгцээ улам нэмэгджээ. Тэр дундаа боловсролын байгууллагуудад дижитал шилжилт хийх шаардлага тулсан учраас дээрх асуудлын хүрээнд Moza Team хэмээх төслийн баг байгуулан судалгаа, хөгжүүлэлт дээр ажиллаж буй гэнэ.

Тэд хэрэглэгчдийн гар дээр очих бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрдээ үндсэн гурван шалгуурыг тавьж ажилладаг байна. Тухайлбал, хог хаягдал бага, байгальд ээлтэй, хэрэглэгчийн бүтээмжийг өсгөж, зардлыг бууруулахад чиглэсэн байх учиртай ажээ. Үүнийг оффисын тохижилтдоо хүртэл шингээж давхар бүрдээ ургамал, цэцэгс тарьснаас гадна барилгынхаа хамгийн дээд давхарт нарны буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг байрлуулсан нь таалагдсан юм. Тус эх үүсвэрээр барилгын бүх цахилгааныг хангадаг байна. Цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд нөөцөлсөн эрчим хүчээ ойр орчмын оффис, байгууллагуудыг хангахаар төлөвлөж буй гэнэ.

Байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт 

Бүтээмжийн 5S аргыг хэрэгжүүлэх нь

Smile буюу инээмсэглэх, Speed буюу түргэн шуурхай, Sincerity буюу чин сэтгэлээсээ ажиллах 3S зарчмыг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хэрэгжүүлдэг Sankou Marketing Mongolia компани нь харилцагч бүрээ хүндэтгэж, сэтгэл хангалуун байлгахыг хичээдэг. Ямар ч байгууллагатай уулзалт, хэлцэл хийсэн харилцааны хувьд боловсон, мэргэжлийн байж, ёс зүйтэй байхыг эрмэлздэг ажээ.

Мөн дотооддоо бүтээмжийн 5S арга барил буюу гол ажлуудаа эмх цэгцтэй, цэвэрхэн, сахилга баттай хийж, үргэлж нэг алхам сайжруулахыг хичээдэг байна. Үүний дагуу өглөө бүр эрчилгээ буюу Чоорэй (Японоор 朝礼) хурлын арга барилын дагуу бүх ажилтнууд тойрч зогсоод ажлын төлөвлөгөө, явц, тулгамдсан асуудлуудаа ярилцаж, төгсгөлд нь эрхэм зорилго, алсын хараагаа хамтдаа уншаад ажилдаа ордог гэсэн шүү.

Сайн туршлагыг нутагшуулах нь

"Sankou" сайн ажилтнуудаа түнш брэндүүдийнхээ үйлдвэрлэгч орнууд руу явуулж, сургалтад хамруулахаас гадна япон менежмент, соёлд сургах зорилгоор Япон руу томилолтоор явуулдаг. Харин дотооддоо түлхүү хувь хүний хөгжлийн чиглэлээр зөв дадал, хандлагыг бий болгох зорилготой сургалтуудыг зохион байгуулдаг аж. Туршлага, сонирхол, хоббигоо хуваалцах чөлөөт уулзалтуудыг зохиохын зэрэгцээ эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамруулахаас зэрэг олон арга хэмжээг санаачлан хийдэг гэнэ. Хамгийн гол нь, хамт олны таатай дулаан уур амьсгал, харилцааг бүрдүүлэх гэдгийг онцолж байлаа. Үүний дагуу шинэ ажилтан авахдаа ажлын туршлага, ур чадвар гэхээс илүүтэй хандлагыг нь түлхүү анхаарч авдаг хэмээсэн.

Энэ мэтчилэн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ нөү-хау шингээж, байгууллагын үнэт соёлоо түгээж буй арга хэлбэрийг нь үнэлж, Монгол дахь Японы элчин сайдын яамнаас япон менежментийг амжилттай хэрэгжүүлж буй үлгэр жишээ болсон жишиг компаниудын нэг хэмээн онцолжээ.

Би энд менежерээс эхлээд Захиргаа, санхүүгийн албаны дарга хүртэл 13 дахь жилдээ ажиллаж байна. Манайхан хийж буй ажилдаа үргэлж сахилга баттай, өндөр хариуцлагатай байхыг эрмэлздэг учраас ажилтан бүр чин сэтгэлээр ажилладаг. Мөн удирдлагуудын зүгээс ажилтнуудынхаа шинэ санаа, санаачилгыг үргэлж дэмждэгийг онцлох нь зүйтэй болов уу.

Захиргаа, санхүүгийн албаны дарга Ж.Жийчиндамба

Манай байгууллага ажилчдадаа өөрийгөө хөгжүүлэх, суралцахад хамгийн таатай орчныг бүрдүүлж чадсан. Бид бие биендээ гэр бүлийн гишүүн мэт санаа тавьж ажиллахаас гадна ажлын үр дүнг сайжруулахын тулд үйл явцыг нь хөгжилтэй, найрсаг, энгийн байлгахыг хичээдэг.

Хүний нөөцийн менежер Л.Шижир

"улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтын тухай 

Хүний амьдралын чанарт ажлаасаа авах сэтгэл ханамж ихээхэн нөлөөтэй. Тэгвэл ажлаасаа авах сэтгэл ханамжид оффисын тав тух, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт томоохон байр эзэлдэг. Үүнийг үйл ажиллагаандаа бодолцон шингээж, ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг өрдөх, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг Unread Media жил бүр зарлан алдаршуулдаг билээ. Энэ жил бид “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд” жагсаалтыг гаргахдаа уншигчдаасаа 500 гаруй санал хүлээн авч, заримтай нь өөрсдийн биеэр танилцаж, эцэст нь хамгийн таатай 10 оффисыг тодрууллаа. Жагсаалт маань жил бүр шинэчлэгдэх тул таныг саналыг бид хэзээд хүлээн авах болно.

"улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2020" жагсаалттай танилцах 

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - HOME by Monre Insurance
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - РИО ТИНТО МОНГОЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - NUMUR
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SANKOU MARKETING
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - СОКРАТУС СТАРТАП СТУДИ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SPOT AGENCY
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НАНО ИНТЕРНЭЙШНЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MOFFICE
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НЕТКАПИТАЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - БАВАРИА МОТОРС

Өмнөх жилүүдийн жагсаалттай танилцах

Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018