Байгууллагын нэр: “Рио Тинто Монгол” ХХК
Байгуулагдсан он: 1873 онд (Монгол дахь салбар 2018 онд)
Үйл ажиллагааны чиглэл: Уул уурхай
Ажилтны тоо: 47 мянга (Монголд 100 орчим)
Хаяг: СБД, 1-р хороо, Олимпын гудамж, 19А-С, “Шангри-Ла” төв, 17 дугаар давхарт
Вэб: www.riotinto.com
Сошиал хуудсууд: Rio Tinto Group, RTMongolia

Яагаад сонгох болов?

Шуудхан харц булаах хурц тод өнгөгүй, ганган хээнцэр биш ч гэлээ “Рио Тинто Монгол” (РТМ)-ынх яах аргагүй Улаанбаатарын хамгийн таатай оффисуудын нэг. Энэ нь юун түрүүнд тус группийн стандарттай холбогдоно. “Стандарт” гэдэг үг “Рио Тинто”-ийн аль ч салбар оффисыг бүрэн тодорхойлох ёстой аж. Үнэхээр л, аюулгүйн, хүний эрхийн, хүний хөгжлийн жишиг стандартуудыг энд биелүүлжээ . Ажилчдын амрах өрөө, хүүхэд асрах өрөө гарган тохижуулсан нь үүний нэгэн жишээ.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монгол залуусын баг

РТМ-ын оффист Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан болон хайгуулын баг, “Mongolia Delivery Centre” (MDC) гэх гурван баг ажилладаг. Энэ дундаас MDC-ийг онцолъё. "Рио Тинто" группт хамааралтай уурхай, салбар нэгжүүдэд IT-ийн болон мэдлэгт суурилсан бусад үйлчилгээ үзүүлдэг MDC-д 70 гаруй монгол ажилладаг. Улмаар энэ оны эцэс гэхэд 100 гаруй ажилтантай болж хүрээгээ тэлэх аж. Олон улсын томоохон байгууллагад ажилладаг монгол залуус зөндөө ч ийм олуулаа, бүтэн багаараа дэлхий даяар үйлчилгээ үзүүлдгээрээ тэд анхдагч. Иймдээ ч мэдээллийн технологийн чиглэлээр ажиллахад хамгийн таатай газруудын нэг юм.

Хөгжил дэвшлийг бүтээгч

“Рио Тинто” группийг бид “Оюу толгой” ХХК, Оюу толгойн уурхайн менежментийг хариуцдаг, “Оюу толгой”-н 66 хувийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компанийн дийлэнх хувьцааг эзэмшигч гэдгээр нь сайн мэднэ. Олон улсын 50 гаруй уурхайд үйл ажиллагаа явуулдаг, тэргүүлэгч уул уурхайн компанийн хувьд “Рио Тинто” автомашин, ухаалаг утасны үндсэн түүхий эд болох хөнгөн цагаан, цахилгаан машин, салхин тээрэмд хэрэглэгддэг зэс, тариалангийн бордоо болох борын хүчлийн давс гэхчлэн нийгмийн бүхий л салбарын хөгжил дэвшилд зайлшгүй шаардлагатай материалуудыг олборлон боловсруулдаг.

Ажлын орчин

"Рио Тинто Монгол"-д ирсэн гаднын хүн бүр галын гарц, цуглах цэг хаа байгаа гэхчлэн аюулгүйн ажиллагааны талаарх мэдээлэлтэй танилцаад орох дүрэмтэй. Түүнчлэн хурал, уулзалт бүрийг бие биедээ аюулгүйн зөвлөмж хэлж эхлүүлдэг нь аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьдаг энэ хамт олноос суралцууштай дадал юм.

Дизайн, орчны тухайд, “Rio Tinto Property Office” хэмээх, Сингапураас тус группийн бүх оффисуудын тохижилт, стандартыг шийддэг багтай хамтран шийдэж, тохижуулдаг аж. Эл группийн шаардлагад нийцэх, аюулгүйн гарц, тоног төхөөрөмж, зохих дэд бүтэцтэй барилга Улаанбаатарт цөөн учир “Шангри-Ла” дээр тогтжээ. Ямар ч гоё оффис байлаа гээд аюулгүй ажиллагааны ямар нэг шаардлага таарахгүй л бол шууд л жагсаалтаас хасагдах дүрэмтэй.

Амарч, ажлын идэвх сэргээх хэрэгтэй үед Brainstorming room рүүгээ орж болно. Ажлын нөхөдтэйгөө ороод сонирхолтой санал санаачилгаа хэлэлцэх, хүсвэл гитар ч тоглож болох юм.

Brainstorming room

Ковидын эсрэг

Цар тахалтай холбогдуулан РТМ оффисынхоо бүтэц, зохион байгуулалтыг мэдэгдэхүйц өөрчилж, тусгаарлах өрөө гаргасны дээр үүдэн дэх зурагт дээрээ Ковид-той холбогдох тоо баримт, мэдээллийг тогтмол шинэчлэн гаргаж байгаа нь эрхгүй анхаарал татлаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх өрөөнөөс гадна хөхүүл, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан, сүү хадгалах хөргөгч гэхчлэн шаардлагатай хэрэгслүүд бүхий хүүхэд асрах өрөөг нь онцолмоор санагдав. Оффис дээрээ тав тухтай ажиллах нөхцөлийг бүхий л талаар хангаж өгсөний илрэл нь энэ буюу.

Ковид 19 цар тахалтай холбогдуулан гаргасан тусгаарлах өрөө

"Мөрөөдлийн" гал тогоо + эко

РТМ оффис дотроо хоёр гал тогоотойн нэгийг “мөрөөдлийн” хэмээн тодорхойлоход буруудахгүй. Үзэгдэх орчноос өгсүүлээд хангамж, тохижилт гээд бүх талаар үлгэр жишээ ажээ. Тус хамт олон хог хаягдлаа найман төрлөөр ангилдгийг энд онцолъё.

БАйгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт

Байнга суралцах

“Рио Тинто” группээс эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, ёс зүйн сургалтууд тогтмол явуулдгаас гадна цахим орчинд аюулгүй байх зөвлөмжүүдийг тогтмол хүргэдэг аж. Бүх ажилтнууд галын аюулгүй байдлын сургалтад хамрагдах учиртай бөгөөд сургалтынхаа үеэри гал гаргаж байгаад галын хороор унтрааж хүртэл үздэг. Ажилтнууд сайн дураараа галын идэвхтэн болж, энэ чиглэлээрх нэмэлт сургалтуудад сууж болдог гэнэ. Бүгд анхны тусламж үзүүлж сурдгийг мөн дурдах нь зүй. Үүнийг сонсохуйяа бид бүгд ийм чадваруудад суралцдаг бол ч мөн их аюул ослоос сэргийлж чадах байх даа гэж бодож суув.

Тус компанийнхан "Linked in Learning"-ийн бүх чиглэлийн сургалтад мөн үнэгүй хамрагддаг. Мэргэжил дээшлүүлэх сургалтад бие даан хамрагдаж төгссөн бол төлбөрийг нь компаниас төлдөг аж.

Карьерын боломжууд

“Рио Тинто” группийн бусад салбаруудад очиж ажиллах боломж бүх ажилчдад нээлттэй. Ихэвчлэн Австралийг зорьдог бөгөөд тэндхийн салбаруудад 2-3 жил ажиллаад ирдэг аж. Барууны орнуудад зохиогддог богино хугацааны сургалтуудад мөн тогтмол хамрагддаг аж.

Эмэгтэйчүүд илүү нөлөөтэй

Монгол дахь салбар оффисын хэмжээнд эмэгтэй удирдлагын тоо харьцангуй өндөр. Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргалаас эхлээд шат шатны удирдлагад эмэгтэйчүүд олон аж. "Рио Тинто Монгол"-ын нийт ажилтнуудын хувьд мөн адил эмэгтэйчүүд зонхилдог.

Хүний эрх

РТМ оффис дээрээ хүний эрхийн чиглэлээр сургалтууд авдаг аж. Сүүлд л гэхэд ЛГБТ төвөөс мэргэжилтнүүдийг урьж, лгбт хүмүүсийн ерөнхий нөхцөл байдал, эрх зүй, хуулийн хүрээнд ямар шийдлүүд байгаа гэхчлэн сургалт, танилцуулга авчээ.

Ажилтнуудын сэтгэгдэл

“Рио Тинто”-д олон улсын чадварлаг мэргэжилтнүүдтэй зэрэгцэн ажилладаг учир олон ургальч үзэл, янз бүрийн соёл, сэтгэхүйг ойлгож авч, өдөр бүр шинэ юм мэдэж авдаг. Манай залуус асуудал гарах бүрд бүтээлчээр, түргэн шийдээд явдаг нь амар санагддаг шүү.

Төслийн удирдлагын зөвлөх Э.Хонгорзул

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Хүний амьдралын чанарт ажлаасаа авах сэтгэл ханамж ихээхэн нөлөөтэй. Тэгвэл ажлаасаа авах сэтгэл ханамжид оффисын тав тух, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт томоохон байр эзэлдэг.

Үүнийг үйл ажиллагаандаа бодолцон шингээж, ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг өрдөх, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг Unread Media жил бүр зарлан алдаршуулдаг билээ. Энэ жил бид “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд” жагсаалтыг гаргахдаа уншигчдаасаа 500 гаруй санал хүлээн авч, заримтай нь өөрсдийн биеэр танилцаж, эцэст нь хамгийн таатай 10 оффисыг тодрууллаа. Жагсаалт маань жил бүр шинэчлэгдэх тул таныг саналыг бид хэзээд хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2020" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - HOME by Monre Insurance
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - РИО ТИНТО МОНГОЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - NUMUR
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SANKOU MARKETING
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - СОКРАТУС СТАРТАП СТУДИ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SPOT AGENCY
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НАНО ИНТЕРНЭЙШНЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MOFFICE
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НЕТКАПИТАЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - БАВАРИА МОТОРС

Өмнөх жагсаалтуудтай танилцах

Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018