Байгууллагын нэр: Moffice Coworking
Байршил: "Tedy" төвийн баруун талд
Үйл ажиллагааны чиглэл: Дундын оффис, инновацын төв
Үүсгэн байгуулагдсан он: 2019
Сошиал хуудас: Moffice Coworking (Facebook), Moffice Coworking (Instagram), Moffice Coworking (Youtube), Level Up (Posted.mn)

Яагаад сонгох болов? 

Уламжлалт оффисын хэв маягийг эвдэж, өндөр тааз, өргөн орон зай, өвөрмөц шийдэл, өнгөлөг интерьерийг хослуулсан "Moffice" гарааны бизнесүүдийг дэмжих инкубатор болж, залуу мэргэжилтнүүдэд корпорацын нөү-хауг хуваалцах талбар болж буй учраас жагсаалтад багтах нь зүйн хэрэг билээ.

"Moffice" нь "Мобиком" корпорацын санаачилга, санхүүжилтээр, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл бөгөөд стартап компаниудыг бойжуулан, өрсөлдөх чадамжтай, өндөр өсөлттэй бизнес болон төлөвшүүлэх зорилготой.

Харилцаа холбооны салбарын анхдагч "Мобиком" корпорац 20 жилийнхээ ой дээр өнгөрснөө үнэлж цэгнэн, дараагийн 20 жилийнхээ төлөвлөгөө, чиглэлийг тодорхойлон нэн эрчтэйгээр шинэ түүхээ бичиж буй. Нэгэнт салбартаа манлайлж тэргүүлэх байр сууринд очсон компанийн хувьд нэг талаас бусад жижиг дунд бизнесүүдийг дэмжих, нөгөө талаар гарааны бизнесийн орчныг мэдэрч, жижиг стартапуудтай хамтран ажиллахаар зорьж буйн илрэл нь энэхүү төсөл юм.

Ажлын орчин 

Минимал концепц

Монголд анх удаа корпорацын санхүүжилтээр бий болсон энэхүү хамтын оффис нь цагаан цайвар өнгөөр дагнасан задгай талбай бүхий шийдэлтэй. Энэ нь ямар ч орон зайг бүтээлчээр ашиглах минимал концепцоос гаралтай. Цайвар өнгө ажлын бүтээмжийг нэмж, сэргэг байхад нөлөөлдөг хэмээдэг учраас дизайны тохижилтын үндсэн өнгө болж, ногоон, шар, цэнхэр зэрэг тод өнгөнүүдтэй хослуулжээ. Интерьер зураг төсөл болон гүйцэтгэлийг хийх сонгон шалгаруулалтаас Саясанаа шалгарч, 2019 оны зургадугаар сараас төслийг албан ёсоор эхлүүлэн, арваннэгдүгээр сар гэхэд албан ёсоор дуусгасан байна.

Хоёулаа, гурвуулаа 20 эсвэл 30-уулаа хурал, уулзалт хийх том, жижиг хэмжээтэй төрөл бүрийн өнгөлөг өрөөнүүд нь Moffice-ийн оршин суугчдын хамгийн бүтээлч, шинэ санаа, шийдлийг уралдуулах орчин гэлтэй. Үүднээсээ урьсан зочдоо кофегоор дайлах Coffee corner, 50-100 хүний арга хэмжээ зохион байгуулах эвент хэсэг, утасны бүхээг, авирдаг хана, амрах хэсгүүд гээд онцлох зүйлс тун олон.

Нөү-хау түгээх орон зай

Ширээний өндрийг тааруулж, босоогоор ажиллах булангууд, тусдаа орон зайд ганцаар ажиллах хэсэг, тойрч суугаад төвлөрөх ширээнүүд гээд хүн бүрийг тав тухтай, өөрийнхөөрөө ажиллах орон зайг бүтээсэн. Уламжлалт компанийн тохижилт хүртэл хамтын оффисын хэв загварт шилжих болсон өнөө үед интерьер дизайн, өнгө төрхөөс эхлэн залуу мэргэжилтнүүдийн коммюнити, корпорацийн соёл, нөү-хауг түгээх орон зай болж, хамтын оффисын концепцын хувьд бүх талаараа үлгэр жишээ болохуйц амжилттай төсөл хэрэгжиж буй нь Moffice юм.

“Компьютероо л аваад ирэхэд л болно. Бусад хэрэгтэй зүйлс энд бүгд байгаа” гэх уриалагхан хүлээж авах Moffice-ийн хамт олон бие биенээ хүндэтгэх тун энгийн дүрмийг багтаасан “House rules”-тэй. “Үүдээ нээгээд нэг жил болсноос хойш одоогоор эвдэрч, сольсон, алга болсон эд зүйлс нэг ч гараагүй байна. Харин ч эсрэгээрээ оршин суугчид маань оффисоо улам гоё болгохоор ширээний цэцэг авчрах эсвэл ханын зураг өлгөх зэрэг өөрсдийн гэр шигээ тохижуулж, тун цэвэрхэн байдаг” хэмээн менежерүүд нь онцолж байлаа.

Байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт

Хамтын оффисын "хамтын соёл"

“Хамтын оффисын амин сүнс бол гишүүд. Тэдний харилцаа, уур амьсгал дээр тогтдог” гэх Moffice-ийн хамт олон коммюнити бүрдүүлэхдээ сонгон шалгаруулах компани бүрийг сайтар судалж, ярилцлага хийсний эцэст шийддэг учраас хамтын оффисын соёл бүрдүүлэхэд маш нөлөө үзүүлдэг ажээ.

Одоогоор "Moffie"-д 16 компани, хувь хүмүүс нийлсэн 70 гаруй хүн байршиж буй. Тэд хамтын оффисынхоо 70 хувийг технологи суурьтай компаниуд, харин үлдсэн хувьд нь бусдадаа үнэ цэн нэмэхүйц бүтээлч залуусыг сонгон шалгаруулж авчээ. Бүтээлч, шинэлэг, орчин үеийн хэв маяг, уур амьсгалыг бүрдүүлсэн Moffice-ийн гишүүдэд бүх л нөөц боломж нээлттэй.

Нийгмийн хариуцлагын хүрээнд гарааны бизнесүүдийг бойжуулах зорилгын хүрээнд тэд залуу мэргэжилтнүүд, энтрепренерүүдэд зориулсан тусгай сургалт, арга хэмжээ, менторын уулзалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Долоо хоног бүр гишүүдэд зориулсан “Happy hour”, сар тутамд “Monthly Breakfast” уулзалтаас эхлэн English Speaking, Кино сонирхогчид, Номын хэлэлцүүлэг зэрэг сайн дурын клубууд тогтмол үйл ажиллагаа явуулж, гишүүдээ идэвхжүүлдэг байна.

Менторуудтай хамт манлайлах нь

Мөн корпорацын нөү-хау, бизнестэй холбоотой туршлагуудыг хуваалцахаар сард хоёр удаа гишүүдийн санал хүсэлтээр тусгайлан зочин урьдаг нь сонирхолтой. Урихдаа багтай нь хамт урьж, бүтэн өдрийн workshop хийдэг ажээ. Ингэхдээ компаниудтай уулзаж, тулгарч буй асуудлыг нь ярилцаж, туршлагаа нээлттэй хуваалцдаг учраас гарааны компаниудад ментортой болох боломж гардаг гэсэн үг юм. Мөн хамтын оффис дотроо нэг хүнийг “In-house mentor” буюу дотоод ментор болгож, өөрийн хамгийн сайн чаддаг зүйлс, туршлага, түүхээ хуваалцах орон зайг бий болгодог ажээ.

Хамтын оффист нэгдсэн компаниудаас өнгөрсөн хугацаанд томоохон хөрөнгө оруулалт, санхүүжилт татсан эсвэл зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж буй зэрэг санаанд оромгүй өсөлт дэвшилтүүд гарсаар байгаа ажээ. Энэ мэт залуу урам зориг, өсөлт дэвшилттэйгээр тэд ирэх 2021 он гэхэд томоохон инкубатор төв болохоор ажиллаж байна.

Хамтын оффисын ажиллах хэв маяг болон гишүүдийн уур амьсгал, харилцаа бүхэн чөлөөтэй байдаг. Олон салбарын залуустай хамт ажиллах нь үргэлж шинэ санаа сэдэл өгч, компани бүрийн дотоод соёлын туршлагаас суралцах боломжтой.

Moffice хамтын оффисын коммюнити менежер Б. Билгүүн

Хамтын оффист ажилладаг хүн бүр бусдадаа тусалж, хамтран ажиллаж, нээлтэй харилцаа холбоог үүсгэж чаддаг нь таалагддаг. Мөн гарааны бизнесүүдийг хөгжүүлэх чиглэлээр төрөл бүрийн сургалт, арга хэмжээ зохион байгуулж, үргэлж дэмждэг юм.

"Procraft Agency"-гийн спринт мастер Г.Эгшиглэн

Та бүхэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас жил бүр зохион байгуулдаг ICT EXPO 2020 үзэсгэлэнг зорьж, Мобиком Корпараци-31 болон Моффис-73 бүхээгт зочлоорой.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Хүний амьдралын чанарт ажлаасаа авах сэтгэл ханамж ихээхэн нөлөөтэй. Тэгвэл ажлаасаа авах сэтгэл ханамжид оффисын тав тух, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт томоохон байр эзэлдэг. Үүнийг үйл ажиллагаандаа бодолцон шингээж, ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг өрдөх, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг Unread Media жил бүр зарлан алдаршуулдаг билээ. Энэ жил бид “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд” жагсаалтыг гаргахдаа уншигчдаасаа 500 гаруй санал хүлээн авч, заримтай нь өөрсдийн биеэр танилцаж, эцэст нь хамгийн таатай 10 оффисыг тодрууллаа. Жагсаалт маань жил бүр шинэчлэгдэх тул таныг саналыг бид хэзээд хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2020" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - HOME by Monre Insurance
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - РИО ТИНТО МОНГОЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - NUMUR
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SANKOU MARKETING
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - СОКРАТУС СТАРТАП СТУДИ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SPOT AGENCY
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НАНО ИНТЕРНЭЙШНЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MOFFICE
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НЕТКАПИТАЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - БАВАРИА МОТОРС

ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019

Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018