Аливаа улсын хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл нь аж үйлдвэрлэл билээ. Тэгвэл манай аж үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

Тодорхойлох хэдэн тоон баримтаас дурдвал, энэ оны эхний улирлын байдлаар эл салбарын нийт үйлдвэрлэл 7.2 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үйлдвэрлэлийн индекс өмнөх оны мөн үеэс 35 хувиар өссөн аж. Мөн 2024 оны эхний таван сарын байдлаар экспорт 6.4 тэрбум ам.доллар, импорт 4.4 тэрбум ам.долларт хүрсэн сайн мэдээтэй. Гэвч сайтар бодоод үзвэл манай улсын аж үйлдвэр үндсэн хоёр дэд салбартайгаар өдийг хүрсэн. Тодруулбал, тус салбарын нийт гарцын 60 орчим хувийг уул уурхайн олборлолт, 30 орчим хувийг боловсруулах үйлдвэрлэл бүрдүүлдэг. Энэ бол эдийн засгаа төрөлжүүлээгүй, нэг салбараас хараат байгааг илэрхийлж буй.

Ингээд бодлогын мэтгэлцээний 11 дэх дугаарт мэтгэлцсэн нэр дэвшигчдийн Монгол Улсыг аж үйлдвэржсэн орон болгоход ямар бодлого хэрэгжүүлэх талаар гол санаануудыг хүргэж байна.

1-р дугаарын тойм

2-р дугаарын тойм

3-р дугаарын тойм

4-р дугаарын тойм

5-р дугаарын тойм

6-р дугаарын тойм

7-р дугаарын тойм

8-р дугаарын тойм

9-р дугаарын тойм

10-р дугаарын тойм

ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?

Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.

1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.

2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.

3-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.

4-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.

5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.

11-Р ДУГААР “АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГО”

ХЭН МЭТГЭЛЦЭВ?

Зүүн талаас Б.Цогтгэрэл, О.Батнайрамдал, Ц.Бумцэнд, Ш.Энхтуул, Б.Төрболд, Б.Баттөмөр

Монгол Ардын намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч О.Батнайрамдал - АНУ-ын Макалестерийн коллежийг эдийн засгийн ухааны бакалавр, Харвардын Бизнесийн сургуулийг бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. МАН-ын нарийн бичгийн дарга.

Ардчилсан намаас жагсаалтын 35-д нэр дэвшигч Б.Баттөмөр - Худалдаа үйлдвэр, үйлчилгээний боловсролын салбарт 2013 оноос хойш бизнес эрхэлж байгаа. ХБНГУ-ын Хамбург хотын Хэрэглээний шинжлэх ухааны их сургуульд үйлдвэрлэлийн технологи, инженерийн мэргэжлээр төгссөн.

Монголын Социал Демократ намаас 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Төрболд - Чех, Словак улсад барилгын инженер мэргэжлээр Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. ШУТИС, ХААИС-д ахлах багшаар ажилласан туршлагатай.

ХҮН намаас 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ш.Энхтуул - МУИС-д Бизнесийн удирдлагын доктор, Польш улсын Варшав хотын Варшавын эдийн засгийн сургуульд маркетингийн менежментийн бакалавр, магистрын зэрэгтэй. МУИС-ийн Бизнесийн сургуулийн тэнхимийн багш.

Шинэ нэгдсэн эвслээс 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Ц.Бумцэнд - ХҮДС-ийг тоног төхөөрөмжийн механик инженерээр төгссөн. “Чиглэл” компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар ажилладаг. Мөн Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо, Монголын хөргөлт, агааржуулалтын холбоо, Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн.

Үндэсний эвслээс жагсаалтын 9-д нэр дэвшигч Б.Цогтгэрэл - ЗХУ-ын Политехникийн дээд сургуулийг инженер, эдийн засагч, МУИС-ийг Хууль зүйн дээд сургуулийг хуульч, эрхзүйч, Москва хотын Консмолын дээд сургуулийн дэргэдэх Удирдлагын дээд курсыг санхүүгийн менежментээр төгссөн. Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан тэрээр Үндэсний эвслийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

ЮУ ЯРИВ? 

Монгол Ардын намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч О.Батнайрамдал

1. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан гол хүчин зүйлсийн нэг бол аж үйлдвэржилтийн сэргэлт юм. Аливаа улс аж үйлдвэржилтийг хөгжүүлэхэд өрсөлдөх давуу талтай, илүү потенциалтай салбар руугаа төрийн зүгээс анхаарч, хөрөнгө оруулалт хийдэг. МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөрт бүсчилсэн хөгжлийн реформ болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аж үйлдвэржилтийн сэргэлтийг үргэлжлүүлнэ. Мөн эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тулгуурласан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар тусгаж өгсөн. (1-р үе Нээлттэй индэр)

2. МАН 2024 оны УИХ-ын сонгуульд өнгөрсөн 30 жилд хэрэгжсэн эсэхийг үл харгалзан 567 баримт бичгийг нэгтгэн дүгнээд Монголын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулсан. Үүнээс эхний арван жилд одоо хэрэгжиж буй Шинэ сэргэлтийн бодлогыг үргэлжлүүлнэ. Бодлого боловсруулах явцад хөгжлийг хязгаарлагч зургаан гол хүчин зүйлийг тодорхойлсны нэг нь аж үйлдвэржилтийн сэргэлт. МАН мөрийн хөтөлбөртөө тусгаж байсанчлан “Эрдэнэс таван толгой” ХК-д 10 сая тонн буюу МУ-ын олборлож буй нийт нүүрсний 27-35 хувийг баяжуулах үйлдвэр өчигдөр ашиглалтад орлоо. (2-р үе Халз мэтгэлцээн “Танай нам аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар бодлого баримтлах вэ?”)

3. Манай мөрийн хөтөлбөрийн 5.2.1 дээр мэдээлэл, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, шинэ технологийг уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч зэрэг салбарт өргөн нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж тусгасан. Тэр дундаа уул уурхайн салбар өндөр технологийг шаарддаг тул одоо ашиглалтад ороод буй 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрт ч мөн нийт усны хэрэглээний 95 хувийг саарал усаар хангах технологийг нэвтрүүлээд байна. (3-р үе Иргэдийн асуулт “Технологийн шилжилт, шинэчлэлтийг аж үйлдвэрт хэрхэн нэвтрүүлэх вэ?”)

4. Аж үйлдвэржилтийн хүрээнд томоохон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, төслүүдийг авч үзвэл дийлэнх нь мега төслүүд байдаг. Тухайн мега төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгардаг гол асуудал нь санхүүжилт. Мөн кластерын хувьд дэд бүтэц, оролцогч талуудыг бий болгоход экосистемийг нь бүрдүүлсэн байх шаардлагатай. Тэгэхээр санхүүжилтийн хувьд нэмүү өртөг шингэсэн боловсруулах салбар дээр Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд төрөөс хийх зүйл бол хувийн бизнест татаас, дэмжлэг үзүүлэх юм. Жишээлбэл, гаалийн албан татвар, НӨАТ-ыг дөрвөн жилээр хойшлуулах, газрын төлбөрийг арван жилээр чөлөөлөх гэх мэт. Мөн мега төслүүдийг санхүүжүүлэхээр Үндэсний баялгийн санг байгуулсан. Тэр дундаа Үндсэн хуулийн 6.2-т дурдсанаар Үндэсний баялгийн сангийн нэг хэсэг болох Хөгжлийн санд байгалийн баялгаас орох орлогын нэгээхэн хэсгийг төвлөрүүлж, үүгээр дамжуулан томоохон мега төслүүдийг санхүүжүүлэх гол эх үүсвэр, механизм болгоно гэж тодорхойлсон. (4-р үе Халз мэтгэлцээн “Аж үйлдвэрийн салбарт шаардагдах гадаадын болон дотоодын эх үүсвэртэй санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх вэ?”)

5. Аж үйлдвэржилтийн сэргэлт нь нэг талаасаа хөгжлийг хязгаарлагч, нөгөө талаас хамгийн том потенциалтай, шинэ ажлын байр бий болгох, экспортыг тэлэх, тэр чинээгээрээ нэг хүнд ногдох ДНБ-ийг цааш шат ахиулах боломж юм. Манай нам эдгээрийг хийхийн хажуугаар далд эдийн засагтай заавал тэмцэж байж үр дүнд хүрнэ. (5-р үе Хаалтын илтгэл)


Ардчилсан намаас жагсаалтын 35-д нэр дэвшигч Б.Баттөмөр

1. Үндэсний Аудитын газраас МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 73.6 хувьтай гэж гаргасан. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Үндэсний Аудитын газар хэдий парламентийн хяналтын байгууллага ч Засгийн газраас санхүүждэг. Өөрөөр хэлбэл, өөрийг нь санхүүжүүлдэг байгууллагад дүн тавьж байна гэсэн үг. Харин АН-аас өнгөрсөн 4-8 жилийн хугацаанд МАН-ыг мөрийн хөтөлбөрөө хэр зэрэг хэрэгжүүлсэн бэ гэдэгт дүн тавихад 35 хүрэхгүй хувьтай байна. Энэ хоёр тоо зөрж байгаа шалтгаан нь өөрсдөө Засгийн газраас санхүүждэг учраас бодитойгоор дүн тавих боломжгүйд байгаа юм. Тэгэхээр парламент Засгийн газарт хяналт тавихын тулд энэ холбоосыг салгах хэрэгтэй. (1-р үе Нээлттэй индэр)

2. Аж үйлдвэрийг эдийн засгийн үр ашигтай байх ёстой гэдгийг эрх баригч нам огт тооцохгүй байна. МАН-ын хэлсэнчлэн 70 сая тонн нүүрс экспортолсон ч үр ашиг нь ард түмэнд ирээгүй. Хүн ашигтай ажиллаж байж сайхан амьдрах нөхцөл бүрддэг ч МАН хувийн хэвшил дэх төрийн оролцоог л санал болгодог. АН-ын хувьд аж үйлдвэрлэлийн суурь зарчим болох төрийн оролцооноос ангид хувийн хэвшлийг байгуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. (2-р үе Халз мэтгэлцээн “Танай нам аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар бодлого баримтлах вэ?”)

3. Инновацыг төр хийнэ гэж байхгүй. Хувийн байгууллага, компаниуд л инновацыг хийж чадна. Тэгэхээр энэ асуултаас илүү инновацыг бий болгох орчныг яаж бүрдүүлэх тал дээр төр хэрхэн ажиллах вэ гэдэг асуулт оновчтой болов уу. Манай намын зүгээс инновацыг зөвхөн залуу үеийнхэнд хамааралтай, тэдний л ойлгодог, ярьдаг зүйл мэтээр ойлгоод байна гэж үзэж байгаа. Яагаад хүний нөөцийн бодлогоо бүгдэд нь хамруулах талаар бодож болохгүй байгаа юм бэ? Энэ тал дээр манай нам боловсролын салбарт богино хугацааны сургалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Нэг ёсондоо дөрвөн жилийн бакалаврын сургалтын систем нь тодорхой хэмжээнд хоцрогдсон. Учир нь 40, 50, 60, 70, 80 настай хүнд өөрийгөө хөгжүүлээд цаашаа боловсрол, ур чадвар эзэмшээд ажлын байраа солих, орлогоо нэмэгдүүлэх боломж нь нээлттэй байх ёстой. (3-р үе Иргэдийн асуулт “Технологийн шилжилт, шинэчлэлтийг аж үйлдвэрт хэрхэн нэвтрүүлэх вэ?”)

4. Экспортыг төр биш хувийн хэвшил хийх хэрэгтэй. Бодит байдал дээр төрөөс гарсан бүтээгдэхүүн олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай болж экспортод гарч чадах уу, үгүй юу гэвэл хэцүү. Зөвхөн уул уурхайн салбарын бүтээгдэхүүн л гарах боломжтой. Тэгэхээр үндсэн гол бодлогын концепц нь төвлөрсөн бус системийг Монголд бий болгох ёстой. (4-р үе Халз мэтгэлцээн “Монгол Улсын экспортын чадамжийг нэмэгдүүлэхэд ямар бодлого баримтлах вэ?”)

5. Манай улс хөгжихгүй байгаагийн шалтгаан нь бид хоцрогдсон сэтгэлгээнээсээ салаагүй. Одоо л энэ зовлонтой намаас салахгүй бол бидний хөгжил болохгүй байна. Ард иргэдийн гар дээр мөнгө байхгүй, өрхийн амьжиргаа дээшлээгүй. Харин эсрэгээрээ төрийн албан хаагчдын тоо улам нэмэгдэж, төсвөөс цалинждаг хүмүүсийн тоо олширсоор. АН-аас Стратегийн Засгийн газар хэмээх албан ёсны мэдэгдэл хийсэн бөгөөд аж үйлдвэржилт нь үүнд гол байр суурь эзлэх салбар юм. (5-р үе Хаалтын илтгэл)


Монголын Социал Демократ намаас 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Төрболд

1. Өнөөдөр би аж үйлдвэржилтийн талаар яримааргүй байна. Эрчим хүчнийхээ асуудлыг шийдээгүй байж аж үйлдвэржилтийг ярьж болохгүй. Тийм учраас би энэ мэтгэлцээнд эрчим хүчний талаар л ярина. (1-р үе Нээлттэй индэр)

2. Монгол Улс эрчим хүчний өндөр ачааллын үедээ ОХУ-д 150 сая ам.доллар төлж, цахилгаанаа хангадаг. Түүний 60 сая ам.долларын эрчим хүчийг Монголдоо хангах үйлдвэрийн төслийг инженерүүд боловсруулж, Эрчим хүчний яамд танилцуулсан ч өдийг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Үүнээс үзэхэд эрчим хүчний дэд бүтцийг мэргэжилтнүүд нь санаачилсан ч ажил хэрэг болгох эрх зүйн нөхцөлөөр хангадаггүй төртэй нь харамсалтай. (2-р үе Халз мэтгэлцээн “Аж үйлдвэрлэлийг цогцлооход шаардлагатай дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?”)

3. Өнөөдөр АНУ болон ОХУ гэсэн технологийн хоёр агуу гүрний дунд л дайн болж байна. Үүнийг юугаар илтгэх вэ гэвэл цөмийн энергийн добавка буюу нэмэлт хиймэл металлыг энэ хоёр улс л хийж байгаа. Тэгэхээр манай улсад уран байгаа юм чинь ОХУ-тай хамтраад үүнийг хийх хэрэгтэй. Олон улсад химич, инженерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж буй олон арван залуус бий. Тэднийг ч уг үйл хэрэгтээ оролцуулах боломжтой. (3-р үе Иргэдийн асуулт “Технологийн шилжилт, шинэчлэлтийг аж үйлдвэрт хэрхэн нэвтрүүлэх вэ?”)

4. Өнөөдөр боловсролын салбар 0 болсон. Аль ч их сургуульд очоод 80 хувь нь гадаад хэл мэддэггүй багш нартай. Хамгийн багадаа над шиг гурван хэлээр ойлгодог, танилцуулгаа тавьчихдаг хүмүүс л технологи ярина шүү дээ. Социализмын үед аж үйлдвэртэйгээ уялдаад хүмүүсийг гадаадад сургадаг, тэд нь эргэж ирээд ажилладаг тийм л системтэй байсан. (4-р үе Халз мэтгэлцээн “Аж үйлдвэрлэлийн салбар дахь мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэхэд ямар бодлого баримтлах вэ?”)

5. Манай нам бол агаарын бизнесээр ард түмнээ хуурдаг нам биш. Бид бүгдээрээ их сургуулийн багш нар. Бидний хувьд эрчим хүчний хувьсгал хийж, нэгдүгээрт үнийг чөлөөлнө. Өмнөх 34 жилд энэ үнийг чөлөөлбөл саналаа алдана гэж айсаар өдийг хүргэсэн. Мэдээж ингэж чөлөөлөхийн өмнө цалингийн доод хэмжээг гурван сая болгоно. (5-р үе Хаалтын илтгэл)


ХҮН намаас 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ш.Энхтуул

1. 2023 онд Монгол Улс 70 сая тн нүүрс экспортолж, ДНБ 70 их наядад хүрсэн. Уг тоо нь манай орныг эдийн засаг өсөлттэй байгаа мэт харагдуулж байгаа ч бодит байдал дээр манай орон импортоос хамаарсан инфляцад өртөгч орон. Эдийн засгийн бодит өсөлт байхгүй, бизнесийн орчин муу, авилгын индекс их, үндсэндээ ард түмний амьдрал уруудан доройтсоор байгаа энэ харамсалтай үр дүнд зохих дүнг нь тавих цаг болсон. (1-р үе Нээлттэй индэр)

2. Нэг хэсэг улс орон бүр хямд үнэтэй, өрсөлдөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэгдсэн чиг хандлагатай байсан бол ковидын цар тахлын дараа тоглоомын дүрэм өөрчлөгдөж, дэлхий дахинд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чиг хандлага дэлгэрч эхэлсэн. Монгол Улсын хувьд аюулгүй хүнсний үйлдвэрлэлийг дэмжиж дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна олон улсад өрсөлдөх чадвартай бараа бүтээгдэхүүнийг экспортлох тал дээр анхаарах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчны тодорхой байдал болон бодлого дутагдаж байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төрийн оролцоо ямар түвшинд байх вэ?”)

3. Баялагт суурилсан эдийн засгаас бүтээмжид суурилсан эдийн засаг руу шилжиж буй манай орны хувьд инновац бүх салбарт хамааралтай асуудал. Тухайлбал, боловсролын салбарт суралцагчид нутаг дэвсгэрийн хувьд хаана байгаагаас шалтгаалан технологийг ашиглах хэрэгтэй. Экспорт талаасаа авч үзвэл, технологид суурилсан бизнесийн үйлчилгээг гаднын зах зээлд нэвтрүүлээд эхэлсэн. Салбар бүрд өгөгдлийг мэдээлэл, мэдээллийг мэдлэг болгоод шийдвэр гаргалтдаа ашиглаж эхэлсэн байгаа энэ цаг үед технологи хүн бүрд, салбар болгонд ойрхон байх ёстой. (3-р үе Иргэдийн асуулт “Технологийн шилжилт, шинэчлэлтийг аж үйлдвэрт хэрхэн нэвтрүүлэх вэ?”)

4. Их дээд сургуулийн оролцоо бол аж үйлдвэрийн салбарт маш чухал. Учир нь бид мэргэжилтэй, боловсон хүчнүүдийг бэлдэж өгч байгаа клиник хэсэг нь. Их сургууль сургалтаас гадна эрдэм шинжилгээний хэрэгтэй судалгаа, шинжэлгээнүүдийг хийж өгдөг үе үеийн эрдэмтэдтэй. Гэхдээ энэ дээр юуг анзаарах хэрэгтэй вэ гэхээр судалгаа хийхдээ кластерын зарчмаар ААН-үүдэд хэрэгтэй судалгаа, шинжилгээнүүдийг их, дээд сургуулиуд хийх хэрэгтэй байна. Ер нь аж үйлдвэрийг хөгжүүлэхэд их, дээд сургууль, хувийн хэвшил, төрийн бодлого нь үндсэн суурь болж өгдөг. Гэвч бодит байдал дээр бодлого алдагдсан учраас тэд ямар ч холбоо харилцаа, хамааралгүй ажиллаж байна. (4-р үе Халз мэтгэлцээн “Аж үйлдвэрлэлийн салбар дахь мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэхэд ямар бодлого баримтлах вэ?”)

5. ХҮН нам нь нийт нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг 50, 50 хувь байлгана гэдгээ зарласан анхны нам (48 хувь нь эмэгтэй). Монголчууд бид боловсролын үнэ цэнийг мэддэг, тэр ч утгаараа хүүхдүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулдаг ард түмэн. Гэхдээ өнөөдөр дотоодын хөдөлмөрийн зах зээлд ажиллаад сайхан амьдрах боломжгүй тул гаднын орныг зорих хүсэл мөрөөдөлтэй болцгоосон байна. Чухамдаа Монгол Улсын хамгийн том нөөц бол хүний нөөц. Сонгогчид улс орныхоо ирээдүйн хөгжлийг нэр дэвшигчдийн нэрийг дугуйлах тэр мөчид тодорхойлж байдаг. Тиймээс ард иргэд сонголтдоо хэрсүү хандаж, УИХ-д суудалтай нам, эвслүүдийг солонгоруулахад гар, бие оролцоосой гэж хүсэж байна. (5-р үе Хаалтын илтгэл)


Шинэ нэгдсэн эвслээс 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Ц.Бумцэнд

1. Манай намын зүгээс шинэ төрийн тогтолцоо, шинэ эдийн засгийн тогтолцоо, шинэ нийгмийн тогтолцоо гэх үндсэн гурван бодлогын хүрээнд мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Юун түрүүнд аж үйлдвэржилтийн салбарыг хөндөхөөс өмнө эрчим хүчний асуудлаа шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт, төрийн тогтолцооны системийг өөрчилж, мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бүхий бодлогын төрийг бий болгох шаардлагатай байна. Гуравдугаарт туршлагатай салбар бүрийн мэргэжилтнүүд гаднын орон руу дүрвэж, дотооддоо ажиллах хүчний дутагдалтай, ажиллах таатай нөхцөл, хууль эрх зүйн орчингүй байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого ярихад эртдэж буйн шинж юм. (1-р үе Нээлттэй индэр)

2. Аль нэгэн хөрш орны хөрөнгө оруулалтаар өөрсдийн гэсэн эрчим хүчний эх үүсвэртэй болох хэрэгтэй. Тодруулбал, дотооддоо тендер зарлаж, салбарын шилдэг мэргэжилтнүүдийг хамруулан бүтээн байгуулах бүрэн боломжтой гэж харж байна. Манай намын зүгээс сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Алс хэтдээ Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолд иргэн, нам, эвсэл бүр санаа, бодлогоо уралдуулж, нэгдэн оролцсоноор зөв голдиролдоо орно хэмээн найдаж байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Аж үйлдвэрлэлийг цогцлооход шаардлагатай дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?”)

3. Хиймэл оюун ухаан, түүний үүлэн технологийг ашиглан орчин үеийн аж үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулж улмаар гадаад зах зээлд нийлүүлэх, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт таван ажиллаж байна. Үүний тулд орчин үеийн техник технологийг гаргууд эзэмшсэн мэргэжилтнүүд шаардлагатай учир олон улсад энэ чиглэлээр ажиллаж буй монгол залуусыг нэгтгэн цуглуулж, өрсөлдөхүйц цалин урамшууллаар ханган ажиллуулах шаардлагатай. (3-р үе Иргэдийн асуулт “Технологийн шилжилт, шинэчлэлтийг аж үйлдвэрт хэрхэн нэвтрүүлэх вэ?”)

4. Экспортын цар хүрээг өргөтгөхөөр ноос ноолуур, хөнгөн хүнсний үйлдвэр, хүнд үйлдвэрлэл-уул уурхайн экспортыг хэрхэн гаргах тал дээр манай эвсэл есөн акт гаргасан. Үүн дотроос хамгийн чухал нь болох ЖДҮ-ийн үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах, түүний өрсөлдөх чадварыг сайжруулахад төвлөрнө. (4-р үе Халз мэтгэлцээн “Монгол Улсын экспортын чадамжийг нэмэгдүүлэхэд ямар бодлого баримтлах вэ?”)

5. 30 жилийн өмнөх Монгол Улс 500 гаруй үйлдвэртэй, жинхэнэ үйлдвэржилтийн эх орон байлаа. Харамсалтай нь тухайн үед ардчиллын далбаан дор богино хугацаанд маш хүчтэй дампууруулж, мэргэжилтэн, ажилчдын гудамж дахь тоног, төхөөрөмжийг төмрийн хогонд өгч, барилга, байшингуудыг тухайн үеийн МАН-ын удирдлагууд өмчлөн авсныг миний бие өөрийн нүдээр харсан. Тэрхүү үйлдвэрлэлийн дампуурал өнөөдрийг хүртэл үргэлжилж, аж үйлдвэрлэлийг дэмжих амлалт, бодлогууд яригдаж байсан ч дорвитой хэрэгжсэн зүйл одоогоор алга. Эрчим хүчний эх үүсвэрийг шийдэх, хүний нөөцийг бэлдэх, инновац буюу оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар аж үйлдвэрлэлийг дэмжих боломжтой. Өнөөдөр бид энд цугласнаар бодит биеллээ олж, сонгогчдын таашаалд нийцсэн мэтгэлцээнийг өрнүүлж чадсан гэж би хувьдаа бодохгүй байна. Их л том тоонууд, сүртэй бодлогууд ярьсан мэтгэлцээн болж өндөрлөлөө. (5-р үе Хаалтын илтгэл)


Үндэсний эвслээс жагсаалтын 9-д нэр дэвшигч Б.Цогтгэрэл

1. Сүүлийн 20-30 жилийг Монголын аж үйлдвэржилтийн бодлогын завхралын үе гэж хэлж болно. Учир нь өнгөрсөн хугацаанд аж үйлдвэржилтийн цэгцтэй, тогтвортой бодлого, түүнд нийцсэн боловсон хүчний бодлого, боловсролын тогтолцоо, татварын бодлого байсангүй. Зээл, хөрөнгө оруулалтын бодлоготой, үйлдвэржилтийг дэмжих биш хүүлдэг тогтолцоотой болсон байна. Эцэст нь дотоод, гадаад худалдааны бодлого үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд төвлөрөх байсан ч тэгсэнгүй. Эдгээр үндсэн бодлогууд алдагдаж, аж үйлдвэржилт хөгжих бололцоо хаагдмал байгаа тул Үндэсний эвсэл энэ удаагийн сонгуульд үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя гэх мөрийн хөтөлбөртэйгөөр өрсөлдөж байна. (1-р үе Нээлттэй индэр)

2. Төр барьж буй коммунист маягийн нүсэр бүтэцтэй нам төрийн өмчит компаниудаар дамжуулан санхүүгийн эх үүсвэрээ бий болгодог. Мөн төрийн өмчит компаниудыг өөрсдийн хөл, гарыг байршуулах талбар гэж хардаг юм шиг. Үндэсний эвсэл мөрийн хөтөлбөртөө тусгаснаар хувийн хэвшил дэх төрийн оролцоог боломжит хэмжээгээр хумьж, төрийн өмчит компаниудыг хувьцаат компани болгон задалж, улмаар хувийн хэвшил дээр тулгуурласан үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх байр суурьтай байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төрийн оролцоо ямар түвшинд байх вэ?”)

3. Монгол Улс хонины ноосоо хайчаар хайчилж, ШУТИС-д дотоод шаталтын хөдөлгүүр заадаг хэвээр байна. Энэ бол бидний технологи ашиглалтын түвшинг илтгэнэ. Тиймээс бид боловсролын салбарыг эрс шинэчилж, улмаар шинэ боловсон хүчнийг бэлтгэснээр дараагийн түвшинд гарна. Үндэсний эвслийн мөрийн хөтөлбөрт тусгаснаар технологийн чиглэлд, тэр дундаа ХАА-н салбарт автоматжуулалт, роботжуулалтыг нэн түрүүнд нэвтрүүлнэ. Дараа нь жолоочгүй автомашин, нисгэгчгүй агаарын тээвэр, үйлдвэрлэлийн автоматчиллыг нэвтрүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна. (3-р үе Иргэдийн асуулт “Технологийн шилжилт, шинэчлэлтийг аж үйлдвэрт хэрхэн нэвтрүүлэх вэ?”)

4. Юун түрүүнд аж үйлдвэржилтийг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд технологи, стандартын асуудал байдаг. Бид евро, ISO стандартуудыг нэвтрүүлнэ. Хоёрдугаарт, гаднын хөгжилтэй орнуудын дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг стандартуудыг Монгол Улсын Засгийн газар, эрх бүхий байгууллагууд хүлээн зөвшөөрөхгүй, өөрсдөө дахиж баталж, хянан шалгана гэж төвөг уддаг. Энэ хүнд суртлуудыг авч хаяна. (4-р үе Халз мэтгэлцээн “Аж үйлдвэрийн салбарт шаардагдах гадаадын болон дотоодын эх үүсвэртэй санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх вэ?”)

5. Сүүлийн 20 жил Монгол Улс нүүрс, зэсний баялгаа шимж амьдарлаа. Өөрөөр бол үндэсний үйлдвэрлэлээ мартсан гэж хэлж болно. Монголын уламжлалт аж ахуйг хэрхэн зохицуулах талаар гарын авлага маягийн календарийг миний бие боловсруулж, өмнөх жилүүдэд УИХ-д нэр дэвшигчдэд тарааж байсан. Үүнээс харахад, ноолуурын салбарт 20 хүрэхгүй хувийн гүйцэтгэлтэй, ноосны салбар таван хувийн гүйцэтгэлтэй, мах бэлтгэл, мод бэлтгэл, арьс шир зэрэг салбар ч мөн ялгаагүй тааруухан үзүүлэлттэй. МУ-д үйл ажиллагаа явуулж буй 23 жоншны үйлдвэрийн 22 нь БНХАУ-ын иргэд эзэмшдэг. Зөвхөн ноолуурын салбарт гэхэд угаах, самнах, ээрэх, нэхэх, сүлжих гэсэн таван шатлал бий. Харамсалтай нь бид ердөө угаахаас цаашилдаггүй. Үндэсний эвслийн хувьд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, үйлдвэрлэлийн шинэ эрин үеийг эхлүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. (5-р үе Хаалтын илтгэл)

Уншигч та бүхэн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээнийг шууд хүлээн авахыг хүсвэл ТэнГэр телевиз дээр орой бүр 21:00 цагаас сувгаа тааруулаарай. Мөн Facebook хуудсаар үзэх боломжтой.

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.