Бизнесийн нэр: House of Mind Exercise - HOME by Monre Insurance
Байршил: Нарны хорооллын урд, AutoHub төвийн хоёрдугаар давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн санхүүгийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан он: 1995
Ажилтны тоо: 4 компани, 60 ажилтан
Вэб: www.monre.mn
Сошиал хуудас: Монре Даатгал - Monre Insurance (Фэйсбүүк), @home.bymonre (Instagram)
Яагаад сонгох болов?
Монголын даатгалын салбарын ууган компаниудын нэг, арилжааны даатгалын салбар шинэ шатанд үүсэж хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулж яваа Монре даатгалын оффисыг олон хүн дуу нэгтэйгээр бидний жагсаалтад багтах ёстой хэмээн санал болгосон билээ. Тэднийх сүүлийн жилүүдэд байгууллагын дотоод нөөцдөө эрс шинэчлэл хийн, шинэ залуу боловсон хүчнээр хамт олноо бүрдүүлж, өнгөрсөн хавар HOME - House of Mind Exercise нэртэй шинэ оффисдоо нүүн орсон ба энд Зээл Эм Эн, Монре даатгал, Стандарт инвестмент зэрэг байгууллагууд хамтын үйл ажиллагаа явуулдаг байна. Гэртээ хүсдэг тав тухыг ажлын байрандаа бий болгохоор зорьж тохижуулсан тэдний шинэ оффис болоод өвөрмөц байгууллагын соёл нь уламжлалт хэв маягийг эвдэж, олон байгууллагад үлгэр жишээ болох нь дамжиггүй.


Ажлын орчин, тохижилт
Байгаль эх, техник технологи, урлаг мэдрэмжийн хамтын бүтээл
Орчин үеийн хэв маягийг илтгэх шил, төмөр, бараан өнгөний хослол; амьд байгалийг шигтгэх ногоон ургамал; уур амьсгал, мэдрэмжийг бүтээх уран зургууд нийлээд HOME оффисыг бий болгоно. Хананд өлгөсөн зураг бүр онцгой утга агуулгатайгаас гадна тухайн өрөө бүрийн онцлогт тохируулан, бүрдүүлэх уур амьсгал, хүнд төрүүлэх мэдрэмж зэргийг нарийн бодолцон залуу уран бүтээлчдээр зуруулжээ.
Шилэн хана ашиглан өрөөнүүдийг тусгаарласан нь санхүүгийн байгууллагад байх учиртай нээлттэй, ил тод хэв шинжийг, нөгөө талаас ажилчдын нээлттэй сэтгэлгээ, дасан зохицох чадварыг илэрхийлэх аж.



Өдөр бүр өөр оффис
Хуучин оффист байхдаа алба хэлтэс, нэгжүүдийг тусгаарласан ханыг нураан, нээлттэй орчин бүрдүүлсэн нь ажилчдын хамтач соёлыг нэмэгдүүлснээс гадна олны дунд үг, үйлдлээ цэгнэн, үргэлж эерэг энерги түгээх нөхцлийг бий болгожээ. Энэ санаагаа барин шинэ оффисоо тохижуулахдаа өдөр бүр давтагдах уйтгартай ажлын орчныг илүү сонирхолтой болгохын тулд кофе шоп мэт уур амьсгалтай дундын оффисыг бүтээсэн байна. Өнцөг булан бүрийг өөрөөр тохижуулан, хүссэн газраа суун ажиллах боломжтой болгож, хаана ч суусан өөр мэдрэмж өгөх, уйдахааргүй орчныг бүрдүүлж чадсан нь харагдаж байлаа. Хамтдаа ярилцаж гаргасан оффисын шийдэл, санааг Amaze Design-ийн хамт олон чадварлагаар зураглан бодит болгожээ. “Тэд биднийг маш сайн ойлгож, гүйцэтгэлийг өндөр чанартай хийсэн. Манай оффисоос хичнээн хайгаад ямар ч өө сэв олохгүй” хэмээн захирал нь бахархалтай өгүүлж байв.
Хотын төвд мөртлөө түгжрэл багатай байршилд байх тус оффис гаднаа нилээн том террастай аж. Ирэх зунаас террасаа тохижуулж, мини усан сан, задгай үдэшлэг хийх талбай зэргийг бий болгохоор төлөвлөж буйгаа ярих залуусын нүднээс гэрэл цацарч байсан юм.


Ажилтнаа хайрладаг байгууллага
Тусгайлан тохижуулсан сэтгэл зүйчийн өрөө, хүүхдийн өрөө, эмчийн үзлэгт хамрагдах боломжтой амралтын өрөө зэргээс энэ байгууллага ажилчиддаа хэр анхаарч, халамжилдаг болохыг илэрхий мэдэж болно. “1vs1” гэж нэрлэх өрөөнд сэтгэл зүйч тогтмол ажилладгаас гадна ажилчид эмчийн үзлэгт хамрагдаж, эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээг авах боломжтой. Түүнчлэн хүүхдийн өрөөг тохижуулсан нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхэддээ санаа зоволгүйгээр ажилдаа бүрэн төвлөрөх боломжийг бүрдүүлсэн аж.



Байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт
“Хүрэх цэг чухал ч, явах зам жаргалтай байх ёстой”
Ажилчдыг идэвхжүүлж, урамшуулах төрөл бүрийн үйл ажиллагааг долоо хоног бүр хүссэн хүн нь санаачлан, маш бүтээлчээр зохион байгуулдаг нь анхаарал татав. Биднийг очсон долоо хоногт террас парти зохион байгуулсан гэх бөгөөд дараагийн долоо хоногт нь санхүүгийн албаны нэрэмжит долоо хоног болж, өдөр бүр тодорхой үйл ажиллагаа, тэмцээн уралдаан зохиохоор төлөвлөж буйгаа хуваалцсан юм. Мөн “Keep you warm” нэртэй бие биедээ халуун дулаан, урмын үгсийг бичиж ширээ, хувцасны шүүгээ зэрэгт нь үлдээх аян ид өрнөж байхтай таарсан нь энэ хамт олны халуун дулаан уур амьсгалыг шуудхан илэрхийлж байлаа.
Өөрийгөө хөгжүүлэх тусам урамшуулна
Энд ажилладаг хүн бүр хувь хүний хөгжилдөө онцгой анхаардаг, ажлаас гадуур олон төсөл дээр ажилладаг, чадварлаг залуус байдаг байна. Тэд долоо хоног бүр “Мэдлэг, мэдрэмж, мэдээлэл” гэсэн форматын дагуу өөрсдийн сурж мэдсэн, үзэж харсан зүйлсийг бусадтайгаа хуваалцан презентаци танилцуулдаг ба компаниас ажилчдаа хувь хүний хөгжлийн мэргэжлийн сургалт дамжаанд тогтмол хамруулдаг гэнэ.
Хэдийн идэвх санаачилгатай байдаг ажилчдынхаа энэ байдлыг удирдлагын зүгээс улам урамшуулах шинэ арга сэдсэн нь онооны систем байлаа. Ажилдаа алхаж, эсвэл дугуйгаар ирэх, өдрийн хоолоо гэртээ бэлдэж авчрах, ном унших зэргээс эхлээд хамт олныхоо дунд арга хэмжээ санаачлан зохион байгуулах, оролцох, бие биедээ урмын үг хэлэх зэрэгт оноо бодогдож, цалин дээр нь урамшуулал тооцогддог. Хүмүүс нь сэтгэл зүй, бие физиологийн хувьд эрүүл, хамт олны уур амьсгал эерэг бол компани дагаад хөгжих болно гэдэг зарчимтай ажээ.
Эрх чөлөөтэй бас хариуцлагатай
Нэгэнт тогтсон энэ хүчирхэг соёл, хамт олны уур амьсгал дунд шинээр орж ирсэн ямар ч хүн аяндаа уусахгүй байхын аргагүй. Уян хатан цагийн хуваарь, хүссэн газраа сууж ажиллах боломж, хөргөгч дүүрэн шар айраг зэрэг нь энэ газрыг хэр эрх чөлөөтэй газар болохыг илтгэнэ. Гэсэн ч шинээр орж ирсэн хэн бүхэн орчноо мэдрээд, хувь хүний хүмүүжлээрээ өөрөө өөртөө ажиллах арга барил, харилцааны хэв маягтаа хил хязгаар, сахилга батыг тогтоох ёстой гэнэ. Тиймдээ ч энэ соёлд уусан ажиллах чадвар, чадамжтай хүмүүсийг сонгох буюу хандлага, төлөвшлийг харж шинэ ажилчдаа авдаг.



Бидний ажил тархинаас биш зүрхнээс гардаг. Хамтдаа бүх санаа, детайль дээр нь ажиллаж бойжуулсан төсөл, санаанууд бидний хүүхдүүд шиг л санагддаг учраас бүх л хэсгийг нь төгс байлгахыг хичээж, үйлчлүүлэгчийнхээ оронд өөрсдийгөө тавьж үзэн, сэтгэлээсээ ажилладаг.
О.Гандирмаа, Үйл ажиллагаа хариуцсан менежер

Дөнгөж карьераа эхэлж буй залуу хамт олон дунд захирал маань нөмөр нөөлөг нь болсон нэг сайн нагац ах шиг л хүн. Биднийг ажилтан гэж харахаас илүүтэй хүн гэдэг талаас нь харьцаж, хүн нэг бүрд байгаа онцгой ур чадварыг олж харж, тэдгээрийг нь улам тордож, хөгжүүлэхэд урамшуулж өгдөг.
Г.Төгөлдөр, Маркетингийн мэргэжилтэн
"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ
Хүний амьдралын чанарт ажлаасаа авах сэтгэл ханамж ихээхэн нөлөөтэй. Тэгвэл ажлаасаа авах сэтгэл ханамжид оффисын тав тух, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт томоохон байр эзэлдэг.
Үүнийг үйл ажиллагаандаа бодолцон шингээж, ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг өрдөх, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг Unread Media жил бүр зарлан алдаршуулдаг билээ. Энэ жил бид “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд” жагсаалтыг гаргахдаа уншигчдаасаа 500 гаруй санал хүлээн авч, заримтай нь өөрсдийн биеэр танилцаж, эцэст нь хамгийн таатай 10 оффисыг тодрууллаа. Жагсаалт маань жил бүр шинэчлэгдэх тул таныг саналыг бид хэзээд хүлээн авах болно.
"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2020" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ
БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - HOME by Monre Insurance
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - РИО ТИНТО МОНГОЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - NUMUR
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SANKOU MARKETING
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - СОКРАТУС СТАРТАП СТУДИ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SPOT AGENCY
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НАНО ИНТЕРНЭЙШНЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MOFFICE
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НЕТКАПИТАЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - БАВАРИА МОТОРС
ӨМНӨХ ЖАГСААЛТУУДТАЙ ТАНИЛЦАХ
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018

Сэтгэгдэл бичих (4)


З Зочин 2020.10.02 202.21.108.249
Ene sandalnuud deer suugaad udurjin ajil hiine gevel yostoi butehgui yum baina. Ergonometric talaasaa bol hunee bodoogui shiidel haragdaj baina.
З Зочин 2020.10.01 49.0.167.14
Ene jiliin jagsaaltad zaaval bagtah ystoi gej bodoj baisan shuu anh neeltiinh ni medeeg haraad l uneheer uur gedeg ni medegdsen
G Guumii 2020.09.30 157.230.252.223
Улаанбаатар хотын таатай оффист ажиллаж, мөн нэг хэсэг нь болдогтоо бахархалтай санагдаж таатай байна өө. ❤️ Home by Monre Insurance
З Зочин 2020.09.30 192.82.74.41
Маш зоригтой хэрнээ бүтээлч шийдэл хийсэн танай хамт олонд баяр хүргэе. Гэхдээ HOME гэдгээ үндсэн нэрээр нь л хадгалж үлдвэл тохирох юм шиг санагдлаа. Амжилт хүсье