Стартапын амжилтыг хурдасгагч "MStars Hub"-ийн анхны "Demo day" өнгөрөгч баасан гарагт амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр хөтөлбөрийн анхны 11 гишүүн стартап өнгөрсөн таван сарын хугацаанд олж авсан ололт амжилтаа бататган дараагийн шатны хөрөнгө оруулагчдад өөрсдийн шийдэж буй асуудал, гарц шийдэл бүхий пич буюу найраагаа танилцуулсан юм. Ингээд тус хөтөлбөрийн талаар болон демо өдрийн арга хэмжээг тоймлон хүргэе.

"Demo day"-ийн уур амьсгал

Эрч хүч, гал цог, эрэмгий дайчин байдлыг өрдөх мэт галтай бөмбөрийн үзүүлбэрээр эхэлсэн эл арга хэмжээ үнэхээр л стартапын хурдасгуур хөтөлбөрийн илэрхийлэл байлаа. Уг арга хэмжээнд хөрөнгө оруулагчид, ментор, түншүүд болон их дээд сургууль, Засгийн газар, Нийслэлийн төлөөлөл зэрэг экосистемийн бүх оролцогч талын 200 гаруй зочид цугласан юм. Ингээд үдшийн гол дүр болох стартапууд ээлж дараалан илтгэлээ танилцуулсан бөгөөд тэд ч мөн бахдам мэдрэмжийг тасралтгүй өгсөөр байсныг дурдахгүй өнгөрч боломгүй.

Демо өдрийн арга хэмжээнд хөрөнгө оруулагчдаас дурдвал, Тесо групп, Голомт банк, Эн Си Ди групп, Миг даатгал, Алтай холдинг зэрэг томоохон компаниуд, Райнос Эссетс, Гүнд Инвестмент зэрэг хөрөнгө оруулалтын сангууд, Л.Огторгуй, Р.Ганхуяг нарын энжел хөрөнгө оруулагчид зэрэг 100 гаруй хөрөнгө оруулагч оролцсон юм. Ийн демо өдөр амжилтаа түргэсгэж, ололтоо батжуулсан 11 стартап 49 хөрөнгө оруулагчаас 138 хөрөнгө оруулалтын санал авсан баяртай мэдээгээр өндөрлөсөн юм. Удахгүй тэднийг дараа дараагийн уулзалт, хэлцлүүд, гэрээ үзэглэх торгон мөч хүлээж байна.

Хөтөлбөрийг дүгнэж "М-Си-Эс Инвестмент", "М-Си-Эс Венчерс" компанийн гүйцэтгэх захирал Г.Мягмаржав "11 стартапын пич танилцуулгаас харахад таван жилийн хугацаанд сурах, гүйцэтгэх байсан ажлыг таван сарын дотор амжуулсныг харлаа. Энэ нь бид бүгдийн бүрдүүлэхээр зорьж буй стартапын экосистемийн хөгжлийн хурд, улам бүр түргэсэж байгаагийн илрэл юм" хэмээн онцолсон юм.


"М-Си-Эс Инвестмент", "М-Си-Эс Венчерс" компанийн гүйцэтгэх захирал Г.Мягмаржав


"MStars Hub" стартапын хурдасгуур хөтөлбөрийн тухай

Стартап компаниудад бизнесээ дараагийн түвшинд гаргах, санаагаа бодит болгох, хурдацтай өсөн дэвжих зэрэг бодитой алхам хийхэд зөвлөх ментор, хөрөнгө санхүү дутмаг байдгаас үүдэн олон саад тотгортой тулгарах нь бий. Тэгвэл дээрх асуудлыг шийдэн, стартапын экосистемийг бүрдүүлэх зорилгоор "М-Си-Эс Венчерс" компани "MStars Hub" хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь энэ. Тэд таван сарын хугацаанд шалгарсан 11 стартапуудаа бүхий л талаар нь эрчимтэй хөгжүүлэн, бизнесээ дараагийн түвшинд гаргахад нь дэмжлэг үзүүлдэг. Ингэхдээ олон улсын GAN нэгдлийн стандартыг баримталдаг байна.



"MStars Hub" хурдасгуур хөтөлбөрийн давуу тал:

  • Таван сарын турш оффист үнэгүй байрлах
  • Үнэ цэн бүхий мастеркласс хичээлүүдэд хамрагдах
  • Стартапын чиглэл бүрд мэргэшсэн ментортой болох
  • Хөрөнгө оруулалт авах
  • Бусад стартапуудтай харилцаа холбоо үүсгэх зэрэг олон давуу талыг эдэлж буй.



Ийнхүү Mstars Hub-ийн хурдасгуур хөтөлбөрийн анхны стартапуудын демо өдөр амжилттай дуусаж, дараагийн шатандаа гарсан учир тэд шинэ стартапуудаа урьж эхэлснийг дуулгахад таатай байна. Элсэлтийн бүртгэл гуравдугаар сарын 18-ны өдөр хаагдах тул амжиж бүртгүүлээрэй.

Бүртгүүлэх

"MStars Hub" стартапын хурдасгуур хөтөлбөрийн анхны төгсөгчид:

  • Blindcare - Нэрээ нууцлаад, сэтгэлзүйчдээс зөвлөгөө авах сэтгэлзүйн аппликейшн.
  • UParking - Зогсоолын ашиглалт болон хүртээмжийг нэмэгдүүлэх дижитал платформ.
  • 100AIL.mn - Барилгын материалын цахим худалдааны платформ.
  • EasyCook - Цаг завыг хэмнэх бүх төрлийн урьдчилж савлан бэлтгэсэн бүтээгдэхүүн.
  • Artum - Барилгын салбарын гүйцэтгэгч, захиалагч нарыг холбосон нэгдсэн систем.
  • Monarty - Монголын дүрслэх урлагийн нэгдсэн арт платформ.
  • Momade - Гэрээсээ ажилладаг ээжүүдийн нэгдэл буюу Виртуал туслахын агентлаг.
  • QMenu - "All-in-One" буюу Ресторан удирдлагын цогц систем.
  • Khangal systems - СӨХ-ийн үйл ажиллагааг цахимжуулах цогц систем.
  • Ger Smart - Гэр, барилга, хорооллын автоматжуулалтын ухаалаг систем.\IoT\
  • Medlegten - Гадаад хэлийг хялбар, зугаатай аргаар сурах аппликейшн