Бодлогын мэтгэлцээний 12 дахь дугаарт манай улсад тулгамдсан хурцадмал асуудлуудын нэг болох дэд бүтэц, тээвэр ложистикийн талаар хэлэлцлээ. 

Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан өрсөлдөх чадварын индексээр манай улс 67 улс орноос 61 дүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд гол шалтгаан нь дэд бүтэц байжээ. Хэдийгээр 21 аймаг хатуу хучилттай замаар холбогдсон ч 330 сумын дийлэнх нь шороон замтай хэвээр байна. Тиймдээ ч энэ оны төсөвт зам тээврийн салбарт нэг их наяд гаруй төгрөг зарцуулахаар төсөвлөсөн ба энэ хэмжээгээр эл салбарыг тордож, ач холбогдол өгч байгаа гэсэн үг. Мөн 2023 онд орон нутаг хоорондын нислэгийн үнэ 2-2.5 дахин хямдарсан юм. 

Энэ мэт эерэг тоонууд бий ч хурдацтай хөгжих ёстой зам тээвэр, дэд бүтцийн салбарыг олон жилээр уяж, дөнгөлөхөө хэзээ болих вэ? Агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, нислэгийн тоогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ? Экспорт, импортын гарц болсон төмөр замын сүлжээгээ яаж өргөжүүлэх вэ? гэсэн олон асуулт иргэдэд бий. Тэгвэл эдгээр асуултад нэр дэвшигчид ямар хариулт өгсөн бол?

1-р дугаарын тойм

2-р дугаарын тойм

3-р дугаарын тойм

4-р дугаарын тойм

5-р дугаарын тойм

6-р дугаарын тойм

7-р дугаарын тойм

8-р дугаарын тойм

9-р дугаарын тойм

10-р дугаарын тойм

11-р дугаарын тойм

ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?

Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.

1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.

2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.

3-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.

4-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.

5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.

12-Р ДУГААР “ДЭД БҮТЭЦ, ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН БОДЛОГО”

ХЭН МЭТГЭЛЦЭВ?


Монгол Ардын намаас жагсаалтын 33-т нэр дэвшигч Т.Сайнжаргал - Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн харьяа Билиг дээд сургуулийг олон улсын эдийн засагч, МУБИС-ийг боловсролын удирдлагын магистр, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, СЭЗИС-ийг компанийн засаглалын магистраар төгсжээ. Мэргэжлийн эдийн засагч, Монголын төмөр зам ТӨХК-д Төслийн хэлтсийн даргаар ажилладаг.

Монголын хүний төлөө намаас жагсаалтын 1-т нэр дэвшигч Х.Бат-Ялалт - Цагдаагийн дээд сургуульд эрхзүйч, хуульч, АНУ-ын Оклохамагийн Их сургуульд эрүүгийн эрхзүй удирдлага мэргэжил эзэмшсэн. "Иргэдийн шударга шүүх" ТББ болон Монголын хүний төлөө намыг үүсгэн байгуулагч.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ш.Төмөрсүх - Хөдөө аж ахуйн ухааны доктор, Хууль зүйн ухааны магистр, Москвагийн хуулийн Их сургуулийн Олон улсын эрхзүйн тэнхимийн докторант. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга.

Ардчилсан намаас жагсаалтын 32-т нэр дэвшигч Д.Болорсүрэн - ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургуулийг бизнесийн удирдлага, маркетингийн менежер, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийг магистраар төгссөн. Маркетер, эдийн засагч мэргэжилтэй. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн.

Ард түмний олонхын засаглал намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Ц.Эрдэмт - МУИС-ийг социологч мэргэжлээр төгссөн. "Эко эрин үндэсний төсөл" ТББ-ын тэргүүн.

ХҮН намаас 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ж.Золжаргал - Санкт-Петербург хотын Уул уурхайн Их сургуулийг нефтийн инженер, Токио хотын Технологийн Их сургуулийг хөгжлийн инженерчлэлийн мэргэжлээр төгссөн. “Монгол нүүрс Ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг.

ЮУ ЯРИВ?

Монгол Ардын намаас жагсаалтын 33-т нэр дэвшигч Т.Сайнжаргал

1. МАН дэд бүтэц, тээвэр ложистикийн салбарт 13 зүйл заалт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж байна. Сүүлийн найман жилд энэ салбарт хийсэн ажлаа үргэлжлүүлэх, шинээр хөрөнгө оруулалт хийх, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг татах, хилийн гарцуудыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг тусгасан. Ялангуяа төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж, БНХАУ-тай Эрээн-Замын үүд гэсэн нэг гарцаар гардаг байсныг дөрвөн гарц нэмэгдүүлж, экспортын ачаа тээвэр, тэр дундаа нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. (1-р үе Нээлттэй индэр)

2. Өнгөрсөн хугацаанд МАН Алтанбулагаас Замын-Үүд хүртэл AH-3 гэх 1028 км олон улсын коридор байгуулсан. Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумаас Ховд аймгийн Булган сум хүртэлх Ази, Европыг холбосон AH-4 гэх 748 км олон улсын транзит замыг ашиглалтад оруулсан. Мөн “Мянганы зам” төслийн хүрээнд 21 аймгийг авто замаар холболоо. Одоогоор таван тойргийн замаар сумдыг аймгийн төвтэй нь холбох дэд бүтцийг бий болгохоор олон ажил хийгдэж байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Олон улсын тээврийн коридоруудад Монгол Улсын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?”)

3. Хууль хүчнийхэн ажлаа хийдэг, нөгөө талаас инженерүүд нь хяналт тавьдаг, мөн оролцогч буюу гүйцэтгэгч ААН-үүд нь норм, стандартынх нь дагуу үйл ажиллагаа болон газар зохион байгуулалт, барилга гүйцэтгэлийн ажлуудаа хийх хэрэгтэй. (3-р үе Иргэдийн асуулт “Тээвэр дэд бүтцийн салбарт хамгийн их авлига, хээл хахууль байдаг нь нууц биш. Хэрхэн хяналт тавих вэ?”)

4. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжээд эхлэхээр ялангуяа манай төмөр замын салбарт Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 393 км, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426 км, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замуудыг барих сонгон шалгаруулалт явагдана. (4-р үе Халз мэтгэлцээн “Дэд бүтцийн төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?”)

5. Урт төмөр зам, урт зам барьснаараа ложистикийн ажил үнэлэгдэхгүй болов уу. Аливаа бүхэн нөөц, хязгаартай тул Монгол Улс хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой. Манай намын мөрийн хөтөлбөрт ирэх жилүүдэд хөрш орнуудын хөндлөн болон босоо тэнхлэгийн төмөр замаар 3223 км төмөр замыг барина гэж тусгасан. Цаашлаад таван тойрог замаар аймгуудыг сумын төвтэй холбоход 2462 км автозамыг барина. Мөн Замын-Үүдээс гадна боломжит боомтуудыг боомтын сэргэлтийн хүрээнд 24 цаг ашиглах юм. (5-р үе Хаалтын илтгэл)


Монголын хүний төлөө намаас жагсаалтын 1-т нэр дэвшигч Х.Бат-Ялалт

1. Манай нам энэ удаагийн сонгуульд “Шүүхийг шүүнэ” үндсэн уриатайгаар оролцож байна. Тэр ч утгаараа бид хамгийн эхний ээлжид шударга ёсны асуудал Монгол Улсад ус агаар шиг хэрэгтэй байна гэж үзэж байгаа. Шударга ёсны тухай ярихаар гэм буруутай болон гэм буруугүй эсэхийн тухай яригдана. Тэгэхээр гэм бурууг зөвхөн шүүх тогтоодог боловч харамсалтай нь өнөөдөр авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох чадваргүй байна. (1-р үе Нээлттэй индэр)

2. Бидэнд тулгамдаж буй хамгийн том асуудал бол шударга ёс. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдох 17 хүнийг АТГ зарласан. Гэвч хууль, хяналтын байгууллага эрх мэдэлтнүүдийн нөлөөнд автаж, улмаар хэн нь ч хуулийн хариуцлага хүлээгээгүй. Хүний эрхийг хамгаалах гурван хүчин зүйл байдаг нь хууль, төр, иргэн өөрөө. Ихэнх тохиолдолд хүн өөрөө эрхээ хамгаалж чаддаггүй учраас Хүний төлөө нам соён гэгээрлийн олон ажлыг хийхээр төлөвлөж байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Танай нам тээвэр ложистикийн салбарыг хөгжүүлэхэд ямар стратеги баримтлах вэ?”)

3. Төрөөс хараат бус хяналтын байгууллага байгуулах тухай иргэний хяналтын багц хуулийн төслийг санаачилж, өргөн барина. Энэ хууль хаанаас үүссэн гэхээр МУ-ын Үндсэн хуулийн 19-р зүйл дээр хүний эрх зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн заалтын дагуу хүний эрхийн аливаа зөрчилтэй тэмцэхийн тулд хэрэгжих юм. Ер нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгаа цагдаа, шүүх, прокуроруудтай хариуцлага тооцдог механизмаа сэргээчих юм бол бие биенээ хардаж, шүүгээд байх шаардлагагүй болно. (3-р үе Иргэдийн асуулт “Тээвэр дэд бүтцийн салбарт хамгийн их авлига, хээл хахууль байдаг нь нууц биш. Хэрхэн хяналт тавих вэ?”)

4. Манай намын хувьд “Амьдрах хүслийг дэмжих хууль”-ийг санаачлаад явж байгаа. Ялангуяа энэ хуулийн хүрээнд “Дүрвэж биш дүүргэж амьдарцгаая” дэд уриан дор ажиллаж байна. Зөвхөн тээвэр ложистик гэлтгүй бүх салбарт хувийн хэвшлийн залуучуудыг мохоож байгаа зүйл бол өндөр хүүтэй санхүүгийн эх үүсвэр, түрээсийн дарамт, зөвшөөрөлтэй холбоотой авлига, хээл хахууль, зөрчлийн хууль, татварын оновчгүй бодлого юм. Тэгэхээр бид өнгөрснөө хардаг биш ирээдүйгээ боддог УИХ-тай болмоор байна. (4-р үе Халз мэтгэлцээн “Дэд бүтцийн төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?”)

5. Сонгууль бол хэн нэгэн ялахын тухай биш ирээдүйд бүгдээрээ хэрхэн эзний ёсоор эх орондоо сайхан амьдрах юм бэ гэдэг шийдлийг олох чухал үе. Өнөөдрийн мэтгэлцээнээр нийгэмд шударга ёс нэгдүгээр асуудал байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлголоо. Тэгэхээр төрийн үйл ажиллагаанд хяналт тавих механизмыг сайжруулахын тулд бид цөөнгүй хуулиудад өөрчлөлт хийх шаардлагатай. (5-р үе Хаалтын илтгэл)


Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ш.Төмөрсүх

1. Сүүлийн 34 жилд төр барьж байсан АН, МАН тэргүүтэй намууд дэд бүтцийн асуудал дээр дорвитой арга хэмжээ авсангүй. Тухайлбал, хууль эрхзүйн орчин нь ямар ч хяналтгүй, шаардлага хангахгүй байна. Өнөөдөр Улаанбаатар хотын дэд бүтэц, замыг олон улсынхтай харьцуулалгүй ойрхон харваас Эрээнтэй харьцуулж үзэхэд дор байгаа. Гол шалтгаан нь эрх баригчдад сэтгэл байсангүй. Тэгвэл манай нам төрд олонх болбол энэ асуудалд хамгийн эхний ээлжид хууль эрхзүйн орчныг нь чангатгаж, хариуцлага хүлээлгэнэ. (1-р үе Нээлттэй индэр)

2. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам тээврийн салбарын боловсон хүчнийг дотоод болон гадаадад бэлдэж, ажлын байраар хангах хэрэгтэй гэсэн байр суурийг баримталдаг. Мөн уг салбар дахь бүтээн байгуулалт, түүний төсвийн хуваарилалтыг хэвийн болгох, хяналтыг өндөржүүлэх тал дээр анхаарал хандуулна. Монгол Улсад хариуцлагын тогтолцоо байхгүйгээс үүдэн дэд бүтэц хөгжөөгүй хэмээн хувьдаа дүгнэдэг. Үүнтэй холбогдуулан нэгэн жишээ дурдъя. Гадаадын нэгэн жуулчин Монгол Улсад ирээд хөлсний тэргээр зорчиж явахдаа жолоочоос “Танай авто замыг тавьсан компанийн захирал хэдэн жилийн ял авсан бэ?” хэмээн асуутал жолооч “Ял аваагүй ээ, хөдөлмөрийн баатар болсон” гэж хариулсан гэдэг. (2-р үе Халз мэтгэлцээн “Тээврийн салбарт ажиллах хүний нөөцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?”)

3. Бусад намын хэлж байгаа иргэний хяналт байхгүй учраас хулгай яваад байна гэсэн яриа бол худлаа. Хуулиа задгай байлгаж, өнгөрсөн 34 жил төрд байсан намууд хулгай хийх замаа нээж байгаа юм. Тэгвэл хулгай хийж байгаа замыг нь хаахын тулд яах ёстой вэ? Жишээлбэл, хэрэв та төрийн өндөр албан тушаалтай хэр нь хулгай хийвэл доод тал нь 50 жилийн ял авч, хураасан мөнгийг нь хураан 3-5 үеэр нь төрд ажиллах эрхийг нь хаах хэрэгтэй. Ийнхүү өндөр хууль эрхзүйн орчныг бий болгож байж түүний хэрэгжүүлдэг хяналт, механизм бүтээж гэмээнэ цааш явна. (3-р үе Иргэдийн асуулт “Тээвэр дэд бүтцийн салбарт хамгийн их авлига, хээл хахууль байдаг нь нууц биш. Хэрхэн хяналт тавих вэ?”)

4. Иргэдийн эрх ашигт үл нийцэх хуулиудыг хүчингүй болгох тухай манай намын мөрийн хөтөлбөрт заасан. Тухайлбал, агаарын тээврийг хөгжүүлэхэд олон улсын хэмжээнд Монголоос агаараар экспорт, тээвэрлэлт хийх бодлого баримтлах хэрэгтэй. Гэхдээ үүнээс өмнө бид дотооддоо хяналтаа бий болгох нь чухал. (4-р үе Халз мэтгэлцээн “Дэд бүтэц хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх вэ?”)

5. Энэ бохир улс төрийг цэвэрлэхгүйгээр, хууль эрхзүйн орчныг сайжруулахгүйгээр цааш ярих нь учир дутагдалтай. Хамгийн эхлээд хууль эрхзүйн орчныг л сайжруулах хэрэгтэй. (5-р үе Хаалтын илтгэл)


Ардчилсан намаас жагсаалтын 32-т нэр дэвшигч Д.Болорсүрэн

1. Бид ирээдүйн амлалтаас өмнө өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэх хэрэгтэй болов уу. 2012-2016 оны шинэчлэлийн Засгийн газрын үед хот хооронд 3008 км хатуу хучилттай зам, уулын зам, Нисэх-Яармагийн зам, зуслангийн замыг бид хүний хөдөлгөөнд саад үл учруулах байдлаар тавьсан. Харин МАН Улаанбаатараас Дархан хүртэлх 204.1 км замыг засаж чадалгүй найман жил гацаасны эцэст саяхан зам засварын ажил дууссан гэх боловч бүрэн ашиглалтад орсон уу гэвэл үгүй. Би өчигдөр сонгуулийн ажлаар Дархан хот руу явахдаа энэ талаар анзаарлаа. (1-р үе Нээлттэй индэр)

2. 2012-2015 оны хооронд 3,008 км зам тавьж чадсан. Ирэх жилүүдэд Засгийн эрх авч чадвал хөгжилд хүрэх 3,000 км зам тавих талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. (2-р үе Халз мэтгэлцээн “Олон улсын тээврийн коридоруудад Монгол Улсын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?”)

3. Тээврийн салбар нь өөрөө асар том системтэй тул аль нэг цоорхойд нь авлига үүрлэх боломж бүрдээд буй. Энэ салбарт C зөвшөөрөл буюу тусгай зөвшөөрөл гэх ойлголт бий. Үүнийг тухайн салбар хариуцсан яамд нь бус мэргэжлийн холбоодод нь өгвөл авлигажих асуудлаас ангижирна хэмээн АН үзэж байна. Өөрөөр хэлбэл төр аль болох цомхон, аливаа асуудалд зөвхөн бодлогын түвшинд оролцож байх хэрэгтэй. (3-р үе Иргэдийн асуулт “Тээвэр дэд бүтцийн салбарт хамгийн их авлига, хээл хахууль байдаг нь нууц биш. Хэрхэн хяналт тавих вэ?”)

4. АН-ын есөн зорилгод “Хөгжилд хүрэх 3000 км зам” гэж тусгасан. Тодруулбал, Алтанбулагаас Замын-Үүд хүртэл 990 км хурдны зам тавих юм. Үүгээр дамжуулан урд хөршөөсөө хойд хөрш рүү тээвэр хөгжүүлэх зорилготой байгаа. Мөн бидний хамгийн гол зорилго бол ашигт малтмалаасаа орлого бодохын оронд дэд бүтэц, агаарын тээвэр, транзит тээвэр болон нислэгээс ашиг олох ёстой. (4-р үе Халз мэтгэлцээн “Боомтын дэд бүтцийг сайжруулахад ямар бодлого баримтлах вэ?”)

5. Өнгөрсөн найман жил МАН эрх барихдаа гар хүрсэн салбар бүрдээ ухралт хийж байсан. Ногоон автобус, үер усны асуудлаас эхлээд ухаалаг картаар зорчиж байсан нийтийн тээврийг хүртэл бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг болгох гэж байна. Эцэст нь залуу үедээ хандаж хэлэхэд, ирэх дөрвөн жилд амаа барихгүйн тулд алдагдсан боломжоо эргүүлэн авч, эрх баригч намыг хамтдаа сольё хэмээн уриалж байна. (5-р үе Хаалтын илтгэл)


Ард түмний олонхын засаглал намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Ц.Эрдэмт

1. Манай намд гурван үндсэн зорилт бий. Үндэсний үзэл санааны хувьсгал, шударга ёсны хувьсгал, аж үйлдвэрлэлт ба эдийн засгийн хувьсгал. Ард түмний олонхын засаглал нам нь монгол үндэстний язгуур эрх ашиг, нэгдэл, шашин шүтлэг, тусгаар тогтнол, уламжлалт төрийн хууль цааз, ёс суртахууны хэм хэмжээ, соёл, нийт монгол угсаатны зан заншлыг хадгалан хамгаалсан, хүчирхэгжүүлэн хөгжүүлэх үзэл санааг сууриа болгосон, консерватив үзэл баримтлалтай. Дэд бүтцийн асуудлыг шийдэхийн тулд олон улсын дамжин өнгөрөх “магистрал” тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай. Үүнд төмөр зам, авто зам, агаарын тээвэр, хий ба нефт дамжуулах хоолой, эрчим хүчний өндөр хүчдэлийн шугам, холбооны сүлжээ буюу шилэн кабелийн шугамуудыг ойлгоно. Энэ мэт асуудлыг шийдэж гэмээнэ олон улстай холбогдож, эдийн засгийн үр ашгийг бий болгоно. Дэд бүтцийн асуудал ямагт санхүүжилттэй холбоотой байдаг. Үүнийг сууриар нь шийдэхийн тулд үндсэн хуулианд томоохон өөрчлөлт оруулах ёстой. (1-р үе Нээлттэй индэр)

2. Их дээд сургуулиудад аж үйлдвэржилттэй холбоотой инженер, техникийн мэргэжлүүдийг хоёрт тавьж, банк, санхүү, эдийн засагч, эрх зүйч зэрэг нийгмийн ухааны салбарын мэргэжилтнүүдийг түлхүү бэлдсээр байна. Хэрэв бид аж үйлдвэржсэн орон болъё гэвэл эдийн засгийн бодлогодоо анхаарах хэрэгтэй. Тэгж гэмээнэ тээвэр ложистикийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудалд төсөв гаргах боломжтой. (2-р үе Халз мэтгэлцээн “Тээврийн салбарт ажиллах хүний нөөцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?”)

3. Төрийн гурван өндөрлөг гэдэг нь төрийн гурван засаглалын тухай ойлголт. Тэдгээр нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал. Гэвч Монгол Улсын хувьд шүүх, прокурорын салбар нь гүйцэтгэх засаглалдаа хамаардаг тул үндсэндээ шүүх засаглал байхгүй гэж ойлгож болно. Энэ тохиолдолд хуулийн завхрал, үүнээс үүдсэн элдэв авлига тогтмол явагдах нь гарцаагүй. (3-р үе Иргэдийн асуулт “Тээвэр дэд бүтцийн салбарт хамгийн их авлига, хээл хахууль байдаг нь нууц биш. Хэрхэн хяналт тавих вэ?”)

4. Агаарын тээвэр дээр Д.Болорсүрэн нэр дэвшигчийн хэлж байгаа транзит бол тун оновчтой асуудал. Тэгэхээр транзитын асуудлыг хөгжүүлье гэвэл цаг уурын нөхцөл муудахад зайлшгүй нөөц нисэх буудлыг байлгах хэрэгтэй юм билээ. Тиймээс Монгол Улсад дор хаяж Архангай зэрэг өмнө зүгийн нутгуудад таван олон улсын хэмжээний нисэх онгоцны буудал барих шаардлагатай. (4-р үе Халз мэтгэлцээн “Боомтын дэд бүтцийг сайжруулахад ямар бодлого баримтлах вэ?”)

5. 30 гаруй жил үргэлжилсэн хуулийн завхралыг зогсоохын тулд тогтолцооны шинэчлэл хийж, шинэ үндсэн хуулийг батлах хэрэгтэй. Өнөөдрийн бидний ярьсан бүхий л асуудал шүүх засаглал байхгүйгээс үүдэж буй. Манай намын зорилтуудын нэг болох аж үйлдвэрийн эдийн засгийн хувьсгал гэдэг нь цоо шинэ эдийн засгийн тогтолцоо руу шилжих тухай ойлголт. Бүр тодруулбал Монгол банкийг үндсэн хуулийн институц болгож, улмаар төсвийн хуваарилалтад хяналт тавих хэрэгтэй. (5-р үе Хаалтын илтгэл)


ХҮН намаас 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ж.Золжаргал

1. Одоо хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдээс Дарханы замыг авч үзье. Уг төсөл амжилттай хэрэгжиж дууссан гэх боловч начир дээрээ тун чанаргүй хийгдсэн. Томоохон төслийн төсвийг завшчихаад хожим нь аар саар зүйлээр аргацаачихсан нь илт. Улаанбаатар хотод өдөрт 400,000 орчим автомашин зорчдог. Үүний 1,000 орчим нь буюу ердөө 0.25 хувь нь шугамын автобус. Энэ нь мөн л бүтлийг эс олсон ногоон автобусны төслөөс үүдэлтэй. Одоо тэгвэл бид яах ёстой вэ? Хоёр том гүрний дунд байрлах манай орны хувьд транзит тээвэр, уул уурхайн овор ихтэй түүхий эдийн тээвэр гэдэг тогтмол үзэгдэл. Ойролцоогоор 100 сая тонн ачааг Монгол Улсад тээвэрлэдэг. Үүнээс 70 сая тонн нь авто тээвэр, 30 сая тонн нь төмөр замын тээвэр. Энэ тоог ахиулахын тулд үндэсний тээврийн компаниудын өрсөлдөх чадварыг бодлогоор нэмэгдүүлэх хэрэгтэй. (1-р үе Нээлттэй индэр)

2. Тээвэр ложистик бол байгаль, газарзүй, гео эдийн засгийн байрлалынхаа хувьд Монголын амин чухал стратегийн салбар. Тиймээс 1999 онд хэрэгжиж асан тээврийн тухай хуулийг шинэчлэн батлах хэрэгтэй. Нүүрсний хулгайн үндсэн шалтгаан бол тээвэр ложистикийн асуудал. Эрчүүд голдуу ажилладаг тээврийн салбарт биеэ үнэлэлт, үүнд хамаарах өвчлөл газар аваад зогсохгүй жил бүр 20 орчим хүн амиа хорлож байна гэх судалгаа бий. Тиймээс тээвэрчдэд нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх талаар ХҮН нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүний тулд шинээр төсөв баталж, төсөл хэрэгжүүлэхээс илүүтэйгээр анхаарч ажиллах хэрэгтэй. (2-р үе Халз мэтгэлцээн “Танай нам тээвэр ложистикийн салбарыг хөгжүүлэхэд ямар стратеги баримтлах вэ?”)

3. Авлигын асуудлыг шийдэх гарц бол тээврийн бүртгэлийн нэгдсэн систем. Тээвэрлэж буй компаниудын нэрс болон тэдгээрийн эзэн холбогдогчдын нэрсийг үнэн бодитоор агуулах бүртгэлгүй бол авилгатай тэмцэнэ гэдэг үлгэр. Үүнийг шийдэх олон гарц гаргалгааг мэргэжлийнхэн санал болгодог ч төр дорвитой алхам хийж өгдөггүй. (3-р үе Иргэдийн асуулт “Тээвэр дэд бүтцийн салбарт хамгийн их авлига, хээл хахууль байдаг нь нууц биш. Хэрхэн хяналт тавих вэ?”)

4. Манай улс дэлхий нийтээс нэлээн алслагдсан байршилтай. Тиймээс бидний хувьд агаарын тээвэр амин чухал. Гэсэн ч энэ салбарын хөгжил олигтой урагшлахгүй байна. Яагаад гэвэл МИАТ гэж том компани бүх зүйл дээр давамгайлж суучхаад бусад компанид боломж олгохгүй байгаа юм. Гэхдээ МИАТ-т асуудал байгаа юм биш. Энэ компанийг намын томлигоогоор ирсэн дарга нар удирдаж байгаа учраас нам тойрсон бизнесээ л дэмжиж байгаа. Иймд МИАТ-ийг нээлттэй хувьцаат компани болгож, монголын хөрөнгө оруулагчид, иргэд тэндээс хувьцаа эзэмших хэрэгтэй. Мэдээж стратегийн чухал объект учраас Засгийн газар тодорхой хэмжээг нь аваад үлдэхэд болно. (4-р үе Халз мэтгэлцээн “Дэд бүтэц хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх вэ?”)

5. Тээврийн салбар дахь транзит тээврийг ОХУ, нүүрсний тээврийг БНХАУ хийдэг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Мөн Монголын нийт хүн амын 50 хувийг эзэлж буй гэр хорооллын өрхүүдэд МУ-ын нийт төсвийн хоёрхон хувийг төсөвлөж буй нь доромжлол. Хөшигтийн хөндийд төсөвлөсөн 20 гаруй их наяд төгрөгийг гэр хороолол руу татан төвлөрүүлж, газар хуваарилалтын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. МАН Монгол Улсад чамлахааргүй олон зүйл хийсэн, маргаангүй том нам. Гэхдээ энэ эгзэгтэй цаг үед сонгогчид та бүхэн харьцангуй олон гишүүн сонгохоо бодолцож, багаар нь бус хүнээр нь сонгоорой хэмээн уриалъя. (5-р үе Хаалтын илтгэл)

Уншигч та бүхэн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээнийг шууд хүлээн авахыг хүсвэл ТэнГэр телевиз дээр орой бүр 21:00 цагаас сувгаа тааруулаарай. Мөн Facebook хуудсаар үзэх боломжтой.

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.