Unread Media-ийн нэрийн хуудас болсон "Би хэрхэн ажилладаг вэ?" булан нь салбартаа амжилттай яваа, хийж буй ажлаараа нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэн манлайлж буй хүмүүстэй ажлын байранд нь ярилцлага хийж, тэдний ажлын арга барил, сонирхууштай дадал хэвшлүүдээс уншигчдадаа хүргэхийг чухалчлан зорьдог билээ. 2015 оноос хойш долоо хоног бүр тасралтгүй шинэ дугаараа хүргэсээр ирсэн тус буланд маань 2021 онд төрөл бүрийн салбарын төлөөлөл болсон 48 зочин оролцсоноос хоёр он солигдох гэж буй шинэ жилийн босгон дээр бид онцлох хариултуудыг түүвэрлэн бэлтгэлээ.
Д.Энхтүвшин - "MCS" группийн дэд ерөнхийлөгч
таны ажлын нөү-хау
Гурван зүйл дурдаж болох байх. Нэгдүгээрт, би өөрийгөө бусдын оронд тавьж бодохыг эрмэлздэг. Бизнес гэдэг урт хугацааны харилцаа учраас өнөө, маргаашаа бодсон, зөвхөн өөртөө л ашигтай яриа, хэлцэл хийгээд байвал хамтын ажиллагаа хол явахгүй. Нөгөө талынхаа өнцгөөс асуудлыг харж хэн хэндээ ашигтай шийдэл гаргаж чадвал урт хугацаанд илүү үнэ цэнтэй санагддаг. Ингэх нь аливааг өөрөөр харахад ч сургадаг шиг байгаа юм. Өнгөрсөн хугацаанд энэ арга барилдаа өөрөө эргэлзэх, багийнхан маань намайг хэт нөгөө талдаа ороод байна гэж шүүмжлэх үе ч гарч байсан. Гэхдээ эргээд харахад ийм шийдлүүдийн оносон нь илүү байдаг.
Хоёрдугаарт, би хийж байсан ажлуудаа мартчихдаг. Хэзээ хойно бичиг цаас ухаж байхдаа ч юм уу ийм юм хийсэн билүү гэж гайхдаг. Ингэж мартдаг нь надад олж авсан мэдлэгтэйгээ зууралдаад байхгүй, хэт мэдэмхийрээд байхгүй байх боломжийг олгодог шиг санагдсан. Нөгөө талаас энэ зан нь өөр ажил шинээр эхлүүлэх бүрд би чадахгүй байх гэсэн тийм хэцүү, айдастай, таагүй мэдрэмжийг надад төрүүлдэг.
Гуравдугаарт, сонсох. Үнэндээ би компани дотроо, найзууд дундаа бага ярьж, их сонсдог талын хүн. Шаардлага гарахгүй бол нэг их ярьдаггүй. "Керри"-ийн Томас захирлаас хүнийг хэрхэн сонсох талаар үлгэр жишээ авч байсан. Тэр хүн Шангри-лагийн олон том төслүүдийг хариуцдаг, тун завгүй ажилладаг хэдий ч хүнтэй уулзаж байгаа бол цаад хүндээ анхаарлаа бүрэн хандуулж, тун анхааралтай сонсон ярилцаж чаддаг. Хүнтэй цаг гаргаад уулзаж байгаа бол анхааралтай сонсох сурах хэрэгтэй юм билээ. Уулзчихаад сайн анхаарахгүй, өөр юманд сатаарахаар бол анхнаасаа уулзахын хэрэггүй. Хүмүүс нөгөө хүн нь эсрэг байр суурь илэрхийлэхээс илүү өөрийг нь үл тооход, анхаарахгүй байхад дургүй байдаг юм шиг санагддаг.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- "MCS" группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин
Ц.Энх-Амгалан - Швейцарын Хөгжлийн Агентлагийн "Ногоон алт - малын эрүүл мэнд" төслийн менежер, доктор
ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Бидний ажил бол зуун зууны уртад бэлчээр сэлгэн нүүдэллэхдээ монголчуудын баримталж ирсэн уламжлалыг сэргээх замаар бэлчээр талхагдлыг бууруулах юм. Үр дүнд нь 45 гаруй сумынхан бэлчээрээ сэлгэж амраан ашиглаж хэвшсэнээр 5 сая га талхлагдсан бэлчээрийг сэргээж чадсан. Мөн малчдын 80 орчим хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлж, Монголын нүүдлийн мал аж ахуйн зохистой дадал, тогтвортой байдлын стандартыг боловсруулан батлуулсан нь олон улсын зах зээлд монгол бүтээгдэхүүний гарал үүсэл, онцлогийг баталгаажуулах суурь болсон гэж үзэж байгаа. Монгол орны байгалийн өгөгдөл амаргүй, хур тунадас багатай, бэлчээрийн хөрс нимгэн зэрэг бэрхшээл их тул залуу малчдад мал аж ахуйн суурь ухааныг зааж таниулах нь чухал.
Бэрхшээл гэвэл, бэлчээрийн доройтол, цөлжилт, малчдын амьжиргаа, хууль эрх зүйн орчны асуудал маш олон зүйлээс хамааралтай. Мөн маш урт хугацаанд уйгагүй хөдөлмөрлөж байж үр дүнд хүрдэг. Тухайлбал, малчдын уламжлалт арга барилыг орчин үетэй хослуулсан механизмыг бий болгохын тулд малчидтай уулзан судалгаа хийж, таван жилийн хугацаанд 500 мянга гаруй км зам туулсан байна. Ид ажлын үед бүтэн сарын турш гэртээ харилгүй хөдөө орон нутагт ажиллах нь олонтоо. Тэгэхээр ажилдаа маш тууштай, тэвчээртэй байж өөрөөс үл шалтгаалах бүхнийг анзаарч, ажиглаж, зохицуулж байж сайн үр дүнд хүрнэ. Малчин айл өрх, салбарын мэргэжилтнүүд, төслийн санхүүжүүлэгчид гээд оролцогч талууд нэг хандлагатай байж гэмээнэ салбарынхаа асуудлыг шийдэж, цааш хөгжинө.
Т.Адъяатөмөр- "Мэнд" ХХК-ийн хамтран байгуулагч, "Care" төслийн үүсгэн байгуулагч
ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Би төлөвлөлт хийхэд ер нь онцгой анхаардаг. Анагаахын их сургуульд орсноосоо хойш илүү нарийн төлөвлөдөг болсон. 20 настайдаа юу юу хийсэн байх, 30 настайдаа юунд хүрсэн байх вэ гэдгээ төлөвлөж байлаа. Би өөртөө урт наслах зорилго тавьсан. Хачин сонсогдож байж магадгүй ч 95 нас хүртлээ юу юу хийх төлөвлөгөөгөө гаргасан. Тухайлбал, ажил мэргэжил, нийгэм, хувийн амьдрал дээрээ хэн байх вэ гэдгээр ялган гаргадаг. Цаг хугацаанаас хамаараад алсын хараа, эрхэм зорилго, стратеги ямар байх вэ гэдгийг буулгадаг гэсэн үг.
Өдрийн тутамдаа бол хамгийн идэвхтэй байдаг цагаа алдалгүй ашиглаж, ажиллахыг боддог. Өглөө эрт босоод хүүхдүүдээ сэрээлгүй хоёр цаг нам суухад л их ажил нугалдаг шүү. Өдрийн цагаар бол төвлөрч ажиллахад хэцүү. Дээр үед Д.Энхбат гуайн “Би хэрхэн ажилладаг вэ” ярилцлагыг уншихад нэг арга барил нь их таалагдаж байсан юм. Д.Энхбат гуай бас хотоос гадна амьдардаг, тэгээд зарим өдрөө зөвхөн уулзалт хийх зорилгоор хотод орж ирдэг гэж байсан. Би ч тэр жишгээр зарим өдрөө зөвхөн уулзалтад зориулахыг хичээдэг нь их цаг хэмнэх юм шиг санагддаг. Энэ мэтээр бас бусдын зөв зүйтэй арга техникийг шууд хуулаад хэрэглэчих нь өөрөө цаг хэмнэдэг шүү.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - "Мэнд" ХХК-ийн хамтран байгуулагч, "Care" төслийн үүсгэн байгуулагч Т.Адъяатөмөр
Л.Болормаа - "КITE Mongolia" компанийн үүсгэн байгуулагч, "Голомт банк"-ны ТУЗ-ийн гишүүн
ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Би амьдралдаа 13-аас доош цаг ажиллаж үзээгүй юм байна лээ. Миний үеийнхэн 1990-ээд оны шилжилтийн үед ажлын гараагаа эхлүүлж байсан тул бидэнд зааж өгөх хүн ховор өөрсдөө л хамаг юмаа сурч байсан. Энэ арга барил “муу” зуршил болж, үргэлж өөрийгөө сорихгүй бол амархан уйдчих мэт санагдах болсон учраас байнга шинэ санаа, шийдэл эргэцүүлэн, ажлаараа “донтдог" үеийнхнийг бий болгосон юм уу даа гэж боддог. Одоо ч энэ хэвээрээ. Шөнө 1-2 цагийн үед унтаж, өглөө 7-8 цагт босоод ажилдаа явна. Өдөр бүр олон хүмүүстэй уулзаж, олон бизнесийн төсөл, бичиг баримт дээр ажилладаг. Хажуугаар нь сайн дурын ажлууд маань нэлээдгүй цаг авна. Ер нь хүний ачаалал ихсэх тусам цэгцтэй, эрэмбэтэй, цаг хугацааг эрхэмлэхийн төлөө хичээж эхэлдэг юм билээ.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - "КITE Mongolia" компанийн үүсгэн байгуулагч, "Голомт банк"-ны ТУЗ-ийн гишүүн Л.Болормаа
Д.Сумъяабазар - Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Урт хугацаандаа бол хөрвөх чадвар. Хөрвөх чадваргүй бол маш их хугацаа алддаг шиг. Ирсэн боломж, өгсөн үүрэг даалгавар бүрд нэг арга барилаараа муйхарлаж зүтгээд байвал өөрт ч, өрөөлд ч их алдагдалтай. Дасан зохицох, хөрвөх чадварт суралцсан хүн урт хугацаандаа цаг хэмнэж чадна. Ажлаа хурдтай, бүтээмжтэй явуулдаг арга гэвэл, улс төрд орохоос өмнө намайг төлөвшүүлсэн, ажил, амьдралд сургасан хоёр салбар бий. Нэг нь спорт, нөгөө нь банк санхүү.
Спортоос сурсан зүйл бол давших тактик. Давшилт бол хамгийн сайн хамгаалалт. Ганцхан хамгаалалт л хийгээд байвал чи өгөгдсөн цагтаа юу ч хийж амжихгүйн дээр бодож ч амжаагүй байхдаа эсрэг талынхаа дайралтад өртөнө. Нэгэнт хамгаалалтаа алдчихвал, араас нь яаж ч харамссан бүх зүйл оройтсон гэсэн үг. Нэмээд хамгийн гол нь дүрмийн дагуу, шударга тоглож байж амжилт баталгааждаг. Иймд ямар ч үед дүрмийн дагуу ажиллах ёстой. Ажил дээрээ ч яг энэ тактикаар явдаг.
Банк, санхүүгийн салбарт ажилласан есөн жилдээ сурч, ойлгосон гол зүйл гэвэл хүний итгэлийг олж, нууцыг хадгалах зарчим. Газарт унасан 100 долларыг хараад сэтгэл хөдлөлгүйгээр аваад, байранд нь тавьдаг тийм хүнийг банкир гэдэг. Хүний итгэлийг олж авсан л бол нууцыг нь хадгалж, үнэнч байх нь маш чухал чанар, амжилтын түлхүүр.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар
Г.Навчаа - Анагаах ухааны доктор, Гунма анагаахын их сургуулийн судлаач, хавдрын эмч
ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Одоо би шинэ химийн эм болох магадлал өндөртэй эмийн бодисыг туяа эмчилгээтэй хавсран төрөл бүрийн хавдрын эсүүд дээр туршиж судалж байна. Ер нь эрүүл эсэд хор нөлөө багатайгаар хорт хавдрын эсийг сонгомлоор устгаж чадаж байвал тэр амжилттай эмчилгээ юм.
Уушгины хорт хавдрын хорт чанарыг ихэсгэдэг нэг төрлийн эмгэг уургийг идэвхгүйжүүлэхэд чиглэсэн судалгааныхаа эхний шатыг дуусгаад, үр дүнгээ нэгтгэн бичээд хэвлүүлэхээр бэлдэж байна.
Бас, нано хэмжээстэй хүчилтөрөгч бүхий ус хавдрыг эмчлэх боломжтой гэсэн таамаглалын дагуу сүүлийн таван жил судалж байгаа. Энэ талаарх эхний өгүүллээ 2017 онд нийтлүүлсэн. Усаа туршилтын амьтанд уулгаж туршаад II шатны нарийвчилсан судалгаагаа хийж явна. Хугацаа, хөрөнгө шаардсан судалгаа учраас явц жаахан удаан. Гэхдээ 2021 ондоо багтаагаад үр дүнгээ бататгаад олон улсын сэтгүүлд хэвлүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Г.Навчаа - Анагаах ухааны доктор, Гунма анагаахын их сургуулийн судлаач, хавдрын эмч
Д.Болд - Төрийн соёрхолт, "B Production"-ийн үүсгэн байгуулагч, дуучин, хөгжмийн зохиолч, продюсер
БУСДАД ШИДЭХ САНАА?
Нэг зүйлдээ тууштай явах нь боломж буюу амжилтын үүдийг өөртөө нээж буй хэрэг гэж боддог. Ашигтай харагдсан болгонд үсчиж, савчих нь цаг дэмий урсгах гол шалтгаан болохоос гадна гэнэт орж ирсэн мөнгө юм болдоггүйг эртхэн ойлгоод авах хэрэгтэй. Сайн хийж чаддаг, хийх үедээ баяр баясал авдаг, эргээд түүгээрээ амьдралаа авч явж чадна гэх итгэл тээсэн бол түүндээ шантралгүй тууштай зүтгэж, урт хугацааныхаа зорилгоо дагаж явах нь зүйтэй. Миний хувьд нэг салбартаа 26 жилийн турш уйгагүй зүтгэсний үр шимд одоогийн энэ түвшинд ирсэн. Цаашдаа ч зөвхөн дуу хөгжимд мэргэшиж, гүнд нь орох болно.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Төрийн соёрхолт, "B Production"-ийн үүсгэн байгуулагч, дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Д.Болд
О.Энхжин - "TomYo EdTech" компанийн стратеги хариуцсан захирал
ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Аль болох олон шинэ хүнтэй танилцаж, ярилцах явцдаа сонсож суралцдаг. Хүнд сонсгох, сургах зүйл ихтэй хүмүүс олон байдаг. Зөвхөн мундаг гэхээс илүү амьдрал, ажлын орчинд таардаг буруу хандлагатай хүмүүсээс ч тийм байж болохгүйг суралцах хэрэгтэй болов уу.
Ер нь би зүгээр л сууж болохгүй юм шүү, хийж л байх хэрэгтэй гэх хандлагатай. Тухайн үед үр нөлөө мэдрэгдэхгүй байж болох ч ирээдүйд эргэж хараад тун хэрэг болсныг ойлгодог. Уулзалт болгоноос ямар нэг зүйл сурч, бусдыг сонсож эргэцүүлэхийг хичээдэг учраас хүмүүстэй илүү нээлттэй харилцахыг эрхэмлэдэг.
Өөр нэг онцлох зүйл бол ном. Ялангуяа, уран зохиолын номууд амьдралд их ойр, хүн хоорондын харилцаа, зан төлөвийг тун нарийн илэрхийлж чаддаг. Тэр дундаа баг, хамт олон удирдан ажиллаж буй хүн сэтгэлзүй, философийг ойлгож судлах нь зүйтэй санагддаг шүү.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - "TomYo EdTech" компанийн стратеги хариуцсан захирал О.Энхжин
Ийржи Бродский - БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд
АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Томилогдсон улсаа өөрийн хоёр дахь гэр гэж үз гэсэн зөвлөгөө. Копенгагенд Польшийг төлөөлж суусан элчин сайд “Ажил явж өгөхгүй байвал бухимдах хэрэггүй. Зүгээр л тэр нутгийн сайхныг үзээд, тавтай бай. Амар, гольф тогло, загас барь. Нэг л мэдэхэд тэр бүхний ачаар ажилдаа амжилт олох болно” гэж хэлсэн юм. Тэр үнэн юм билээ. Энэ чинь яг л хоол хийхтэй адилхан. Сэтгэл санаа тавгүй, ууртай, шаналсан үед хоол амттай болдоггүй шүү дээ. Гагц хоол гэлтгүй бүх л зүйл дээр энэ дүрэм үйлчилдэг байх. Бухимдуу, сэтгэл тавгүй үед гараас сайхан зүйл гарахгүй.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский
Д.Амарсайхан - “Амар катеринг” компанийн захирал, “Энх шим” хүлэмжийн аж ахуйн эрхлэгч
САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
"Энэ хүүхнүүд үү"-г хэд ч үзсэн уйддаггүй. Зохиол, дүрүүдийн мэдрэмж, агуулга нь ярих юмгүй. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үнэлэмж хязгаарлагдмал байсан тэр үед бүсгүй хүнд жаахан дэмжлэг, итгэл өгөхөд тэднээс ямар хэмжээний хүч чадал, нөөц боломж, авьяас чадвар гарах боломжтойг хошин хөгжилтэй мөртлөө нарийн донжтойгоор харуулж чадсан чансаатай бүтээл. Ялангуяа Жамц даргын "Хэрвээ энэ зоотехникч Дуламсүрэн эмэгтэй хүн байсан бол уу! Уул шугамандаа би нэгдлийнхээ бүх эрчүүдийг тийм эмэгтэйчүүдээр солихоос буцахгүй" гэдэг үг их сайхан мэдрэмж өгдөг.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - “Амар катеринг” компанийн захирал, “Энх шим” хүлэмжийн аж ахуйн эрхлэгч Д.Амарсайхан
Д.Эрдэнэбилэг - Зураач
ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Түрүүн хэлсэнчлэн тууштай байх явдал. Шинэ "изм"-ээр урлаг дуусахгүй. Тэр бүрийг шохоорхож туршиж явна гэвэл нэг зүйлдээ гаршиж, сайжрах боломжгүй болно. Юунд ч сайн биш бол, толгойд орж ирсэн санаагаа санасандаа тулгаж, сайн уран бүтээл болгох чадвар хөгжихгүй. Ингэхээр уран бүтээлчийн хувьд хэнд ч танигдаж хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй, улмаар урлагаар амьдрах боломжгүй болно. Тиймээс нэг зүйлдээ тууштай байж, түүндээ гаршиж, уран бүтээлээрээ танигдаж, хүрээлэлдээ хүлээн зөвшөөрөгдөх нь миний цаг хэмнэх гол арга.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Зураач Д.Эрдэнэбилэг
Ч.Цэлмүүн - Анагаах ухааны доктор, дуучин
ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Хэд хэдэн байгууллагад зэрэг ажилладаг учраас ажлын ачаалал даах, богино хугацаанд шинэ орчин нөхцөл, шаардлагад дасан зохицох, асуудалд тохирсон оновчтой шийдвэр гаргах, удирдан зохицуулах чадвар суусан гэж бодож байна. Мэргэжлийн салбарт олж авсан мэдлэг, чадвар, туршлага, дээр нь салбарын бус мэдлэг, ур чадваруудыг үр дүнтэй хослуулан ажилдаа ашиглаж чаддаг нь миний ажлын нөү-хау, аливаа ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх нөхцөл болдог гэж дүгнэж болох юм. Жишээ нь, вэбсайт хөгжүүлэх зэрэг мэдээллийн технологийн суурь мэдлэг, чадвар.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Анагаах ухааны доктор, дуучин Ч.Цэлмүүн
Б.Габит - "Infinite Solutions" компанийн үүсгэн байгуулагч, "Nest Education IT School"-ийн инноваци эрхэлсэн захирал
ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Гүйх. Би одоог хүртэл гүйхэд суралцсаар байгаа. Хөл хорионы үеэр ажил дууссан ч түр мартаж, амрах нь амаргүй байлаа. Гэртээ ирээд хүүхдүүдтэйгээ тоглож байгаа ч ажлаа бодоод тархи толгойгоо ачаалаад байх нь өөрт эргээд стресс үүсгэдэг учраас хэзээ зогсохоо мэддэг байж, энергиэ сэлбэж сурах нь чухал юм билээ. Ялангуяа, хөл хорионы үеэр ажил, амралтын зааг арилаад гэртээ өдөр шөнөгүй ажиллах нь холгүй юм болсон. Ийм үед спортоор хичээллэх нь эрч хүчээ сэлбэх, аз жаргал мэдрэх хамгийн сайн арга. Мөн гэр бүлтэйгээ зуслан явах, гадуур хооллох, салхилах гээд зүсэн зүйлийн төлөвлөөгүй зүйлс хийж амрах дуртай. Гэр бүлд “ингэх ёстой” гээд эхлэхээр л ажил хийж буй юм мэт санагдаад явчихдаг учраас тухайн мөчдөө мэдрэмжээ дагах нь л таатай.
2015 онд хөгжлийн ялгаатай иргэдийг дэмжих зорилготой “Аchilles Mongolia” байгууллагын гүйлтийн марафонд оролцсон нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Гүйх гэдэг зөвхөн физиологийн дасгал бус хүнд итгэл найдвар, аз жаргал өгдөг утга учиртай зүйл болохыг тэгэхэд ойлгож билээ. Марафонд шалгарсан тамирчид Нью-Йорк, Бостон, Берлин зэрэг олон улсын марафоны тэмцээнд очих үед нь бид сайн дурын ажилтан болж, тусалж дэмждэг юм.
БУСДАД ШИДЭХ САНАА?
Хүмүүс соёл урлагийг өөрөөсөө хол, урлагийн авьяастай хүмүүст л хүртээлтэй гэж бодох нь түгээмэл. Гэтэл хөг аялгуу, өнгө будаггүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрх. Багадаа бүгд л зурдаг хэр нь том болохоороо өөрийгөө хайрцаглаад, би зурах авьяасгүй гээд л цаас харандаа барихаа больчихно. Ер нь хүн болгон уран бүтээлч юм биш үү? Өөрийгөө урлагаас тусгаарлалгүйгээр, харин ч наалдаж, ойр яваасай гэж хүсдэг. “Би зураг ойлгодоггүй юм чинь галерей орж яах юм” гэх нь бий. Ойлгох шаардлагагүй шүү дээ, хараад таашаал авахад л болно. Музей явж үздэг байгаасай.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл
Б.Одбаяр - “Brainstorm Branding Agency”-ийн гүйцэтгэх захирал
ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Бөөн судалгаа хийгээд, хоёр гурван сар ярилцаад, өнгө төрхийг нь гаргаад явж байтал таалагдахаа больчихлоо гэх нь бий. Анх ярьснаасаа буцах гэх юм уу. Ийм хүндрэлээс хамгаалж, анхны хүлээлтээс хэт холдуулахгүй байх талаас нь анхаарсан тодорхой арга хэмжээ, процедур бий л дээ.
Би ажилдаа үнэхээр дуртай. Хийх хүсэл дүүрэн ажил дээрээ ирдэг дээ. Хүмүүс бидэнд мөрөөдлөө яриад, бид тэр мөрөөдлийг нь биежүүлж өгдөг болохоор шидтэн ч юм шиг санагддаг. Яг ингэж олонд таниулмаар байна, ийм гоё зүйл бүтээмээр байна гээд л орж ирнэ. Манайхаас л сэтгэл дундуур гарсан үйлчлүүлэгч байхгүй болов уу гэж бодож байна.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - “Brainstorm Branding Agency”-ийн гүйцэтгэх захирал Б.Одбаяр
Х.Амаржаргал - “Рио Тинто”-ийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал
ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Нэг найзын маань франц найз бяслагийн цех байгуулах гээд нэг улс руу хөрөнгө оруулахаар бэлдсэн байсан. Түүнд Монголоо сурталчилсаар байгаад бяслагийн жижигхэн цехийг нь эндээ байгуулж байлаа. Энэ мэт боломж гарах бүрд л эх орноо сурталчилж таниулахыг эрмэлздэг.
Группийн маань захирлаар монгол хүн томилогдсонтой холбоотой ч юм уу, сүүлийн үед АНУ, Австрали, Серби гээд л олон улсаас “Оюу толгойгоос туршлага судалъя” гэх хүсэлтүүд их ирэх болсон. “Оюу толгойд хэрэгжүүлж байгаа менежмент, туршлагаас тань суръя мэдье” гэсэн хүсэлтэд дарагдаад байгаа шүү (инээв). Оюу толгойг бид л энд “Болохгүй байна, ашиггүй байна” гээд яриад байгаа болохоос “Рио Тинто”-гийн эзэмшил, менежментэнд байдаг уурхайд дунд хөдөлмөрийн бүтээмж, аюулгүй ажиллагаа гэхчлэн олон зүйлээрээ тэргүүлэх, жишиг уурхай болон хөгжиж байгаад монгол хүнийхээ хувьд үнэхээр баяртай байдаг. Ирээдүйд дэлхийн уул уурхайн хөгжлийг тодорхойлоход Монгол голлох үүрэгтэй байна гэдэгт бүрэн итгэдэг дээ.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - “Рио Тинто”-ийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал
Э.Чинзориг - "Монгол контент" компанийн гүйцэтгэх захирал
САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Маркетингийн чиглэлээр суурь ойлголт өгөх Филипп Котлер, Кэвин Лэйн Кэллерийн “Marketing Management” номыг санал болгоё. Мөн “Courage to Be Disliked”, “Deep Work”, “As a Man Thinketh”-ыг онцолмоор байна. Түүхэн бүтээлийн хувьд А.Амарын “Монгол Улсын товч түүх” номыг уншвал зохилтой.
Хөгжмийн тухайд багаасаа рок хөгжимд дуртай байсан учраас "AC/DC", "Guns N’ Roses", "Nirvana", "Aerosmith" хамтлагийг сонсож ирсэн. Кино гэвэл түүхэн, шинжлэх ухааны төрлийн бүтээлд дуртай. Улстөрч Лев Троцкийгийн тухай “Троцкий” гэх тун сонирхолтой олон ангит кино үзсэн. Дэлхийн II дайн, Октябрийн хувьсгалын тухай илүү сайн ойлгож авах болов уу. Мөн лалын болон загалмайтны шашинтнуудын түүхэн тулаан, зөрчил тэмцлийг харуулах “Kingdom of Heaven” киног үзээрэй.
Сүүлд үзсэнээс “House M.D.” цуврал кино таалагдсан. Хүний сэтгэлзүйн байдлыг олон талаас харуулсан тун сонирхолтой бүтээл. Мөн хүний биеийн хэлэмж, сэтгэл зүйн төлөв байдлыг судалж, гэмт хэргийн мөрдлөгт ашиглаж буй тухай өгүүлэх “Lie to Me” киног санал болгоё.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - "Монгол контент" компанийн гүйцэтгэх захирал Э.Чинзориг
Р.Оюунбилэг - НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын захирал
Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Анх намайг англи хэлний курст сурч байхад багш маань “Хүн өөрийнхөө байгаа цаг үедээ, яг л тэр орон зайдаа эзэн байж, өөриймсөг хандах хэрэгтэй” гэж билээ. Нэг жилийн томилолтоор ирсэн багш маань шалны жижигхэн завсрыг шаваад сууж байхаар нь та удахгүй нүүгээд явчих байж үүнийг хийх хэрэг байна уу гэж асуухад хүн өгөгдсөн цаг хугацаа, орон зайдаа тав тухаа бүрдүүлэх ёстой гэж тайлбарласан нь тэр. Би үүнийг насан туршдаа мөрдлөг болгож яваа. Нэг хонох ч байсан орчноо тохижуулж, засаж янзалж, юм бүхэнд өөриймсөг хандахыг хичээдэг.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын захирал Р.Оюунбилэг
Г.Саруул - Богд Банкны Гүйцэтгэх захирал
ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Би голдуу 23 цагт унтаж өглөө наймд сэрдэг. Өдөртөө яаж ийгээд заавал найман цагийн нойр авахыг боддог. Тэгээд ажилдаа явах замдаа мэдээлэл сэлтээ уншина. 09:30-аас эхлүүлээд өдөржингөө л уулзалт хийдэг дээ. Төсөв тооцоогоо харж нягтална, ажлынхандаа үүрэг чиглэл өгнө, түүнийхээ үр дүнг тооцно. Ер нь би ачаалал авч ажиллахыг хичээдэг. Өдөртөө чанартай 2-3 шийдвэр гаргах сан гэж боддог. Мэдээж бас зав зай гарган харилцагч нартайгаа уулзахыг эрмэлздэг. Аль болох ажил, асуудлынхаа цөмд нь орж, анхдагч сурвалжаас мэдээлэл авахыг хичээдэг юм. Тэгээд нэг л мэдэхэд ажлын цаг дууссан байдаг.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Богд Банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул
Ж.Энэрэл - "New York Model Management" агентлагийн загвар өмсөгч
ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Нэг ажлаа дуусгаад дараагийн зүйл рүү орохыг илүүд үздэг ч гэлээ нэг зүйлийг хийх гээд үнэхээр олигтой болж өгөхгүй байвал зүтгээд байлгүй хэсэг холддог. Илон Маск өдрөө таван минутаар блокчлон хуваагаад ямар нэг зүйл дээр таван минут төвлөрөөд дараагийн зүйлд таван минут төвлөрөх гэх мэтээр сэлгэдэг гэдэг дээ. Нэг юм дээр төвлөрч байгаад өөр зүйл хиймээр санагдвал тийшээгээ хандаад, хэсэг хугацааны дараа эргэж хийх ч юм уу. Надад ийм аргачлал их зохидог шүү. Ер нь өөрийгөө зовоох дургүй. Хийж байгаа зүйлээсээ уйдах үедээ больчихдог. Бүх зүйлийг тоглоом шиг үзэх ёстой гэж би боддог юм. Таашаахгүй байгаа үедээ гоё зүйл хийж чадахгүйгээ мэддэг учраас үнэхээр гараас юм гарахгүй үед хүчилдэггүй. Дуртай, хийх ёстой зүйлсээ хослуулах бол цаг хэмнэх хамгийн сайн арга болов уу.
Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - "New York Model Management" агентлагийн загвар өмсөгч Ж.Энэрэл
z zio 2022.02.05 102.91.5.15
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү