Unread Media-ийн нэрийн хуудас болсон "Би хэрхэн ажилладаг вэ?" булан нь салбартаа амжилттай яваа, хийж буй ажлаараа нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэн манлайлж буй хүмүүстэй ажлын байранд нь ярилцлага хийж, тэдний ажлын арга барил, сонирхууштай дадал хэвшлүүдээс уншигчдадаа хүргэхийг чухалчлан зорьдог билээ. 2015 оноос хойш долоо хоног бүр тасралтгүй шинэ дугаараа хүргэсээр ирсэн тус буланд маань 2022 онд төрөл бүрийн салбарын төлөөлөл болсон 53 зочин оролцсоноос бид шинэ оны эхний дугаартаа онцлох хариултуудыг түүвэрлэн бэлтгэлээ. 

Сью-Лин Вон - “The Economist” сэтгүүлийн сурвалжлагч


1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би Австрали улсад төрж, өссөн австрали хүн. Австралийн үндэсний их сургуульд хууль болон Ази тэр дундаа Хятад судлалаар суралцсан. Энэ хугацаандаа буюу төгсөх курстээ Хятад руу солилцооны хөтөлбөрөөр явж суралцсан минь надад гайхамшигтай сэтгэгдэл төрүүлж, суралцах хугацаагаа сунгаж байлаа.

Буцаж ирээд сургуулиа төгсөөд Австралид менежментийн зөвлөхөөр ажилд орохоор олон газар өргөдөл явуулж, ярилцлагад орсон юм. Тэгээд нэг газрын ярилцлага ид дундаа явж байтал цаад хүн маань гэнэтхэн “Чи сэтгүүлч болох ёстой хүн юм шиг санагдаад байна” гэж хэлсэн. Би маш их гайхсан ч эргээд бодоход би тэдэнд сонирхож байгаа сэдэв, үзсэн харсан амьдрал, түүхээ маш их бадрангуй ярьсан юм шиг байна билээ.

Ингээд Сидней дэх “Reuters” агентлагийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, ажилд орж улмаар Шанхай, Бээжинд ажиллах болсон. Хятадын эдийн засгийн талаар багагүй сурвалжилж, Хятад-Хойд Солонгосын хилийн хотод байрлаж, тэндхийн бизнес эрхлэгчид, эдийн засаг, нийгэм гээд олон талаар сурвалжилга бэлдсэн. Үүний дараа Кени ч юм уу, Африкийн улс руу явахыг их хүсэж байсан ч шилжиж ажиллах боломж ер гараагүй.

Би хэдийгээр хятад гаралтай, мандарин хятад хэлээр ярьдаг, англиар бичдэг, энэ нь надад сэтгүүл зүйн ажлаа эхлүүлэхэд маш сайн гараа болсон ч олон жил Хятадын талаар бичих сонирхолгүй байсан тул аль болох тэндээс явахыг хүсэж байлаа. Гэвч тэр үед “Reuters” агентлаг Шэньжен хотод салбараа нээх гэж байсан тул намайг тийшээ томилсон. Тухайн үед маш олон технологийн компаниуд нээгдэж, технологи, бизнесийн төв болж байлаа. Улмаар “Financial Times” сонин ч Шэньженд салбараа нээх болсон бөгөөд надад санал тавьсан юм.

Ингээд би FT-д ажиллах болж Хятад болон өмнөд Хятадын эдийн засаг, цаашлаад Хонг Конгийн талаар бичиж байв. Тэгж байтал цаг үе ч өөрчлөгдөж 2019 онд Хонг Конгийн бослого, хөдөлгөөн гээд миний сурвалжлах сэдэв эдийн засгаас хальж эхэлсэн. Удалгүй ковид-19 гарч, цар тахал эхэлснээс хойш буюу 2020 оноос би “The Economist” сэтгүүлд ажиллах болсон.

Ер нь сурвалжлагчид эхлээд маш их мэдээний урсгал дунд, ачаалалтай агентлагуудад ажиллаж эхэлдэг шүү дээ. Тэгээд өдөр тутмын сонинд, тэгээд тойм, анализ бичдэг болно гэхчлэн яг л тэр замаар явсан. Мэдээнд өдөрт гурван мэдээ хийх гээд л гүйдэг бол одоо “The Economist” сэтгүүл долоо хоногт нэг дугаар гардаг тул арай аажуу хэмнэлтэй. Энэ нь ч бас миний хувь хүний зан төлөвтэй илүү тохирдог юм болов уу гэж боддог.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ? - “The Economist” сэтгүүлийн сурвалжлагч Сью-Лин Вон

С.Дулам - Ардын багш, Хэл бичгийн ухааны доктор, профессор


2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Хүмүүн гэдэг бодгаль өөр өөрийн өссөн төрсөн ахуй, соёл уламжлал, хувь хүний биологи, физиологийн онцлогоосоо хамаараад аж төрөх, ажиллах арга барил нь давтагдашгүй. Учир нь хүнийг үйлдвэрийн бүтээгдэхүүн шиг хэвлээд, цутгаад гаргах боломжгүй. Тиймээс л ажиллах арга барил нь давтагдашгүй, өөр өөр байх ёстой. Тиймдээ ч миний ажлын арга барил бүх хүнд хэв дардас шиг сайхан таарахгүй. Зарим хэсэг нь санаа авмаар байж магад. Түүнээс биш нийтэд түгээмэл тохирохгүй байх.

Хүнийг шар шувуу хүн, болжмор хүн гэж хоёр төрөлд хуваадаг гэж яриа бий. Үдэш орой унтдаг, шөнө дөл хүртэл суугаад байдаг-шар шувуу хүн. Эртхэн унтаад эртхэн босдог-болжмор хүн. Би хар багаасаа л болжмор хүн. Хүүхэд байхын л шөнө болтол дэгдээд байдаггүй эрт унтаад эрт босдог байсан. Тэр арга барил, хэв маягийг насан туршид баримталж байна. Нас ахих тусам цаг нь улам наашлаад л. Хуучин бол 22 цагийн үед унтдаг байсан. Зарим хүн эрт гэж ярихгүй байх. Одоо бол наашлаад л байна. Наашлах нь надад их зохиж байна. Хүний залуу нас, өтөл нас хоёр чинь адилгүй. Гэхдээ хэв маяг нь хадгалагдаад байдаг аж.

Би малчин айлын хүүхэд. Угаас мал бэлчээрт гаргаж байхад унтаж байгаа хүн нүдний булай болно шүү дээ. Тиймээс эрт босох шаардлагатай. Унтамхай хүнийг залхуу, залхаг гэж үздэг хэвшил манай хөдөөд байсан. Би монгол маягаар хэлбэл, “хэн хүн босоогүй, хэрээ шаазгай идэшлээгүй” цагаар буюу 04.00-05.00 цагийн хооронд босдог. Энэ цагт гэрийнхэн бүгд сайхан нойрсож байна. Гэрээс гадуурх амьтан хүн ч ид унтаж байна. Утас дуугарахгүй. Телевиз радио хангинахгүй. Зочин гийчин хаалга нүдэхгүй. Тэгэхээр энэ үе бол хамгийн тайван амгалан, юм бодох төвлөрөх боломжтой цаг. Энэ цагтаа л өөрийнхөө хамгийн дуртай хайртай ажлаа хийдэг. Тийм учраас хичээл ном найман цагт эхэлнэ үү, есөн цагт эхэлнэ үү хамаагүй тэр хүртэл нэлээн юм хийж, бүтээж амждаг. Энэ цаг байгаагүй, энэ цагийг ашигладаггүй байсан бол миний бүтээлч хөдөлмөр нэлээд их чирэгдэж, хоцрох байсан гэж бодож байна. Энэ цагт босож ажлаа эхлүүлэхийн тулд бүтэн нойр авч, харьцангуй эрт амрах хэрэгтэй.

Одоо СУИС-д ахисан түвшинийнхэнд хичээл орж байгаа. Өмнө нь МУИС-д хичээл ордог байхдаа би хичээлийн цагийг голдуу өглөөгүүр тавиулчихдаг байсан. Одоо ч гэсэн хэвээрээ л дээ. Танхимаар ордог байхад яг тэр хэвшлээр явдаг байсан. Харин онлайнаар орж байгаа үед арай аажуурах тал байна.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Ардын багш, Хэл бичгийн ухааны доктор, профессор Сэндэнжавын Дулам

Н.Энхбаяр - Эдийн засагч, судлаач


3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Ажлын гараагаа эхлүүлсэн Сангийн Яамнаас сурсан гол зүйл нь няхуур байдал. Бүх л улсын төсвийг боловсруулж байгаа хүмүүс тийм байхаас ч аргагүй. Гар дээр ирсэн бүх л мэдээллийг шууд хүлээж авдаггүй, заавал шалгаж баталгаажуулдаг. Түүний дараа том зургаар нь харж, олон талын дүгнэлт хийхийг хичээнэ. Ингэхдээ алхам бүрдээ судалгаатай хандана. Ийн ажиллах нь богино хугацаандаа удаан л санагдах байх, гэхдээ урт хугацаандаа сайн төлөвлөлт гэдэг цаг, мөнгийг үлэмж хэмжээгээр хэмнэж өгдөг.

Дэлхийн Банкнаас мэдээллийн олон эх сурвалжийн чухлыг ойлгосон. Дэлхийн Банкны ажилтнууд л нэвтрэх боломжтой "Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага"-ын цахим болон биет номын сан гэж байдаг л даа. Дэлхийн бараг л бүх улс орнуудын судалгааны материалуудтай. Судлаач хүний нүдийг нээж өгч чадах газар. Энд олон төрлийн судалгааны материал, бодит кэйсүүдтэй танилцаж байхдаа, аливаа зүйлийг уг үндэснээс харж, ойлгохын чухлыг мэдэрсэн. Тиймдээ ч ямар ч ажил хийсэн эхлээд бүх зүйлийн учир шалтгааныг олоход гол анхаарлаа хандуулдаг. Тэгж байж цааш явах зам илүү тодорхой, оновчтой болдог.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр

Д.Ухнаа агсан - Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин


4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Тэмдэглэлийн дэвтэр. Бүгдийг нарийн төлөвлөж, тэмдэглэл хөтөлдөг. Уулзсан хүн бүрийн нэрийг, хаана хэзээ уулзсан сар өдөртэй нь тэмдэглэж авдаг. Дэвтэр байхгүй үед жижиг цаасан дээр бичээд л түүнийгээ хадгалаад явна. Чи гэхэд миний 1983 оноос хойш ажил төрлийн хувиар уулзсан 18,594 дэх хүн болсон байх жишээтэй.

8000 гаруй хүний нэр, утас бүхий утасны дэвтэр 50 орчим бий. Мөн ажлын чиглэл, төрөл зүйлээр ангилан ялгасан хэд хэдэн дэвтэр байгаа. Тэмдэглэлээсээ сонирхуулбал, 1962-2018 оны хооронд 58 жилийн хугацаанд төрийн болон баяр ёслол, хүндэтгэлийн, хурим найр, шоу тоглолтыг 5125 удаа хөтлөн тоглуулсан байна. Энэ нь Монголд хамгийн олон удаа тоглолт хөтөлсөн тоо болно.

1974-2018 оны хооронд 333 концерт найруулан тоглуулж, 207 удаа уралдаан, шоу санаачлан зохион байгуулж, 148 удаагийн тэмцээн уралдаанд шүүгчээр ажиллаж, ахмад эстрадын дуучдын тоглолтыг 512 удаа удирдан зохион байгуулсан байна. Түүнчлэн 1983-2001 онд 72 орны 480 гаднын уран бүтээлчдийг угтан авч, тэдний дуу хөгжмийг ард түмэндээ сонирхуулсан байна. Гэх жишээтэй. Аливаа зүйлд баримт, цэгцтэй цэвэр мэдээлэл л хэрэгтэй байдаг юм даа, хүүхдүүд минь. Түүнээс амаар бол хэн ч ярина.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Ухнаа

Э.Хулан “Аму” төвийн хамтран үүсгэн байгуулагч


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хамгийн чухал нь төлөвлөлт. Даваа гарагт бүтээгдэхүүн хөгжүүлэлт, мягмар гарагт маркетинг, лхагва гарагт үйлчлүүлэгчид, пүрэв гарагт санхүүгийн ажлууддаа төвлөрдөг. Харин баасан гарагийг чөлөөтэй орхино. Ийнхүү өдөр өдрөөр нь ажлуудаа хуваарилж, эртнээс төлөвлөн уулзалтуудаа товлох нь цагийг маш сайн хэмнэдэг.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ? - “Аму” төвийн хамтран үүсгэн байгуулагчид Т.Дарьсүрэн, Э.Хулан

Г.Амарчингүн - Скайтел группийн гүйцэтгэх захирал


6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Хэтэрхий сайн төлөвлөснөөс үүдэн төлөвлөгөөний дагуу бүтэхгүй байх зовлон бий. Тиймээс заримдаа ерөнхийлөн төлөвлөж, том зургаар нь харахад гэмгүй. Жишээлбэл, би жил бүрийн арванхоёрдугаар сарын 30, 31-нд баг, хамт олноороо жилийн төлөвлөгөөг нь бичүүлдэг. Өөрөө ч бичнэ. Ийнхүү төлөвлөгөөгөө бусдад хуваалцсанаар таны төлөвлөгөөг биелсэн эсэхийг бусад чинь асууж, сануулдаг давуу талтай.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ? - "Скайтел" группийн гүйцэтгэх захирал Г.Амарчингүн

Аиша Бөү - Технологийн энтрепренер, STEMBoard&Lingo Coding Kit компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал


7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Эрч хүчээ сэлбэх гол арга маань аялал. Жилдээ хоёроос доошгүй удаа өөртөө амралт өгч, цор ганцаараа аялалд гардаг. “Хэрэв чи сонсохоо зогсоовол хэрхэн бурханы дуу хоолойг таних билээ” хэмээх үгэнд дуртай.

Өөртэйгээ болон дэлхийн ертөнцтэй холбогдон, байгалийн нэг хэсэг гэдгээ мэдрэх хамгийн шалгарсан арга магад аялал байх. Би гар утасны сүлжээ ч барихгүй, зэрлэг онгон байгальд аялахыг илүүд үздэг. Хамгийн сүүлд гэхэд Перугийн Кускогоос баруун хойд зүгт 70 орчим км зайд байрлах алдарт Мачу Пикчу хүртэл явганаар аялсан.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Технологийн энтрепренер, STEMBoard&Lingo Coding Kit компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Аиша Бөү

Н.Ганжигүүр - Fibo Cloud компанийн хамтран үүсгэн байгуулагч


8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Гурван ажил байна.

1. TechBaatar podcast

Улаанбаатар хотод технологийн талбарт давшиж яваа залуусыг олонд танилцуулах, тэдэнтэй санал бодлоо хуваалцах зорилгоор шинэхэн подкастаа эхлүүлсэн. Өөрийнхөө судалж мэдэхийг хүссэн сэдвийнхээ дагуу салбарын мэргэжилтнүүдтэй подкастаараа дамжуулан ярилцдаг. Ер нь технологийн стартап эхлүүлж байгаа залуус аливаа асуудлыг шийдвэрлэе гэхээс биш хөрөнгө мөнгөтэй болъё гэж компани байгуулдаггүй болов уу. Нөгөөтэйгээгүүр шинэ оны өмнө койны их хөөсрөлөөс 60 гаруй IT төсөл бүгд хүчирхэг багтай, гайхалтай бизнес модельтой хэмээн "White paper" буюу технологийн танилцуулга дээрээ бичсэн байсан. Аль нэгийг нь онцлох гээгүй ч энэ нь өөрөө магадлалын онолын хувьд оршин тогтнох боломжгүй зүйл. Хэрэглэгчид технологийн талаар үнэн зөв мэдлэг, мэдээллийн авах ёстой.

2. Amazon Web Services Community

AWS бол дэлхий дээрх хамгийн том клауд платформ. Орчин үед IT салбар ихэвчлэн коммюнити дагаж хөгжих болсон ба инженерүүд өөрсдийн мэдлэг туршлагыг хуваалцаж, хамтдаа хөгжих орчныг бүрдүүлэхээр зорьж байна. Монгол Улсаас "AWS" коммюнити албан ёсоор Amazon компанид бүртгэгдсэн бөгөөд гадаадын инженерүүд ч өөрсдийн туршлагаа бидэнтэй хуваалцах үе байдаг.

3. Global Shapers Ulaanbaatar Hub

Төрөл бүрийн үзэл бодол, олон янзын салбарын эрхмүүдтэй уулзах боломж энд бий. Тэдэнтэй санал бодлоо солилцож суралцахын хажуугаар нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд гар бие оролцох боломжтой.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- "Fibo Cloud" компанийн хамтран үүсгэн байгуулагч Н.Ганжигүүр

С.Алтансүх - Гал сөнөөгч


9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Эерэг сайхан нь мөнгөөр тоологдох боломжгүй олон үнэ цэн, амь нас, хөрөнгө мөнгийг хамгаалдаг явдал. Жишээ нь, ойн түймэрт гэхэд маш олон ан амьтад өртөж, өдий төдий мод ургамал үхэждэг. Бид л очихгүй бол тэр гал урт удаан үргэлжилж, үнэлж баршгүй их хохирол амсана шүү дээ.

Төв аймгийн Мөнгөн Морьтруу явсан ойн түймрийг санаж байна. Машин явах боломжгүй, мориор явбал хоёр хоног яваад дөнгөж захад нь хүрэхээр байсан тийм хүнд бартаатай газар. Мэдээж хоёр хоног хүлээж цөхөхгүй тул нисдэг тэргээр очсон. Дээрээс нь харахад үнэхээр гунигтай. "Хүмүүс минь яагаад?" л гэж бодогдоно. Техник ч очих боломжгүй газар байсан болохоор яаж унтраах талаар ямар ч төлөвлөгөөгүй, гаргах ч аргагүй байсан. Гэлээ ч "Нэгэнт ирчихсэн юм чинь үзнэ дээ" гээд л буусан даа. Цүнхэндээ гурав хоногийн хүнс, усны нөөцтэй буусан болохоор нисгэгч төдий өдрийн дараа ирэх ёстой байлаа. Нисдэг тэрэг товлосон өдрөө ирсэн ч харамсалтай нь нөхцөл байдал хүндэрсэн байсан тул тэр их утаанд биднийг ололгүй буцаад яваад өгсөн. Ингээд бид цүнхэндээ байсан хүнсээ нэгтгэхэд 5 кг гурил болсон юм. Түүгээрээ гурилаа найруулж, цай чанаж уугаад л ажиллаад байсан. 12 хоночихсон билүү дээ, тэгэж санаж байна. Эргээд ирэхэд, алга болсон гал сөнөөгчид гээд бөөн нийтлэл, мэдээ гарчихсан байсан. Хэдий хэцүү ч бид л очоогүй бол шатаад үхжих байсан газар нутгийг бодохоор сайхан санагддаг юм. Энэ мэт мэдрэмж нь сайхан.

Хэцүү бэрхшээлтэй нь нүдний хараа. Байнга утаа тортог, хэт халалтын өөдөөс хардаг болохоор хараа их муудна. Тэглээ гээд албанд шил зүүх зохимжгүй байдаг л даа. Бас нийтээрээ нурууны асуудалтай болчихдог. Гайхалтай нь гэвэл эмнэлгийн үзлэгт ороход бидний дотор эрхтнүүд зүгээр гардаг ш дээ. Уг нь улаанаараа эргэлдсэн гал дунд хэдэн минут унтаж чаддаг болтлоо утаанд ажилладаг, жирийн үедээ ч утаа угаар ихтэй хотод амьдардаг, тэгээд өөрсдөө нэмээд тамхи татчихдаг болохоор уушги, зүрх гэж авах юмгүй байгаа болов уу гэхээр л зүгээр байдаг юм. Бодвол уг бие сайтай, байнгын дасгал хөдөлгөөнтэй, биед хуримтлагдсан хороо хөлсөөрөө сайн гадагшлуулдагийн л ач тус байх даа.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- Гал сөнөөгч С.Алтансүх

Ж.Тамир - "Revolut" компанийн ахлах бүтээгдэхүүн дизайнер

 
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Сүүлийн жилүүдэд дизайн, бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр удаан хугацаанд ажилласан тул цаашид карьерын дараагийн шатандаа анхаарч байна. Spotify, Airbnb гэх мэт том компаниуд байгууллага дотроо дизайнд тулгуурласан маш таатай соёлыг бүтээсэн байдаг. Тиймэрхүү соёлыг өөрийн компанидаа нутагшуулахад менежментийн түвшинд юу шаардлагатай болох, ямар үйл явцтай байдаг тухайд компанидаа оролцоотой явж байна. Мөн ажилд ороод удаагүй, шинэхэн хүмүүстээ менторлож, зөвлөгөө өгөхөд цаг зарцуулж байгаа.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - "Revolut" компанийн ахлах бүтээгдэхүүн дизайнер Ж.Тамир

Б.Билэгсайхан - “Аэромонголиа” ХХК, Онгоцны дарга


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Нисгэгчдийн хувьд сардаа хоёроос гурван сургалтад суух үе олон. Онцгой нөхцөл байдал буюу системийн алдаа гарах, хөдөлгүүр унтрах, гал алдах зэрэг урьдчилан тооцоолоогүй эрсдэл гарах үед хэрхэн ажиллах талаарх сургалтад зайлшгүй сууж, мэдлэг чадвараа дээшлүүлдэг.

Мөн онгоц үйлдвэрлэгч талаас онгоцны зарим нэгэн функц дээр өөрчлөлт хийх үед сургалт авах хэрэгтэй болно. Ер нь байнгын сургалтад суухгүй бол гэнэтийн нөхцөлд алдаа гаргах магадлал өндөр.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - “Аэромонголиа” ХХК-ийн хамт олон

Г.Тулга - CallPro компани, LIME аппын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал


12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Хамгийн сүүлд Матриксын шинэ ангийг үзэх зорилгоор өмнөх гурван ангийг нь сэргээж үзсэн. Apple TV-н Foundation цуврал бас их сонирхолтой байлаа. Би мөн эмнэлгийн салбарын цувралуудыг шимтэн үздэг. House, Grey’s Anatomy гээд л. Киног мэдлэг авах гэхээсээ амрах зорилгоор сонгодог.

Санал болгох номын хувьд геополитик ба даяаршлын чиглэлээр мэргэшсэн Параг Ханна зохиолчийн Connectography: Mapping the Future of Global Civilization бүтээлийг санал болгоё. Монголчууд Хятадаас хамаг юмаа импортолж байхаар Монголдоо үйлдвэрлэвэл яасан юм гэх санааг их ярьцгаадаг. Гэвч үнэн хэрэгтээ орчин цагийн дэлхий нэгэн цул болсон бөгөөд аль нэг улсаас хамааралгүйгээр дангаар орших боломжгүй гэсэн үндсэн санааг энэ ном дэвшүүлсэн юм.

Жишээ нь Хятадад ямар нэг зүйл үйлдвэрлэж байгаа бол бид тэр үйлдвэрлэлийн урт гинжин хэлхээний нэг хэсэг байж оршин тогтоно гэх утгатай. Гэтэл Монгол улс энэхүү урт хэлхээнд төмөр замын тээвэр, уул уурхайн түүхий эдийн экспорт гэсэн хоёрхон газар байршиж байгаа нь гашуун үнэн. Хэрэв Монгол байхгүй бол дэлхийн нийт хөдөлгөөний хоёрхон урсгал хаагдана уу гэхээс цаана нь байгаа хэдэн мянган урсгалд ямар ч өөрчлөлт орохгүй. Тэр хэрээрээ биднийг тоохгүй, ач холбогдол өгөхгүй. Хөгжиж буй орнууд тэр гинжин хэлхээний гол гол хэсгүүд дээр байршихын төлөө өрсөлддөг. Бидний хөгжүүлдэг програм хангамж ч гэсэн ялгаагүй. "CallPro" Монголын бүх программ хангамжийг өөрсдөө хийх боломжгүй. Гэхдээ компанийн мэдээллийн технологийн гол хэсгүүдийг хийж чаддаг гэдгээ харуулбал, бидэнгүйгээр үндсэн гинжин хэлхээ зогсох хэмжээнд очсон цагт өөрсдийгөө хүчирхэг болжээ хэмээн тооцож болох юм. Бид энэ даяаршсан нийгмийн хаана байгаа, мөн хаана байх ёстой, дэлхий биднээс хамааралтай болохын тулд юу хийх хэрэгтэй зэрэг олон сонирхолтой санаа энэ номд бий.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?" - "CallPro" компани, "LIME" аппын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Тулга


Жак Ван Тондер - “Оюу толгой” компанийн Гүний уурхай төслийн захирал


13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Хоёр зөвлөгөө бий. Эхнийх нь илүү амьдралтай холбоотой. Цэрэгт байхад хэцүү нөхцөл байдал тулгарах бүрд ахмад маань “Хэцүү байна гэж бүү бод. Зүгээр л бэлтгэлдээ итгэ” гэж хэлдэг байсан юм. Юуг хийхээ бодох бус өөртөө болон бэлтгэлдээ итгэж, ямар нэг аргаар даваад гарна гэдгээ бодох нь чухал санагддаг.

Хоёрдугаарт, хүн бүр өөрийн гэсэн онцлогоо олох нь чухал. Заримдаа хэцүү ажлыг гардаад авах л хэрэгтэй. Миний хувьд ихэвчлэн хүмүүсийн тэр бүр авахыг хүсдэггүй хүндхэн ажлуудыг хариуцахыг эрмэлздэг байлаа. Ямар ч ажилд хожигдол гэж үгүй. Чи хийж чадахгүй бол хүмүүс түүнийг хэцүү ажил байжээ л гэж бодно. Харин хийж чадвал хүмүүс чамайг сайшаан магтана. Мэдээж ямар ч ажлаа хамтран ажиллагсдын маань хүчин чармайлтгүйгээр төсөөлшгүй шүү дээ.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ? - “Оюу толгой” компанийн Гүний уурхай төслийн захирал Жак Ван Тондер

Д.Төмөртогтох - "Framestore" студийн визуал эффект хөгжүүлэгч инженер (Pipeline technical director)


14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Өөрийнхөө хүсэл тэмүүлэл болон чин сэтгэлээсээ хийх дуртай зүйлээ мэддэг байгаарай. Тэгээд түүндээ таарсан сонголтоо хийж, нэгэнт шийдвэр гаргасан бол зөв, буруугаас үл хамааран хариуцлагаа үүрэх чадвартай байгаасай.

Юу хийх нь, хаа хүртэл явах нь, тэр байтугай үнэхээр бүтэлтэй болох эсэх нь тийм чухал биш дээ. Гол нь л аливаа зүйлийн төлөө ганхалгүй эрс шийдвэр гаргаж, зорилгодоо хүрэхийн тулд биеэ дайчлах юм. Чадахгүй бүх юмаа оролдож, чаддаг болохын төлөө тэмцээд явах сайхан. Тэгвэл илүү жаргалтай, харамсахгүй амьдрах байх.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ? - "Framestore" студийн визуал эффект хөгжүүлэгч инженер (Pipeline technical director) Д.Төмөртогтох