"Unread Wrapped" шинэ жилийн цуврал контентын ээлжит дугаар 2024 оны онцлох номуудаар үргэлжилж байна. Жил бүрийн төгсгөлд бид уншигч, зохиолчид болон номын ертөнцийнхний санал бодлыг нэгтгэж, тухайн оны мартагдашгүй, онцлууштай номуудыг эргэн дурсдаг уламжлалтай. Бид энэ удаа ч мөн уламжлал ёсоороо номын хорхойтнуудыг контентдоо урьж, тэдний хувьд энэ оны хамгийн онцлох, сэтгэлд нь тод үлдсэн ном юу байв? Чухам яагаад тэр вэ? хэмээн асуусан юм.  


Уншигч та ч мөн энэ асуултад хариулаарай. Таны хувьд улиран өнгөрч буй оноос хамгийн онцлох номоор хэний, ямар бүтээлийг нэрлэх вэ?


1. Эмгэнэлт онгодууд: Орчин цагийн Монгол дахь бөө мөргөл, дурдатгал, хүйс- Б.Мандухай /Tragic Spirits: Shamanism, Memory, and Gender in Contemporary Mongolia/

Арваад жилийн өмнө хэвлэгдсэн энэ ном яах аргагүй миний өнгөрч буй оныг тодорхойллоо. Удахгүй манай хэвлэлийн газраас монгол хэлээр гарах тул ажлын шаардлагаар ч тэр, анхнаасаа хэд хэдэн өнцгийг нь онцолж сонгосон амин хувийн шаардлагаар ч тэр жилжингээ уншлаа л даа. Манай ард түмэн хэзээ ч зовлон зүдгүүр туулаагүй мэт, үндэстний шарх сорви үгүй мэт хачин улс. Бидэнд хамтын дурсамж хүртэл үгүй мэт.

Хамгийн ойрын түүхэн явдал болох 1990 оны ардчилсан хувьсгал, 1990-ээд оны ороо бусгаа үеийг ч гойд ойшоодоггүй. Гэтэл түүх өөрийг өгүүлдэг. Үүний шалтгаан юу юм бол? Энэ мэт асуултын хариуг "Эмгэнэлт онгодууд”-аас авсан шүү. 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтээр нас барсан бөө болон бөө болох ёстой хүмүүсийн буюу эмгэнэлт онгодуудын сүнсийг амраахаар зорих хэсэг хүн. Гэвч тэд зөвхөн сүнсний амар амгалангийн төлөө ч яваа юм бус. Одоодоо тулгарч буй зовлонгийн шалтгааныг эмгэнэлт онгодуудтайгаа холбон ойлгож яваа. Зохиолчийн эшилснээр бол “Зовлондоо (өвчиндөө) утга учир оруулах нь түүнийгээ хөнгөн гэтлэх арга”.

Ер нь үндэстний дурсамжийг ямар аргаар хадгалж үлддэг юм бэ? Буриадынхны үзэж буйгаар ороо бусгаа цаг үед угсаа гарвал, зан заншил, үүх түүхээ буюу ой дурсамжаа бөө мөргөлийн хэлбэрээр (бараг аман түүх ч байж магад) дамжуулж явж. Гэтэл хэлмэгдүүлэлтийн үед тэднийг нь устгачихлаа. Бөөг устгах чинь зөвхөн бөө хүнийг хөнөөсөн хэрэг биш болж таарлаа гэх зэргээр олон юм бодууллаа. Ерөнхийдөө өнгөрөгч зууны зурвас үе, 1990-ээд оны эхэн үеийн нийгмийн талаар бодох боломж олголоо. Бидний ой дурсамжаас зориудаар арчсан үүх түүх рүүгээ өнгийх цаг болжээ.



1. Astrophysics for people in a hurry- Нил деГрасс Тайсон

Нил деГрасс Тайсоны “Astrophysics for people in a hurry” буюу “Адгуу хүмүүст зориулсан астрофизик” ном нь сансар огторгуйн агуу хэм хэмжээ, нууцлаг байдлыг богино хугацаанд, ойлгоход хялбар хэлбэрээр танд танилцуулах гайхалтай бүтээл. Их тэсрэлт, хар нүх, харанхуй матери, харанхуй энерги гэх мэт ойлгоход төвөгтэй сэдвүүдийг энгийн жишээ, энгийн үгээр маш ойлгомжтойгоор тайлбарлана. Шинжлэх ухааныг сонирхдог ч нарийн онол уншиж цаг зарцуулах завгүй хүмүүст их тохиромжтой.

Н.Тайсоны өөрийнх нь өвөрмөц уран сэтгэмж, цаанаа л нэг найрсаг бөгөөд энгийн бичвэр нь уншигчдад ямар ч дарамтгүйгээр астрофизикийн гол ойлголтуудыг дөхөм болгож өгнө. Энэхүү номыг уншсаныхаа дараа та тэнгэр ширтэхдээ илүү өргөн цар хүрээнд сэтгэж, орчлонгийн гүн гүнзгий мөн чанарыг тунгаан бодох эргэлзээгүй. Космост бидний эзлэх байр суурь, амьдралын утга учир, үнэ цэнийг нэгэн шинэ, содон өнцгөөр эргэцүүлэхийг хүсвэл энэхүү номыг уншаарай гэж зөвлөе.

2. Гурван биет- Лю Цы Синь

Лю Цы Синь зохиолчийн “Remembrance of Earth's Past” буюу “Дэлхийн түүхийн дуртгал” цувралын эхний боть нь “Гурван биет”. Физик болон одон орон судлалд гурван биетийн харилцан үйлчлэл гэдэг их сонирхолтой сэдэв. Сансарт дангаараа оршдог одод тийм ч элбэг биш. Тэр утгаараа манай Нар маань ховорхон тохиодог зүйл байгаа юм. Ихэнх оддын систем хос оддоос бүрддэг. Тэр тогтоц нь ч их тогтвортой. Олон гаргуудтай байх боломжтой.

Харин гурав буюу түүнээс дээш одод нэг дор оршоод эхлэхээр систем нь тогтворгүй болж эхэлдэг. Манай галактикт хамгийн ихдээ 6 одны систем ажиглагдсан байдаг. Тийм тогтворгүй системд буй одод өөр хоорондоо мөргөлдөнө, хавиралдана, нэгнийгээ хол шидэж хаяна. Татах хүчний хамаа замбараагүй орчин үүснэ. Азаар бий болсон гаргууд нь энэ үймээн дунд аль нэг одонд залгиулах нь цаг хугацааны асуудал. (Тэгэхээр Эрхий мэргэн маш чухал үйлдэл хийсэн байгаа юм.) Гаргуудынх нь оршин тогтнох энэ богино хугацаанд хэрэв ямар нэг амьд биетүүд бий болсон байвал тэдний хатуу хөтүү, эрс тэрс уур амьсгалд дасан зохицох чадвар гайхалтай хөгжингүй байж таарна. Үргэлжийн байгалийн гамшгийн аюул дунд амьдрах тул тэд зохион байгуулалт сайтай байх шаардлагатай. Тэдний нийгэм хатуу дэг журамтай байна.

Зовлонг нь бий болгоод байгаа олон одны системээ сайтар судлах шаардлагатай болно. Улмаар шинжлэх ухаан нь богино хугацаанд үсрэнгүй хөгжинө. Тэгээд өөр гэр орон хайх аяллаа аль болох хурдан эхлүүлнэ. Тэдний хувьд Дэлхий шиг гараг бол диваажин. Манай Нарнаас хамгийн ойр од болох Проксима биднээс 4 гэрлийн жилийн зайд Альфа Центавр хэмээх 3 одны системд оршдог. Нэг гарагтай. Гараг дээр нь шинэ орон гэр хайж буй дэвшилтэт иргэншил байж таараад, бидний орогноод байгаа энэ диваажин гаргийн талаар олоод мэдчихвэл яах бол? Бид тэднээс өөрсдийгөө хамгаалж чадах болов уу? Өөр хоорондоо тэмцэлдэн арваганалдах бус, өрөөл нэгний хөнөөлт заналхийлэлтэй нүүр тулахад хүн төрөлхтөн ямар зан авир гаргах бол? Бид одоогоос 200 жилийн дотор хэр хурдацтай хөгжиж чадах бол?

Энэ бол ердөө Гурван биет цувралын эхлэл. Цаашлаад хүн төрөлхтний олон сая жилийн ирээдүйг зөгнөн хүүрнэсэн шинжлэх ухааны гайхалтай зохиол. Шинжлэх ухаанч, одон оронч хүний хувьд хүртэл өмнө нь төсөөлөгдөж ч байгаагүй содон санаануудыг гаргаж чадсан. Танд ч бас таалагдана гэдэгт итгэлтэй байна.



1. Тэнгэрлэг туульс-Данте Алигьери

UNREAD уншигч та бүхний шинэ оны уншлагад улиран одож буй 2024 онд соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгааны орчуулгаар цоо шинээр (анхны орчуулга Ц.Хасбаатар) монгол хэлнээ орчуулагдан гарсан Италийн сонгодог яруу найргийн бүтээл болох Данте Алигьеригийн "Тэнгэрлэг Туульс"-ыг санал болгож байна. Миний бие өнгөрсөн жил Кэмбрижийн Их Сургуульд өрнө дахины уг сонгодог бүтээлийн талаар Скотт Аннет профессорын заасан тусгай хөтөлбөрт хамрагдахдаа анх удаа уншсан бөгөөд төдийг хүртэл Дантег уншилгүйгээр Пикассогийн зургийг ч дутуу ойлгож, Достоевскийн Карамазовын хөвүүдийг ч хагас дутуу уншиж явсан мэт сэтгэгдэл төрсөн билээ.

Дэлхийн уран яруу үгэн урлагийн нэгээхэн ноён оргилд зүй ёсоор тооцогддог "Тэнгэрлэг туульс" оюун санаа, зөв ба буруу, чин сэтгэл ба гэм нүгэл гээд мөнх бус хүмүүний амьдрал, хувь заяаг бурхан чөтгөр, буян нүглийн заагт эргэцүүлж, шинэ оны гараанд ертөнцийг үзэх үзлээ эргэн нэг харах боломжийг танд олгоно гэдэгт итгэлтэй байна.

Монголчууд бид XX зуунд орчин үеийн өрнийн утга зохиолын орчуулгын сан хөмрөгөөр баяжсан авч тухайн бүтээлүүдийн агуулгыг өрнийн шашин соёлын ай савд буулгаж ойлгох, тэр дундаа ёс зүйн утга агуулгыг амьдралд тусгаж соён гэгээрэхүйн хувьд өнгөц ханддаг талтай. Д.Цахилгааны орчуулсан "Тэнгэрлэг туульс", мөн түүний орчуулгаар бүрэн эхээрээ монгол хэлнээ хэвлэгдсэн Хомерын Илиада, Одиссей хоёр туульсын найраглал цөм тэрхүү дутууг гүйцээж, дундуурыг нөхөхөд томоохон үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.



1. Nexus- Юваль Ноа Харари

Nexus гэж үнэн гоё утгатай үг юм. Гинжин хэлхээний төв, шүтэлцээ, холбоос, холыг ойртуулж, хоёрыг холбоно гээд уянгалуулан орчуулж болох. Сүүлийн 100 мянган жилийн турш хомо-сапиенс буюу орчин үеийн хүний өвөг асар том өвийг бүтээж, том хүчийг өөртөө хуримтлуулан агуулж чаджээ. Гэвч тэр олон нээлт, шинжлэх ухааны ололт, технологийн дэвшлийг эс тооцвол энэ бүхэн нь эргээд хүн төрөлхтнийг үгүй хийх урьдач нөхцөлийг бүрдүүлж, хаа сайгүй улс төр, эдийн засаг, нийгэм, байгаль орчныг хямралыг үүсгэв. Одоо бүр хиймэл оюун ухаан гээд хүний оршихуй, эс оршихуйг ч шийдэж магадгүй хүчин зүйлс гарч ирэв.

ДНК-г тайлж, сансар огторгуйг эзлэхээр зэхэж буй хүн үнэхээр л ухаалаг амьтан мөн юм бол яагаад өөрсдийгөө үгүй хийх зүйл сэдэж, яагаад хоорондоо дайтаж, бие биеэ хядаж, яагаад өөрсдийнхөө амьдран буй орчныг сүйтгээд байгаа юм бэ? Бид яг хэн юм бэ, хэн болохыг хүсээд байгаа юм бол оо? Энэ бүх асуултад Харари сүүлд гаргасан номоороо дамжуулан хариулт өгөхийг хичээжээ.

2. Emperor of the Seas: Kublai Khan and the Making of China-Жэк Уэтерфорд

Хубилай хааны удирдаж байсан тэнгисийн хүчин, түүний эрхшээлд байсан боомтуудыг одоогийн газрын зурагт буулгавал үнэхээр гайхмаар юм аа. Сахалины арлаас эхлүүлээд Оросын дагуух Номхон далайн бүхий л бүс нутгууд, Ойрх Дорнод дахь Ираны Хормуз арлаас эхлээд Персийн булан тэр чигтээ, Иран ба Арабын орнуудын бүс нутаг буюу одоогийн Оман, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират бүгд Далай хааны мэдэлд байжээ.

Одоогийн Дубай зэрэг хот чинь манай нэг боомт шахуу хот байсан юм уу даа. Хамгийн гол нь Тэнгисийн энэ том хүчийг өмнө нь хэн ч байгуулж удирдаж байгаагүй, одоо ч хэн ч барьж чадаагүй байна гэж Жак гуай мэтгэжээ. XXI зуунд Хятад Улс тэнгисийн хүчээрээ дэлхийд тэргүүлэх болсон. Түүнд гайхах юм байхгүй. Үүний суурийг тэртээ олон жилийн өмнө Монголчууд тавьж өгсөн юм гээд энэ ном эхэлж байна.

3. The Power of Us- Доминик Ж.Пакер, Жэй Ж.Ван Бавел

Хүмүүс өөрсдийгөө нийтлэг хувь тавилантай гэдгээ хүлээн зөвшөөрөх үед хамтран ажиллаж чаддаг. Хэн нэгэнд итгэж болох эсэхээ шийдэх олон арга бий. Хоёр биеэ таньж мэдэхэд хангалттай удаан хугацаанд харилцаатай байх нэг арга байна. Хууль ёсны гэрээ хийх бас нэг арга байна. Харин гурав дахь нь нэгдмэл танигдахуйтай (shared identity) байх юм. Энэ номын надад хүрсэн гол “мессеж” нь манлайлалтай холбоотой байв.

Хувь хүнд чиглэсэн манлайлал нь тухайн хүн өөрийн “сүргээ” бий болгож, улмаар вакумд орж нийгмээсээ тасардаг бол аливаа бүлэгт чиглэсэн манлайллын үед тухайн хүн эв санааны нэгдэлтэй, бүлэг нийтээрээ нийтлэг зорилгын төлөө чиглэсэн хүчтэй нийгмийн танигдахуйг бий болгохыг зорьдог. Иймээс бүгдээрээ би биш “БИД” гэж ярьж, бичиж, ажиллаж, амьдрах ёстойг энэ ном өгүүлнэ.



1. Winning with Honour – Лим Сионг Гуан

Ли Куан Югийн нэрэмжит Нийтийн бодлогын сургуульд суралцах үед 20 гаруй орны төрийн алба, иргэний нийгэм болон улсын байгууллагад ажилладаг мэргэжилтнүүдтэй нэг анги болж байв. Тэр дунд Сингапурын төрийн албанд ажилладаг ангийнхан маань онцгой ялгарна. Би тэднийг хөдөлмөрч, шаргуу, даруу гэж тодорхойлох дуртай. Шинэ мэдлэгийг хичээнгүй эхнээс нь судална, ажил, амьдрал, нөхөрлөлийн ямар ч асуудалд чин сэтгэлээсээ хандаж, зохих ёсоор гүйцэтгэнэ, бусдаас илүү мэддэг бол зааж, зааварлах бус ярилцаж, хуваалцана, дулимаг бол үнэнчээр сонсоно.

Энэ чанар нь хувь хүний онцлог бус нийтээрээ сингапур хүний шинж ажээ гэдгийг тэнд амьдрах хугацаандаа анзаарч, мэдэрсэн ч Лим Шионг Гуан эрхмийн “Winning with Honour” номоос илүү ойлгов. Лим Шионг Гуан бол Сингапурын төрийн албыг тэргүүлж асан, Ерөнхий сайдын алба, Засгийн газрын түвшинд олон жил ажилласан, тэр дундаа Сингапурын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг тэргүүлэн ажиллахдаа энэ улс хэрхэн олон улсын бизнесийн төв болох вэ гэдэг стратегийг гаргаж, хэрэгжүүлсэн эрхэм.

“Winning with Honour” номдоо хувь хүн, хамт олон, нийгэм бүхэлдээ хариуцлагатай, итгэл даасан, үнэнч байх аваас тэр өрөө улс үндэстнийг илтгэх брэнд болдог, Сингапурын “Nation Branding” нь хэрхэн энэ замаар дэлхийн хамгийн хүчирхэг улс, үндэстний брэндинг болсон бэ гэдгийг тайлбарлажээ. Монгол Улс маань сүүлийн жилүүдэд улсаа таниулах брэндинг идэвхтэй хийж байгаа энэ үед улс, үндэстний брэндинг нь бусдад яаж харагдах өнгөнөөс илүү улс, нийгмээс эхлээд хувь хүн бүрийн шинж байдал, мөн чанарт хэрхэн шингэдэг вэ, түүнийг яагаад, яаж бий болгох вэ зэрэг олон асуулт энэ номыг уншихад төрнө.

Гэхдээ хувь хүний түвшинд ч “honour” гэх ойлголтын тухай олон эргэцүүллийг хуваалцах тул заавал өргөн хүрээний гэж бодолгүй барьж аваад уншихад сонирхолтой шүү. Дараах эшлэлийг хуваалцвал арай илүү ойлгомжтой байж мэднэ.

“Honour is something we offer someone, whereas trust or respect is our reaction to someone.”

2. The Burn Book – Кара Свишер

Кара Свишер бол энэ цагийн хамгийн алдартай технологийн сэтгүүлч. Тиймээс энэ онд шинэ номоо гаргах тухай нь дуулаад урьдчилан захиалж, догдлон хүлээж авч байв. Интернэт гэх зүйл нийтийн хэрэглээнд нэвтэрч эхэлсэн 1990-ээд оны үеэс л технологийг дурлан сурвалжлахдаа энэ салбарын нийгмийн нөлөөлөл, салбарын тоглогчдын алдаа, оноо, дуулиан, хуйвалдаан гээд бүгдийг тэр харж, мэдээлж иржээ. Илон Маскийг ширүүхэн асуултаар булж, Марк Закербергийг хөлс нь гартал сандаргаж чаддаг Караг Цахиурын хөндийн хүчтэй шүүмжлэгч гэдэг. Харин тэр өөрөө технологид асар дуртай, хайртай учраас энэ салбарыг шударгаар сурвалжилдаг гэдэг. Энэ бүхнийхээ тухай, 30 жилийн түүхээ хувь хүний намтартайгаа уяж маш илэн далангүй бичсэн нь уншихад сонирхолтой байлаа.

Технологийн салбар гэдэг зүгээр л нэг шинэ апп, төхөөрөмж гарлаа гэдэг мэдээ төдий бус түүнийг бүтээж, түгээхэд нийгэм, эдийн засгийн хувьд ямар нөлөөлөл байна, аюулгүй байдал, хууль эрх зүй, хувь хүн, олон нийтэд хэрхэн нөлөөлөх вэ гэхчлэн асуудлыг углуургаар нь, маш ул суурьтай авч үздэг тул энэ номыг уншихад үнэхээр цараа тэлнэ.


1. Хайр: Цэгцрээгүй сэтгэл- Ричард Давид Прехт

Германы философич Ричарч Давид Прехтын 2008 онд хэвлүүлсэн "Хайр: Цэгцрээгүй сэтгэл" номыг онцолж байна. Энэ жил уншсан номуудаас "Хайр"-ын талаарх хамгийн олон талт, цогц агуулгыг олгож чадсанаараа онцлог ном байв. Энэ ном ямар ч хайрын "нууц жор"-ыг хэлж өгөхгүй. Мөн хэрхэн заяаны ханиа олох, эсрэг хүйстнээ өөртөө татах зааврын талаар дурдаагүй. Харин "Хайр хаанаас үүсээд хаашаа алга болдог вэ?" гэх асуултад философи, биологи, тархи судлал, сэтгэл судлалын шинжлэх ухаанд хэрхэн судлагдаж байсан тухай, урлаг, уран зохиолд гардаг сонгодог хайрын түүхүүд болон дүрүүд нь бодит амьдралтай яагаад уялдан холбогддог талаар тун нарийн өгүүлнэ.

Хүн бүр дотроо эргэцүүлдэг, хоорондоо ярилцдаг ч яг баттай хариулт олж чаддаггүй энэ гүн гүнзгий сэдвийг хөндсөн уг номыг амьдралынхаа хамгийн хэцүү үйл явдалтай нүүр тулсан, эмх цэгцгүй үедээ уншсан нь өөрт тохиолдсон явдлыг хүлээн зөвшөөрөхөд дэм болж, нэг талаар эдгэрэхэд минь тусалсан.

2. Цагаан хоолтон-Хан Ган

Энэ жилийн утга зохиолын Нобелийн шагналыг хүртсэн анхны ази эмэгтэй зохиолч Хан Ганы "Цагаан хоолтон" романыг онцоллоо. Өмнө нь түүний "Хөвгүүн ирлээ" роман, "Миний бүсгүйн үр жимс" өгүүллэгийг уншиж байв. Бага насны охиноос нас биед хүрсэн эмэгтэй хүн болон хувьсан өөрчлөгдөх процесс нь хувь хүний хувьд амьдралын хамгийн чухал мөчлөг байдаг. Тэр л мөчлөгт эмэгтэй хүн бие махбод болоод сэтгэл, сэтгэл зүйн хувьд юуг хэрхэн даван туулдгаа тэр бүрчлэн дэлгээд байдаггүй. Эмэгтэй хүний дотоод сэтгэлийн бараан тал, эргэн санахыг хүсдэггүй дурсамж, эмзэг мэдрэмжийг дэлгэн бичсэн нь "Цагаан хоолтон" романы гол амин сүнс байв.

Энэ номыг эмэгтэй хүний хийсвэр, төсөөллийн ертөнцөд өрнөж буй өвөрмөц, содон үйл явдлуудын цуглуулга гэж харахаас илүү эцэг эхээс үр хүүхдэд гинжин хэлхээ мэт дамждаг гэр бүлийн хатуу дүрэм журам, дэг жаяг, хүмүүжлийн хэлбэрүүд тухайн хувь хүнийг өсөж торних, өөрийгөө бүтээх явцад хэрхэн нөлөөлж, хор уршиг тарьдгийг хүүрнэж чадсан үнэн эмзэглэл, хөндүүртэй зохиол гэж дүгнэх нь зүйтэй болов уу.



1. Pedagogy of the Oppressed- Пауло Фрейри

“Боловсрол бол эрх чөлөө” хэмээн тунхагласан Бразилийн хүний эрхийн төлөө тэмцэгч, Боловсролын философич Пауло Фрейритэй анх боловсролын философийн хичээл дээр танилцаж байлаа. П.Фрейри орчин цагийн багш сурагчийн “толгой дотор мэдлэг хүчээр хийж өгдөг” боловсролын системийг “банканд орлого хийх” системтэй жишин шүүмжилдэг бөгөөд боловсрол бол дарангуйлагдаж, эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийг оюун санааны бүрэн эрх чөлөөнд хүргэх үндсэн зорилготой гэж үздэг.

“Pedagogy of the Oppressed” бол боловсрол, нийгмийн тэгш бус байдлын холбоо хамаарлыг харуулж, боловсролыг зөвхөн “сайн багш”, “сайн сургууль”, “сайн хөтөлбөр”-ийн хүрээнд хязгаарлах бус, харин боловсролын систем нь нийгэм өөрөө өөрийгөө харгис, хүмүүнлэг бус, дарангуйллын төлвөөс хүн бүр “authentically human” байж болох нийгэм болгон хувирган бүтээх гол хөдөлгөгч хүн гэж тодорхойлдог. Номын мөр бүрийг дахин, дахин уншаад ч бүрэн ойлгож чаддаггүй энэ нимгэн бүтээлийг бүтэн жилжин шимтэн хугаслаж уншаад ч үл барна. Уншигч та уншиж эхлээд “би эрх чөлөөтэй хүн үү, дарангуйлагдсан хүн үү?” нухацтай бодохоос аргагүй болно.

2. Зүрх сэтгэлээ хүүхдэд зориулна-В.А.Сухомлинский

“Хүмүүжил гэдэг бол юун түрүүнд хүн судлал юм. Хүүхдийн тухай, тэдний сэтгэц, оюуны хөгжил, хүсэл сонирхол, төрөлх авьяас чадвар, онцлогийн тухай мэдлэггүй бол хүмүүжүүлэгч биш.” ЗХУ-ын алдарт сурган хүмүүжүүлэгч, багш В.А.Сухомлинскийгийн бичсэн энэ номд шинжлэх ухааны нэг ч зүүлт байхгүй ч түүний хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх явцдаа хийсэн ажиглалт, гаргасан дүгнэлтүүдийг өнгөрсөн 50 жилийн шинжлэх ухааны ололтууд нэг нэгээр нь батална.

Бид нар “соц үеийн боловсрол” гээд тодорхой ойлголттой байдаг ч Оросын нэрт сурган хүмүүжүүлэгч тэрбээр туйлын хүмүүнлэг, хүүхэд төвтэй, хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээ шаардлагыг нэгт тавьдаг үзэл санаатай эрдэмтэн байжээ. Түүний сургаал, эрдмээс Монголын сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчид ихийг сурах боломжтой. Уг номыг 1982 онд Монгол хэлнээ хэвлүүлсэн тул хуучин номын дэлгүүрүүдээр элбэг олддог.



1. Гүйлтийн талаар хөөрөлдөхөд миний хэлэх үг- Харүки Мүраками

Тэр монголчуудын хувьд сонин биш болтлоо уншигдаж, массын зохиолч гэж хэлэгдэх хэмжээнд оччихоод байгаа хүн. Тийм хэдий ч бичих үйл, марафоноор хичээллэсэн адал түүх хоёроо зэрэгцээ шугамаар хүүрнэсэн намтар ном нь 2024 онд О.Жаргалсайханы орчуулгаар хэвлэгдээд олны анхаарлыг төдийлөн татсангүй. Номд дараах хоёр асуултын хариулт сонирхолтой хэлбэрээр бичигдсэн учраас онцолж байна:

1. Мүраками яагаад мэргэжлийн зохиолч мөн бэ?

2. Бичнэ хэмээх нь спортод дасгалжихын адил хэрхэн амьдралын хэмнэл, зүрх зориг, тэвчээр шаарддаг ажил (буюу хөдөлмөр) вэ?

Ерөөсөө Мүракамийн талаар Монголд хамгийн сайнаар ярьж чадах гайхалтай орчуулагч бол О.Жаргалсайхан. Мүраками намтар бичихдээ ч далд, ёгт арга хэрэгсэл ашиглахаас татгалзаагүйг О.Жаргалсайхан чадмаг илэрхийлсэн ба унших, бичихийн тухай жаахан ч болов бодож үздэг бүх хүнд анзаарч түүвэл нэмэр тусын “сувд” олон байна билээ.

Харүки Мүраками зохиолч болох авьяасгүйгээ хүлээн зөвшөөрч, марафонд гүйхэд дасгалжсаны адил хэрхэн хөдөлмөрлөснөө улайсан байж ч мэднэ шүү.

2. Зөвхөн хайр- Б.Батрэгзэдмаа

2024 оны хоёрдугаар сард Б.Батрэгзэдмаа тэнгэрт хальсан нь, Монголын номын ертөнцөөс нэг аварга автор хэвлэн нийтлэгчдэд бүхнийг даатгаад, үзгээ үүрд тавьсан явдал юм. Түүний “Очир эрхшээгч” романыг уншсан бол ямар хэмжээний оюун санаа бидний дунд алхаж явсныг гэрчлэх болно. Тэр агуу бас адармаатай хүн байсан. Тийм учраас бичсэн нь хэвлэгдэх, дахин шинээр нээгдэх, үнэлэгдэх үйл явц ертөнцийн жамаар одоо л эхлэх гэж байна.

Б.Батрэгзэдмаа нас барахын өмнө “Улбар” хэвлэлийн газартай хамтын ажиллагаа эхлүүлээд байв. Энэ үүднээс асар том үүрэг “Улбар”-т очсон. “Улбар” зохиолчийн амьд ахуйн хүсэлтээр “Зөвхөн хайр” шүлгийн түүврийг нь шинэ оны босгон дээр уншигчдын хүртээл болголоо.

1. Энэ бол Б.Батрэгзэдмаа дахин нээгдэх, үлэмж ач холбогдол бүхий цаг хугацааны эхлэл

2. "Монголын номын ертөнц дэх нэгэн аварга автор"-ыг төлөөх дурсгал учраас “Зөвхөн хайр”-ыг 2024 оны хэмжээнд эргэлзээгүй онцлов.



1. The Universe in Verse-Мария Попова

Энэ онд уншсан номуудаас онцолмоор байгаа ном бол өөрийн бичвэрүүдээрээ шинжлэх ухаан, философид нэвтэрч үнэний эрэлд гарахыг зорьдог “The Marginalian” вэбсайтын үүсгэн байгуулагч Мария Поповагийн хамгийн сүүлд гаргасан “The Universe in Verse” гэх ном. Энэ номд хүн өөрийн оршихуйгаа сониучирхал, хүндлэлээр дүүрэн нүдээр харах тухай, нэгэн цагт цэцэгс ургаж төлжөөгүй бол бид ч байх боломжгүйн тухай, хорвоогоор нэг эгшиглэх симфонийг олж сонсох тухай, оддоос түр зээлдсэн тоосоо эргүүлж өгөх үед бие цогцсыг минь хөгшин мод, шувуу, өвс, царцаа болгож чадах, дэлхий ертөнцийг бүхэлд нь хучин эзэгнэсэн тэр л төрөл зүйлийн тухай бичвэр, шүлгээр дамжуулан өгүүлдэг.

Сансар огторгуйн аугаа их цэцэрлэгт оддын аймгууд дэлгэрч буй ганц цэцэг нь л байж гэдгийг Эдвин Хаббл анх мэдэхдээ юу мэдэрч байсан бол? Юм бүхэнд оршдог нууц зүй тогтол гэж бий юу? Түүнийх нь зах зухаас Эмми Нойтер гэгч математикч бүсгүй хэрхэн барьц авж байв? Вояажер 1, 2 гээч ихэр хоёр “шүлэг” дөрвөн зууны өмнө Галилеогийн зурвасхан харсан бүдэг цэгүүдийн зургийг тод томруунаар бидэнд авч харуулсан.

Тэгэх тэгэхдээ дэлхийн эгэл даруухнаар хөвөн яваа хөргийг ч мөн буулгасан. Эрхэм сансар судлаач Карл Саганы “Бүдэг цэнхэр цэг” хэмээх яриаг сонсож, тэрхүү зургийг нүдээр үзсэн, манай гарагийн нэрт яруу найрагч Маяа Анжелоу энэ тухай шүлэгтээ юу гэж тэрлэв? Яруу найргийн өвч зөөлөн талыг шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн хатуу логиктой хольвол юу болохыг энэ ном харуулж чадна гэж бодож байна.

2. Ergens in de sneeuw-Линде Фаас

Нидерландын зохиолч, зураач Линде Фаасын 2022 онд гаргасан энэ зурагт номд ганцаардал, бүтээлч байдал, онцгой мөчид хайртай дотны хүнтэйгээ цуг байхын үнэ цэнийн тухай өгүүлдэг. Ажил ихтэй завгүй аавыгаа хүлээн ганцаардах Софи охины хөршүүд бүгд гэр бүлээрээ сүлд модоо чимэглэн баярын уур амьсгалтай байх аж.

Софи харин гэртээ ганцаар байхаас залхаж адал явдлын эрэлд гарахдаа нэгэн хандгайтай танилцдаг. Түүнийг даган нүүр нүдгүй шуурах цасан дундуур туучсаар хязгааргүй мэт цасан цагаан сүрлэг ойн гүнд ирнэ. Тэнд хамгийн бяцхан хуш модыг хараад ойн амьтадтай нийлж самар, мөчир, жимс, өд, сөдөөр чимэглэж өгдөг. Гэсэн ч Софигийн дотор цаанаа л гунигтай байх бөгөөд өөрөө яагаад гэдгээ ч мэддэггүй. Ингээд эцсийн мөчид аав нь Софи болон амьтад дээр гоонь модыг чимэглэх бяцхан баярыг нь хуваалцахаар ирнэ. Энэ л Софигийн дутаад байсан тэр л хоосон зайг хайраар дүүргэж чаддаг.

Энэ ном амьдралын онцгой, содон мөчүүдэд хайртай нэгнийхээ дэргэд л байхад өөр бусад зүйлс нэг их хамаагүй байдгийг надад сануулсан юм. Бичвэрээс гадна Линде Фаас өвлийн ой тайгын сүрлэг сүнслэг байдлыг, хойд туйлын туяа, амьтдын амьдралыг өөрийн зургийн чадвараараа гарамгай гэгч нь харуулжээ. Зурагт ном үг, бичвэрээс гадна зургаар өөр нэгэн утга, мэдрэмжийг илэрхийлж уншигчид өгч байдаг болохоор энэ номны сүнслэг мэдрэмж нь сэтгэлийг минь их татсан.

Туйлын туяа хамаг үзэсгэлэнгээ тэнгэрт бүжин харуулах ч хайртай нэгэн чинь дэргэд байхгүй бол хэчнээн уйтай билээ дээ? Тэдэнтэйгээ байгаа мөч бүрээ ширхэглэн анзаарч талархахыг надад энэ ном сануулж энэ оны онцлох ном минь болж байна. Энгийн мэт санагдах боловч хэзээ ч зогсохгүй цаг хугацааны нугачаан дунд бидэнд байх цор ганц зүйл одоо цаг, энэ л мөч шүү дээ. Гэр бүл, үнэ цэнтэй хүмүүстэйгээ энэ мөчдөө жинхнээрээ, үнэнээрээ хамт байхад л тэнд хэзээ ч харамсахгүй өнгөрүүлсэн “үүрдийн” амьд мөч оршдог биз ээ.

Өмнөх оны нийтлэлүүд:
2015 оны шилдэг номууд
2016 оны онцлох номууд
2017 оны онцлох номууд
2018 оны онцлох номууд
2019 оны онцлох номууд
2020 оны онцлох номууд
2021 оны онцлох номууд
2022 оны онцлох номууд
2023 оны онцлох номууд

Unread Wrapped 2024 цуврал нийтлэл:

- Оны онцлох аппууд
- Би хэрхэн ажилладаг вэ? - Тусгай дугаар
- Оны онцлох стартапууд
- Оны онцлох номууд
- Оны онцлох кинонууд
- 2024 онд биднийг чимсэн онцлох 24 нийтлэл
- Атаархлын жагсаалт: 2024 оны онцлох нийтлэлүүд
- 2024 оны онцлох үйл явдлууд
- 2025 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд