Өндөр жил өндөрлөж, ээлжит “Атаархлын жагсаалт”-аа нийтэлж байна. 2016 оноос эхэлсэн уг жагсаалтаараа тухайн онд мэргэжлийн редакцуудын бүтээсэн шилдэг нийтлэлүүдийг сэргээн санаж, алдаршуулахын зэрэгцээ чанартай нийтлэл хайж байгаа уншигч нартаа санал болгодог уламжлалтай. 

Бид энэ жил нийт долоон төрөлд тус бүр гурав, нийтдээ 21 нийтлэлийг онцоллоо. Мөн дурдахгүй өнгөрч үл болно хэмээн 19 нийтлэлийг алдаршуулж байна. Богино контентууд эрчийг авч, “уншдаг хүн ховордсон” гэх тодотголтой энэ цаг үед бичих, унших соёлыг хамгаалж байгаа сэтгүүлч, сурвалжлагч, редакцууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та бүхэн супер шүү. 

nytimes.com: Making House Calls to Mongolia’s Herders

Чухал агуулгыг ойлгомжтой, цэгцтэй байдлаар монгол хэлээрээ бичнэ гэдэг нэг хэрэг. Харин түүнийг хоёрдогч хэл дээрээ бичээд зогсохгүй гаднын тэргүүлэх редакцуудын шалгуурыг давж нийтлэгдэнэ гэдэг тийм ч амар биш. Монголд болж буй олон чухал үйл явдлыг англи хэл дээр бичиж, дэлхийн уншигчдад хүргэдэг Б.Халиуны ээлжит нэгэн нийтлэлийг онцоллоо. Тайгын малчин айлуудад эмнэлгийн тусламжийг хүргэдэг Г.Шүрэнцэцэгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?

Бүрэн эхээр нь унших

jacobin.com: Mongolia’s Neoliberal Turn Has Been an Ecological Disaster

Өнгөрсөн өвөл болсон зуд дэлхий нийтийн анхаарлыг татав. Гаднын томоохон редакцууд энэ талаар бичиж нийтэлсэн нь элбэг. Энэ дундаас зүүний үзэл баримтлалтай нийтлэлүүдээр дагнадаг Jacobin сайтад хэвлэгдсэн “Монголын неолиберал шилжилт экологийн гамшиг байлаа” нийтлэлийг онцолж байна. Уг нийтлэлийг Universität Trier-д докторын түвшинд суралцаж буй Манлай бичжээ.

Бүрэн эхээр нь унших

unuudur.mn: OVER A DECADE OF NEGLECTED RIGHTS

Шар дээр улаанаар бичсэн “Вьетнам засвар” гэсэн хаяг Улаанбаатар хотын хаа сайгүй болжээ. Уг нийтлэлээр эдгээр хаягийн ард өрнөж буй хүний эрхийн зөрчил, хөдөлмөрийн хүнд нөхцөл зэргийг газар дээрээс нь сурвалжлан өгүүлжээ. Мөн энэхүү бүтээл нь 92 орны сэтгүүлчдийн 430 бүтээл өрсөлдсөн “Хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний олон улсын уралдаан”-д шилдэг 15 бүтээлийн нэгээр шалгарч чадсан байна.

Бүрэн эхээр нь унших


ERGELT.MN: ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ҮНЭТЭЙ БОРДЮР НИЙЛҮҮЛЖ БАЙГАА КОМПАНИЙН ЭЗЭД

Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нэгэн томоохон төлөөлөл бол Эргэлт.мн мэдээллийн сайт. Тэд энэ жил олны анхааралд өртсөн бордюрны асуудлыг цувралаар хөндөв. Уг цуврал нийтлэлүүдээс зам засварын ажилд оролцож, тендер авсан 27 компанийн эздийн талаарх мэдээллийг агуулсан уг бүтээлийг онцолж байна.

Бүрэн эхээр нь унших

child.mn: “Зам” фото сурвалжилга

Энэ жил үйл ажиллагаагаа эхлүүлсэн, хүүхдийн талаар дагнан мэдээлэх Child.mn сайтын гэрэл зурагчин Д.Занданбатын бэлтгэн хүргэж буй “Зам” фото сурвалжилгын анхны дугаарыг заавал сонирхоорой. Энэхүү сурвалжилгад Баянгол дүүрэгт амьдардаг дөрөвдүгээр ангийн нэгэн сурагч сургуульд хүрэхдээ ямар замыг яаж туулдгийг бодитоор харуулах болно.

Бүрэн эхээр нь унших

gogo.mn: Дэлхийд хорт хавдраас хамгаалдаг хоёр л вакцин байдаг

Хүний папиломма вирусээс урьдчилан сэргийлэх вакцины талаарх асуудал энэ жилийн хамгийн халуун сэдвүүдийн нэг байв. Уг сэдэвтэй холбоотой мэргэжилтнүүдийн байр сууриас эхлээд холбогдох тоо баримт, олон улсын туршлага, шинжлэх ухааны үндэслэл зэргийг нэгтгэсэн нийтлэлийг gogo.mn-ий редакц нийтэлсэн нь цаг үеэ мэдэрсэн, чанартай нийтлэл байлаа.

Бүрэн эхээр нь унших


eguur.mn: Р.Батцэнгэл: Энэ бүхэн тавилан даа. Сэтгэлийн хүч гэдэг чинь надад зөндөө их заяасан юм

М.Тэнгисийн энэ онд хийсэн ярилцлагууд уншууртай байж чадав. Тэдгээр ярилцлагуудаас Зураач Р.Батцэнгэлийн ярилцлагыг уншаарай хэмээн санал болгож байна. Зураачийн бурханы оронд одохоосоо өмнө өгсөн ярилцлагаас уран бүтээлч хүний амьдрал, бүтээлийнхээ төлөө гаргаж буй тэвчээр зэрэг тэр бүр олны анхааралд өртөөд байдаггүй өнцгүүдийг олж харах, танин мэдэх боломжтой.

Бүрэн эхээр нь унших

interview.mn: Чинагийн Галсан: Мөнхийн бүтээл зовлонгоос төрдөг

Энэ жилийн хэвлэлийн онцлох дүрийн нэг нь яах аргагүй Чинагийн Галсан гуай байлаа. Өдгөө 81 насыг зооглож буй эрхэм зохиолчийн бүтээлүүд сүүлийн жилүүдэд монгол уншигчдад ихээр хүч буй. Ярилцлагын төрлөөр дагнадаг, сар тутмын Interview сэтгүүлчийн Ерөнхий редактор Б.Алтанхуягийн энэхүү ярилцлагад Чинагийн Галсан гуайн өөр хаана ч яриагүй агуулгууд цөөнгүй багтжээ.

Бүрэн эхээр нь унших

posted.mn: МУАЖ Г.МЯГМАРНАРАН: Амьдралд чинь нар гарахыг үзэхийн тулд чи амьд байх хэрэгтэй

2024 онд хэвлэлд мэдээллийн салбарт шинээр мэндэлсэн бас нэгэн редакц бол posted.mn. Залууст зориулсан тус сайтын МУАЖ Г.Мягмарнарантай хийсэн ярилцлага нь агуулгаас гадна зураг авалт талаасаа тун сайн бүтээл болсныг цохон дурдъя. Мөн уг бүтээл цахим орчинд олон хандалт цуглуулж чадсан нь залуу уншигчдын идэвх нэмэгдэж буй харуулсан билээ.

Бүрэн эхээр нь унших


unitel.mn: ХАМТДАА ТҮРҮҮЛЖ АЛХАНА

Улаанбаатар хотын нийт 65 гудамж талбайг түүхэн хүмүүсийн нэрээр нэрлэжээ. Юнител группээс эдгээр түүхэн хүмүүсийн хэд нь эмэгтэй байсныг судалж үзэхэд хариу нь 0 гарсан байна. Ийнхүү тэд Мартын 8-нд зориулан тусгай контент хөгжүүлж, Монгол Улсын түүхэнд үнэтэй хувь нэмрээ оруулсан түүхэн эмэгтэйчүүдийг алдаршуулсан юм. Агуулгаас гадна хийц талаасаа гарцаагүй өөр түвшний, атаархахгүй байхын аргагүй бүтээл болжээ.

Бүрэн эхээр нь унших

ub.life: Дэлхий аюулгүй болох цагт бидний өмсөж эхлэх хувцаснууд

Нийтлэлч: О.Анхзаяа, гэрэл зурагчин Ү.Гэрэл нарын хамтарсан энэхүү бүтээл нь бидний тэр бүр хөндөөд байдаггүй сэдвийг үг, зургаар тун чадмаг илэрхийлжээ. Бодит дүрүүдээр дамжуулан төрөл бүрийн хувцас өмссөн хүнд ирдэг нийгмийн дарамт, сэтгэл зүйн дарангуйлал зэргийг илэрхийлсэн эл бүтээл уншигч танд нэгийг бодогдуулах нь лав.

Бүрэн эхээр нь унших

ubn.mn VISUAL TOIM: Оюутолгойн гэрээний “ТҮҮХ“

Гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа уул уурхайн томоохон төслүүд яригдах болсон энэ цаг үед “хэрүүлийн алим” болсон Оюу толгойтой холбоотой бүхнийг дэлгэжээ. Чухам энэ төсөл яг хэзээ эхлэх болсон, өнгөрсөн хугацаанд ямар ямар шийдвэрүүд гаргаж байсан зэрэг чухал мэдээллүүдийг цаг хугацааны дараалалтай нь энэхүү нийтлэлээс аваарай.

Бүрэн эхээр нь унших


ikon.mn Чимидийн култ: Нийгмийн элит бүлэг статус квог хэрхэн хадгалж, хамгаалдаг вэ

Анхдугаар үндсэн хуулийн 100 жилийн түүхэн ой энэ намар болж, үндсэн хуулийг тойрсон олон арга хэмжээ, контент, хэлэлцүүлэг өрнөснийг уншигч та санаж буй биз. Үүний дараахан Боннын их сургуулийн докторант А.Бат-Оргил, Оксфордын их сургуулийн докторант Г.Мөнх-Эрдэнэ нарын бичсэн уг нийтлэл олны анхааралд багагүй өртсөн юм. Ул суурьтай шүүмжлэл бол манай салбарт дутагдаж буй нэгэн том төрөл билээ.

Бүрэн эхээр нь унших

baabar.mn: Америкад боловсрол эзэмшсэн анхны монгол: Шилон (Чулуунгэрэл) Хурлаат

Жилээс жилд М.Саруул-Эрдэнэ нийтлэлчийн шинэ, хуучин нийтлэлүүд нь цахим орчинд өндөр хандалт цуглуулдаг бичигдээгүй уламжлал тогтжээ. Энэ жил түүний нийтэлсэн нийтлэлүүдээс 100 жилийн өмнөх монгол сэхээтний аж амьдрал, АНУ-д өнгөрүүлсэн өдрүүдийн тухай судлан бичсэн энэхүү нийтлэлийг онцолж байна. Яг л кинон дээр гардаг шиг өрнөлтэй уг нийтлэлийг заавал уншаарай.

Бүрэн эхээр нь унших

NEWS.mn: Монгол бичгээр мэдээлэл түгээсэн 10 жил

Өдгөө 17 жилийн ойтойгоо золгож буй NEWS агентлаг Монгол бичгээр мэдээ, мэдээлэл түгээж эхлээд 10 жилийн ойтойгоо золгожээ. Үүний талаар тус сайтын редактор А.Уд дурсаж, эхлүүлсэн түүх болон өдгөө тулгарч буй хамгийн том асуудлуудыг хөндсөн байна. Монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах гэж байгаа энэ үед Монгол бичгээр цахим орчинд мэдээ, мэдээлэл түгээж байгаа редакц байгаад талархъя.

Бүрэн эхээр нь унших


tagtaa.mn: Хан Ган: Гэрэл ба шаглаа

"Цагаан хоолтон" зохиолоороо монгол уншигчдын эчнээ танил Хан Ган энэ жил утга зохиолын Нобелийн шагналтан болов. Түүний шагналаа гардан авахдаа уншсан илтгэлийг Тагтаагийн орчуулагч, редактор Б.Дэлгэрмаа ийн орчуулсныг онцлон хуваалцаж байна.

Бүрэн эхээр нь унших

ub.life: Хөрөг | Усны тунгалаг

Б.Энхцэцэг бичээчийн хөрөг нийтлэлүүд хэдийн олон мянган уншигчдын хүсэн хүлээдэг бичвэр болж, хөрөг хэмээх төрлийг олонд таниулж буй. Энэ онд түүний нийтэлсэн “Хөрөг | Усны тунгалаг” нийтлэл нь Гомбын Түмэндэмбэрэл дуучны амьдрал, уран бүтээлийн замналыг хүүрнэжээ. Тухтай суугаад, халуун кофе, цай уунгаа тогтож унших нийтлэл гэвэл уг нийтлэлийг л хэлнэ дээ.

Бүрэн эхээр нь унших

baabar.mn: РОМЫН ПАПЫН АЙЛЧЛАЛ БА ҮР ДҮН

Жаргалсайхан нийтлэлчийн 2023 онд нийтэлсэн уг нийтлэлийг өмнөх удаад онцлохоо умартсан тул энэ удаад онцгойлон дурдаж байна. Тэрээр Италийн Ромоос Монголын Улаанбаатар луу ирж, буцсан нислэгт Ромын Паптай хамт зорчсон олон улсын 70 гаруй сэтгүүлчийн бүрэлдэхүүнд багтсан бөгөөд энэ үеэрээ ажиглаж, асууж тодруулсан бүхнээ уншигчдадаа өргөн барьсан нь энэ.

Бүрэн эхээр нь унших

ikon.mn: ТӨСӨВ 2025: Таны төлөх ₮31.9 их наядын татварыг Засгийн газар хэрхэн, юунд зарцуулах вэ?

Энд онд монголчууд бид улсын төсвөө мөн ч идэвхтэй хэлэлцлээ. Хориг тавиулж, шинээр баталсан төсвийн анхны хувилбарыг өгөгдлийн сэтгүүлзүйгээр тэргүүлэгч ikon-ийн Н.Эрхбаяр сэтгүүлч маш ойлгомжтой байдлаар тайлбарлав. Улс төрийг түр хойш нь тавиад төсөв яг юунд зарцуулагдах гэж байгааг олж мэдээрэй.

Бүрэн эхээр нь унших

lemonpress.mn: 2024 оны хөрөнгийн зах зээлийн тойм

Бизнес, санхүү тэр дундаа хөрөнгийн зах зээлээр дагнасан шилдэг редакцуудын нэг Lemon Press-ийн оны тоймуудаас “2024 оны хөрөнгийн зах зээлийн тойм”-ыг онцолж байна. Өгөгдөл бүтээх, учир зангилааг тайлах, уншигчдад ойлгомжтой байдлаар дүрслэх, түүнийгээ түгээх тал дээр тэдэнтэй өрсөлдөх нь цөөн биз ээ.

Бүрэн эхээр нь унших

business.mn: Сүүлийн 8 жилд бидний амьдралын чанар сайжирсан уу? /Тоон үзүүлэлт/

Энэ жилийн УИХ-ын сонгуулийн өмнө business.mn-ий Ерөнхий редактор Г.Даваадорж орлого, хүний эрх, бизнесийн орчин зэрэг гол найман үзүүлэлтээр өнгөрсөн хугацаанд бидний амьдрал дээшилсэн үү гэдэг чухал асуултад ул суурьтай хариулт өгчээ.

Бүрэн эхээр нь унших

ДУРДАХ ЁСТОЙ НИЙТЛЭЛҮҮД

"Нийтлэл бичих нь багассан юм биш үү?" гэсэн бодлоор эхлүүлсэн энэ удаагийн атаархлын жагсаалтаа "Харин ч бид бичиж бас уншиж байгаа юм байна" гэсэн дэврүүн сэтгэгдлээр өндөрлүүлж байна. Бичдэг редакц, уншдаг уншигч нартаа баярлалаа. Дараа жилийн атаархлын жагсаалтаар уулзъя.

Өмнөх оны нийтлэлүүд

Атаархлын жагсаалт 2016
Атаархлын жагсаалт 2017
Атаархлын жагсаалт 2018
Атаархлын жагсаалт 2019
Атаархлын жагсаалт 2020
Атаархлын жагсаалт 2021
Атаархлын жагсаалт 2023

Unread Wrapped 2024 цуврал нийтлэл:

- Оны онцлох аппууд
- Би хэрхэн ажилладаг вэ? - Тусгай дугаар
- Оны онцлох стартапууд
- Оны онцлох номууд
- Оны онцлох кинонууд
- 2024 онд биднийг чимсэн онцлох 24 нийтлэл
- Атаархлын жагсаалт: 2024 оны онцлох нийтлэлүүд
- 2024 оны онцлох үйл явдлууд
- 2025 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд