Та бидэнд ухаарал хайрлаж, урам өгсөн 2024 он өндөрлөхөд хэдхэн хоног үлджээ. Энэ оноо манай редакц “Wrapped” нэрийн дор цуврал есөн нийтлэлээр базаж, боож, багцалж байна. 12-р сарын 24-нөөс 1-р сарын 1 хүртэл өдөр бүр шинэ нийтлэлээр уулзацгаая.

Өнөөдрийн нийтлэл бол Unread Media-ийн нэрийн хуудас болсон “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын булан. Энэ жилийн хувьд бидэнд Tesla Spotify, Apple, BBC, Industrial Light & Magic зэрэг дэлхийн хэмжээний компаниудад ажиллаж буй мэргэжилтнүүдээс гадна Хөдөлмөрийн баатар зохиолч, аяллын гэрэл зурагчин, Монголын анхны 1 сая дагагчтай YouTuber, Швейцар Улсын мэргэжлийн тогооч зэрэг урьд өмнө энэ буланд оролцож байгаагүй олон сонирхолтой зочидтой ярилцах завшаан тохиосон билээ.

Хоёр он солигдох энэ онцгой мөчид уншигчид маань ирэх оны зорилгоо төлөвлөж буй нь гарцаагүй. Тиймээс бид ирэх оноо төлөвлөхөд чинь урам зориг, шинэ сэдэл, содон санаа бэлэглэх 14 онцлох хариултыг түүвэрлэн бэлдсэнийг хүлээн авна уу.


Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн Баатар, зохиолч Чинагийн Галсан


1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?   

Миний мэргэжлийн амьдралын замнал 1962 оны наймдугаар сарын 27-нд Германыг зорьсон тэр л өдрөөс эхлэлтэй. Германд сурахаар очсон 10 хүүхдийн ес нь хотод төрсөн, орос сургуульд сурдаг, дарга нарын хүүхэд байлаа. Үлдсэн ганц нь алс хязгаарын нутгаас ирсэн би. Биднийг элчин сайдын яамны хүмүүс тосож аваад Монгол орныхоо нэрийг өндөрт авч явахыг захиж байтал цуг очсон нэг охин “Бид сайн сурна аа. Харин тэр нэг нөхөр..” гээд над руу зааж “Герман хэл байтугай, латин үсэг мэдэхгүй, бүр нүүр гараа ч зөв угааж чадахгүй. Улсын нэр хөөдөхөөс өмнө эртхэн буцаасан нь дээр” гэхэд нь ичиж, айсандаа нүүр маань хагарчих шиг л болсон. Уул нь би тэр охиныг шохоорхож, алсаас хайрлаж байсан юм. Тэгэхэд яамны Я.Ширэндэв гэж хүн миний талд орж, сайн сурахыг захиад Монгол-Герман толь бичиг өгөв.

Цуг очсон хүүхдүүд маань хоорондоо дандаа орос хэлээр ярина. Хоолоо идэхдээ тамшаалж, дуу гаргаж идэхээс эхлээд би гэдэг хүн тэдний хажууд аргагүй жулдаж байлаа. Чадахгүй нь дээ, гэртээ харих нь дээ гэсэн айдас үргэлж төрнө. Амьдралдаа хамгийн их айсан тохиолдол гэвэл тэр л байх.

Нэг шөнө сэтгэл түгшээд унтаж чадахгүй болохоор нь өнөөх Монгол-Герман толь бичгээ гаргаж ирээд “Eins, zwei, drei…” гээд л цээжилж эхлэв. Ингэж явсаар сургуульдаа хамгийн шилдэг оюутан болж, оюутны тэтгэлэг дээрээ онц сурсны нэмэгдэл, герман хүнд монгол хэл заасны цалин гээд герман инженерийн хэмжээний орлоготой оюутан болж чадсан.

Ийнхүү зургаан жилийн дараа улаан дипломоо өвөртлөөд Монголдоо ирэв ээ. Би ч дотроо Монголыг германчилна, герман хэл заах бол миний амьдралын утга учир гэж бодоод л явж байлаа. Герман хэл Монголд бараг л надтай цуг орж ирсэн болов уу. Учир нь ирсэн даруйдаа улсынхаа дөрвөн дээд сургуульд, сүүлдээ төрийн байгууллагуудад урилгаар герман хэл заадаг болов. Бараг л өдөр бүр 10 цагийн хичээл орно. Тийнхүү найман жил багшлаад улс төрийн шалтгаанаар багшлах эрхээ хасуулсан түүхтэй.

Түүнээс хойш уран бүтээлдээ анхаарч 50 гаруй ном хэвлүүлжээ. Тэр дундаас 40 гаруй нь анхлан герман хэлээр хэвлэгдэж, дэлхийн олон арван хэлээр орчуулагдсан байна. Миний бүтээлүүдээс дэлхийн уран зохиолд “Аянгат цагийн тууж”, “Чингис хааны есөн зүүд”, “Даян дэлхийгээр бядагч”, “Хөх тэнгэр сонсож бай” гэсэн бүтээлүүд лав үлдэнэ. “Даян дэлхийгээр бядагч” шүлгийн түүвэр маань Скандинавын орны хэлээр гарвал Нобель авчих хэмжээний бүтээл шүү. Өөрийгөө магтах дэмий ч Дэлхийн бүх шүлэгчид ингэж бичдэг болоосой гэж бодном.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн Баатар, зохиолч Чинагийн Галсан

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?   

Tesla-ийн дата инженер Э.Жавхлан


Tesla хэдий аварга том компани ч стартап шиг ажилладаг. Олон жижиг багтай, баг бүр нь хариуцаж байгаа ажлаасаа хамаараад өөрийн гэсэн арга барилтай. Миний бие автомашины их бие болон үйлдвэрийн эрчим хүчтэй холбоотой багт ажиллаж байгаад өдгөө Tesla Model Y-ийн powertrain буюу мотор, батарейтай холбоотой дата мэдээллийг хариуцсан багт ажилладаг.

Манай баг Model Y-д ашигладаг хоёр төрлийн моторт ашиглаж байгаа эд ангиас эхлээд тухайн моторын нийт зардал гэх мэт бүх л датаг хариуцдаг. Бидний цэвэрлэж, цэгцэлж, боловсруулсан тэдгээр мэдээллүүд нь дата инженер болон дата scientist-уудын ажиллах суурь болно. Өдөр тутамдаа үйлдвэрийн тоног төхөөрөмж, роботтой ажилладаг инженерүүдтэй түлхүү ажилладаг гэсэн үг.

Өмнөх баг маань өглөө бүр уулзаж (sprint), хийх ажлуудаа эрэмбэлдэг байсан. Жишээлбэл, Элон Маскаас яаралтай даалгавар орж ирвэл тэр ажил шууд л P1 буюу хамгийн чухал ажил болж хувирна. Харин одоогийн баг маань харьцангуй жижиг учир өглөөдөө уулзалтгүй, хийх ажилдаа л илүү төвлөрдөг. Товчхондоо үдээс өмнө код бичих, үдээс хойш уулзалт хийх ажилдаа анхаарч байна.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- Tesla-ийн дата инженер Э.Жавхлан

3. ТАНЫ АЖЛЫН арга барил? 

YouTuber Б.Түшиг


Хурд. Богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажилладаг. Нэг хэсэг хуулиар сурч байхдаа олон зуун хуудас хэрэгтэй танилцаж, хураангуй дүгнэлт гаргах дасгал хийдэг байсан нь ажиллах арга барилд маань эерэгээр нөлөөлсөн гэж боддог юм. Товчхондоо нэг контент гаргахад шаардлагатай бүхий л мэдээллийг богино хугацаанд уншиж, толгой дотроо зураглан төсөөлөөд цаасан дээр түлхүүр үгс болгон тэмдэглэдэг. Үг нэг бүрээр нь бичиж цаг алдахын оронд цэгцтэй бөгөөд товч байдлаар 30 минутаас хэтрүүлэлгүй бичлэгээ хийдэг дээ.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- YouTuber Б.Түшиг

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД? 

Гэрэл зурагчин Макс Мюнх


Health болон Google Maps-ийг хамгийн их ашигладаг. Ялангуяа Google Maps дээр Location scouting буюу шинэ газруудын гадна харагдах байдал ойр орчмыг 360 градусаар авч оруулдаг. Түүнчлэн 2016 оноос хойш Polarsteps хэмээх аяллаа хянаж, тэмдэглэдэг аппыг хэрэглэж байна.

Ажлын хувьд сүүлийн 14 жил Canon камер хэрэглэж байна. Сүүлийн хоёр жил R5 загвараар зураг авч байгаа. Promist фильтер ашигладаг, зургийг илүү “dreamy” өнгө, уур амьсгалтай болгодог. Сүүлийн үед Canon 24-70mm f/2.8 дуранг ашигладаг. Мэдээж Adobe-ийн Lightroom, Premiere Pro-гүйгээр амьдрахгүй.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- Гэрэл зурагчин Макс Мюнх

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?   

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните


Юуны өмнө анхаарлаа сарниулахгүй байж, цахим орчинд цагаа үрэхгүй байхад өөрийгөө сургаж, дасгах хэрэгтэй. Би өөрөө бол дурдсанчлан хэцүү ажлаасаа эхэлж ажлаа гүйцэтгэдэг мөн нэг ажилдаа төвлөрөхийг илүүд үздэг. Үнэхээр үр дүнтэй ажилламаар байвал утсаа focus горимд шилжүүлэхийг зөвлөе.

Сүүлийн үед залуучууд урт текст унших, урт видео эсвэл кино үзэж чадахаа байсан нь харамсалтай. Тиймээс анхаарлаа төвлөрүүлэхэд сахилга бат шаардана гэдгийг ойлгож, тархиа дасгалжуулаарай хэмээн захимаар байна.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ? 

Apple-ийн машин сургалтын ахлах инженер Г.Бямбасүрэн


Төслөөсөө хамаараад 3-6 сарын төлөвлөгөө гаргадаг. Зарим төсөл хэдэн жилээр ч үргэлжлэх нь бий. Харин хувьдаа хийх зүйлсээ долоо хоногоор нь төлөвлөхийг хичээдэг ба нэг өдрийн ажлаа нүдэнд харагдахуйц байдлаар түлхүүр үгээр нь тэмдэглээд, дэлгэц дээрээ наадаг дадалтай. Байнга харагдаж байвал амар байдаг гэх үү дээ.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- Apple-ийн машин сургалтын ахлах инженер Г.Бямбасүрэн

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ? 

Five-Up рестораны үүсгэн байгуулагч, Швейцар Улсын мэргэжлийн тогооч Д.Буян


Энерги сэлбэхээс илүү түүнийг хэрхэн зарцуулах нь илүү чухал асуудал болов уу. Бид өөрсдийн биед шаардлагатай энергийг хоол хүнс болон байгаль гээд үндсэн хоёр арга замаар авдаг амьтад. Монголчууд эрт цагаас урд зүг рүү хөлөө харуулж унтдаг буюу тархиар энерги ороод хөлөөр гардаг байгалийн энергийн урсгалын талаар мэдлэгтэй хүмүүс байсан. Хүнснээс авсан энерги хөдлөх, ажиллах гэх мэт бие махбодын тасралтгүй байдлыг хангах зорилготой бол байгалийн энерги тархины эд эс нөхөн төлжихөд, дотор эрхтний ажиллагааг хэвийн явуулах үүрэгтэй.

Тиймээс миний бодлоор монголчууд одоогоор цаг хугацаа биш энергийн тухай, хэнд хэдий хэмжээний энерги зарцуулах тухай ярилцах шаардлагатай юм шиг. Гэр бүл, ажлын хамт олон, шинэ төсөл, карьер гээд амьдралын талбар бүхэнд зарцуулах энерги тодорхой байх ёстой. Товчхондоо, би утсаа тавхан хувь цэнэглэчхээд бүтэн өдрийн турш ашиглах боломжгүй шүү дээ.

Барууны орнуудад ажил, амралт, хувийн өсөлт хөгжилт гээд энергиэ үрэх 24 цагийг гурав хуваадаг. Тэд яг л энэ хуваарийнхаа дагуу амьдраад дасчихсан хүмүүс. Харин Монголд бол санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн нэгэн биш л бол энэ хуваариар ажил, амьдралаа хуваарилах тун ярвигтай. Гэхдээ энэ системийг амьдралдаа дадал болгож байж бид зөв амьдрах төлөвшил рүү шилжих байх.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- Five-Up рестораны үүсгэн байгуулагч, Швейцар Улсын мэргэжлийн тогооч Д.Буян

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ / АЖИЛ ЮУ ВЭ? 

Оюу толгойн гүний уурхайн геотехникийн ахлах инженер Б.Эрдэнэтогтох


Үндсэн ажлынхаа хажуугаар мэргэжилтэйгээ холбоотой төрөл бүрийн судалгааны ажил хийх сонирхолтой. Оюу Толгойн уурхайн хувьд газрын гадаргаас доошоо 1300 метрт, хөндлөн нэвтрэлтийн аргаар олборлолт хийж байгаа.

Энгийнээр хэлбэл, газрын гүнд асар том блок дотор жижигхэн нүхнүүд ухаж буй хэмээн төсөөлж болно. Мэдээж тэр том блокийн доор олборлолтын үйл ажиллагаа тасралтгүй явуулах үед чулуу өөрөө байгалийн элемент учраас хариу үйлдэл үзүүлнэ. Миний хувьд уг хариу үйлдэл, уурхайн газар хөдлөлт, чичирхийлэлтийн талаар аналитик судалгааг хамгийн сүүлд хийж гүйцэтгэсэн. Ер нь өдөр тутмын ажлаасаа ажиглалт хийх үед судлах сэдэв ар араасаа л гарч ирдэг.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- Оюу толгойн гүний уурхайн геотехникийн ахлах инженер Б.Эрдэнэтогтох

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? 

“Industrial Light & Magic” студийн ахлах модель бүтээгч А.Түмэн-Эрдэнэ


Шууд утгаараа аавынхаа нэрийг гаргадаг. Киноныхоо кредит хэсгээс овог нэрээ харах шиг сайхан мэдрэмж өөр хаана байх билээ. Тэр тусмаа дэлхий нийтэд үнэлэгдсэн томоохон уран бүтээлүүдэд гар бие оролцоно гэдэг үнэ цэнтэй мэдрэмж өгдөг. Загвар бүтээх ажил харьцангуй эхэнд хийгддэг болохоор цаашид яаж амилж, бэлэн болж байгааг харах туйлын сэтгэл хөдөлмөөр. Ер нь шат болгондоо хамгийн чадварлаг мэргэжилтнүүд ажилладаг болохоор заримдаа итгэмээргүй санагдах үе ч бий.

Үүний зэрэгцээ том компанийн нэг хэсэг болж ажиллахын давуу тал нь бүх зүйл эртнээс, маш нарийн төлөвлөгдсөн байдаг. Тодорхойгүй зүйл бараг л гарч ирдэггүй гэж хэлж болно. Жишээ нь миний хуваарь заримдаа сар сараараа гарчихсан байдаг юм. Олон том төсөл зэрэг явж байгаа учраас хаана, юуг, хэн хийх нь угаасаа тодорхой. Мөн ажилтан нэг бүрийн хөгжилд анхаардаг нь тун авууштай. Зөвхөн манай студийн ажилтнуудад зориулаад үе үеийн шилдэг уран бүтээлчид кинон дээрээ хэрхэн ажиллаж, ямар аргууд ашигласан талаараа хичээл ордог. Бүгд архив болон хадгалагддаг учраас хүссэн киноныхоо ард юу өрнөснийг мэдэхэд хэзээд нээлттэй.

Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл хиймэл оюун ухаан юм уу даа. Анх хиймэл оюун ухааны тухай яригдаж эхэхэд бүтээлч салбарын ажлыг яасан ч орлож чадахгүй гэгддэг байсан. Гэтэл одоо ганцхан товчлуур дараад л гайхалтай зүйлс бүтэж байна. Мэдээж давуу тал олонтой ч чамгүй хугацаа зарцуулж олж авсан чадварыг маань хиймэл оюун ухаан хэдхэн үйлдлээр хийж дөнгөнө гэхээр нэг талаараа шударга бус ч юм шиг.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- “Industrial Light & Magic” студийн ахлах модель бүтээгч А.Түмэн-Эрдэнэ

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ?   

erxes Inc хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Наран


Гүйцэтгэх захирлын албан тушаал гэдэг маш том үүрэг, хариуцлага. Би энэ онд хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөж, оны эхэнд хамт олон, erxes-ийн гэр бүлийнхэндээ танилцуулсан.

Энэ жилийн нэгдүгээр улиралд багтаагаад байгууллагын харилцагчтай холбогдох бүх сувгийг нэг цэг дээр төвлөрүүлж хэрэглэгчтэйгээ 24/7 цагт, 360 градусаар харилцаа холбоо үүсгэн ажилладаг харилцаа холбооны удирдлага бүхий All-in-one хэмээх бүтээгдэхүүнээ зээл дээр гаргахаар ажиллаж байна.

Мөн хоёрдугаар улиралдаа багтаан бэлэн болгохоор ажиллаж буй e-commerce туршлагын хүрээнд олон улсын онлайн худалдааны Front-end бүтээдэг Vue Store Front эко системд нэгдэхээр бэлтгэл ажлаа хийж байна. Ингэснээр тус эко системийн 100 мянга гаруй хэрэглэгч ба 3000 гаруй онлайн дэлгүүрт erxes Platform-ыг ашиглах боломж үүсэх юм. Түүгээр ч зогсохгүй Монгол улсаас олон улсад бүтээгдэхүүн үйлчилгээгээ ОУ-ын төрөл бүрийн төлбөрийн хэрэгсэл ашиглан борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг нээж өгнө.

Хоёрдугаар улиралд төлөвлөсөн бас нэг бүтээгдэхүүн бол Employee Experience Management (EXM) буюу байгууллагын хамт олныг байгууллагын соёл, уур амьсгал, бүтээмжээр нь хөтлөн удирдах програм юм. EXM нь ажилтан анх байгууллагад орж ирсэн цагаас компанийн соёлтой танилцах, ажлын байрны тодорхойлолт, шаардлагатай сургалтын материал, мэдвэл зохих мэдээллүүдээ авч, баг хамт олонтойгоо шууд харилцаа үүсгэхэд туслах мобайл апп, вебсайт, админ хэсэг бүхий цогц систем. Эдгээр дээр одоогоор төвлөрөн ажиллаж байна даа.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- erxes Inc хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Наран

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ? 

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбоо


Бизнес, санхүүгийн чиглэлийн ном, подкаст, аудио номуудтай тогтмол танилцдаг. Сертификаттай эсэхээс үл хамаарч сонирхон судалж буй сэдвийнхээ хүрээнд Coursera-аас онлайн хичээлүүд авдаг юм байна. Сүүлийн 10 гаруй жилийн туршид “Wall Street Journal”-ын төлбөртэй үйлчилгээг авч, тогтмол уншсаар ирсэн. Ер нь мэдээллийн баталгаатай эх сурвалжтай байхад чухал ач холбогдол өгнө. Тиймдээ ч сайн редакцуудад мөнгө төлөхөөс татгалзаж байсан удаагүй. Цаг үеийн мэдээллээ авахдаа Morning Brew зэрэг богино, ойлгомжтой товхимлуудыг захиалчихдаг.

Нэгдүгээр ангиасаа эхлээд арван жилээ төгсөх хүртлээ орос сургуульд сурч хэлний мэдлэгээ нэмэгдүүлсэн минь аливаа мэдээллийг олон эх сурвалжаас, ялгаатай өнцгөөр олж авахад тусалдаг.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбоо

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ? 

Spotify-ийн Төв Европын Подкаст хариуцсан захирал К.Ж.Саруул


Дууны хувьд поп дуунууд сонсох дуртай. Жишээлбэл, ойрын үед Charlotte Cardin, Miley Cyrus, Taylor Swift, Dua Lipa тэргүүтэй хүчирхэг эмэгтэй уран бүтээлчдийг шимтэн сонсож байгаа. Мэдээж дуртай подкастуудаа дурдахгүй өнгөрч үл болно. “The Diary of a CEO”, “Zoe - Health and Nutrition”, BBC-ийн “Believe in Magic” зэрэг гайхалтай подкастуудыг санал болгоё.

Кино гэвэл сүүлд “Jury Duty” цувралыг үзээд зөндөө инээсэн юм байна. Үнэхээр хөгжилтэй, өгөөжтэй уран бүтээл байсан шүү.

Номын тухайд Morgan Housel-ийн “The Psychology of Money”, Emilie Pine-ийн “Notes to self”, Robert Waldinger болон Marc Schulz-ийн “The Good Life” гэсэн номуудыг санал болгож байна.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- Spotify-ийн Төв Европын Подкаст хариуцсан захирал К.Ж.Саруул

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?  

Экс-Тесла инженер, энтрепренер Стефан Шлегл


Аав маань тодорхойгүй цаг үед тасралтгүй урагшлахыг сануулдаг. Ялангуяа хурдан өөрчлөгддөг, өндөр өрсөлдөөнтэй салбарт ажиллаж байгаа үед энэ зөвлөгөө их тустай байна.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"-Экс-Тесла инженер, энтрепренер Стефан Шлегл

14. БУСДАД ШИДЭХ САНАА?  

BBC-ийн сурвалжлагч, хөтлөгч Жонни Даймонд


Эрх мэдэлтэй хүмүүсийг хариуцлагатай байлгаж, олон нийт харж байгаа шүү гэдгийг сануулах нь хэвлэл мэдээллийн үүрэг. Монголд ч тэр, Дэлхийд ч тэр чөлөөт хэвлэлгүйгээр эрүүл ардчилал оршин тогтнохгүй.

Хүн бүхэн юу ч хамаагүй бичиж чадна. Тиймээс аливаа зүйл яаж ажилладаг, хорвоо ертөнц хэрхэн оршин тогтнож байгаа талаар олж мэдээд үнэ цэнтэй зүйл бич. Үр шимийг нь хүртэх л болно.

Эцэст нь, азанд найдах хэрэггүй. Бэлтгэлээ ханга. Бэлэн бай. Боломж гарвал шүүрээд ав.

Дэлгэрэнгүйг: "Би хэрхэн ажилладаг вэ?"- BBC-ийн сурвалжлагч, хөтлөгч Жонни Даймонд

Өмнөх оны нийтлэлүүд:

Шинэ оны тусгай дугаар - 2023
Шинэ оны тусгай дугаар - 2022
Шинэ оны тусгай дугаар - 2021
Шинэ оны тусгай дугаар - 2020
Шинэ оны тусгай дугаар - 2019
Шинэ оны тусгай дугаар - 2018
Шинэ оны тусгай дугаар - 2017

Unread Wrapped 2024 цуврал нийтлэл:

- Оны онцлох аппууд
- Би хэрхэн ажилладаг вэ? - Тусгай дугаар
- Оны онцлох стартапууд
- Оны онцлох номууд
- Оны онцлох кинонууд
- 2024 онд биднийг чимсэн онцлох 24 нийтлэл
- Атаархлын жагсаалт: 2024 оны онцлох нийтлэлүүд
- 2024 оны онцлох үйл явдлууд
- 2025 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд