Улиран одож буй оноо дүгнэх, ололт амжилтуудыг багцлах, үнэ цэнтэй агуулгуудыг нэгтгэх Unread Wrapped цуврал маань 2024 оны онцлох кино бүтээлүүдийг багцалснаа уншигч танд хүргэхэд бэлэн боллоо. Бид энэхүү салбарт хөдөлмөрлөн үнэ цэнийг бүтээж буй уран бүтээлчдэд санал тавин өнгөрөн одож буй онд дэлхийн болон дотоодын ямар кино уран бүтээлийг онцлохыг хүсэж буйг нь асуусан юм.

Кино урлагийг бүтээгчдийн хувьд энэ жилийн хамгийн онцлох кино юу байсан бол?

1. All We Imagine as Light (“Төсөөллийн гэгээ” UBIFF-ийн албан ёсны орчуулга)
Магадгүй энэ жилийн хамгийн хүмүүнлэг кино. Мумбай гэх хүсэл мөрөөдөл, худал хуурмаг хосолсон хот дахь цагаач ажилчдын хөрөг дүрслэл. Патриархал, капиталист, фундаменталист нийгмийн элдэв хязгаарлалтыг давах эгэл жирийн хүмүүсийн нөхөрлөл, хайр дурлал.
2. A Fidai Film
Энэ жилийн UBIFF-ээр гарсан “No Other Land”-ийг үзсэн хүмүүс цөөнгүй байгаа байх. Тэгвэл Палестинчуудын тэмцлийн тухай мөн уг тэмцлийн нэг хэсэг болсон өөр нэгэн бүтээл нь Палестин найруулагч Камаль Альджафаригийн энэхүү ээлжит экспериментал архивын баримтат кино. “From the river to the sea, Palestine will be free” (Гол горхиноосоо эхлээд тэнгис далай хүртлээ Палестин улс эрх чөлөөтэй болох болно) гэх уриаг дүрсээр амилуулж чадсан бүтээл.
Тэр “Anora” яах вэ, “бэлгийн хөдөлмөр эрхлэгч гол дүртэй” энэ оны хамгийн сайн кино бол Франц найруулагч Виржиль Верньегийн “Зуун их наяд.” Монакод өрнөх мөнгөгүй өрөөсгөл хүний мөрөөслийн тухай түүх. Капиталист нийгэмд нөхөрлөл (companionship) ямар ховор бөгөөд үнэ цэнтэй байдгийг харуулсан кино.

1. Flow
Энэ жил үзсэн кинонууд дотроосоо сэтгэлд хамгийн тод үлдсэн хоёр киноныхоо талаар яримаар санагдлаа. Түүний нэг нь Латви Улсын аниматор Гинтс Зилбалодисын бүтээсэн Flow (Урсгал) хэмээх хүүхэлдэйн кино. Энэ киног зөвхөн хүүхдүүдэд зориулсан гэхээс илүүтэй бүх насны хүмүүст зориулсан бүтээл гэж бодож байна. Хийц, утга санаагаа илэрхийлж буй арга барил зэрэг нь их сонирхолтой бөгөөд сэтгэлд их хүрэхүйц болсон байсан. Би энэ киног Марракешийн Олон улсын кино наадамд хамгийн сүүлд өглөө 10:00 цагт хүүхдүүдтэй хамт үзсэн юм. Би олон хүүхэдтэй хамт кино үзээгүй бас их удсан байна лээ. Хүүхдүүд чинь янз бүрийн амттан идэхээс эхлээд л их чимээ шуугиантай киногоо үзэж байсан ч гэсэн бүгдээрээ хөөрхөн киноныхоо үйл явдалд бүрэн орчихсон байсан нь мэдрэгдсэн. Тиймдээ ч энэ кино миний хамгийн их чимээн дунд үзсэн кино байсан ч хамгийн аз жаргалтай үзсэн кино болсон.
Киноны хийцийн хувьд маш энгийн (classic) бөгөөд дүрслэл (visual)-ийн хувьд өнөөгийн видео тоглоомын өнгө төрхтэй их төстэй болсон мэт санагдсан. Киноны гол дүр нь нэгэн жижигхэн хар муур. Кинонд хүн төрөлхтөн хөшөө дурсгалаас өөр ор мөргүй устчихсан буй дэлхий гардаг бөгөөд үлдсэн ан амьтад руу их хэмжээний үер, урсгал түрэн орж ирэхэд цөм нутгаа сэлгэн нүүж сууж байгаа тухай, түүний зэрэгцээ байгалийн ямар нэгэн гамшигт үзэгдэл тохиохын өмнөхөн байгаль дэлхий өөрөө их түгшүүртэй, сэрэмж бүхий өнгө төрхтэй болдог гээд бодит амьдралын дүр төрхийг ямар нэгэн нэмэлт хачиргүй гарамгай сайхан дүрсэлсэн байсан.
Киноны үйл явдлын хувьд маш олон төрлийн амьтад нэгэн хуучин жижиг завинд бөөнөөрөө сууцгаан амь гарцгаадаг бөгөөд тэдний зан араншнаар хүмүүсийн зан төлөвийг олон янзаар төлөөлүүлэн харуулсан байв. Жишээлбэл, нэгэн сармагчин их хэмжээний материаллаг эд зүйлс хураан, тэднээ авч явахаар хичээдэг бол нэг минж юу ч болоогүй мэт тайван амгалан байдаг зэргээр аливаа амьдралын асуудал, саадад хүн бүр харилцан адилгүй хариу үйлдэл үзүүлдгийг харуулдаг. Түүнчлэн, гол дүрийн жижиг хар муур уснаас айх айдастай байдаг (муур ер нь уснаас айх айдастай байдаг), гэтэл яах ч аргагүй их усанд унан өөрийн айдсаа даван туулж буй хэсэг ч гардаг.
Мөн энэ кинон дээр “secretarybird” гэх төрөл зүйлийн нэгэн шувуу гардаг бөгөөд бусдыгаа замчлан, манлайлж үерээс гарахад тусалдаг бөгөөд тэрхүү үер, гамшиг аюулыг амьтан бүр бие биедээ тусалж, дэмжиж байж л даван туулж буйг үзүүлсэн байсан. Хүн бүр энэ киног үзээд өөр өөр санааг ойлгох болов уу. Миний хувьд бид өнөө үед маш их өөрчлөлт, хувьслын дунд амьдарч буй, тэдгээрийг хэдий амаргүй ч гэсэн хамтдаа байж байж л давах нь цор ганц арга гэдэг нь хамгийн гол санаа нь мэт санагдсан.
Нэмж хэлэхэд энэ кино Каннын кино наадмын “Un certain regard” ангилалд шалгарсан бөгөөд түүнчлэн дэлхийгээр тойрон олон кино наадамд сонгогдон шагнал хүртсээр байгаа юм байна лээ. Түүнээс гадна энэ бүтээлийн хамгийн онцлох бахархам амжилт нь манай улс шиг цөөхөн хүн амтай Латви улсаас олон улсын наадмуудад зөвхөн урлагийн амжилт үзүүлэхээс гадна дэлхий дахинд мөн арилжааны амжилт үзүүлж чадсан нь их бахархам түүх болсон гэж бодож байна.
2. All we imagine as light (“Төсөөллийн гэгээ” UBIFF-ийн албан ёсны орчуулга)
Дараагийн онцлохыг хүссэн кино маань бол Энэтхэгийн залуу найруулагчийн бүтээл байгаа. Энэ найруулагч (баримтат киноны арга барилтай) өмнө нь олон баримтат кино бүтээж байсан бөгөөд хэд хэдэн кино наадмуудад сонгогдон шалгарч байсан юм байна лээ. Харин энэ кино түүний анхны бүрэн хэмжээний дебют бүтээл байсан. Кинонд хэдэн тэрбум хүн амтай Дели хотод сувилагчаар ажиллан хамтдаа байр түрээсэлж амьдардаг хоёр насны зөрүүтэй бүсгүйн амьдралыг харуулдаг. Ахимаг настай эмэгтэй нь гадаад руу ажил хийхээр яваад ор сураггүй, хэл чимээгүй алга болоод олон жил болсон нөхрөө үнэнчээр хүлээн, өөрийн ёс жудгаа эрхэмлэж байгаа тухай өгүүлдэг. Нөгөө бүсгүй нь насаар арай залуухан бөгөөд найз залуутай. Бүсгүй өөрөө Хинди шашинтай бол найз залуу нь Исламын шашинтай. Тэгээд шашны зөрчил, ялгаанаас болоод найз залуугийнхаа гэрт нь очиж чаддаггүй. Түүнчлэн шашны зөрүүнээс үүдэн залуу хосод уулзаж, хамт байх боломж бололцоо ч тун хомс тохиох бөгөөд янз бүрийн элдэв асуудал үүсдэг. Кинонд гуравдагч дүр болох хөдөө нутгаас Дели хотод маш хүнд нөхцөлд тогоочийн ажил эрхлэхээр ирсэн өөр нэгэн эмэгтэй гарна. Тэр ахимаг эмэгтэйн найз бөгөөд нэлээд эгчмэд. Гэвч эцэстээ аргагүй эрхэнд нутаг руугаа буцахаас өөр аргагүй болдог.
Энэ киноноос бид өнөөгийн Улаанбаатар хотын төрхийг харж болох мэт санагдсан. Бидэнд маш их өргөн сайхан тал нутаг байхад амьдралын эрхээр нэг хотдоо л шаваад амьдраад, түүнээсээ болоод түгжрэл, утаа зэрэг асуудал дунд гацчихаад байна даа гэж бодогдож суусан. Хүн бүхэн өнөө үед их ганцаардмал, ажил, амьдралын хоорондох жижигхэн тойргоосоо гарч чадахгүй болоод буй мэт санагдсан бөгөөд үүнийг энэ кинонд их тод томруун дүрсэлж чадсан гэж бодож байна. Энэтхэг кинонд бидний харж дадсанаар бол маш их хурц, тод өнгийн, дуу хөгжим дүрслэгддэг бол энэ кинонд их саарал, хөхөлбөр утаатай, тэс өөр Энэтхэгийн дүр зураг харагдана. Товчхондоо бид их олуулаа нэг газар амьдраад байгаа мэт хэр нь эсрэгээрээ бүгдээрээ их ганцаардал дунд орчихсон гэсэн санааг энэ бүтээлээс хамгийн тод олж харсан.

1. Poor things
Абсурдист, шидэт реалист, байж боломгүй бүхнээр дүүрэн төсөөллийн ертөнцөд дурладаг миний хувьд дуртай амттанаа бялууртлаа идсэн мэт бүтээл байв. Нохойн зүрхийг хүнд суулгаж хаядаг Михайл Булгаковын "Нохойн зүрх" роман, хосоо олж чадаагүй хүмүүс амьтан болон хувирдаг "The Lobster", ид шидийн гайхам бүхнээр дүүрэн "Big Fish"-ийг санагдуулам. Дотоод тэмцэл, дотоод дуу хоолой, дотоод тэмүүллээ олж харах, ойлгож мэдрэх, хамгийн чухал нь түүнийхээ төлөө зогсох эр зоригийг Беллагаас олж харсан.
Найруулагчийн уран нарийн хийц, далд утга санааг үл хайхран өөрийн өнцгөөс киног тодорхойлон хэлбэл "Эрх чөлөөний төлөөх эр зориг" гэж нэрлэх болно. Өнгөрсөн түүх, дурсамж, бусдаас хамаарал бүхий бодол санаагүй Беллагийн шийдвэрүүд зөвхөн өөрийнх нь цэвэр хүсэл тэмүүллээс үүдэж буй нь олон хүнд баймгүй эр зориг. Киноны эхлэлд Белла буюу жүжигчин Эмма Стоуны харц гэнэн итгэмхий нь илт харагдах бол хэрсүүжиж, бодон тунгаах тусам харц нь өөрчлөгдөж, хувцас төрх нь ч даган хувьсаж буй нь нүд булаам.
2. Memoir of a Snail (2024)
Эмзэглэл, хөндүүрлэл төрүүлэм, уран тансаг зохиол хийц бүхий “stop-motion" анимэйшн. "Mary and Max" бүтээлээр нь бидний сайн мэдэх найруулагч Адам Эллиот энэ удаа бүр ч хурц, бүр ч гэгээнийг эрэлхийлжээ. "Хорвоо ертөнц хүн бүрийг эмтэлдэг. Гэвч эцэстээ олон хүн шархалж, эмтэрснээрээ хүчирхэгждэг" гэх Эрнест Хэмингуэйн үг бий. Эмгэн хумстай малгай, амьд эмгэн хумс, шавар эмгэн хумс, эмгэн хумстай цаг зүүлт юу л байна бүгдийг цуглуулах “хоббитой” Грайс үүнийг бидэнд ойлгуулна.
Шуурга цэцэгсийг даран нухчиж, ганц өвс уул болж, хүүхэд нас дуусаж, гачлан тарчлаан үргэлжилж, дэлхий ертөнц чамайг үл хайхран эрчлэн эргэлдсээр... Тэр дунд бидний эмзэглэл, шарх сорви, цус нь урссан тэмцэл ч бий. Гэвч эцэст нь бид босож, өндийж, шинээр эхэлж, өнгөрснөө эдгээж, зоригтойгоор орхиж, бас хамгийн гайхамшигтай нь ид шидэд итгэдэг… Ид шид итгэдэг хүндээ л харагддаг. Өөрийгөө харанхуй дунд хорьчхоод юм харахгүй байгаагаа гайхаж яваа юм биш биз?
3. Daaaaaali! (2024)
Сюрреалист урсгалын нэрт зураач Сальвадор Далигийн амьдралын түүхийг зүгээр л нэг хүүрнэлээр өгүүлж хэрхэн болох билээ? Киноны үйл явдал яг ч Далигийн тухай биш ч юм шиг, түүнээс ярилцлага авахаар хэд хэдэн удаа чармайн оролдож буй франц сэтгүүлчийн тухай мэт атлаа кино бүхэлдээ "эгот" зураачийн ертөнцөд өрнөнө. Тэнд нохдоор бороо орж, цаг хугацаа гацаж, хаанаас ч юм аварга том өндөг бий болж, хөх цэлмэг тэнгэр сүүмийж, цаг хугацаа мушгиралдана.
Логикт суурилсан энгийн бодол санаанд хэтэрхий дадсан хүн бидэнд дэндүү солиотой санагдаж ч мэднэ. Далигийн өвөрмөц зан чанар, уран бүтээлч хүнд байж болох хамгийн том эгог ёжтой егөөтэй гэгч нь харуулсан нь киног улам сонирхол татам болгоно.

Кино бүтсэн түүхээс эхлэн бүхий л хэсэг нь сэтгэл дулаацуулж, хараа булаахын зэрэгцээ зүрх шимшрүүлэм энэхүү кино нь Австрали, Монгол, Герман гурван Улсын хамтын бүтээл бөгөөд баримтат уран сайхны кино юм. Энэ онд олон зуун баримтат бүтээл төрсөн ч үүн шиг бүтээл цөөн.
Хүн бүр өөрийн зовлонг туулж, давахын зэрэгцээ мэдрэхүй, мэдлэгээрээ бусдыг шүүх ч тэрхүү алхмыг хийх болсон цаад шалтгааныг таньж ойлгохыг хичээх нь барагтаа л үгүй. “Хөдөөгийн “орк”-уудаар хот дүүрлээ, тэд буцаад явчихвал л хотын асуудал шийдэгдлээ” гэх хандлага мэр сэр. Гэвч бодит хэрэгтээ хэн хаашаа явах, хаанаас ирэх нь гол бус нэгэн өрхийн шийдэж үл чадах давагдашгүй хүчин зүйлийн нөлөө байдгийг энэхүү киноноос харж болох аж.
Гэхдээ эл киноноос олж харсан, онцлох киногоор сонгосон шалтгаан бол уран бүтээлээрээ дамжуулан хөндөх гэсэн байгалийн эсвэл нийгмийн асуудал бус хос хоёрын хайр, гэр бүлийн баяр баясал, нэгнээ ойлгох, сэтгэлээ илэрхийлэх тэрхүү хүмүүний амьд харилцаа билээ. Киноны хором бүрд биесээ хайрлах, хаа нэг нэгэндээ туньж эрхлэх, шаналлаа хуваалцаж тайтгарах тэрхүү хосуудыг та монгол киноноос тийм ч түгээмэл олж хараагүй л болов уу. Монгол хүмүүн тэр дундаа хөдөөгийн ардын сэтгэлээ уудлахдаа тааруу, бүрэг ичимхий хэмээх бидний төсөөлөл хийсвэр юм биш биз дээ гэх бодол ч орж ирж байлаа.
2. Хар нохой
Энэ киноны дараа хэрэв боломж, нөхцөл бүрдвэл заавал нохой тэжээнэ гэж бодон театраас гарч байлаа. Оюун ухаант хүнд л байдаг гэж бодож асан тэрхүү хайрлах сэтгэл, хайрлуулах хүсэл, хүндлэл, энэрэх ухааныг амьтнаас олж харах юутай үзэсгэлэнтэй. Хүн энэ ертөнцийн эзэн мэт аяглах. Гэтэл орчлонгийн юмс бүхэн амьтай оршихуй гэдгийг бид умартчихдаг бололтой. Амьтад хүртэл бидэнд шинийг сурах, сэтгэлээ нээх, өөрийгөө таних боломжийг олгож буй тухай өгүүлэх энэхүү кино Хятадын Гуан Хү гэх найруулагчийн бүтээл бөгөөд 77 дахь Каннын кино наадмын “Un Certain Regard” шагналыг хүртсэн билээ.
Киноноос мэдэрдэг, хардаг зүйлс хүн бүрд өөрөөр тусдаг ч энэхүү бүтээлийн өнгө будаг, кадр бүхэн үзэсгэлэнтэй. Олон зүйлсийг өгүүлэх ч түүний дундаас ялгарах хоёр шархалсан сэтгэл нэгнээ олж, эдгээж буй нь эргэн санах тутам дулаахан, улам л гүн гүнзгий дурсамжид тодрох нь онцлох киногоор сонгоход нөлөөлсөн юм. Муу хүн гэж байдаггүй, мунхаг хүн л гэж байдаг гэдэг шиг муу нохой, муу амьтан гэж байдаггүй бололтой. Аливаа амьтнаас гарах айдаст автуулам үйлдэл мунхаг хүний үйлдлээс шалтгаалах үр дагаврын нөлөө гэмээр. Амьтан гэлгүй хүчирхийлэл, үл тоогдох мэдрэмжийн дараа хүн хүртэл бие болоод сэтгэлийн ямар их гэмтэл авдаг билээ. Энэрэх сэтгэл, хайр, ойлгох ухаан байж гэмээ нь энэ ертөнц, эгэл сүнс аврагдах ажээ. Энэ дашрамд гайхалтай кино үзэх боломжийг олгодог UBIFF (Улаанбаатар Олон Улсын Кино Наадам)-дээ талархаж явдгаа илэрхийлье.
3. How to Make Million Before Grandma Dies
Үүнийг уншиж буй та нэгэн цагт эмээ, өвөө болох нь гарцаагүй. Тэр цагт үр, ач нараа тойруулан баясал дүүрэн амьдрахуйг таашаах, ганцаардал дундаа ганьхран суух эсвэл бүр ганцаар байхыг эрхэмлэн байх эсэхийг хэн ч тааж үл мэднэ.
Нас нэмж амьдралыг ухаарч мэдрэхийн хэрээр эмээ, өвөө нар минь улам л ганцаардмал болдгийг ойлгож эхэлж буй энэ цагт зүрхний гүн рүү нэвчин орох шиг, нэгийг бодогдуулах энэхүү кино танд нөхцөлгүй хайр гэж байдаг юм шүү гэдгийг ахин сануулна гэдэгт итгэлтэй байна. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр нэгэндээ өгөх хайр улам л харам болоод байх шиг…
“Хайрыг харамлалгүй, чадах хэмжээгээрээ түгээцгээе” гэх үгийг урьтал болгох авч үйлдэл болгох нь өдрийн од шиг. Олдож буй цагаа эрхэм нэгэндээ зориулна гэдэг үнэлшгүй их хөрөнгө ажээ. Үүнийг ч мэддэг үү гэлтэй эмээ, өвөөгөөс ирэх тэрхүү их энэрэл хайр үгсээр нь, харцнаас нь, үйлдлээс нь үргэлж мэдрэгдэж тэвэр дүүрэн илч түгээх нь зүйрлэшгүй их бэлэг завшаан ажээ.
Энэхүү киноны дүрүүд бүгд л бидний эргэн тойронд, яг дэргэд хамт “амьдран” буй. Амжилтыг мөнгө, эд баялгаар төсөөлөх бус хүн байхыг чухалчлах, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх мөчүүд хамгийн том амжилт гэдгийг ойлгох, эгэл оршихуйн эгэлгүйг нотлохын төлөө үргэлж хичээмээр үүн шиг бүтээлүүд кино салбарт “даруухан” боловч үүрд орших нь энэ урлагийн гайхамшигт нэгэн чанар юм даа.
Нөхцөлгүй хайр байдагт итгээрэй.

Хоккайдогийн хүйтэн зэлүүд нутагт Хироши Окүюама “Миний нарны гэгээ” нэртэй бяцхан лаа асаан кино эхэлдэг нь энгийн зүйлс нь аливааг өгүүлэхдээ гоо зүй төдийгүй гүн утга агуулгыг ч илэрхийлж болохыг харуулж чаджээ.
Найруулагч, зураглаач нь 24х36 хэмжээтэй кадруудад хөдөлгөөнгүй палан болон багахан хазайсан өнцгийг ашиглан, богинохон хугацаанд ганцаардсан гурван хүний учрал мөсөн талбайд хэрхэн өрнөж буй болон Япон улсын хөдөө орон нутгийн аж байдал тэдний хувь онцлогтой нь хэрхэн зөрчилдөж байгааг тун гарамгай харуулсан байв.
Мөн түүнчлэн нийгмийн нөлөөнөөс үүдэн дүрүүдийн харилцаа нурахаас өмнө тэдний түр зуурын мөрөөдөмтгий, эмзэг, мэдрэмтгий байдлыг нь үзэгчдэд мэдрүүлэхийн тулд бага нягтралтай гэрэлтүүлэг ашигласан нь зөв шийдэл болсон байлаа. Гэхдээ уг киноны өгүүлж буй түүх хүүхдийн харах өнцгөөс юу ч үүрд үгүй болох учиргүй гэдгийг хэлэхийг зорьсон мэт.

1. Cent’anni
Словенийн залуу кино найруулагч Мая Доротея Прелогийн анхны бүрэн хэмжээний баримтат кино болох “Зуун жил”-ийг 2024 оны нэгдүгээр сард Зүүн Европын кино наадамд ажиллаж байхдаа үзсэн нь энэ жилийн онцлох кино байлаа. Ер нь бол багаасаа л баримтат кинонд илүү татагддаг байсан болохоороо энэ жил баримтат кино хэсэгт нь ажиллаж үзсэн юм. Ингэхдээ олон баримтат кинон дундаас яагаад энэхүү киног онцолж буй нь их учиртай. Зүүн Европын улс орон дотроо Словени нь Монгол улстай соёлын хувьд хамгийн ойр санагдсанаас гадна, хүний мөн чанар, сонголтын тухай эдгэшгүй өвчин, энэлэн, амьдрах гал цог, хамтын хүсэл хэрхэн тэднийг өөрчилж буйг дүрслэн үзүүлсэн нь их тод үлджээ. Найруулагч нь өөрөө гол дүр бөгөөд өөрийн анхны хайр, өсвөр наснаасаа эхэлж үерхсэн залуу, тэдний үр хөндөлт болон эдгэшгүй өвчинтэй хэрхэн тэмцэж буй нь гарна. Хамгийн сэтгэл хөдөлгөм нь гол дүрийн залуу маань анх удаагаа киногоо бүтнээр нь өөрийн амьдралаа эргүүлэн олж авсны дараа танхимд бидэнтэй цуг үзэж, яриа дэлгэсэн нь байлаа.
Кино театрт арваннэгдүгээр сард үзсэн бөгөөд бидний сайн танил, алдарт “Ghibli” студийн найруулагч Хаяо Мияазакигийн сүүлийн уран бүтээл, Оскарийн шагналт “Та нар хэрхэн амьдрах вэ” киног хийж буй үйл явц нь гардаг. Нэг их Мияазаки гэдэггүй надад үлдсэн гол шалтгаан нь түүний нэрийдлээр Пак Сантай холбоотой билээ. Миний хамгийн хайртай найруулагч нарын нэг Пак гуай түүнд хэрхэн нөлөөлсөн тухай, мөн орчин үеийн Азиас хамгийн бадируун найруулагчийн хувийн амьдралын үзэл хэрхэн гарч буйг харах их сонирхолтой байлаа. Өмнөх түүний амьдралаар хийгдэж байсан баримтат бүтээлүүдээс онцгой нь гэвэл санхүүжилтгүйгээр хийгдэж эхэлсэн, улмаар эксперименталь хийцүүд байсан нь их таалагдсан. Та түүнд хайртай бол бас “хүү болон дэглий”-г ойлгохыг хүсвэл заавал үзээрэй гэж хэлье.
Хорин хоёр палестин найруулагчийн анатологи бүтээл бөгөөд богино хэмжээний баримтат кино, анимейшн болон эксперименталь кинонуудаас бүрдэнэ. Газын зурвас дах амьдрал, дайны хор уршиг хэрхэн гэмгүй иргэдэд нөлөөлж буйг, XXI зуунд дайн байх хэрэгтэй юу? зэргийг хорин хоёр өөр өнцгөөс харуулжээ. Сошиал ертөнцөд хэд хэдэн дайныг дэмжсэн группуудыг харж байсан юм л даа. Тэдгээр хүмүүсээс яагаад дайныг дэмждэг вэ? гэж асуувал эдийн засгаас өөр зүйл хэлэх нь ховор байж магадгүй. Тэгвэл тэр эдийн засаг гэдэг хүний аминаас илүү үнэтэй юу? Үгүй гэдгийг дайн бүр харуулсаар ирсэн ч одоо хүртэл энэ түүхээсээ суралцаж чадахгүй яваа хүн төрөлхтөн бид хөөрхий. Багаар яривал бүхий л түвшиндөө, улс бүр хувь хүнд ч түүхээсээ суралцдаггүй туршлага хэвээр. Залуу хүн бүр үзээсэй гэж хүсэж байна.

Харийн улс үндэстний үл мэдэх соёлын онцлогтой кино нь барууны үзэгчдийн сонирхлыг онцгой ихээр татаж байсан тохиолдлууд туйлын ховор. Энэ уламжлалыг эвдэж чадсан нэгэн бүтээл нь яах аргагүй Shogun (2024) байлаа. Тиймээс өөрсдийн агуу түүхээр агуу бүтээл хийх төлөвлөгөөтэй Монгол уран бүтээлчид энэхүү амжилтын жорыг судлах нь хамгийн чухал алхам хэмээн итгэж байгаа тул энэ сэдвээр аль болохоор олон дүгнэлт гараасай гэж хүсэн хүлээж байна. Хувийн зүгээс 2024 оны онцлох киноны тухай сэтгэгдэл бичих зуураа энэхүү амжилтын ард нуугдсан хоёр зүйлийг олж харсан тухай хуваалцъя.
Юуны өмнө, үзэгчдийн боловсролын цар хүрээний дутмаг байдлыг анхнаасаа зөвөөр үнэлэн, үүнд тохирсон мэдээллийг нь “халбагадан амтлуулсан” явдал уг амжилтын нэгэн тулгуур багана нь болжээ. Үйл явдлын өрнөл дундуур үзэгчид нь "Энэ нь ямар учиртай юм бэ?" хэмээн япон соёлын онцлогийн талаар гайхан, тархиа өөр юмны төлөө ажиллуулан, анхаарлаа сарниулах бүх нөхцөлийг үгүй хийсэн нь маш оновчтой шийдэл байлаа.
Өөрөөр хэлбэл, үзэгчдийн өмнө дүрүүдийн дотоод ертөнц рүү өнгийх хаалгыг нь хангалттай томоор нээж, гүн рүү нь эргэж буцалтгүйгээр оруулж чадсан арга мэх нь амжилттай хэрэгжсэн. Ингэснээр аль ч газар, аль ч цаг үед адил байдаг хүмүүс хоорондын харилцааны дэндүү сайн мэдэх зүйлээр сонирхлыг нь бүрэн эзэмдэж чаджээ. Харин тэдний огт мэдэхгүй япон соёлын тухай төдийлөн ач холбогдол өгөхгүйгээр, дан ганц арын өнгө үзэмж байдлаар хүлээн зөвшөөрүүлжээ. Үүний гол зорилго нь анги болгоны дараа Википедиа руу орж, учрыг нь олохгүй л бол цааш нь үзэж чадахгүй гэх дарамтыг нь үгүй хийсэн. Ингэснээр үзэгчид өөрсдийгөө “мэдлэг дутуу” хэмээн дорд үзэх сөрөг мэдрэмжийг нь арилгаж чаджээ. Үүнд магадгүй эхнэр нөхөр болох хоёр найруулагчийн эхнэр нь япон гаралтай байсан тул “яг юу тайлбарлах хэрэгтэй, үгүйг” хэдийнээ мэдэж байсан нь дэм болсон байх.
Домогт “Game of thrones”-оос хойш чимээгүй байсан ОАК салбарт томоохон амжилт гаргасан “Shogun” киноны удаах нууц нь “цагаан арьст үзэгчдийн сэтгэлийг эзэмдэхийн тулд цагаан арьст жүжигчин хэрэгтэй” гэх шийдэл байжээ хэмээн дүгнэж байна. Арьс өнгөний ялгаварлан гадуурхалт мэт сонсогдох хэдий ч Монгол кино барууны зах зээл рүү амжилттай гарахын тулд барууны урлаг соёлд хэдийнээ улиг болсон энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
1000 хол давсан хуудастай James Clavell-ийн эх зохиолын ном нь 1975 онд анх хэвлэгдэж, 1990 оны байдлаар 15 сая ширхэг борлогдсон бүтээл юм. Уг бизнесийн амжилт дээр дөрөөлөхөөс гадна уг кино нь барууны үзэгчдэд бүрэн нийцүүлэх зорилгоор гол дүрд Английн далайчин эрийг сонгосон шийдэл нь дээрх зайлшгүй шаардлагыг хэрхэн гүйцэлдүүлснийг харуулж байна.
2018 онд хөдөлж эхлээд, 6 жилийн турш ажиллахдаа Японд зураг авалтыг нь төлөвлөж байсан хэдий ч, тухайн орон нутагт үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэн бүх ажиллагаагаа Канад руу шилжүүлсэн байдал нь уг бүтээл япон үзэгчдэд таалагдахгүй байх болгоомжлолтой байсныг нь илтгэнэ. Тийм хэдий ч, бодит түүх болон соёлын зүгээс гарах зөрүү нь япон үзэгчдийн сэтгэлийг сэвтүүлэхгүйгээр тухайн ялгааг зохистой хэмжээнд барьж чадсан нь аргагүй л мэргэжлийн өндөр чадвар байсныг дурдах нь зүйтэй.
Дээрхийг дүгнэвэл, дотоодын зах зээлээс хальж, гаднын бизнесийн орчинд эн зэрэгцэн өрсөлдөхийн тулд тухайн зах зээлийн дүрмийг нь сайтар судлан, хэрэгжүүлэхээс гадна “Some same, but different” (“Дотно танил хэр нь өөр зүйл”) гэх зарчмыг хэрэгжүүлэхдээ монгол өнгө төрх, үнэр, уур амьсгалтай зүйлийг гаднын үзэгчдийн дотно танил хэлбэр, загвараар танилцуулах нь нэн тэргүүнд хийх ажил гэдгийг сануулъя.

1. Substance
Энэ кино бол 2024 онд үзсэн бүх киноноос хамгийн шилдэг нь байж чадсан. Яагаад гэвэл энэ кино хувь хүний зөрчил рүү шулуухан нэвтэрч орох мэт. Францын кино найруулагч Кароли Фаржа энэхүү киногоороо Каннын кино наадмын шилдэг зохиолын шагналыг хүртсэн юм билээ. Нийгэм биднээс юу хүснэ вэ? Нийгэм биднийг хэн болгохыг хүснэ вэ? Бид өөрсдийгөө алдсанаар нийгэмд ямар ашигтай вэ? гээд л асар их асуултыг надад тавьж байгаа юм шиг секунд ч амсхийх чөлөөгүй үзэж дуусгасан.
Биднийг хүүхэд ахуй цагаас л ямар нэг хуурамч үнэ цэнгүй зүйлсээр цэнэглэсээр. Насанд хүрэх үедээ бид өөрийгөө ч мэдэхгүй амжилтын араас хөөцөлдөгсөд болж, мөнгөний төлөө хүсэл шуналдаа баригдаж, өөрөөсөө холдож буцах замаа үл олно. Яагаад? Зүгээр л хайрлагдахыг, ойлгогдохыг хүссэн.
Сайн кино үзэх үед анхнаасаа ямар нэг асуулт өөрт тавигдаж, кино зохиолынхоо гол санаа руу өөрийн минь зөрчил мэдрэмжтэй хамт дагуулаад явдаг. Алдар нэр, амжилт, мөнгө, донтолт, сэтгэл зүйн эмгэгүүд, худал хуурмагууд өнөөдөр бидний дунд энгийн л жам ёс шиг хэрэгцээ шаардлага, бахархлууд мэт болжээ.
Гэвч үхэх үед танд юу үлдэх вэ? Би хэн болчихсон юм бэ? Би аз жаргалтай байна уу? Би өөрөөсөө өөрийнхөө цаг хугацаа амьдралыг хулгайлсаар байх уу? гэх зэрэг асуултуудтай нүүр тулж өөртөө сайн найз болохыг хүсдэг хүмүүс зорьж үзэх кинонуудын нэг яах аргагүй мөн. Өөртэйгөө зөрчилдөж буй эмэгтэйн зөрчлийг харин ч хөнгөн “body horror” байдлаар илэрхийлсэн.
Магадгүй энэ киног үзээд айж сэжиглэж байвал бидний оюун санаа нүдэнд харагдах зүйлд хэт их ач холбогдол өгч, өөрийнхөө зөрчлүүдийг шийдэхгүй зугтсаар байгааг илтгэх мэт санагдана.
2. Good One
Энэ кинон дээр гарах гол дүрийн Сэм гэх 17 настай охины өөрийгөө илэрхийлж буй байдал надад их том хичээл заасан. Хүүхдэд тусламж хэрэгтэй үед томчууд хүүхдүүдэд итгэдэггүй, ойлгодоггүй. Тэдний нөхцөл байдлыг сонсож ойлгож хүлээж авах гэхээс илүүтэй өөрсдийн өнцгөөс шүүмжилж ханддаг. Ингээд л хүүхдүүдийн хувьд эцэг эх нь итгэж найдаж ярилцах хүмүүс биш болж хувирдаг.
Үүний хор уршгаар хүүхэд өөрийгөө үнэ цэнгүй мэт мэдэрдэг. Энэ киног эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт суугаад үзээсэй. Үр хүүхдийнхээ ярьж хэлж байгаад анхаарлаа төвлөрүүлэн сонсоосой. Бидэнд хүүхдүүдээсээ суралцах зүйл маш их байдаг. Киног үзэж дуусах үед яагаад энэ киног "Good One" гэж нэрлэсэн учир тайлагдаж дотоод сэтгэл минь өөрөө өөртөө итгэхийн сайхнаар цэнэглэгдсэн.
Анх зомбитой кино үзнэ гээд л үзсэн. Тэгсэн энэ кино гашуудлын тухай кино байсан. Үнэнтэй нүүрэлдэж, түүнийг мэдрэх нь аймшигтай зөрчилдөөн үүсгэдэг. Хайртай дотнын хүн чинь үхсэнээр бид юуг ойлгох хэрэгтэй болдог вэ? гэдгийг өгүүлсэн байсан. Хэрвээ бид үхсэн хүнийг толгойдоо амьд юм шиг амьдруулаад л яваад байвал эцэстээ өөрийгөө ч гэсэн үхүүлэхэд хүргэдэг болохыг зомбигоор зүйрлэн төлөөлүүлжээ гэж ойлгосон. Үнэхээр хэцүү ч гэсэн бид хайртай бүхнээ л явах өдөр нь явуулж удахгүй өөрсдөө ч гэсэн араас нь явцгаана. Зүгээр л өөртөө хангалттай гашуудах хугацааг өгөх ёстой гэдгийг энэ киноноос мэдэрсэн.

Өмнөх оны нийтлэлүүд:
2016 оны онцлох кинонууд
2017 оны онцлох кинонууд
2018 оны онцлох кинонууд
2020 оны онцлох кинонууд
2021 оны онцлох кинонууд
2023 оны онцлох кинонууд
Unread Wrapped 2024 цуврал нийтлэл:
- Оны онцлох аппууд
- Би хэрхэн ажилладаг вэ? - Тусгай дугаар
- Оны онцлох стартапууд
- Оны онцлох номууд
- Оны онцлох кинонууд
- 2024 онд биднийг чимсэн онцлох 24 нийтлэл
- Атаархлын жагсаалт: 2024 оны онцлох нийтлэлүүд
- 2024 оны онцлох үйл явдлууд
- 2025 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Сэтгэгдэл бичих

