Байгууллагын нэр: АйСиТи групп
Байгуулагдсан он: 2011
Үйл ажиллагааны чиглэл: Мэдээлэл технологийн компани
Ажилтны тоо: 400+ (Охин болон харьяа компанийн ажилтнуудыг оролцуулаад)
Хаяг: Натурын зам, "Шинэ үе" сургуулийн ард, Реженси Резиденс, хоёрдугаар давхар
Цахим хаяг: info@ictgroup.mn
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, YouTube

Байгууллагыг тодорхойлох түлхүүр үг: Зөв хүн, Зөв шийдэл, Зөв ирээдүй


яагаад сонгох болов?

Мэдээлэл технологийн тэргүүлэгч үндэсний групп компани Ай Си Ти Групп ХК-ийн оффистой танилцаж явахдаа "жинхэнэ групп компани гэж ийм л байдаг байх даа" гэх мэдрэмжийг авч байлаа. Үүнийг энэ оффисоор зочилсон хэн бүхэн мэдрэх нь лавтай. Тэд бол Монголын мэдээлэл технологийн салбарт 2011 оноос "Зөв хүн, Зөв шийдлээр, Зөв ирээдүйг" уриан дор нэгдэн нийлж, манай улсын стратегийн салбарууд болох эрүүл мэнд, боловсрол, банк санхүү, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй технологийн компаниудын нэгдэл билээ. Өдгөө 48 охин компани, 400 гаруй ажилтантай тус группийн 70 орчим хувьтай тэнцэх ажилтнууд бидний зорин очсон оффист суух бөгөөд үүнээс 80 гаруй хувь нь 30-аас доош насны залуус байсныг онцлох нь зүйтэй болов уу.



АЖЛЫН ОРЧИН, ТОХИЖИЛТ

Шатаар өгсөн хоёрдугаар давхарт гарахад чанх урагш болон зүүн тийш гэх хоёр сонголт гарч ирнэ. Хэрэв та урдаа буй шилэн хаалгаар орвол Ай Си Ти группийн охин болон харьяа компаниудын суух хэсэгтэй танилцах бөгөөд харин нөгөө зүгт очиход компанийн үндсэн ажилтнуудын хэсэг байрлах аж.

Ай Си Ти группт хөл тавьсан цагаас өөр ертөнцийн гэмээр мэдрэмжийг оффисын өнцөг булан бүрээс нь авч байв. Хана бүрийг чимэглэх гоёмсог уран зургууд, хараанд өртөх ногоон ургамлууд, хамт олны эрч хүчтэй уур амьсгал, хаана ч очсон тухтай байршлууд…

Оффисын нүд булаасан хэсгүүд

Үүд хэсэг – Өнгөт дэлгэц бүхий хана, "Ухамсар" нэрт төмөр хөшөө хамгийн түрүүнд таныг угтана. Тус оффисоор зочилсон хэн бүхэн энэ хөшөөтэй хамт патиараа татуулдаг бичигдээгүй дүрэм ч бий гэнэ лээ.

Амьд ургамлан хана – Оффисын хоёрдугаар давхар хүртэл үргэлжлэх өндөр ханыг амьд ургамлаар бүрхжээ. Түүгээр ч үл барам бяцхан горхи хажуулдан урсах нь хараа булаам үзэсгэлэнтэй.

Уран зургууд – Ажилтнуудын бүтээлч байдлыг нэмэгдүүлж, шинэ санал санаачилгад хөтлөх төрөл бүрийн уран зургууд энд тэндгүй байх аж. Тэдэн дундаас хамгийн их нүд булаасан нь оффисын төв хэсэгт байрлах нэгэн бүтээл байлаа. Монгол гэрийг дээд талаас нь харуулсан дүрслэлтэй тус зурагт Ай Си Ти группийн хамт олон тоонот гэрт хамтдаа суусан байх агаад гэрийн эргэн тойронд хамтран ажиллагч байгууллагууд, охин, харьяа компаниудын нэрс байлаа. Энэхүү бүтээлийг тэд NFT болгож, дуудлага худалдаанд оруулаад амжсанаа ч дурдаж байв. Зургийн урд арслантай хоёр авдар байрласан нь эл бүтээлийг хамгаалж байгаа мэт сэтгэгдлийг эрхгүй төрүүлэх аж.



Өрөөнүүд – Энд арван нэгэн хурлын өрөө, гурван цайны өрөө, хоёр амралтын өрөө байдаг. Ажилтнуудынхаа тооноос хамаарч ийнхүү уулзаж хуралдах, амрах өрөөг хангалттай шийдэж өгснийг онцлууштай. Жишээлбэл, амралтын өрөөнд ширээний хөл бөмбөг, playstation зэрэг ажлаас амсхийх таатай нөхцөл олгох орчныг бүрдүүлж өгчээ. Түүнээс гадна гэртээ байгаа мэт тохижуулсан цайны өрөөнүүд, кофе шоптой дүйх орчин бүхий гал тогооны хэсгүүдийг онцлох хэрэгтэй.

Тагт – Ажлын завсарлагаанаар агаар амьсгалмаар санагдвал тагтан дээрээ гарч болох юм. Ажилтнуудын хэлж буйгаар дулааны цагт эрчүүд нь гар дээр суниах зэргээр биеийн хүчний дасгал хийж бие биетэйгээ өрсөлддөг гэсэн шүү.

Онцгой цуглуулга – Оффисын төв хэсгийн тавиур дээрээс огт үзэж байгаагүй төхөөрөмжүүдийг олж харсан юм. Технологийн компани гэдэг утгаараа бичгийн машин болон үе үеийн компьютерийн загваруудыг шил дарааллуулан өрж гангарсан байх нь эрхгүй харц булаах аж.

Номын сан – Охин болон харьяа компаниудын суудаг баруун жигүүрт байх нэг ханыг бүхэлд нь номын сан болгон тохижуулжээ. Сонирхолтой нь энд зөвхөн уран зохиолын номууд байх агаад технологийн салбарынхны хувьд тархиа амрааж, бүтээлч сэтгэлгээгээ нэмэгдүүлэх орон зай шиг нь санагдсан.



БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ

Даваа гаргийн "Чойроо" – Даваа гараг бүрийн өглөө өнгөрсөн долоо хоногийг дүгнэж, тухайн долоо хоногоо төлөвлөхөд зориулсан "Чойроо" уулзалт хийдэг. Энэ уулзалтаар тэд шагнал урамшуулал авсан нэгнээ алдаршуулж, шинэ ажилтнаа танилцуулан долоо хоногийг эрч хүчтэй угтдаг уламжлалтай.

24 цагийн нээлттэй оффис – Ажил мэргэжлийн онцлогоос хамаарч технологийн компанийн ажилтнууд оффистоо хонох хэрэгцээ олон тохионо. Энэхүү асуудлыг тэд оффисын үүд хаалгаа 24 цагийн турш нээлттэй байлгаснаар шийдэж, ямар ч ажилтан цагт баригдалгүйгээр ажлаа хийх боломжийг бүрдүүлжээ. Энэ оффист бүр шүршүүр хүртэл бий. Түүнээс гадна тухайн өдрийн найман цагийг ажилдаа зориулсан л бол хэзээ эхэлж, хэзээ дуусгах нь ажилтны сонголт байдаг уян хатан цагийн хуваарийг нь дурдахгүй өнгөрч боломгүй.



Сургалт хөгжүүлэлт – Хэлтэс бүр өөрсдийн мэргэшсэн чиглэлийн дагуух сургалтыг бусад ажилтнууддаа зориулж зохион байгуулдаг. Жишээлбэл, мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс гэхэд л хувь хүн мэдээллээ хэрхэн хамгаалах, яаж хадгалах тухай сургалт орох гэх зэргээр өөр хоорондоо мэдлэгээ үргэлж солилцдог уламжлалтай. Шаардлагатай тохиолдолд ажилтнуудын санал хүсэлтийн дагуу гаднын сургалт авах боломжийг ч олгодог.

Шинэ ажилтанд – Тус компанийн хүний нөөцийн бодлогын дагуу шинэ ажилтанд ментор оноож, гурван сарын турш чиглүүлж, байгууллагын соёлд суралцуулдаг. Мөн группийн нэрийн бүтээгдэхүүнүүд болох цамц, футболка, дэвтэр зэргийг ажилтан бүрд өгдөг гэнэ. Түүнээс гадна байгууллагын зүгээс жилд таван ажилтныхаа орон сууцны асуудлыг шийддэг нь тэднийг зорих шинэ ажилтнуудын тоо улам нэмэгдсээр буйн онцгой шалтгаан болжээ.

Тэмдэглэлт баярууд – Баяр бүрийг тэд тусгай арга хэмжээ болгон зохион байгуулдаг бөгөөд "Аймшгийн баяр", "Гэгээн хайрын баяр" тэргүүтэй баяруудыг оффистоо тэмдэглэж, дотоод уур амьсгалаа эерэгээр цэнэглэдэгийг нь онцлууштай.

Сонирхлын бүлгүүд – Ажилтан бүр нийтлэг сонирхлоороо нэгдэн нийлж үйл ажиллагаа зохион байгуулдаг. Явган аялал, сагсан бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис, шатар тоглох зэрэг спортын сонирхолтой залуус байдгаас гадна "Орой яахын?" гэдэг групп ч байдаг нь хөгжилтэй санагдлаа.



ажилтнуудын сэтгэгдэл

Ажлын бүтээмжид хамт олон, удирдлагуудаас эхлээд ажлын орчин хамгийн их нөлөөлдөг гэж боддог. Тэр ч утгаараа Ай Си Ти группийн дотоод уур амьсгал нь эерэг, нээлттэйгээс гадна бүтээлчээр ажиллах таатай орчныг бүрдүүлж чадсан. Манай оффис олон төрлийн уран зурагтайгаас гадна тохижилтын нарийн элемент бүр нь надад үнэхээр их таалагддаг. Мөн ажилтнуудыг амрахад зориулан байрлуулсан буйдангууд нь маш тухтай.

Ай Си Ти группийн Хуулийн мэргэжилтэн Г.Янжинлхам

Манай группийн хувьд хүн бүрийн ажил мэргэжлийн онцлогт тохируулсан оффисын шийдэл ихтэй. Жишээлбэл, код бичдэг хүмүүс ажлын орчноо солих хэрэгцээ ихээхэн гардаг учраас энд тэндгүй суух шаардлагатай болдог. Энэ хэрэгцээнд манай оффисын тохижилт хамгийн таатай нь. Харин миний хувьд ширээнийхээ ард байхдаа тун тухтай мэдрэмж авч чаддаг.

Ай Си Ти группийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн Б.Тэргэл

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Ажлын орчныг таатай байдлаар бүрдүүлснээр ажилтан сэтгэл ханамж дүүрэн, бүтээмжтэй ажиллахаас гадна тухайн байгууллагад удаан ажиллах магадлал нь ихэсдэг байна. Нөгөөтээгүүр байгууллагын эерэг соёлыг бий болгосноор ажилтан өөрийн үнэ цэнээ мэдрэн, ажиллаж буй байгууллагадаа өгөөжөө илүүтэй хүртээх нь бий.

Тийм ч учраас Unread Media жил бүр үндсэн гурван шалгуурын дагуу "Улаанбаатарын хамгийн таатай оффис"-уудыг зарлан алдаршуулдаг билээ. Энэ жил бид товлосон цагтаа жагсаалтаа хүргэж чадаагүй ч энэ хүртэлх хугацаанд уншигчдаасаа хүлээлтээс давсан санал хүлээн авч, хамгийн таатай 8 оффисыг тодрууллаа. Жагсаалт маань жил бүр шинэчлэгдэх тул таны саналыг бид хэзээд хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2021" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - "МОНОС ХҮНС" ХК, ШИНГЭН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MCS ESTATES
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MASTER GROUP
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - TOMYO EDTECH
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - INTELMIND GROUP
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MSTARS HUB
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - ICT GROUP

ӨМНӨХ ЖАГСААЛТУУДТАЙ ТАНИЛЦАХ

Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2020
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018