Байгууллагын нэр: "Монос хүнс" ХК, Шингэн хүнсний үйлдвэр
Байгуулагдсан он: 2020
Үйл ажиллагааны чиглэл: Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрлэл, худалдаа
Ажилтны тоо: 250+ (Монос хүнс ХК-ийн ажилтнууд ороод)
Хаяг: БГД, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 32/3 тоот
Цахим хаяг: foods@monos.mn
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram

Байгууллагыг тодорхойлох түлхүүр үг: Стандарт

ЯАГААД СОНГОХ БОЛОВ?

Монголын эрүүл мэндийн салбарын ууган үйлдвэрлэгчдийн нэг, 32 жилийн түүхтэй "Монос" группийн нэгээхэн хэсэг, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа "Монос хүнс" хувьцаат компанийн шингэн хүнсний үйлдвэр нь үйлдвэр оффисын хосолмол шийдлийг Монголдоо анхлан нэвтрүүлжээ. Энэхүү шинэлэг хосолмол шийдэл нь удирдлагын түвшний оффисын ажилтнуудыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай нягт танилцуулах, цаашлаад илүү хөрсөн дээр буусан, бодит шийдвэрүүдийг гаргахад нөлөөлөх ач холбогдолтой байдаг байна.

"Монос хүнс" ХК нь 2019 оны дөрөвдүгээр сард "Монос" групп дотроо анх удаа хөрөнгийн зах зээлд IPO гарган хувьцаат компани болсон юм. Ийнхүү тэд үйлдвэрийн хүчин чадлаа 24 дахин нэмсэн шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулснаас гадна ирэх жилүүдэд эрүүл мэндэд чиглэсэн сонирхолтой шинэ нэр төрлийн олон бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зэхэж буй. Үйлдвэрийн хувьд дэлхийн чиг хандлагын дагуу, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сүүлийн үеийн техник технологиудаар тоноглогдсон бүрэн автомат үйлдвэр гэдгийг дурдахгүй өнгөрч боломгүй. Мөн тэдний нэг том ялгарал бол бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ эрдэмтдийн судалгаа шинжилгээг нарийн няхуур ашиглаж, чанартай бүтээгдэхүүн гаргадаг нөү-хау юм.

АЖЛЫН ОРЧИН

Үйлдвэр-оффисын орчин ямар байх бол гэсэн хүлээлттэйгээр анх хөл тавихад үнэхээр л оффисын ажилтнууд нь үйлдвэрийн үйл ажиллагаатай бүрэн дүүрэн холбогдох нөхцөл бүрдсэн дотоод шийдэл биднийг угтлаа. Тодруулбал, үйлдвэр-оффис бүхэлдээ хоёр давхраас бүрдэх ба нэгдүгээр давхарт нь үйлдвэр, агуулах байрлах бол хоёрдугаар давхарт нь оффис байрлана. Харин үйлдвэрийн голлох хэсэг нь нэг, хоёрдугаар давхрыг хамарсан өндөр таазтай байх агаад оффис нь үйлдвэрээ тойрсон "П" хэлбэрийн засалттай байв. Оффис, үйлдвэр хоёроо дан шилээр тусгаарласан нь тунгалаг, ил тод, сонирхолтой шийдэл болжээ.



Дэлхийн стандартыг Монголд - Ганцаараа бус хамтаараа хөгжье

"Монос хүнс" компани нь эрүүл мэндийг дэмжих хүнсний үйлдвэрлэлээр Монголдоо тэргүүлэгчийн хувьд хүнсний үйлдвэрт тавигдах бүхий л төрлийн олон улсын чанарын стандартыг нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг. Тэдгээрээс дурдвал, 2018 онд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байжээ. Мөн хүнсний аюулгүй байдлын жишиг стандарт болох FSSC 22000 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд буй. Үүгээр тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага, хүнсний аюулгүй байдлыг маш өндөр түвшинд хангасан гэдгийг нотолдог аж. Тэрчлэн хүнсний аюулгүй байдлын HACCP, үйлдвэрлэлийн зохистой дадал GMP зэрэг олон улcын стандартуудыг ханган ажиллаж байна. Хамгийн онцлууштай нь тус компанийн бэлтгэн нийлүүлэгчид ч дээрх стандартуудыг мөрдөх шаардлагатай болдог. Ийн тэд эрүүл хүнсний салбарт зөв соёл, өндөр стандартуудыг нутагшуулж байна.

Тав тух, найрсаг хамт олон, уян хатан байдал

Компанийн зүгээс үйлдвэр-оффисдоо амралтын өрөө гаргаж өгсөн нь үнэхээр нүдээ олсон шийдэл болжээ. Учир нь үйлдвэрийн ажилтнуудын хэлж буйгаар ажлын байрнаасаа түр холдон, амралтын өрөөнд амрах боломжтой нь үйлдвэр-оффист ажиллахын хамгийн том давуу тал болдог гэнэ. Нөгөөтэйгүүр хөдөлгөөнгүй ажил хийдэг оффисынхон ч мөнөөх амралтын өрөөнд орж биеийн чилээгээ гарган, хамт олонтойгоо хөгжилдөн, түр амсхийх боломжтой нь таатай санагддаг биз.

"Монос хүнс" компани нь дотооддоо арван ажлын албатай бөгөөд ажилтнууддаа уян хатан цагийн систем санал болгодог. Үүнийх нь хүрээнд тэдгээр албад улирал бүр ажиллах цагийн хуваариа сонгон урьдчилан мэдэгдэх боломжтой гэнэ. Жишээлбэл та чанар хяналтын албаных байлаа гэхэд хоорондоо хэлэлцэн ирэх улиралд өглөө 7 цагаас өдөр 15 цаг хүртэл, эсвэл бүр өдрийн ажлын цагаа уртасган долоо хоногт дөрвөн өдөр ч ажиллах боломжтой аж. Өөрсдөө л ажлын цагтаа бүтээмжтэй ажиллаж чадвал хэдэн ч цагаас ажилдаа явах боломжтой нь онцгой санагдав.



БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ

Хүн нэг бүрийн оролцоо үнэ цэнтэй

"Монос хүнс"-ийн шингэн хүнсний үйлдвэрийнхэн хоорондоо ямар нэг саадгүйгээр харилцах зарчимтай. Энэ нь компанийн хөгжил дэвшилд хүн бүрийн дуу хоолой хүрч, хамтын зорилгын төлөө илүү урам зоригтой, сэтгэл ханамжтай, хурдацтай ажиллахад нөлөөлдөг гэж үздэгээс үүдэлтэй аж. Жишээлбэл, тэд ирэх оныхоо төлөвлөгөөг хийхдээ хүн нэг бүрийн оролцоо, санал санаачилгыг тусгадаг.

Тогтмол суралцахуй 

Дээр дурдсанчлан үйлдвэрт мөрдөгдөх ёстой маш олон стандарт бий. Үүний дагуу гадны байгууллагууд болон дотоодын сургагч багш нар нийт ажилтнуудад сар бүр цогц сургалтууд ордог. Харин үйлдвэрийн ажилтнуудад өдөр тутмын сануулга зөвлөмжүүдийг үйлдвэр рүү орохын өмнө үүдний дэлгэцээр тасралтгүй хүргэсээр байдаг нь илүү ойлгомжтой, хүртээмжтэй шийдэл болжээ. Мөн улирал тутам шинэ ажилтны өдөрлөг зарлан цогц сургалтаа ахин орох нь бий. Дотоодын сургагч багш нарын хувьд заавал чанар стандартын сургалт гэлгүйгээр хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг мөн ордог.

Урамшууллын систем

Ажилтнуудын идэвх оролцоог дэмжих үүднээс байгууллагын зүгээс оноожуулалтын системийг боловсруулан сар бүр шилдэг ажилтнаа тодруулдаг нь бас сонирхол татав. Шилдгээ тодруулахдаа өнөөх олон сургалтын туршид үзсэн стандартаар шалгалт авах, хамт олных нь сэтгэгдлийг сонсох зэргээр дүгнэдэг байна.

Сонирхуулахад, Монос хүнснийхэн жил бүр гаднын байгууллагаар өөрсдийн компанийн дотоод соёлын судалгааг хийлгэдэг гэнэ. Хэн ямар үнэлгээ өгсөн нь мэдэгдэхгүй тул бодит үр дүн гардаг хэмээн тэд итгэлтэй хэлцгээв.



Ковидын үеийн зохицуулалт

Ковидын ид дэгдэлтийн үед бүх ажилтнуудаа болон гэр бүлийн гишүүдийг нь Ковидын эрүүл мэндийн даатгалд хамруулсан цөөхөн хэдэн байгууллагын нэг нь "Монос Хүнс" ХК. Хэрвээ тухайн ажилтан өөрөө, эсвэл гэр бүлийн гишүүн нь өвдсөн тохиолдолд даатгалаас нөхөн олговор авах боломжтой юм. Үүгээр зогсохгүй өвдсөн өвдөөгүйгээс үл хамааран нийт ажилтнууддаа эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн өгч, өвдсөн тохиолдолд компаниас мөнгөн тэтгэмж олгодог байна. Харин ажлын байрны хувьд одоог хүртэл тогтсон цэгүүдэд тест авах, маскаар хангах, сар бүр ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэргээр арга хэмжээ авсаар байгааг нь онцолъё.

Ажилтнууддаа ээлтэй байгууллага

Компанийн үндсэн ажилтнууд хувийн тэтгэврийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Энэ хүрээнд ажилтнууд жил бүр хувийн эмнэлэгт эрүүл мэндийн цогц үйлчилгээнд хамрагдах боломжтой юм. Тэрчлэн компанийнхаа гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхой үнийн хөнгөлөлттэйгөөр авах боломж олгодог байна.

Экологид ээлтэй үйлдвэрлэл

Угаас "Монос хүнс" компанийн тэргүүн зорилтуудын нэг нь хүрээлэн буй орчиндоо ээлтэй үйлдвэрлэл явуулах. Үүнийгээ ч чандлан биелүүлдэг. Тоног төхөөрөмжүүдээ сонгохдоо л гэхэд цахилгааны хэмнэлттэй мотортойг (энгийн мотороос 30 хувийн хэмнэлттэй) нь сонгосон байх жишээний. Мөн оффисын бүх гэрлүүдээ лед гэрлээр шийдэж, үйлдвэрийн гэрэлтүүлэгтээ UTC гэх лед гэрлээс ч илүү цахилгаан хэмнэдэг, насжилт урттай гэрлийг сонгожээ.

Бүх шингэн хүнсний үйлдвэрүүдэд усны гурван төрлийн үндсэн шүүлтүүр байдаг. Элсэн шүүлтүүр, нүүрсэн шүүлтүүр, мембран буюу нарийн шүүлтүүр. Усыг боловсруулахын тулд шүүлтүүрүүдээр 100 литр усыг урсгалаа гэж бодоход нарийн шүүлтүүрт нь 30 литр ус нэвчиж чадалгүйгээр шууд хаягддаг. Харин эл үйлдвэрт өнөөх 30 литр усыг тосож, нөөцлөх 10 тоннын багтаамж бүхий савлагаа бий. Ийнхүү нөөцлөгдсөн саарал усаа ариун цэврийн өрөө, шал угаалга арчилгаа, ариутгалд ашигладаг байна.

Халаалтын хувьд мөн л өөрсдөө шийддэг гээд бод доо. Үйлдвэрт хэрэглээд илүү гарсан уурыг ашиглан халаалтаа шийдсэн нь үлгэр жишээ юм.

Дараагийн яригдах чухал зүйл бол хог хаягдал. Үйлдвэрээс гарч буй хог хаягдлыг химийн, ахуйн, хуванцрын, цаасны хог хаягдал хэмээн дөрөв ангилна. Ингэж ангилсан хог хаягдлыг тусгай зориулалтын дахин боловсруулах байгууллагад хүлээлгэн өгдөг хариуцлагатай байдал нь байгальд шууд ил хаягдах хог хаягдлын хэмжээг бууруулж, цаашлаад үзүүлэх хор нөлөөг тодорхой хувиар багасгадаг байна.

АЖИЛТНУУДЫН СЭТГЭГДЭЛ

Мэргэжлийн онцлогоос хамааран би лабораторид ажилладаг юм. Лаборатори нь хэвийн бус, хүнд хортой нөхцөлтэй ажлын байрны нэгд тооцогддог. Харин манай компанийн зүгээс ажлын байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж өгсөн нь таатай байдаг. Оффисын хувьд ч мөн тав тухтай байдаг нь сэтгэл амар ажиллахад нөлөөлдөг шүү.

Микро-биологич Б.Болормаа

Инээд байгаа газар үргэлж аз жаргал байдаг шүү дээ. Тэр ч утгаараа бид инээдээр цалгисан, халуун дулаан хамт олныг бүрдүүлж чадсан. Мөн бидний үйлдвэрлэж буй шингэн хүнс эрүүл ахуйн шаардлага хангасан, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг мөрдсөн, бүрэн автомат системд суурилсан үйлдвэрээр дамжин гардаг болохоор хэрэглэгчдэд хүргэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээндээ үргэлж итгэл төгс байж чаддаг.

Ус, ундаа найруулагч Х.Пүрэвдорж

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Ажлын орчныг таатай байдлаар бүрдүүлснээр ажилтан сэтгэл ханамж дүүрэн, бүтээмжтэй ажиллахаас гадна тухайн байгууллагад удаан ажиллах магадлал нь ихэсдэг байна. Нөгөөтээгүүр байгууллагын эерэг соёлыг бий болгосноор ажилтан өөрийн үнэ цэнээ мэдрэн, ажиллаж буй байгууллагадаа өгөөжөө илүүтэй хүртээх нь бий.

Тийм ч учраас Unread Media жил бүр үндсэн гурван шалгуурын дагуу "Улаанбаатарын хамгийн таатай оффис"-уудыг зарлан алдаршуулдаг билээ. Энэ жил бид товлосон цагтаа жагсаалтаа хүргэж чадаагүй ч энэ хүртэлх хугацаанд уншигчдаасаа хүлээлтээс давсан санал хүлээн авч, хамгийн таатай 8 оффисыг тодрууллаа. Жагсаалт маань жил бүр шинэчлэгдэх тул таны саналыг бид хэзээд хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2021" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - "МОНОС ХҮНС" ХК, ШИНГЭН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MCS ESTATES
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MASTER GROUP
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - TOMYO EDTECH
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - INTELMIND GROUP
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MSTARS HUB
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - ICT GROUP

ӨМНӨХ ЖАГСААЛТУУДТАЙ ТАНИЛЦАХ

Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2020
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018