Байгууллагын нэр: "Интелмайнд" групп
Байгуулагдсан он: 2017
Үйл ажиллагааны чиглэл: Venture Studio
Ажилтны тоо: 200
Хаяг: Сүхбаатарын талбайн баруун урд, "New Horizons" tower, IV давхар
Цахим хаяг: info@intelmind.mn
Сошиал хуудас: Website, Facebook

Байгууллагыг тодорхойлох түлхүүр үг: Гэр бүл

ЯАГААД СОНГОХ БОЛОВ?

Нэгэн дээвэр дор зэрэгцэн орших найман төрлийн компани. Бүгд өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ч нэгэн зорилго дор зангилагддаг. Өдгөө "Интелмайнд" групп нийт нэг сая давсан хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж, дотоодын 1,000 гаруй компанид өөрсдийн бүтээсэн технологиор дамжуулан 1,500 хүнийг шууд бус ажлын байраар хангаж байна. Технологиор учран золгосон тэд Монголын анхны "Venture Studio" компаниудын нэг гэдгийг онцолъё.

"Интелмайнд" групп нь анх 2017 онд цахим худалдааны "Shoppy" компанийг байгуулж, бизнесийн гараагаа эхлүүлсэн бол өдгөө илүү хүртээмжтэй цахим худалдааны "Zary" платформыг зах зээлд нэвтрүүлж, "Cody" бизнес платформ, "COINHUB" цахим хөрөнгийн биржийг эгнээндээ оруулжээ. Мөн аялал, амралтын "JoinMe" цахим платформ, "Mezorn", "Autoparts", "SEM" (Systems Engineering Mongolia) зэрэг нийтдээ найман технологийн компанийг нэгтгэсэн томоохон групп болтлоо өргөжжээ.

Дижитал экосистемийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тэд гадаад, дотоодын тэргүүлэгч компаниуд, авьяаслаг залуустай хамтран олон шинэ төслийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, технологиор дамжуулан сая сая хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг сайжруулсаар байна.

Тэдний оффисыг зорин очвол дөрвөн талаасаа гэрэлтэх цэлгэр цонхнуудтай агаад зай талбайг эвлэгхэн ашигласан зөв төлөвлөлт хийж, оффисоо бүхэлд нь задгай талбайн шийдлээр шийдсэний сацуу ажилтнуудаа үндсэн хоёр жигүүрт хуваан байршуулжээ.

АЖЛЫН ОРЧИН

Зөөлөн цайвар өнгөөр дагнан, халуун дулаан орчин бүрдүүлсэн энэ оффис бол "Интелмайнд" группийн хамтын бүтээсэн "гэр". Оффисынхоо өнцөг булан бүрийг хамтдаа зөвлөлдөн, ажилтан нэг бүрийн санал санаачилгыг тусган тохижуулсан эл оффист ажиллахад сэтгэл ханамж дүүрэн байдаг биз ээ.

Оффисын сонирхолтой шийдлүүдийг дурдвал:

  • Ажилтан бүрд олгогдох шүүгээ, сандал, ширээ зэргийг нарийн тооцож, ажлын бүтээмжид ээлтэй байдлаар тохижуулсан нь уг оффисыг гэр орон шиг тав тухтай гэж тодотгож буйн эхний шалтгаан юм.
  • Ойролцоогоор 100 гаруй ажилтнуудыг багтаах уг оффисын хивсэнцэр дээр ямар ч утас хөглөрөх боломжгүйгээр утасгүй шийдлийг боловсруулжээ.
  • Гал тогооны хэсгийг бусад хэсгээс илүү том байхаар шийдсэн. Гэр бүлийн аз жаргал гал тогооноос эхлэлтэй тул бүгд цуглах боломжийг бүрдүүлсэн аж.
  • Тав тухыг бэлэглэх зөөлөн буйдан болон хэлбэрждэг “beanbag”-уудыг олноор байршуулсан тухлаг булангуудаар дүүрэн.
  • Нэгэн чиглэлд ургах ургамлууд. Тэд ургамлаа сонгохдоо ажилтнуудынхаа анхаарлыг сарниулахгүй байхаар тооцож, хааш яаш ургадаг олон төрлийн ургамал бус, нэг чиглэлд ургадаг ургамлуудыг сонгосон аж. Мөн ваарны өнгийг ч пастел өнгөөр шийдсэн.
  • Дуу тусгаарлагч, ухаалаг самбар, эргэдэг сандлуудтай хурлын өрөөнүүд.
  • Хоёр жигүүрийг холбох дундын хэсэг. Эл хэсэгт видео контент хийх, бүгдэд хамааралтай зарлалыг танилцуулах, уулзалт зохион байгуулах, албан бус үйл ажиллагаанууд явуулах боломжтой.
  • Ганцаараа төвлөрч суухад тохиромжтой ширээнүүд.
  • Хаалгаар үл тусгаарлагдах задгай талбай бүхий шийдэл. Нээлттэй, задгай орчинг бий болгосноор удирдлага, ажилтан хоорондын харилцаа нэг шугамд байхаас гадна харилцаа холбоо илүү бүтээмжтэй, урагштай байх орчин бүрдүүлжээ.



БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ

"Давхар x 2" хөгжих боломж

"Интелмайнд" групп нь өнгөрсөн онд дэлхийн хамгийн том технологийн чуулган болох "Web Summit"-ийн албан ёсны түнш байгууллагаар шалгарснаас гадна Facebook компанитай хамтын ажиллагаатай аж. Тэд дээрх дэлхийд тэргүүлэгч чадварлаг компаниудаас аутсорсинг хийж, ажилтнуудынхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг нь онцлууштай. Тухайлбал, аялал жуулчлалын "JoinMe" компани гэхэд Азийн аялал жуулчлалын холбооноос сургалт авдаг байна. Мөн дотоодын байгууллагуудаас компаниудын үйл ажиллагааны чиглэлд тохирсон нэмэлт сургалтууд авдаг гэнэ. Энэ бүхэн "Интелмайнд" группийг байгууллагын гол капитал болсон хүний нөөцийнхөө ур чадвар, өсөлт хөгжилтөд тасралтгүй хөрөнгө оруулдаг болохыг тодхон батална.

Ажилтнуудын хувьд оффисын задгай, нээлттэй талбайн тохижуулалт нь нэгнээсээ суралцах таатай боломж болдгийг онцолсон. Мөн оффист байрлах төрөл бүрийн компанийн ажилчдын хамруулан баг бүрдүүлж, сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулдаг нь үлгэр жишээ болохуйц санагдсан.

Гэр бүлсэг хамт олон

"Интелмайнд" групп харъяа байгууллагууддаа "гэр бүл" хэмээх үнэт зүйлийг эрхэмлэхийг сануулдаг. Хэдийгээр энэхүү үзэл баримтлал нь группийн оршин тогтнолын бүх цаг хугацаанд байсаар ирсэн ч цар тахлын амаргүй цаг үе бол энэ бүхнийг улам бэхжүүлэхэд нөлөөлж, баг хамт олныг илүү нягт, хатуужилтай болгосон гэнэ.

Тавилга, ширээ, сандал зэрэг материаллаг зүйлсээс илүүтэйгээр хамт олныхоо дунд өөрийн оршин байгаагаа мэдрэх нь л таатай оффисын нэг шинж байх.


Ямар ч том зүйл жижиг бүрдэл хэсгүүдээс эхэлдэг

"Яг яах юм?" гэх нарийвчилсан асуулт бол тэдний байгууллагын соёлын салшгүй нэг хэсэг. Бүх зүйлийг нарийвчлан, жижиг зүйлсэд ч анхаарал хандуулдаг тэдний үгийн санд "ерөнхийдөө" гэдэг үг бараг л ашиглагддаггүй гэхэд болно. Учир нь, тэд ямар ч том зүйл жижиг бүрдэл хэсгүүдээс эхэлдэг гэдэгт итгэдэг. Тэр хэрээрээ бүх зүйлсийг бага гэж гололгүйгээр талархан тэмдэглэдэг байна.

Үе хоорондын ялгааг гаргахуй

Ажлын талбар дахь үе хоорондын ялгаа эрчимтэй яригдах болсон энэ үед "Интелмайнд" групп ч тун ач холбогдол өгч буй. Тухайлбал, тэд энэ жил "Human management strategy" буюу үе хоорондын сэтгэл зүйн онцлог, ялгааг гарган бизнесийн зорилгодоо нийцүүлэн ажиллахаар зорьж байна.

"Интелмайнд" группийн удаах онцлох зүйл нь залууст хийж буй зүйлсээ дараагийн түвшинд гаргахад нь дэмжин ажилладаг. Тэд томоохон төсөл хөтөлбөрийг удирдах хүнийг байгууллага дотроосоо дэвшүүлж, залуус ажиллуулахыг зорьдог. Хамгийн гол нь залуус тууштай, мэрийлттэй, амбийцтай байх нь чухал болохыг онцолж байлаа.


АЖИЛТНУУДЫН СЭТГЭГДЭЛ

Манай оффист өдрийн турш уулзалтууд өрнөдөг. Бид уулзалтын өрөөг сулрахыг хүлээх шаардлагагүйгээр оффисын хаана ч очоод хүнтэй уулзах боломж бүрдүүлсэн нь таалагддаг. Мөн оффисын өнцөг булан бүрд алжаал тайлах, ганцаараа төвлөрч ажиллах хэсгүүд байдаг нь таатай санагддаг.

Интелмайнд ХХК-ийн Бизнес аналист А.Анар

Задгай оффист ажиллахын давуу тал нь олон хананы дунд тусдаа суухгүйгээр чөлөөтэй шууд харилцан яриа үүсгэх орчин бүрддэг. Ингэснээр асуудлаа хугацаанд нь шийдэж, илүү бүтээмжтэй ажиллах нөхцөл бүрддэг.

Shoppy ХХК-ийн Experience, process хөгжүүлэлтийн албаны ахлах Г.Төгөлдөр

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Ажлын орчныг таатай байдлаар бүрдүүлснээр ажилтан сэтгэл ханамж дүүрэн, бүтээмжтэй ажиллахаас гадна тухайн байгууллагад удаан ажиллах магадлал нь ихэсдэг байна. Нөгөөтээгүүр байгууллагын эерэг соёлыг бий болгосноор ажилтан өөрийн үнэ цэнээ мэдрэн, ажиллаж буй байгууллагадаа өгөөжөө илүүтэй хүртээх нь бий.

Тийм ч учраас Unread Media жил бүр үндсэн гурван шалгуурын дагуу "Улаанбаатарын хамгийн таатай оффис"-уудыг зарлан алдаршуулдаг билээ. Энэ жил бид товлосон цагтаа жагсаалтаа хүргэж чадаагүй ч энэ хүртэлх хугацаанд уншигчдаасаа хүлээлтээс давсан санал хүлээн авч, хамгийн таатай 8 оффисыг тодрууллаа. Жагсаалт маань жил бүр шинэчлэгдэх тул таны саналыг бид хэзээд хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2021" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - "МОНОС ХҮНС" ХК, ШИНГЭН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MCS ESTATES
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MASTER GROUP
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - TOMYO EDTECH
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - INTELMIND GROUP
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MSTARS HUB
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - ICT GROUP

ӨМНӨХ ЖАГСААЛТУУДТАЙ ТАНИЛЦАХ

Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2020
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018