Байгууллагын нэр: Мастер групп
Байгуулагдсан он: 2008
Үйл ажиллагааны чиглэл: Үл хөдлөх хөрөнгөөр төрөлжсөн хөрөнгө оруулалтын групп компани
Ажилтны тоо: 5 компани, 50+ ажилтан
Хаяг: 13 дугаар хороолол, Натурын зам, UB Tower, арвандолдугаар давхар
Цахим хаяг: info@master.mn
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, YouTube

Байгууллагыг тодорхойлох түлхүүр үг: Хамт олон


ЯАГААД СОНГОХ БОЛОВ?

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр 2008 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн Мастер групп нь 2014 оноос барилгын салбарт төсөл хэрэгжүүлэгч болсноор өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй. Өнгөрсөн хугацаанд тэд Улаанбаатарын хамгийн таатай бүсүүдэд оффисын дөрвөн төслийг амжилттай дуусгажээ. Тэдний гүйцэтгэсэн "Pro One", "Хоймор" төслүүдээс эхлээд өөрсдийн төв оффис болох дөрвөн талдаа террастай "UB Tower" болон шинээр ашиглалтад орж буй "UB Tower Plus" зэрэг нь хийц, загвараараа их хотод маань өнгө нэмэх барилгууд аж.

Unread-ийн "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2020" жагсаалтыг хараад оффисын тохижилтдоо эрс анхаарч, энэ жагсаалтад багтах зорилго тавьсан гэх тэдний яриа Мастер группийг сонгох шалтгаануудын тэргүүнд бичигдсэн сонирхолтой "факт" байлаа. Бидний хувьд ч контентоороо дамжуулан ажлын орчны тав тух нь байгууллагын өсөлт, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг түгээж чадсандаа баяртай байсан юм.

АЖЛЫН ОРЧИН, ТОХИЖИЛТ

Орчныг тольдож болохуйц террас: "Албан тасалгааны цонхоор хот сайхан харагдана" гэх дууны мөртүүдийг бидний зорин очсон "UB Tower" барилгын 17 давхраас л бодитоор мэдрэх боломжтой мэт. Улаанбаатар хотын дөрвөн зүг рүү харсан гадагшаа тагттай учир дулааны улиралд хурал цуглаан, багийн уулзалт, хамт олны хөгжилдөөн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж болно. Ажлаасаа түр амсхийн, оюун бодлоо сэргээж, бүтээлч байдлаа дээшлүүлэхийг хүсвэл ханан дахь усан оргилуурын чимээг сонсонгоо их хотыг тольдож болох нь атаархам.



Задгай оффисын шийдэл: Аль ч салбарт ажлын хурд, бүтээмж нь оффисын зохион байгуулалтаас ихээхэн хамаардаг. Тиймдээ ч задгай бүтэцтэй оффисууд үргэлж давуу талтай байх нь бий. Яг энэ жишгээр Мастер группийн ажилтнууд хоорондоо нэтворкинг хийх, шинэ санаагаа ширээнийхээ араас ярилцах зэрэг хамтын ажиллагааны тал дээр элдэв саадгүй байдаг нь харагдаж байв.

Өнгөний шийдэл: Оффисын дотоод засал чимэглэл, тавилгын сонголт зэргийг ажилчдынхаа хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцүүлжээ. Трэндээс үл гарах сонгодог хар, бор өнгө зонхилж, цагаан, саарал өнгүүдтэй хоршсон нь хариуцлагатай, найдвартай байдлыг бэлгэдэх аж.



Нуугдмал шүүгээнүүд: Минимал байдлыг эрхэмлэн шүүгээнүүдээ хананд суулгаж өгсөн нь онцлогтой санагдав. Гаднаас нь харахад зөвхөн хана мэт боловч дараад үзвэл олон зүйл агуулах боломжтой, том шүүгээнүүдийг байршуулж өгчээ.



БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ

Соёлын хөтөлбөр: Компанийнхаа жилийн төлөвлөгөөг гаргахдаа олон нийтийн тэмдэглэлт баяраар зохион байгуулах үйл ажиллагаануудыг алба тус бүрд хуваарилан өгдөг нь сонирхолтой санагдлаа. Зөвхөн удирдлага, хүний нөөцийн баг бус хамт олноороо идэвхтэй оролцож, дотоод үйл ажиллагааг хэрхэн сонирхолтой, содон байлгах тухай санаа уралдуулдаг гэнэ. Тодруулбал, "3 М" спортын өдөрлөг, намрын аяллаас эхлээд ваар, зургийн сургалтад хамрагдах зэрэг үйл ажиллагааг албадууд хариуцан сар бүр тогтмол зохион байгуулдаг бөгөөд идэвх санаачилгаар нь оноо өгч үнэлдэг байна.

Шинэ ажилтнаа хүлээн авах: Байгууллагын соёлд уусгах хөтөлбөрийнхөө хүрээнд шинэ ажилтныг алба бүр ээлжлэн өдрийн хоолонд урьдаг заншилтай. Ингэснээр хамт олонтойгоо хурдан дотносох, компанийн үйл ажиллагааг түргэн ойлгох зэрэг олон давуу талтай.



Эрүүл мэнд нэгдүгээрт: Жил бүрийн нэгдүгээр сард компанийн бүх ажилтныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулдаг ба оношилгооны багцуудаас сонгох боломж олгодог. Түүнчлэн Ковид-19 халвараас урьдчилан сэргийлж тогтмол дархлаа дэмжих бүтээгдэхүүн, витаминаар хангаж, ажилтнуудын эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьдаг аж.

Санал хүсэлтийн хайрцаг: Оффисын нэгэн нууц хэсэгт санал, хүсэлтийн хайрцаг байрлуулжээ. Сар бүрийн онцлогоос хамааран энэхүү хайрцганд талархал, гомдол, магтаал, шүүмжлэлийг хийж, сарын эцэст захидлууд эзэндээ очдог байна.



АЖИЛТНУУДЫН СЭТГЭГДЭЛ

Ажлын орчин гэдэг үргэлж тухайн ажилтан өсөж дэвжихэд чухал нөлөө үзүүлдэг. Манай компанийн хувьд ажилтан бүрээсээ санал хүсэлтийг нь сонссоны дараа оффисоо тохижуулж, төлөвлөлтөө хийсэн. Тиймдээ ч хамтын ажиллагаа, хоорондын харилцааны тал дээр оффисын орчин хамгийн таатай нь байдаг.

Төслийн менежер Н.Батзориг

Хэдийгээр ажлын орчин чухал ч шинэ санал, санаачилгыг дэмжиж, асуудал тулгарсан үед ойлгодог хамт олонтой байна гэдэг миний хувьд хамгийн таатай зүйл. Дотоод засал, тохижуулалтын тухайд уулзалт, хурлын өрөө бүр өөрийн өнгө аястайгаас гадна ажилтнуудын харилцаа, холбоо түргэн явах боломжийг олгосон задгай оффисын бүтцээр тохижуулсан нь таатай санагддаг.

Борлуулалтын шинжээч Р.Уранзаяа

"Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтын тухай

Ажлын орчныг таатай байдлаар бүрдүүлснээр ажилтан сэтгэл ханамж дүүрэн, бүтээмжтэй ажиллахаас гадна тухайн байгууллагад удаан ажиллах магадлал нь ихэсдэг байна. Нөгөөтээгүүр байгууллагын эерэг соёлыг бий болгосноор ажилтан өөрийн үнэ цэнээ мэдрэн, ажиллаж буй байгууллагадаа өгөөжөө илүүтэй хүртээх нь бий.

Тийм ч учраас Unread Media жил бүр үндсэн гурван шалгуурын дагуу "Улаанбаатарын хамгийн таатай оффис"-уудыг зарлан алдаршуулдаг билээ. Энэ жил бид товлосон цагтаа жагсаалтаа хүргэж чадаагүй ч энэ хүртэлх хугацаанд уншигчдаасаа хүлээлтээс давсан санал хүлээн авч, хамгийн таатай 8 оффисыг тодрууллаа. Жагсаалт маань жил бүр шинэчлэгдэх тул таны саналыг бид хэзээд хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2021" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - "МОНОС ХҮНС" ХК, ШИНГЭН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MCS ESTATES
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MASTER GROUP
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - TOMYO EDTECH
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - INTELMIND GROUP
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MSTARS HUB
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - ICT GROUP

ӨМНӨХ ЖАГСААЛТУУДТАЙ ТАНИЛЦАХ

Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2020
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018