Сүүлийн таван жилийн дотор дэлхий дахин цар тахал, зэвсэгт мөргөлдөөн, дайны нүүрийг үзлээ. Үүний улмаас дэлхийн хүчний тэнцвэрийн асуудал ч яригдах болсон. Энэ эгзэгтэй цаг үед хоёр авторитар дэглэмийн дунд орших ардчилсан оронд мөн л сорилт бэрхшээл тулгарсан билээ. Тухайлбал, гадаад худалдаа хараат байдлын хувьд энэ оны эхний таван сарын байдлаар манай улсын ОХУ-аас импортолсон 1.1 тэрбум ам.долларын барааны 72.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж буй. Мөн манай улсын нийт импортын 39.2 хувийг БНХАУ эзэлж байгаа юм. 

Харин гадаад харилцааны хувьд арван жилийн өмнө Монгол Улс жилд 2-3 айлчлал хийдэг байсан бол 2023 онд 10-20 айлчлал хийжээ. Гэсэн ч гуравдагч хөршийн бодлого бодитой хэрэгжиж чадаж байгаа эсэх, гуравдагч хөрш гэдгийг зөвхөн ардчилсан, өндөр хөгжилтэй орнуудаар л хязгаарлах эсэх нь мөн л олон асуулт бий болгож байна. 

Тэгвэл олон улсын харилцааны систем өөрчлөгдөж, дэлхий улам хуваагдаж байгаа энэ үед бид ямар байр суурьтай байх нь зөв бэ? Бодлогын мэтгэлцээний 14 дэх дугаарт оролцсон нэр дэвшигчид эдгээр болон бусад асуултад хэрхэн хариулсаныг тоймлон хүргэж байна. 

1-р дугаарын тойм

2-р дугаарын тойм

3-р дугаарын тойм

4-р дугаарын тойм

5-р дугаарын тойм

6-р дугаарын тойм

7-р дугаарын тойм

8-р дугаарын тойм

9-р дугаарын тойм

10-р дугаарын тойм

11-р дугаарын тойм

12-р дугаарын тойм

13-р дугаарын тойм

ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?

Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.

1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.

2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.

3-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.

4-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.

5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.

14-Р ДУГААР “ГАДААД ХАРИЛЦАА БА ГЕОПОЛИТИК”

ХЭН МЭТГЭЛЦЭВ?


ХҮН намаас 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч П.Наранбаяр - МУИС-д олон улс судлалын доктор, Япон улсын Киотогийн их сургуулийн Эрхзүйн сургуульд эрхзүйн магистрын зэрэгтэй. НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн.

Ардчилсан намаас жагсаалтын 37-д нэр дэвшигч О.Чулуунбилэг - МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд түүхч, түүхийн багшаар бакалавр, түүхийн ухааны магистр, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд улс төрийн магистрын зэрэг хамгаалсан. Багш, улс төр судлаач.

Монголын Социал Демократ намаас 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Р.Олонбаяр - АНУ-д олон улс худалдаа, үл хөдлөх хөрөнгө, барилга бүтээн байгуулалтын удирдлага, олон улсын барилгын код стандартын хяналт, бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцсан. Үндэсний үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн, бизнесийн удирдлагын магистр.

Шинэ нэгдсэн эвслээс 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Баярмаа - Ховдын багшийн дээд сургуулийг газарзүй, түүхийн багш, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйчээр төгссөн. Боловсрол судлалын магистр, улс төр судлалын докторантын зэрэгтэй. Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ ТББ-ын тэргүүн.

Монгол Ардын намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Д.Цогтбаатар - Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлал, Австралийн үндэсний их сургуулийг олон улсын хуульч мэргэжлээр төгссөн. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга.

Үндэсний эвслээс жагсаалтын 2-т нэр дэвшигч А.Ундраа - МУИС-ийг физикч мэргэжлээр төгссөн бөгөөд физикийн ухааны магистр, Италийн Трест хотын Олон улсын онолын физикийн төвд их энергийн физикээр диплом хамгаалсан. АНУ-ын Хойд Каролинагийн их сургуульд физикийн ухааны докторын зэрэгтэй. УИХ-ын гишүүн асан, цөмийн физикч.

ЮУ ЯРИВ?

ХҮН намаас 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч П.Наранбаяр

1. Өнөөдөр дэлхийд блокчлол маягийн зүйл явагдаж байна. Тодруулбал, АНУ болон БНХАУ-ын харилцаа хүйтэрсэн хэвээр, ОХУ болон АНУ-ын харилцаа дайсагнасан шинжтэй ийм нөхцөл байдалд Монгол Улс энэхүү блок буюу хаалтад орохгүй байх гадаад бодлогод яаралтай шилжих хэрэгтэй. Юун түрүүнд Монгол Улс Зүүн хойд Ази, Зүүн Ази, Төв Азийн алинд хамаарч байгаа буюу бүсчлэлийн асуудлаа тодорхойлоод гадаад бодлогоо тодорхой хэмжээнд баяжуулах шаардлагатай байна. (1-р үе Нээлттэй индэр)

2. ХҮН намын мөрийн хөтөлбөрт гуравдагч хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, гүнзгийрүүлэх, бүс нутгийн интеграцад нэгдэх, гадаад бодлогыг эдийн засагжуулах зэрэг маш тодорхой заалтуудыг тусгасан. (2-р үе Халз мэтгэлцээн “Гуравдагч хөршийн бодлогыг хэрхэн сайжруулж шинэчлэх вэ?”)

3. Хийн хоолой манай улсад ашигтай юу, үгүй юу гэдгийг олон талаас нь бодох юм бол ашиггүй. Хэд хэдэн үндэслэл байна. Энэ хийн хоолойг татчих юм бол экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрсийг БНХАУ авахаа болино. Үүний зэрэгцээ манайх ОХУ-аас бүр илүү хамааралтай болно. Ингэсний оронд ХҮН намын мөрийн хөтөлбөрт заасанчлан говьд байгаа давхаргуудаасаа хий гаргаж авах ажлыг хийх хэрэгтэй. (3-р үе Иргэдийн асуулт “Энэ яриад байдаг хийн хоолой барих төсөл манай улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа юу?”)

4. Өнөөдөр төмөр замыг хөгжүүлэхдээ хурдыг нь нэмж, цахилгаанжуулах хэрэгтэй. Учир нь төмөр замын тээвэр нь усан тээврээс хурдан. (4-р үе Халз мэтгэлцээн “Монгол Улсын геополитикийн давуу талыг хэрхэн ашиглах вэ?”)

5. ХҮН намын мөрийн хөтөлбөрт манай гуравдагч хөршүүд болох Европын Холбоо, Япон, Солонгос гэсэн улс руу виз авахад хөнгөвчлөх ажлыг хэрэгжүүлнэ гэж маш тодорхой заасан. Энэ бол өнөөдөр хэрэгжүүлж байгаа гадаад бодлогын залгамж болоод явж байгаа. (5-р үе Хаалтын илтгэл)

Ардчилсан намаас жагсаалтын 37-д нэр дэвшигч О.Чулуунбилэг

1. АН-ын хувьд гадаад бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр мөрийн хөтөлбөртөө сөрөн тэсвэрлэх стратеги бүхий 46 зүйл, заалт боловсруулсан. Сүүлийн найман жилд олон тулгуурт бодлогын тэнцвэр алдагдаж, МАН хоёр хөршийн бодлого дээр нэг улс руу буюу ОХУ руу хэт хазайсан бодлого баримталж байсныг бид засаж, үндэсний эрх ашгаа хамгаална. (1-р үе Нээлттэй индэр)

3. Сүүлийн найман жилийн хугацаанд хийн хоолойн тухай бодлого, үүнд монголчууд яаж оролцох тухай эрх баригчид яриагүй. Үүнд л санаа зовж, үүнийг л хэлэлцэх ёстой. Тэгэхээр АН-ын мөрийн хөтөлбөрт бүс нутгийн интеграцын хэмжээнд Монголын оролцоог өндөр байлгах, олон улсын хамтын нийгэмлэг, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтуудыг татах байдлаар шийднэ гэж заасан. (3-р үе Иргэдийн асуулт “Энэ яриад байдаг хийн хоолой барих төсөл манай улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа юу?”)

4. Манай намын зүгээс үргэлж гадаад харилцаа эдийн засагжиж, либералчлагдаж байх ёстой хэмээн үзсээр ирсэн. Тиймдээ ч АН-ын мөрийн хөтөлбөрт гадаад худалдааны яамыг байгуулна гэж тусгасан. Энэ яамыг байгуулснаар боомтын түгжрэл, шатахууны дарамтаас гарах хамгийн гол гарц нь болох юм. (4-р үе Халз мэтгэлцээн “Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлого дээр ямар байр суурьтай байгаа вэ?”)

5. Сүүлийн 30 жилийн турш МАН, АН-ын хоорондох өрсөлдөөн төдийхнөөр сонгууль явж ирсэн. Харин одоо бол геополитикийн шинэ нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улс цаашид ардчилсан орон байх уу, дарангуйлалд шилжсэн хайбрид ардчилалтай орон болох уу гэдэг түүхэн сонголт ирээд байна. Геополитикийн асуудлыг манай нэр дэвшигчид зөвхөн мэргэжлийн хүмүүс, төрийн шийдвэр гаргагчдын асуудал гэж ярьж байна. Үгүй юм. АН-ын үзэл баримтлалаар геополитик, аюулгүй байдлын асуудлыг иргэд мэдэж байх ёстой. Оролцох ч хэрэгтэй. (5-р үе Хаалтын илтгэл)


Монголын Социал Демократ намаас 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Р.Олонбаяр

1. Манай улс сүүлийн 30 гаруй жилд худалдааны алдаатай бодлогоор явж ирсэн бөгөөд худалдааны яамгүй, хуульгүй улс. Тэгэхээр нээлттэй, чөлөөтэй, зах зээлийн чиг баримжаатай улсын хувьд худалдааны хуульгүй, яамгүй байна гэдэг гадаад харилцаа болон эдийн засгийн алдаатай бодлого юм. Тийм учраас МУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалд шинэчлэл хийх шаардлагатай. (1-р үе Нээлттэй индэр)

2. Юун түрүүнд Боловсролын зээлийн санг Үндсэн хуулийн цэцэд шалгуулж, өнгөрсөн хугацаанд болсон олон үйл явцын нөхцөл байдлыг тодорхойлох шаардлагатай. Нөгөө талаараа Боловсролын зээлийн сан байна гэдэг нь сайн хэрэг. Энэ бол боловсролыг санхүүжүүлж буй нэг сайн хэлбэр. Тийм учраас зээлийн сангаар олгогдож байгаа зээлийг мэргэжилтэн бэлтгэхэд, тэр тусмаа МУ-ын гадаад бодлого, геополитикийн асуудлыг хөндөж буй энэ үед гадаадад чадвартай дипломатчдыг бэлтгэх ёстой. (2-р үе Халз мэтгэлцээн “Мэргэжилтнүүдээ гадаадад боловсрол эзэмшүүлж бэлтгэхэд гадаад бодлогоор яаж дэмжих вэ?”)

3. Хийн хоолойн асуудал дээр өнөөг хүртэл шинжлэх ухаанч дүгнэлт хийгээгүй байна. Тэгэхээр дүн шинжилгээ хийхийн тулд нэгт, улс төрийн нөхцөл байдал, хоёрт, эдийн засгийн нөхцөл байдал, гуравт бизнесийн хувьд ямар байгаа, дөрөвт экологи, тавд эрхзүйн хувьд асуудлуудыг заавал авч үзэх ёстой. Улмаар эндээс гарсан дүгнэлтэд суурилан үндэсний бодлого боловсруулах шаардлагатай. (3-р үе Иргэдийн асуулт “Энэ яриад байдаг хийн хоолой барих төсөл манай улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа юу?”)

4. Бид мөрийн хөтөлбөрийнхөө эдийн засгийн хэсэгт нэгт, эдийн засгийн орчинг тодорхойлсон. Тодруулбал, дотоод эдийн засаг болон гадаад хөрөнгө оруулалт. Тэгэхээр манай улсад эдийн засгийн орчин бүрдэхийн тулд түүнийг бүрдүүлж чадах бизнесийн суурь эрхзүйн орчин бүрдсэн байна уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Өнгөрсөн 32 жилийн хугацаанд манай улс суурь хуулиудаа огт батлаагүй. Бидэнд бизнес, худалдаа, агентлаг, арилжааны тухай хууль байхгүй. Эдгээр хууль байхгүй байна гэдэг нь гадаадын хөрөнгө оруулалтын хууль Монголд хэрэгжих үндэслэлгүй гэсэн үг. Манай эвслээс эдгээр суурь хуулийг ирэх дөрвөн жилд хийх бололцоотой. (4-р үе Халз мэтгэлцээн “Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлого дээр ямар байр суурьтай байгаа вэ?”)

5. Манай намын танилцуулж буй 12 хууль, 12 үзэл баримтлалд хүнээ хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах, эрүүл мэндийг нь хамгаалах, сайн сайхан байдлыг хангахад чиглэж байгаа. (5-р үе Хаалтын илтгэл)


Шинэ нэгдсэн эвслээс 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Баярмаа

1. Манай эвслийн мөрийн хөтөлбөрт гадаад бодлого, геополитикийн хувьд үндэсний ардчилсан үзэл санааг монгол орныхоо өвөрмөц онцлогт тулгуурлан хөгжүүлнэ хэмээн тусгасан. (1-р үе Нээлттэй индэр)

2. Манай намын мөрийн хөтөлбөрт Боловсролын зээлийн санг ил тод, нээлттэй байх эрхзүйн орчныг бүрдүүлнэ гэж заасан. Өнгөрсөн хугацаанд Боловсролын зээлийн сангийн мөнгө зорилтот бүлэгтээ хүрээгүй. Зөвхөн энэ сан ч биш яам бүрийн дэргэд байх ойролцоогоор 30-аад сан хоосон байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Мэргэжилтнүүдээ гадаадад боловсрол эзэмшүүлж бэлтгэхэд гадаад бодлогоор яаж дэмжих вэ?”)

3. Энэ хийн хоолой Монголоор дамжин өнгөрвөл ач холбогдол багатай гэж үзэж байна. Харин ч улс төрийн нөлөөллийн хэрэгсэл болох эрсдэл бий. Мөн манай улсын үндэсний язгуур ашиг сонирхолд эрсдэл учрах аюултай. Тухайлбал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эдийн засгийн тогтвортой байдал, экологийн тэнцвэртэй хөгжил болон аюулгүй байдал зэрэгт эрсдэл учруулах төсөл байж болзошгүй учраас миний хувьд энэхүү хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрөх төслийг таатай хүлээж авахгүй байна. (3-р үе Иргэдийн асуулт “Энэ яриад байдаг хийн хоолой барих төсөл манай улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа юу?”)

4. Төрд хариуцлага тооцох цаг болсон. Сонгогчдод хандаж хэлэхэд 34 жил эдийн засгийг ийм байдалд оруулж, иргэдийг ядуу, өр ширтэй болгосон хүмүүст улс төрийн хариуцлага тооцох хэрэгтэй. Тийм учраас ирээдүйгээ бодоод шинэ мөрийн хөтөлбөр, шинэ хүчнийг харж байж сонголтоо хийгээрэй. (4-р үе Халз мэтгэлцээн “Олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд дахь оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?”)

5. Манай эвслийн мөрийн хөтөлбөрт хоёр танхимтай, иргэний хяналттай ардын их хурлыг бий болгох талаар тусгасан. Ингэснээр иргэдээ хүчирхэгжүүлж, хөрш хоёр том гүрнээс ирэх гадаад харилцааны дарамт шахалтыг саармагжуулах бололцоотой. (5-р үе Хаалтын илтгэл)


Монгол Ардын намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Д.Цогтбаатар

1. Нэгдүгээрт, геополитикийн нөхцөл, ОУ-ын харилцааны архитектурыг угсардаг улсууд буюу том гүрнүүд гэж бий. Харин жижиг улс орнууд энэхүү угсарсан системд өөрсдийн бодлогыг уялдуулан явуулдаг. Хоёрдугаарт, геополитикийн түвшинд гарч буй зөрчил нь дотоод улс төр, гадаад бодлогын улс төр хоёр хоорондын зааг алдагдчихаад байгаагаас гарч байна. (1-р үе Нээлттэй индэр)

2. Гадаад бодлогын үзэл баримтлал бол МУ-ын их хурлаар батлагдсан, Гадаад яамныхныхаа хувьд хууль нь. Үүнийг ямар нэг нам, хэн нэгэн өөрчилж болохгүй. Тиймээс гадаад бодлогын үзэл баримтлалдаа орсон заалтыг бид цаашид дагана гэдэг нь өнөөдөр бичигдсэн байгаа хуулиа дагаж мөрдөхтэй ижил. (2-р үе Халз мэтгэлцээн “Дэлхийн хүчний тэнцвэр дэх Монгол Улсын байр суурь юу гэж харж байна вэ?”)

3. Хийн хоолойн асуудал хэрэгжвэл зүгээр байгаа юм. Хэрэв эндээс айж байгаа бол төмөр замаа ч мөн адил зогсоо. Хийн хоолойгоор хий гэдэг бүтээгдэхүүн зах зээл рүүгээ явж байгаа. Мөн төмөр замаар чингэлэгт хийсэн бараа, бүтээгдэхүүн нь явж байна. Хоёулаа адилхан бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэж, үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүргэж өгч буй дэд бүтцийн хэрэгсэл. Тэгэхээр төмөр замыг нь аюулгүй байна гэж үзээд хийн хоолойг нь аюултай гэж үзэж байгаа бол яагаад гэдэгт логиктой тайлбар өгөх хэрэгтэй. (3-р үе Иргэдийн асуулт “Энэ яриад байдаг хийн хоолой барих төсөл манай улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа юу?”)

4. Бид бүх насаараа далайд гарцгүй түгжигдмэл орон гэж уйлж хэвтсээр. Үнэн хэрэгтээ Швейцарь, Чех, Австри зэрэг их гүрнүүдийн дундах улс хамгийн баян орнууд болсон байна. Яагаад гэвэл том зах зээл хоорондын холбоосыг тэд сайн хийж байгаа хэрэг. Дэд бүтцийнхээ аюулгүй байдлыг маш сайн хангаж өгч чадаж байгаа учраас тэндээс өндөр орлого олж байгаа. (4-р үе Халз мэтгэлцээн “Монгол Улсын геополитикийн давуу талыг хэрхэн ашиглах вэ?”)

5. Бид олон улсын хуулийн өндөр чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгтэй. Ер нь цаашдаа гадаад бодлогын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс бол дэлхийн түвшинд онол дэвшүүлж, олон улсын хамтын нийгэмлэгтээ академик сэтгэлгээгээр хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд дипломатуудаа бэлдэх ёстой шүү. Өөрөөр хэлбэл, гаднын дипломаттай нэг ширээнд суучхаад тэр хэмжээнд нь сэтгэж чаддаг байж гэмээнэ зөөлөн хүчний бодлогоо явуулна. Учир нь бид зэвсэгтэй, эдийн засгийн том потенциалтай орон биш учраас өөрсдийн нөөцийн дутагдлыг оюуны цараагаараа нөхөж байж олон улсын түвшинд үр дүнтэй ажиллаж чадна. (5-р үе Хаалтын илтгэл)


Үндэсний эвслээс жагсаалтын 2-т нэр дэвшигч А.Ундраа

1. Манай Үндэсний эвслийн нэг онцлог нь нэг улстөрч, мянган мэргэжилтэн гэсэн зарчмаар нэр дэвшигчдээ тодруулсан. Бидний уриа бол “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Үндэстнээрээ баяжъя” бөгөөд цаад агуулга нь МУ-ын эдийн засгийг тэлэх, нэг хүнд ногдох ДНБ-ийг нэмэх байдлаар эх орноо илүү хүчирхэгжүүлж, “Иргэн баян бол улс баян” гэдэг зарчмыг баримталж байна. (1-р үе Нээлттэй индэр)

2. Зөвхөн томоохон, стратегийн чухал түншүүдтэй идэвхтэй үйл ажиллагаа явуулахаас гадна улсынхаа хүн амын тоотой харьцангуй ойролцоо буюу арваас доош сая хүн амтай, эдийн засгийн хувьд илүү хүчтэй, ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгмийг хөгжүүлж буй орнуудтай идэвхтэй хамтын ажиллагааг бий болгож, нэг блок үүсгэх хэрэгтэй. (2-р үе Халз мэтгэлцээн “Гуравдагч хөршийн бодлогыг хэрхэн сайжруулж шинэчлэх вэ?”)

3. Эрчим хүчний аюулгүй, бие даасан байдал нь аливаа улс орны гадаад бодлогын нэн тэргүүнд тавигдах асуудал. Тэр ч утгаараа манай улсын эрчим хүчний салбар бие даасан бус, гадаад улсаас хамааралтай, бусад улсын эрчим хүчний тохиргоог дуурайлган хийж, говийн бүсийн эрчим хүчний хэрэглээг импортоор шийдэж байна. Гэвч дотоод нөөц бололцоогоо харвал манайд эрчим хүчний түүхий эд, эх үүсвэр тун баялаг. Тэгэхээр бид усан цахилгаан станцаа олноор барих, усны нөөцөө хамт бататган бэхжүүлэх, шугам сүлжээгээ шинэчлэх, эрчим хүчний эх үүсвэрүүдийг олноор бий болгох талаар бодох ёстой болохоос биш хамааралтай байгаа эрчим хүчнийхээ систем дээр нэмж дахин хамааралтай болгоно гэдэг нь бидний гадаад бодлоготой нийцэх үү, үгүй юу? Энэ талаар бодох ёстой. (3-р үе Иргэдийн асуулт “Энэ яриад байдаг хийн хоолой барих төсөл манай улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа юу?”)

4. Манай эвслийн мөрийн хөтөлбөрт сансрын судалгааны ажиглалтын талаар хиймэл дагуулыг хөгжүүлэх, сансрын хөлөг хөөрөх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг онцлон ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагуудтай идэвхтэй ажиллах, эдгээрийн байгаль орчны хяналт, үндэсний аюулгүй байдал зэрэг бодит асуудлыг шийдвэрлэх, боломж болгон ашиглах зэргээр тусгасан. Тэгэхээр сансрын технологид маш ихээр түшиглэж буй энэ цаг үед олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, судалгаа шинжилгээнд нь хамтрах хэрэгтэй. (4-р үе Халз мэтгэлцээн “Олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд дахь оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?”)

5. Дэлхий нийт хурдтай өөрчлөгдөн хувьсаж буй энэ цаг үед геополитикийн ээдрээт оньсыг ухаан зарж тайлах хэрэгтэй. Хөгжлийн чиглэлээ зөв тодорхойлж, эдийн засгаа тэлэх шаардлагатай. (5-р үе Хаалтын илтгэл)

Уншигч та бүхэн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээнийг шууд хүлээн авахыг хүсвэл ТэнГэр телевиз дээр орой бүр 21:00 цагаас сувгаа тааруулаарай. Мөн Facebook хуудсаар үзэх боломжтой.

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.