Тэнгэр ТВ-ээс зохион байгуулж буй бодлогын мэтгэлцээний тойм нийтлэл арванхоёр дахь дугаараар та бүхэнд хүрч байна. Өчигдөр болж өнгөрсөн мэтгэлцээнээр зургаан намын нэр дэвшигчид “Бизнес, хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр шууд мэтгэлцээнийг өрнүүллээ. 

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон МУИС хамтран 2017 оноос 300 гаруй нарийвчилсан үзүүлэлтээр Монголын бизнесийн орчинд судалгаа хийж эхэлжээ. 2023 онд бизнесийн салбарт хууль, эрх зүйн орчин 2.4 хувийн ээлтэй оролцоотой байгаа бол эдийн засгийн орчин 2.5 хувийн үнэлгээтэй байна. Мөн уг бизнесийн орчны судалгаагаар бизнесийн зээлийн хүүг бууруулж, зээлийн нөхцөлийг сайжруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, татварын таатай орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэсэн үр дүн гарчээ. 

Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуулиар өрсөлдөж буй нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаар хэрхэн тусгасныг хамтдаа сонирхоцгооё. 

1-р дугаарын тойм
2-р дугаарын тойм
3-р дугаарын тойм
4-р дугаарын тойм
5-р дугаарын тойм
6-р дугаарын тойм
7-р дугаарын тойм
8-р дугаарын тойм
9-р дугаарын тойм
10-р дугаарын тойм
11-р дугаарын тойм
12-р дугаарын тойм

тэд ямар дүрмээр мэтгэлцэх вэ?

Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.

I үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.
II үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.
III үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.
IV үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.
V үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.

хэн мэтгэлцэв?


АН-аас жагсаалтын 14-т нэр дэвшигч Б.Жаргалан
- Колумбын Их сургуулийг хөгжлийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн, эдийн засагч.

ХҮН намаас жагсаалтын 4-т нэр дэвшигч Г.Уянга-Хишиг - МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр, ХБНГУ-ын Бонн хотын Их сургуулийг харьцуулсан эрх зүйчээр магистрын зэрэг хамгаалсан. “Инвескор Ассет Менежмент” болон “Инвескор Капитал” ҮЦК-ийн ТУЗ-ийн дарга.

Үндэсний эвслээс жагсаалтын 7-т нэр дэвшигч О.Батхүү - МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Уул уурхай, хөрөнгө оруулалтын салбарт 20 жил ажилласан туршлагатай.

Монголын хүний төлөө намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Б.Амарсайхан - Украйн Улсын Львов хотын политехникийн дээд сургуулийг нарийн хэмжүүрийн багаж техникийн инженер, механик мэргэжлээр магистр зэрэг хамгаалсан. Монголын хүний төлөө намын бодлого хариуцсан дэд дарга.

МАН-аас жагсаалтын 47-т нэр дэвшигч Н.Жавхлан - СЭЗИС-ийг Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр, Цинхуа Их сургуулийн төрийн удирдлага чиглэлээр мастер хамгаалсан. BizNetwork компанийн Үүсгэн байгуулагч, МАН-ын технологи, цахим шилжилтийн хэлтсийн дарга.

Шинэ нэгдсэн эвслээс 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч А.Бархүү - СЭЗИС-ийг банк, зээлийн эдийн засагч, санхүүч мэргэжлээр бакалавр, Уралын техникийн их сургуулийг барилгын дулаан агааржуулалтын мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Монголын банкируудын холбооны Үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирал.

юу ярив?

АН-аас жагсаалтын 14-т нэр дэвшигч Б.Жаргалан

1. Өнөөдрийн мэтгэлцээний сэдэвтэй холбогдуулан зах зээлийн эдийн засаг нэлээд дарамтад орсон байгааг дурдууштай. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын зүгээс “Монголд чөлөөт зах зээл байхгүй, төрийн зохицуулалттай зах зээл гэж бий” гэдгийг зарласан. Тиймдээ ч эдийн засаг дахь төрийн оролцоо үлэмж нэмэгдэж, хувийн хэвшлийн оролцоо зах зээлээс шахагдан гарч, улмаар бизнесийн орчин доройтсоор байна. Иймд АН төрийн оролцоо болон татварын дарамтыг багасгах мөрийн хөтөлбөрийг ард түмэнд танилцуулж байна. (1-р үе Нээлтийн илтгэл)

2. АН эрх барих үедээ Чингис бондыг гаргаж, 3,4-р ДЦС-ийн өргөтгөл, Амгалан ДЦС-ийн бүтээн байгуулалт зэрэг дорвитой хөрөнгө оруулалт хийсний хүчинд өнгөрсөн найман жилийг МАН дүнгэн данган аргацаалаа. Бизнесийн орчинг сайжруулах хамгийн чухал хүчин зүйл бол татварын бодлого. МАН 2016 оны мөрийн хөтөлбөртөө ямар ч татварыг нэмэгдүүлэхгүй гэж дурдсан байдаг ч төрийн эрх авсан даруйдаа есөн төрлийн татварыг нэмэгдүүлж, эргэн бууруулаагүй. (2-р үе Халз мэтгэлцээн “Монгол Улсад бизнес эрхлэх орчныг сайжруулахын тулд танай нам ямар бодлого баримтлах вэ?”)

3. Мөрийн хөтөлбөртөө тусгаснаар татварын дарамтыг бүх шатанд бууруулж, улмаар төсвийн тэлэлтийг хумина. (3-р үе Иргэдийн асуулт “Иргэд, ААН-үүдээс авах татварын хэмжээ маш их дарамт болдог. НӨАТ, НДШ, ХХОАТ зэргийн хэмжээг бууруулах боломж бий юу? Нам, эвслүүдийн татварын талаарх бодлого ямар байна вэ?”)

4. Хөрөнгө оруулалттай холбоотой хууль, тогтоомжууд тогтвортой байх нэн шаардлагатай байна. МАН эрх барих хугацаандаа аливаа хууль тогтоомж гаргаад, төд удалгүй түүнээсээ буцаж байгаа нь бизнес эрхлэгчдийг төөрөгдөлд оруулдаг. Мөн макро эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байх нь гадны хөрөнгө оруулалт татахад чухал ач холбогдолтой. (4-р үе Халз мэтгэлцээн “Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ?”)

5. Цахим засаглал нэрийдлээр яам байгуулж, Монголын урдаа барьдаг IT-ийн мэргэжилтүүдийг цуглуулж, хувийн хэвшилд бий болох ёстой инновацийн суурь нөөцийг булааснаар Монголын төр бизнес эрхлэгчидтэйгээ дайн зарлажээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд өрнөсөн үйл явц залуусын бизнес эрхэлж, эх орондоо баялаг бүтээх хүсэл зорилгыг унтрааж дөнгөсөн. Энэ мэт үзэгдэлтэй тэмцэхээр АН Эрчимт хөгжлийн мөрийн хөтөлбөрөө санал болгож буй. АН бол хувийн хэвшилд суурилсан, чөлөөт өрсөлдөөнт зах зээл бол Монгол Улсын хөгжлийн баталгаа хэмээн үздэг. Тиймээс АН дотоодын маш олон салбарын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, экспортын таатай орчинг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллах болно. (5-р үе Хаалтын илтгэл)

ХҮН намаас жагсаалтын 4-т нэр дэвшигч Г.Уянга-Хишиг

1. Өнгөрсөн хугацаанд эрх баригч намын зүгээс хувийн хэвшилд хэт их оролцож, эрхзүйн тогтворгүй байдал үүсгэснээс үүдэн бизнесийн орчинг сайжруулах бус саад учруулж байна. Аливаа салбарт хууль баталсан тохиолдолд тухайн хууль хэрэгждэг байх ёстой. Ингэхийн тулд хэрэгжихүйц хуулийг баталж, мөрдүүлэх нь зүй. ХҮН нам бол баруун төвийн үзэл баримтлалтай, тэр ч утгаараа мөрийн хөтөлбөрийн нэгдүгээр бүлэгтээ хүчирхэг эдийн засаг буюу бүтээх эрх чөлөөг дэмжинэ хэмээн тусгасан. (1-р үе Нээлтийн илтгэл)

2. Гарааны болон жижиг дунд бизнесүүдэд тулгараад буй гол асуудал бол санхүүжилт. Банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө эсвэл үл хөдлөх хөрөнгө шаардлагатай болдог. Тиймээс манай нам уг зохицуулалтыг өөрчилж, авлага барьцаалах эрхийг бий болгоно. Мөн томоохон бизнесүүдтэй уялдах нийлүүлэлтийн сүлжээг бий болгосноор зээл авах өөр нэг суваг нээгдэх юм. Бизнесийн хөрөнгө оруулалтын хувьд гарааны бизнесүүдэд тусгайлсан зохицуулалтыг бодлогын түвшинд хэрэгжүүлж, үйл ажиллагааны зардал, татвар, түрээсийн хөнгөлөлт үзүүлэх зорилгоор IT Park-ын үйл ажиллагааг явуулна. (2-р үе Халз мэтгэлцээн “Гарааны бизнес, жижиг дунд бизнесийг дэмжихэд чиглэсэн ямар бодлого хөгжүүлэх вэ?”)

3. ААН-үүдийн орлогын албан татварын шатлалын босго зургаан тэрбум байдаг. ХҮН намын хувьд уг босгыг арван тэрбум болгож өндөрсгөнө. Групп компаниуд ноогдол ашгийн татварыг давхардсан байдлаар төлдөг зарчмыг өөрчилж, зөвхөн эцсийн өмчлөгчөөс ноогдол ашгийн татварын суутгах хэрэгтэй. (3-р үе Иргэдийн асуулт “Иргэд, ААН-үүдээс авах татварын хэмжээ маш их дарамт болдог. НӨАТ, НДШ, ХХОАТ зэргийн хэмжээг бууруулах боломж бий юу? Нам, эвслүүдийн татварын талаарх бодлого ямар байна вэ?”)

4. Тэтгэврийн шинэчлэлт хийж чадаагүйгээс үүдэн тэтгэврийн сан гэх хөрөнгө оруулагч хөрөнгийн зах зээлд тоглогч болж чадахгүй байна. Баялгийн сангийн тухай хуульд “Ирээдүйн өв” сангийн хөрөнгийг зөвхөн олон улсын зах зээл дээрх санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулна хэмээн заасан байдаг. Үүнээс үзэхэд Засгийн Газар нь өөрөө дотоодынх хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүнд итгэхгүй байгаа тохиолдолд гадны хөрөнгө оруулагчдыг татна гэдэг юу л бол. (4-р үе Халз мэтгэлцээн “Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ?”)

5. Төсвийн зарцуулалтын задаргааг харахад хүний нөөц, зам, барилга бүтээн байгуулалтын зардал их хувийг эзэлж байна. Угтаа энэ нь бизнесийн салбарын хийх ёстой ажил юм шүү дээ. Гэтэл төр төсвийн мөнгөөр бизнес хийх байдлаар хувийн хэвшлийн боломжийг боомилж басхүү авилгын таатай орчныг бүрдүүлж байна. Үүнийг бууруулахын тулд төрийн оролцоог хумьж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ХҮН нам маш тодорхой бодлого баримталж буй. Энд хөндөгдөөгүй нэг салбар бол хүний нөөц. Ажлын байр, боловсон хүчний огтлолцлыг бий болгох буюу цалингийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бизнесүүдийн үйл ажиллагаа сайжрах хэрэгтэй. Нөгөө талаас насан туршийн боловсрол, МСҮТ зэргээр төр хүний нөөцийн бодлогыг дэмжих нь зүй. (5-р үе Хаалтын илтгэл)

1. Төр бүх эрх мэдэл, баялгийг өөртөө төвлөрүүлсэн найман жилийн хугацаа өнгөрлөө. Тухайлбал Монголын экспортын 70 хувийг уул уурхай эзэлдэг ба үүний салбар бүр дээр төрийн өмчит компани байдаг нь бидний хүсдэг өрсөлдөөнт, чөлөөт эдийн засаг үгүй болж буйн жишээ. Үндэсний эвслийн зүгээс төр цомхон бөгөөд бизнесийн салбартай өрсөлддөггүй байх ёстой гэх бодлогыг баримталж, Монгол Улс чөлөөт эдийн засагтай орны хувьд төр нь бус иргэн нь баян байх ёстой хэмээн үзэж байна. (1-р үе Нээлтийн илтгэл)

2. Төрийн өмчит компанийг олон нийтийн болгох ажил үндсэндээ бүтэлгүйтсэн. Эрдэнэс Таван Толгой ХК-ийн хувьцаа ердөө нэр төдий зүйл. Та бидний дансанд байх 1072 хувьцааг бид эдийн засгийн эргэлтэд оруулж, зарж, өвлүүлж болохгүй. Тиймээс энэ хувьцаа утгаа алдаж, эрх баригч нам сонгуулийн өмнө мөнгө тарааж, санал худалдаж авах хэрэгсэл болсон. Тиймээс МАН бусад төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгоно гэдэгт би хувьдаа огт үнэмшихгүй байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Төрийн өмчит компаниуд олон нийтийн болж чадаж байгаа юу?”)

3. Төрийн зардал их байхын хэрээр татвар нэмэгдэнэ. Тиймээс төр цомхон байх хэрэгтэй. Хоёрт, хэн ч өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөөр бусдыг тэжээхийг хүсэхгүй. Тиймээс халамжийн хавтгайрсан бодлогыг зогсоох цаг нь болсон. Гуравт, орон нутаг, нийслэл үл хамааран хүн бүр ижил хэмжээний татвар төлж, нэг хүнд ногдох ачааллыг багасгах замаар татварыг бууруулах боломжтой. (3-р үе Иргэдийн асуулт “Иргэд, ААН-үүдээс авах татварын хэмжээ маш их дарамт болдог. НӨАТ, НДШ, ХХОАТ зэргийн хэмжээг бууруулах боломж бий юу? Нам, эвслүүдийн татварын талаарх бодлого ямар байна вэ?”)

4. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах нь зүйтэй ч зөв салбараасаа эхлэх хэрэгтэй. Метро байгуулах талаар монголчууд бүгд мэддэг боллоо. Гэтэл тэр метро нь тогоор явна. Тиймээс эхлээд эрчим хүчний салбар дахь төрийн үйлчилгээг сайжруулах нь зүйтэй. (4-р үе Халз мэтгэлцээн “Бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?”)

5. Үндэсний эвсэл хатуу гишүүнчлэлгүй учраас хэн нэгэнд нь ажлаа алдчихвий гэж айлгүйгээр, хариуцлагатайгаар саналаа өгөөрэй гэдгийг уриалмаар байна. Бизнес эрхлэгчдэд хандаж хэлэхэд, бид та бүхнийг дээрэмдэж, хавчин гадуурхаж, мөрдөж мөшгихгүй. Та бүхэн бол Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа гавъяатнууд гэдгээ үргэлж санаж яваарай. Эцэст нь залуус, дүү нартаа хандаж хэлэхэд, сонгууль үнэхээр яршигтай, сонирхолгүй гэдэг нь үнэн. Гэхдээ бид ардчилсан нийгэмд амьдарч буйн хувьд олонхийн саналаар шийдвэр гаргах тул та бүхэн сонгуулиа заавал өгөөрэй. Хэнд өгөх нь та бүгдийн бүрэн эрхийн асуудал. (5-р үе Хаалтын илтгэл)

Монголын хүний төлөө намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Б.Амарсайхан

1. МУҮХ-д “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн.” хэмээн заасан байдаг ч одоогийн төр зарчмыг огт хэрэгссэнгүй. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээнэ гэж МУҮХ-д заасан ч үүнийг 32 жил биелүүлээгүйн улмаас өнөөдөр бид төрөө шүүмжилж, нийгмээ засаж залруулахаар зогсож байна. Монголын хүний төлөө намын “Шүүхийг шүүнэ” хэмээх уриа нь нийгэмд шударга ёсыг тогтоох тухай ойлголт. Ингэснээр бизнесийн орчин, авто зам, утаа зэрэг асуудлыг хэлэлцэх боломж бүрдэнэ. (1-р үе Нээлтийн илтгэл)

2. Бизнесийн орчинг сайжруулах тухай асуудал бол бүх салбарыг хамарсан асуудал. Тухайлбал, үйлдвэрлэгч орон болохын тулд боловсролын салбараасаа эхлэх хэрэгтэй. Өмнө нь байсан Залуу техникчдийн ордны үйл ажиллагааг бага, дунд ангийн сурагчдад нэвтрүүлж, техник сэтгэлгээт иргэдийг бэлтгэх нь зүйтэй. Нөгөөтээгүүр зөвхөн ширээ, сандал, багш байгаа газрыг их сургууль гэхгүй. Шинэ үеийн техник технологийн заах арга зүйдээ ашиглахыг нь бодлогоор дэмжих хэрэгтэй. Ажил олгогчийн тусгай зөвшөөрлийг багасгах, зээлийн хүүг бууруулах, татварын орчныг сайжруулах замаар бизнесийн орчныг сайжруулна. (2-р үе Халз мэтгэлцээн “Гарааны бизнес, жижиг дунд бизнесийг дэмжихэд чиглэсэн ямар бодлого хөгжүүлэх вэ?”)

3. Бид амьдрах хүслийг дэмжих тухай хуулийг боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Амьдрах хүслийг боомилж буй хүчин зүйлсийн тоонд тусгай зөвшөөрөл нэрээр хавтгайрсан авилга, татварын зохисгүй бодлого, өндөр хүүтэй зээл, түрээс, бодит амьдралд үл зохицох зөрчлийн тухай хуулийн заалтуудыг нэрлэж болно. Үүнд дурдсан татварын тухайд, иргэд сайн дураараа татвар төлөх хэрэгтэй хэмээн үзэж мөн их хэмжээний ажлын байр бий болгож буй ААН-үүдийг татвараас хөнгөлөх бодлого баримтална. (3-р үе Иргэдийн асуулт “Иргэд, ААН-үүдээс авах татварын хэмжээ маш их дарамт болдог. НӨАТ, НДШ, ХХОАТ зэргийн хэмжээг бууруулах боломж бий юу? Нам, эвслүүдийн татварын талаарх бодлого ямар байна вэ?”)

4. Хөдөө орон нутаг дахь үйлдвэрлэл тэр дундаа малын түүхий эдийн үйлдвэрлэлийг дэмжин ажиллана. Ингэснээр хөдөө орон нутаг дахь үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж тэлнэ гэж харж байна. (4-р үе Халз мэтгэлцээн “Хөдөө орон нутагт бизнес эрхлэх боломжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?”)

5. Дахин сануулахад, Монгол Улс шударга ёсыг тогтоохгүйгээр ямар ч бодлого хэрэгжих үндэс тогтохгүй. Хөрөнгө оруулалтын тухайд ч ямар орон авилгад идэгдсэн оронд хөрөнгө оруулах билээ. Тиймээс шударга ёс бол нэн тэргүүний асуудал. Эх орноосоо дөрвөж зугтдаг биш эх орондоо дүүрэн сайхан амьдардаг нийгмийг цогцлоох талаар мөрийн хөтөлбөртөө бид тусгасан. (5-р үе Хаалтын илтгэл)

МАН-аас жагсаалтын 47-т нэр дэвшигч Н.Жавхлан

1. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс бизнесийн орчинг сайжруулах талаарх онцлох заалтуудыг танилцуулъя. Дэлхийн банкнаас гаргадаг улс орнуудын бизнесийн таатай орчны талаарх судалгаанд манай орон 81-т эрэмбэлэгдэж байна. МАН 2024-2028 онд уг индексийг 20 байр урагшлуулж бизнес эрхлэх таатай 60 орны тоонд багтдаг болгоно. Ингэхийн тулд бид олон улсад хамгийн муу оноо авдаг салбар болох эрчим хүчний салбарын асуудлыг шийдвэрлэнэ. Хоёрдугаарт гарааны бизнес эхлүүлэх таатай орчныг бүрдүүлж, зээлийн орчинг сайжруулна. (1-р үе Нээлтийн илтгэл)

2. Нээлтийн илтгэл дээр дурдсанчлан эрчим хүчний хангалтгүй байдлаас үүдэн бизнес хийхэд хүндрэлтэй байна. Уул уурхай буюу хамгийн их эрчим хүч зарцуулдаг салбар хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг татдаг. Энэ мэт асуудлыг шийдэхийн тулд гадны орноос мэргэжлийн инженерийг авчирч дэлхийн жишигт нийцсэн бодлогыг боловсруулна. Хоёрдугаар шийдэх асуудал бол зээлийн орчин. 2016 оноос хойш ЗГ-ын өр буурч, бизнес эрхлэгчдийн өр нэмэгдсэн. Энэ нь нэг талаараа бизнесүүдийн зээл авах чадамж нэмэгдсэнг илтгэх сайн үзүүлэлт гэж харж байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Монгол Улсад бизнес эрхлэх орчныг сайжруулахын тулд танай нам ямар бодлого баримтлах вэ?”)

3. Татварыг бүсчилсэн хөгжилтэй нь холбож шийдэх талаар МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Хоёрт, зээлийн батлан даалтын сан, даатгалын механизмыг санхүүгийн салбарт нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Гуравт, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулж, олон улсад гарах боломжоор нь хангах болно. (3-р үе Иргэдийн асуулт “Иргэд, ААН-үүдээс авах татварын хэмжээ маш их дарамт болдог. НӨАТ, НДШ, ХХОАТ зэргийн хэмжээг бууруулах боломж бий юу? Нам, эвслүүдийн татварын талаарх бодлого ямар байна вэ?”)

4. Бизнес эрхлэгчдийн төрөөс авдаг үйлчилгээ тодорхой түвшинд цахимжиж буй нь давуу талтай. Тухайлбал, ХУР, ДАН системээр татвар, нийгмийн даатгалын үйлчилгээг цахимаар авах боломжууд нэмэгдэж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд концессийн тухай агуулга байсан бол одоо төр бизнесийн байгууллагаас үйлчилгээ авдаг түвшинд хүргэхээр нэмэлт өөрчлөлт оруулж, Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан. (4-р үе Халз мэтгэлцээн “Бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?”)

5. МАН-ын мөрийн хөтөлбөрт аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд нийцсэн бизнес эрхлэх орчныг бий болгох талаар тусгасан. Учир нь дэлхийн бүхий л хөрөнгө оруулагчид орчин цагийн бизнест анхаарал хандуулж байна. Үүнийг хэрэгжүүлэх хүний нөөцийн асуудлыг шийдэхийн тулд гадаадад туршлага хуримтлуулсан залуусын төлөөллийг жагсаалтын эхний аравт нэр дэвшүүлж буй. Эдгээр үнэт хүний нөөцдөө тулгуурлаад дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх сайн бодлогыг хэрэгжүүлж, шинэ хөрсийг бэлдсэнээр цаашид ямар ч гарааны бизнес эрхлэхэд таатай орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. (5-р үе Хаалтын илтгэл)

Шинэ нэгдсэн эвслээс 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч А.Бархүү

1. Шинэ нэгдсэн эвслийн мөрийн хөтөлбөр дэх хөгжлийн шинэ эдийн засаг хэмээх бүлэгт бичил бизнесээс эхлээд макро бизнесүүдийг дэмжих талаарх бүхий л заалтуудыг тусгасан. Япон улсын хувьд зээлд хамрагдсан жижиг дунд бизнесүүдийн ашиг олж эхлэхтэй зэрэгцэн зээлийн эргэн төлөлт нь эхэлж байдаг. Энэ мэтчилэн өндөр хөгжилтэй орнууд жижиг дунд бизнесийг бодлогоор дэмждэг бол манайд дарга нар нь өөрсдөдөө “шингээчихдэг” нь харамсалтай. (1-р үе Нээлтийн илтгэл)

2. Шинэ нэгдсэн эвсэл байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд түгээх асуудлаар 2-3 жил тэмцсээр ирсэн. Гэвч нэг ойлголт бий. Төр өөрийн өмчийн ямар ч компанигүй байх нь зүйтэй гэдэг өрөөсгөл. Норвегийн төсвийг бүрдүүлэгч гол хүчин зүйл болох State Oil компани нь төрийн өмчит. Харин манайд буруу засаглал, олигархууд л төрийн өмчит компанийн тухай ойлголтыг нийгэмд сөргөөр таниулсан. (2-р үе Халз мэтгэлцээн “Төрийн өмчит компаниуд олон нийтийн болж чадаж байгаа юу?”)

3. Нэг обьектод олон татвар ноогдуулах нь мөхөл рүү нь илгээж буйн тэмдэг. Бид юун түрүүнд НӨАТ гэх луйврыг ор үндсээр нь арилгана. Мөн олсон орлого бүрээс 10 хувийн татвар авна гэдэг нэг төрлийн луйвар тул зөвхөн ашгаас татвар авах тогтолцоог бүрдүүлнэ. Үндсэндээ ард түмэнд ээлтэй, шударга, тэгш татварын системийг бий болгох хэрэгтэй. (3-р үе Иргэдийн асуулт “Иргэд, ААН-үүдээс авах татварын хэмжээ маш их дарамт болдог. НӨАТ, НДШ, ХХОАТ зэргийн хэмжээг бууруулах боломж бий юу? Нам, эвслүүдийн татварын талаарх бодлого ямар байна вэ?”)

4. Манай мөрийн хөтөлбөрийн Хөгжлийн шинэ эдийн засаг хэмээх бүлэгт жижиг дунд бизнесийг хөгжүүлэх кластеруудыг бий болгох талаар тодорхой тусгасан. Ингэхдээ тухайн бүс нутагт тохирсон шийдлүүдийг боловсруулахаар төлөвлөж байна. (4-р үе Халз мэтгэлцээн “Хөдөө орон нутагт бизнес эрхлэх боломжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?”)

5. Бид Монгол орноо хөгжлийн шинэ шатанд хүргэх бүхий л зүйл, заалтыг гурван бүлэгт мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгасан. Тэдгээрийг нэр дурдвал, Төрийн шинэ бодлого, нийгмийн шинэ бодлого, хөгжлийн эдийн засгийн шинэ бодлого. Шинэ нэгдсэн эвсэл гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хоёр гараа өргөн дэмжиж байгаа. Учир нь одоогоор Монголын төр, хувийн хэвшил нийлээд 30 миллиард долларын өртэй. Үүнээс харахад бид дотоодын эдийн засгийн нөөцдөө тулгуурлан сэргэх боломжгүй байна. Нөгөөтээгүүр гадаад хөрөнгө оруулалт гэдэг нь зөвхөн санхүүгийн тухай ойлголт биш бөгөөд хүний нөөц, технологийн асуудлууд яригдана. Үүнийг цогцоор нь шийдсэний дараа сая бид аж үйлдвэржсэн орон болно. (5-р үе Хаалтын илтгэл)

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.