Аль ч улс орны эцсийн зорилго нь оршин тогтнох. Хилийн зурвасаар газар нутгаа зааглаж, батлан хамгаалах нь улс орны тусгаар тогтнолын баталгаа. Харин оюуны тусгаар тогтнол бол өв соёл, эх оронч үзлээ илэрдэг. Одоогоор манай улсад түүх соёлын 90 мянга орчим үл хөдлөх дурсгал бий. Түүнчлэн соёлын биет бус 15 өвийг соёлын өвийн дэлхийн дээвэр гэгддэг ЮНЕСКО-д бүртгэн баталгаажуулсан. Харамсалтай нь, монгол хэлнээс салбарласан 12 бие даасан хэлний зарим нь мартагдах, хэрэглээ нь алсрахад ойрхон байгааг судлаачид анхааруулж буй.
Сүүлийн үеийн судалгаагаар Ази дахь хүчний индексийн соёлын нөлөөгөөр манай улс сүүл мушгиж, арван онооноос 0.2 оноо авчээ. Нэг хувийн ч нөлөөлөл үзүүлэхгүй байгаа хэр нь бусад улс орны соёлын нөлөөнд өртөх өндөр эрсдэлтэй гэх анхаарал татахуйц дүгнэлт гарсан. Тэгвэл хэзээ бид өв соёл гэхээр үндэсний баяр наадам, цагаан сараар төлөөлүүлэн ойлгодог өрөөсгөл ойлголтоосоо салах вэ? Дэлхий даяараа даяаршиж байгаа энэ үед ондоошиж үлдэхэд танай нам ямар бодлого баримталж ажиллах вэ?
Бодлогын мэтгэлцээний 15 дахь дугаарт оролцсон нэр дэвшигчид эдгээр болон бусад асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.
ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?
Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.
1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.
2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.
3-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.
4-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.
5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.
15-Р ДУГААР- "ӨВ СОЁЛЫН БОДЛОГО-ДАЯАРШИЛ БА ОНДООШИЛ"
ХЭН МЭТГЭЛЦЭВ?
ХҮН НАМ: Бадрахын Найдалаа (2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтын 5-д нэр дэвшигч) Япон улсын Кобэгийн Их сургуульд Хөгжлийн эдийн засаг, чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн.
АРДЧИЛСАН НАМ: Энхтөгсийн Сүндарь (2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтын 46-д нэр дэвшигч) АНУ-ын Стэнфордын их сургуульд Боловсрол судлалын суралцахуйн дизайн ба технологи мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Боловсрол судлаач, Аутизмын нөлөөлөгч, Ардчилсан намын боловсролын зөвлөлийн гишүүн.
МОНГОЛ АРДЫН НАМ: Дуламын Бум-Очир (2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтын 15-д нэр дэвшигч) Кэмбрижийн Их сургуульд антропологийн магистр, докторын зэрэг хамгаалсан. Соёлын сайдын ахлах зөвлөх, Монгол Улсын ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх.
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ: Лувсандоржийн Хишигбаяр (2024 оны УИХ-ын сонгуульд 7-р тойрогт нэр дэвшигч) СУИС-ыг хөгжим судлал, Санкт-Петербургийн Соёлын академийг соёл судлалаар төгссөн. "Бахархалт говийн хүн" төслийн удирдах зөвлөлийн дарга, "Азийн соёлын харилцаа хөгжил" нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн.
ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ: Төмөрдөшийн Баярхүү (2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтын 3-д нэр дэвшигч) МУИС-ын Политехникийн сургуулийг барилгын инженер, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины хүрээлэнг эдийн засгийн ухааны доктороор төгссөн. "Монгол ухаан эрдмийн хүрээлэн"-ийн тэргүүн.
АРД ТҮМНИЙ ОЛОНХЫН ЗАСАГЛАЛ НАМ: Хумбаадайн Чингисхаан (2024 оны УИХ-ын сонгуульд 6-р тойрогт нэр дэвшигч) КУДС-ийг тайз дэлгэцийн жүжигчин, найруулагч мэргэжлээр, Сити дээд сургуулийг маркентинг, менежментийн мэргэжлээр тус тус төгссөн. "Алтангадас сод" ХХК-ийн захирал.
ЮУ ЯРИВ?
I үе Нээлттэй индэр:
Өнөөгийн Монгол Улсыг дэлхийд гаргах гол хүчин зүйл нь соёл, дэлхийг эзэлж байсан цаг үеийн хүсэл тэмүүлэл юм. Сүүлийн жилүүдэд соёлын салбарт бидний гаргасан гол алдаа бол соёл хэмээх ойлголтыг социализмын үеийнхтэй адил ямар нэгэн байдлаар хадгалах ёстой театрын тайзны урлаг болгож, нийтийн хэрэглээнээс хасаж буй явдал.
Хүн нам нь “Байгальд ойр Монгол” хэмээх үзэл баримтлалтай. Энэ бол зөвхөн сонгуульд зориулсан мөрийн хөтөлбөр биш. Бид Япон лугаа адил хөгжихгүй, Хятадын хөгжлийн галт тэргэнд суухгүй, Сингапур лугаа адил хөгжихгүй. Монгол монголоороо байж гэмээнэ хөгжинө.
Хот төлөвлөлт, орон нутгийн хөгжил, хүний хөгжил, хүүхдийн хөгжил гээд бодлого дээр Монгол ялгарлаа гаргаж таниулах, дэлхийд гаргахыг “Байгальд ойр Монгол” хэмээн ойлгох хэрэгтэй.
II үе Халз мэтгэлцээн: Монгол улс өв соёлын салбарт зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх боломжтой юу? Соёлын өвийг эдийн засагжуулах талаар ямар бодлого баримтлах вэ?
Зөөлөн хүчний бодлогыг төр засгийн зүгээс дэмжихдээ урт хугацааны өгөөжид тулгуурламаар байна. Брэнд үүсгээд агуулгадаа нийцэхгүй байж, “Монгол сайхан орон, манайд ирээрэй” гээд уриалж болохгүй. Ирээд тэр хүмүүс чинь монголд юу хийх юм? Богино хугацааны сурталчилгаанд татвар төлөгчдийн асар их хэмжээний мөнгийг үрж болохгүй.
Бид агуулгадаа эхэлж анхаардаг үндэстэн байх хэрэгтэй. Мөн зах зээлээ эрэмбэлэх хэрэгтэй. “Тамгагүй төр” жүжиг сайн санаачилга уу гэвэл мөн. Гэхдээ төр засгийн хувьд үр ашигтай төсөл байсан уу гэвэл үгүй. Бид өөрсдийнхөө хэрэглэхгүй байгаа соёлыг хүчээр англи, япон хүмүүст сурталчлах нь утгагүй. Зөвхөн коммунист, социалист төрд л зөөлөн хүчний бодлогыг хүчээр хэрэгжүүлдэг.
III үе Иргэдийн асуулт: Ирэх жилээс төрийн албан хэргийг крилл болон монгол бичиг гэсэн хос бичгээр нэвтрүүлнэ гээд байгаа. Энд олон нийт төрийн албан хаагчид бэлэн үү? Энэ асуудал дээр танай нам ямар бодлого баримталж байгаа вэ?
Асуудал нь төр засгийн зүгээс 2025 онд монгол бичигт шилжинэ гэж аль эрт шийдсэн хэр нь одоо болтол юу ч хийлгүй, цагийг нь тулгасан байгаа нь харамсалтай. Яг өнөөдрийн байдлаар монгол бичгээр ном уншъя гэхэд хангалттай бүтээл номын дэлгүүрт байгаа юу? Шийдвэр гаргачхаад түүнийгээ хэрэгжүүлэх арга хэмжээ авахгүй байгаад асуудлын гол нь оршиж байна. Монгол бичиг сурахад хэцүү бичиг огт биш. Хамгийн чухал нь хэрэглээнд оруулах хэрэгтэй. Бид кирилл бичиг, монгол бичгийг хамтад нь хөгжүүлээд явах бүрэн бололцоотой.
IV үе Халз мэтгэлцээн: Монголын соёлын өвийг хадгалан хамгаалах, соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар танай нам ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Ямар ч юмыг хамгаалахын тулд эхлээд юу хамгаалах гэж буйгаа мэддэг байх ёстой. Суманд бол хамгийн түрүүнд нэгдсэн мэдээллийн сан үүсгэж, нийт өвөө бүртгэх хэрэгтэй. Түүнчлэн орон нутгийн иргэдийн өөрсдийнх нь оролцоо, тэдгээр соёлын үнэт өвийг өөриймшүүлэн хамгаалах тэр дадлыг бий болгох хэрэгтэй. Мэдээж гэмт хэрэг гарсан бол хатуу шийтгэх ёстой.
V үе Хаалтын илтгэл:
Би бол хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй. Хөгжил гэдэг зөвхөн эдийн засгаар хязгаарлагдахгүй. Дахин хэлэхэд, Хүн намын зүгээс энэ удаагийн сонгуульд “Байгальд ойр Монгол” хэмээх үзэл баримтлалыг мөрийн хөтөлбөртөө шингээсэн. Соёл бол тайзны хэрэглээ биш. Өдөр тутмын хэрэглээнд оруулах ёстой.
I үе Нээлттэй индэр:
Би хүүхэд насаа Урчуудын эвлэлд монгол зураачдын бүтээлүүдтэй танилцаж, тэндээс монгол хүний мөн чанарыг суралцаж, харж өссөн. Харин дунд сургуульд ороод Байгалийн түүхийн музей, Үндэсний түүхийн музей үзэж, түүх соёлоо судалж байсан. Ахлах ангидаа Хэлмэгдэгсдийн музейг үзэж, Монгол оронд тохиосон цуст хэлмэгдүүлэлтийн тухай ойлголттой болж байлаа.
Тухайн үед зөвхөн хүний амь үрэгдээгүй, давхар монголын соёлын асар том хэлмэгдүүлэлт тохилж, түүхийн өв тээж байсан сүм дуганаа бид устгуулж байсан. Энэ чиглэлээр АН саяны дөрвөн жил сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, Хэлмэгдүүлэлтийг цагаатгах комиссыг С.Одонтуяа гишүүн ахалсан. Даяаршил ба ондоошлын бодлого дээр монгол хүн гэж хэн байх юм бэ? Олон үндэстэн, ястан хамтдаа амьдардаг энэ улсад ямар бодлого хэрэгжүүлэх зэрэг цогц агуулгыг бид энэ удаагийн мөрийн хөтөлбөртөө тусгасан.
II үе Халз мэтгэлцээн: Гадаадад амьдарч байгаа иргэддээ эх хэл өв соёлоо уламжлуулан үлдээх тал дээр ямар бодлого баримтлах вэ?
Өнөөдөр гадаад оронд монгол хүүхдүүд өсөж торниход хамгийн тулгамдсан асуудал бол монгол хэл. Монгол хэл заадаг сургуулиуд сүүлийн жилүүдэд гадаад улсуудад олноороо байгуулагдсан. Тэгэхээр АН тэдгээр сургуулийн үйл ажиллагааг дэмжих, Боловсролын яамнаасаа монгол хэлний хөтөлбөрийг өөр улсад хэрэгжүүлж байгаа багш нартай хамтрах, шаардлагатай хөтөлбөр сурах бичгийг боловсруулах чиглэлд ажиллахаар мөрийн хөтөлбөрт тусгасан.
Мөн мөрийн хөтөлбөрийн соёлын хэсэг дэх онцлох хэсэг бол таван өөр талбарт өв уламжлал, соёлтой холбоотой асуудлыг тусгаж өгсөн. Урлаг соёлын хэсэгт бид биет бус соёлын өвийг хадгалах зорилгоор дүрс бичлэг бүхий дижитал архив үүсгэх заалтыг оруулсан. Мөн түүх соёлын дурсгалт газруудыг виртуал хэлбэр рүү хөрвүүлнэ. Үр дүнд нь монголдоо ирж чадахгүй байгаа хүүхдүүдэд өв соёлоо сурталчлах, үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой.
III үе Иргэдийн асуулт: Ирэх жилээс төрийн албан хэргийг крилл болон монгол бичиг гэсэн хос бичгээр нэвтрүүлнэ гээд байгаа. Энд олон нийт төрийн албан хаагчид бэлэн үү? Энэ асуудал дээр танай нам ямар бодлого баримталж байгаа вэ?
МАН яг ямар судалгаанд үндэслээд 2025 он гэхэд төрийн албан хаагч болгон монгол бичиг сурж чадна гэж бодсоныг гайхаж байгаа. Манай намын зүгээс олон зуун мянган хүнд хамаарах энэ чухал шийдвэрийг судалгаанд суурилалгүй, поп маягаар гаргасан гэж бодож байгаа. Монгол бичгээ яаж хэрэглээнд нэвтрүүлэх вэ гэдгээ сайтар судлаагүй. Суралцахуйн дизайнер мэргэжилтэй хүний хувьд энэ шийдвэрийг бүтэмжтэй болно гэж бодохгүй байна. Төрийн албан хаагчдадаа монгол бичиг заахаасаа урьтаж, PISA шалгалт авах нь зүйтэй болов уу.
IV үе Халз мэтгэлцээн: Өв соёлын бодлогыг боловсролын хөтөлбөрт хэрхэн суулгах вэ? Танай нам мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгасан бэ?
МАН 2020 оны мөрийн хөтөлбөр дээрээ түүх соёлыг устгаж байгаа хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэнэ гэсэн боловч харамсалтай нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд олон музейг устгаж нураасан. Музей гэдэг бол дан ганц байшин биш юм аа. Соёлын сүнсийг хадгалж, хамгаалж байдаг газар. Хүүхэд залуусыг түүхээр, урлагаар амьсгалуулж байдаг орон зай. Барилга нураахад дагаад соёл устдаг.
Тэгвэл яагаад энэ хугацаанд хүүхдийн төлөөх бүтээн байгуулалтыг нурааж, эдгээр газрыг зөвхөн байшин хэмээн харж буйг гайхаж байна. Дан ганц байшин барихаас илүүтэй тэр дотор ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ гэдэг нь илүү чухал шүү дээ.
V үе Хаалтын илтгэл:
Ардчилсан намаас боловсрол болон урлаг соёлын бодлого дээр нүүдэлчин аж ахуйг аврах бодлогуудыг тусгаж өгсөн. Цахим технологи хөгжихийн хэрээр хүүхдүүдийн үзэж байгаа агуулга, даган дуурайж байгаа одууд, дамжуулж байгаа соёл өөрөө харь болсон. Миний хүүхэд өнөөдөр монгол хэлээ сурах болов уу гэдэг дээр үнэхээр санаа зовж байна. Бидний зүгээс өв соёлыг зөвхөн Соёлын яамны асуудал гэж үзэхгүй байгаа. Монгол хүн бүрийн цээжинд байдаг анхаарал татсан асуудал гэж бодсон учраас маш цогц бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан.
I үе Нээлттэй индэр:
Би өөрөө соёлын өв судлаач мэргэжилтэй. Соёл, соёлын өв гэдэг асуудал зөвхөн соёлын өв тээгч гэдэг хэсэг бүлэг жагсаалтад байгаа хүмүүсийн асуудал биш. Соёлын өв тээгч бол Монгол Улсын бүх иргэд юм.
Би өнөөдөр монгол хэлээрээ ярьж байгаа бол, би монгол ардын үлгэр мэддэг бол, уртын дуу дуулдаг бол монгол соёлын өв тээгч. Тийм учраас ирэх дөрвөн жилд МАН мөрийн хөтөлбөртөө монгол хүн бэлтгэх, бүх нийтийн боловсролоор дамжуулан монгол иргэн бэлтгэх асуудлыг тусгасан.
II үе Халз мэтгэлцээн:
Монгол улс өв соёлын салбарт зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх боломжтой юу? Соёлын өвийг эдийн засагжуулах талаар ямар бодлого баримтлах вэ?
Бидэнд зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх олон мянган жилийн урт хугацааны түүх дэр нь баялаг өв соёл байгаа. Энэ бол даяарших гэхээс илүү дангаарших нь чухал болсон энэ цаг үед амин чухал. Бидний өвөг дээдэс бидэнд зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагатай нөөц бололцоог нь бүрдүүлж өгсөн. Энийг бид нар зөвөөр олон улсад таниулах нь чухал. Байгаль дэлхийгээ дээдэлдэг уламжлалтай, тогтвортой хөгжлийн ойлголт малчин айлын хотонд байсан. Малчдын оюун санаа, өдөр тутмын үйл хэрэгт энэ санаа байсан.
Дэлхийн түүхэнд монголчуудын байгуулсан хамгийн том гавьяа бол Чингис хааны үед 200 орчим жил үргэлжилсэн дайн тулааныг эцэслэж, амар амгаланг тогтоосон. Энэ бол дэлхийд тогтсон хоёр дахь их амар амгалан байсан. Энэ бол бидэнд байгаа үнэт зүйл, гадагшаа сурталчлах ёстой зүйл.
III үе Иргэдийн асуулт: Ирэх жилээс төрийн албан хэргийг кирилл болон монгол бичиг гэсэн хос бичгээр нэвтрүүлнэ гээд байгаа. Энд олон нийт төрийн албан хаагчид бэлэн үү? Энэ асуудал дээр танай нам ямар бодлого баримталж байгаа вэ?
Бид босоо монгол бичиг рүү шилжих ёстой. Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Соёлын яамнаас хийсэн судалгаагаар залуучууд монгол бичгийн чадвар илүү өндөр байгаа тухай үр дүн гарсан. Мэдээж бид бэлэн биш гэвэл хэзээ ч шилжихгүй байх. Бид сэтгэлгээ, оюун санааны талаасаа монгол бичгээ мэдэхгүйгээсээ болж асар их зүйлийг алдаж байгаа.
Кириллээс монгол бичиг рүү хөрвүүлэх програм, алдаа засах програм, монгол бичгийн журамласан толь удахгүй худалдаанд гарах тул цахим технологийн тусламжтайгаар энэ шилжилт хурдтай өрнөж чадна.
IV үе Халз мэтгэлцээн: Өв соёлын бодлогыг боловсролын хөтөлбөрт хэрхэн суулгах вэ? Танай нам мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгасан бэ?
Монгол хүн бэлтгэх агуулгын хүрээнд МАН хөдөлмөр сургалт хичээл дээр хатгамал заах, биеийн тамирын хичээлд бөх ордог байх, дуу хөгжмийн хичээлд морин хуур заадаг байх зэрэг заалтыг оруулсан. Ингэснээр монгол соёлын орон зай тэлж өндөрсөх ач холбогдолтой.
V үе Хаалтын илтгэл:
Соёлын салбарын хувьд өнгөрсөн найман жил алдагдсан найман жил байгаагүй. Хамгийн чухал нь бид Соёлын яамаа 24 жилийн дараа байгуулсан. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт соёлын асуудлыг бүтэн бүлэг болгож оруулсан. Мөн энэ дөрвөн жилийн хугацаанд аймаг бүрд Соёлын газар байгуулагдаж, 4452 төрийн өмчийн соёл урлагийн байгууллага ажиллаж байна.
I үе Нээлттэй индэр:
Үндэстэн оршин тогтнох хамгийн чухал зүйл бол соёл. Соёлын дархлаа үгүй болсноос үүдэн монголчууд түүх заншлаа үгүй хийсээр орчин цагтаа золголоо. Соёлын үр дагавар нь үндэстний үнэт зүйл. Үнэт зүйлгүйгээр үндэстэн урагшилдаггүй болохыг бид сүүлийн 100 гаруй жилийн турш харлаа. Одоо бидэнд тулгарч байгаа хамгийн том асуудал бол үндэстний үнэт зүйлийг бий болгохын төлөө соёлын асуудлаа тодорхойлох, соёлд хандах хандлагаа өөрчлөх.
II үе Халз мэтгэлцээн: Гадаадад амьдарч байгаа иргэддээ эх хэл өв соёлоо уламжлуулан үлдээх тал дээр ямар бодлого баримтлах вэ?
Гадаадад байгаа монголчуудад хамгийн тулгамдаж байгаа асуудал бол хэл. Зөвхөн хэл гэхээс илүүтэй уламжлал, ёс заншил, соёлын биет бус өвөөр дамжуулан хэл соёлыг хүргэх бодлогыг “Үндэсний эвсэл” баримталж байгаа.
Бахархал байхгүй бол хэл сурахгүй. Монгол хүний хамгийн чухал боловсрол бол ахуйн суурь боловсрол. Эцэг эхийнхээ дэргэд хүмүүжихдээ авдаг боловсролд нь анхаарахгүй бол эцэстээ бид зөвхөн жүжиг гэх мэт хиймэл зүйл дээр тогтсон соёлын сурталчилгаа руу орж байгаа юм.
III үе Иргэдийн асуулт: Ирэх жилээс төрийн албан хэргийг крилл болон монгол бичиг гэсэн хос бичгээр нэвтрүүлнэ гээд байгаа. Энд олон нийт төрийн албан хаагчид бэлэн үү? Энэ асуудал дээр танай нам ямар бодлого баримталж байгаа вэ?
Үндэстэн оршин байгаагийн чухал хэлбэр бол эх бичгээрээ бичиж буй явдал. 2025 онд төрийн албан хаагчид монгол бичиг рүү шилжих тогтоол бол одоогоор лоозон төдий, тодорхой бодлогын чанартай, шат дараалсан ажлууд хийхгүй байна. Зүгээр яриа төдий биш, ажил хэрэг болгох асуудал хэзээ эхлэх юм гэдэг одоог хүртэл тодорхойгүй байгаа нь харамсалтай.
IV үе Халз мэтгэлцээн: Соёлын биет болон биет бус өв тээгчдийг дэмжих, нэмэгдүүлэхэд танай нам юу хийх вэ?
Иргэдийг соёлын өвийн мэдээллээс хол байлгах энэ сонирхол бол соёлын өвд заналхийлж байгаа хамгийн том аюул. Бид юутай байгаагаа нийт үндэстнээрээ мэдмээр байна. Нэгдсэн мэдээллийн санг нэн даруй бий болгох ёстой. Соёлын өв бол нүүрснээс илүү ач холбогдолтой, үндэстэн оршин байх тухай асуудал юм. Нүүрс бол дуусна, өв соёл бол хэзээ ч дундрахгүй.
V үе Хаалтын илтгэл:
Улсын үндэс газар гэдэг. Үндэстний оршин байх үндэс нь харин хэл, өв соёл. Улсын өв соёлыг хамгаалахдаа ухарч биш өнөөдрийн цаг үе дээрээ урагшилж судлах хэрэгтэй.
Өнөөдөр хамгийн өндөр боловсролтой хүнийг би нүүдэлчин соёлоо үүрээд явж байгаа малчин хүнийг гэж боддог. Тиймээс ч хөдөө үндэстний өв соёлыг тээн үлдсэн эдгээр хүмүүст “Үндэсний эвсэл”-ээс тусгайлан анхаарна.
I үе Нээлттэй индэр:
Миний хувьд монголчууд гэж чухам хэн юм? Гэдгийг сүүлийн 20-иод жил судалж байгаа. “Монголын ухаан эрдмийн хүрээлэн”-г байгуулах болсон шалтгаан нь ч үүнтэй холбоотой. Бид сүүлийн 300-аад жилийн турш өөрийн ахуй төрөө алдаж, дандаа харийнхны доор байгаа үндсэн шалтгаан нь монголчууд монгол гэдгээ мэдэхээ больсон. Монголчууд шүтэхүйн соёл, сүсэглэхүйн соёл, мөргөхүйн соёл дундаа төөрсөн. Хамгийн чухал барьдаг байсан “Их цааз” буюу байгалийн хууль “Их ёс” буюу хүний хууль , энэ хоёр хууль нийлсэн “Их засаг” хуулийн ялгааг ойлгохоо больсон.
Библи дээр суурилж, дэлхийг захирч буй хүмүүсийн сүүлийн 30-аад жилийн колоничлол, даяарчлалын үед бид аливааг ухааран бодохоо больж, Эзэн Богд хаан ямар ухаанаар их Монгол Улсыг байгуулж, нийт хүн төрөлхтнийг төвхнүүлсэн юм гэдгийг умартан мартсан.
II үе Халз мэтгэлцээн: Монгол бахархал, монгол хүний ондоошлыг хэрхэн төлөвшүүлэх вэ? Олон нийтийн хандлагыг энэ чиглэл рүү яаж хөтлөх вэ?
Аливаа хүн, улс үндэстэн өөрийнхөө хүчирхэг байсан үеийн яг яагаад хүчирхэг байснаа судлах ёстой юм. Бид сүүлийн жилүүдэд маш их харьжсан. Угтаа бол бид хүчирхэг байсан үеийнхээ, их хааныхаа итгэхүйн ухаан, түүнийг дагасан эрдмийг хэрэгжүүлж чадсан аргачлалыг сайтар судалж хэрэгжүүлбээс монгол хүн монгол хэлээ суръя хэмээн тэмүүлж, гадагшаа явж ажил хийхгүйгээр монголдоо төрөө сайхан байгуулаад өндөр цалинтай ажиллах боломжтой болно. Улсаа бид ахуйн хямралгүй, түүнээс шалтгаалсан оюун санааны хямралгүй болгож чадвал бүгд буцаад монгол хэлээ суръя гэж зүтгэх нь гарцаагүй.
III үе Иргэдийн асуулт: Ирэх жилээс төрийн албан хэргийг крилл болон монгол бичиг гэсэн хос бичгээр нэвтрүүлнэ гээд байгаа. Энд олон нийт төрийн албан хаагчид бэлэн үү? Энэ асуудал дээр танай нам ямар бодлого баримталж байгаа вэ?
Их эзэн Чингис хааны төрийн хэргээ хөтөлж байсан худам монгол бичгийг сэргээх нь чухал ач холбогдолтой. Монголчууд маш авьяастай болохоор худам монгол бичгээ ч сэргээгээд кириллээсээ аажмаар шилжиж чадна.. Хуулиа яс шахаж мөрдүүлэхэд монгол хүмүүс дорхноо өөриймшүүлээд сурна гэж бодож байна.
IV үе Халз мэтгэлцээн: Монголын соёлын өвийг хадгалан хамгаалах, соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар танай нам ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Амьдрал хэцүү байгаа учраас хүмүүс юу ч хамаагүй авч зарах гээд байна. Ер нь цаашдаа ахуйн хямралгүй, аятайхан зөв тогтолцоотой болбол хүмүүс ийм гэмт хэрэг үйлдэхгүй.
V үе Хаалтын илтгэл:
Сүүлийн 30 жилийн амьдралыг нео-колоничлолын цаг үе гэж би тодорхойлж байгаа. Хүн төрөлхтний геополитик, гео-доллар, гео-ном гэсэн дарлалаас бид салахын тулд “Их цааз”, “Их засаг” гээд гурвалсан холбоогоо сэргээх хэрэгтэй. Улс болгон өөрийн байгалийн баялаг соёл дээрээ тулгуурласан эдийн засагтай болох ёстой. Өөрсдийн үндэсний шинэ мөнгөний бодлогыг гаргаж байж бид жинхэнэ өөрсдийн эдийн засгийг бий болгоно. Хамгийн чухал суурь нь мөнгөний бодлого.
I үе Нээлттэй индэр:
Орчин цагт бид өв соёл гэхээсээ илүү өөр лүгээ өнгийж, би ер нь ямар хүн юм бэ? монгол хүн мөн юм уу биш юм уу гэдгээ таних ёстой юм байна. Монголчууд бид нарын хамгийн анхаарах ёстой зүйл бол монгол хэлбэр. Бид нарт монголын дүр төрх гэдэг зүйл байна уу? Монголчууд бид нар ямар дээл, хувцас, бүс хэрэглэх ёстой юм? өв соёлоо хэрхэн сэргээх ёстой юм? гэдэг дээр анхаарах ёстой.
II үе Халз мэтгэлцээн: Монгол бахархал, монгол хүний ондоошлыг хэрхэн төлөвшүүлэх вэ? Олон нийтийн хандлагыг энэ чиглэл рүү яаж хөтлөх вэ?
Төлөвшүүлэх гэдэг дээр монгол хүн эрт дээр цаг үеэс малгай дээл бүсээ хэрхэн өмсөх, мал ахуйтайгаа хэрхэн харьцахаас байгаль эх дэлхийтэйгээ шүтэн барилдахаас соёл нь эхэлдэг байсан. . Том төрийн бодлого жижиг гэрээс эхэлдэг. Гэрийн онолоос төрийн онол руу явдгийг би өөрийн биеэр мэдэрч байгаа.
Миний хувьд их эзэн хааныхаа алдар цол хэргэмийг ард түмнийхээ дунд сэрээхийг хүсэж байгаа, сэдэлжүүлж яваа залуу хүн. Бид орчин цагт харь орны олон залуусыг даган дуурайж байгаа. Гэтэл яагаад 13-р зууны хүчирхэг агуу гүрнийг бүтээж байсан хүнийг үлгэрлэж болохгүй гэж?
III үе Иргэдийн асуулт: Ирэх жилээс төрийн албан хэргийг крилл болон монгол бичиг гэсэн хос бичгээр нэвтрүүлнэ гээд байгаа. Энд олон нийт төрийн албан хаагчид бэлэн үү? Энэ асуудал дээр танай нам ямар бодлого баримталж байгаа вэ?
Босоо бичиг бол манай үндэстний хамгийн нэн тэргүүнд тавих бичиг. Бид энэ бичгээрээ дамжуулан өөрсдийнхөө дангааршлыг тодорхойлох хэрэгтэй. Харин босоо бичгийн галиг болон орчин цагийн монгол хэлний дуудлага хоёр зөрдөг тал дээр хэл шинжээчид, эрдэмтэн мэргэд шийдэл олох ёстой болов уу. Хэл соёл гэдэг гол агуулгаа хадгалаад шинэчлэгдээд явж болдог.
IV үе Халз мэтгэлцээн: Өв соёлын бодлогыг боловсролын хөтөлбөрт хэрхэн суулгах вэ? Танай нам мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгасан бэ?
Өв соёл өөрийн гэсэн сүнстэй. Тиймээс хүн болгон өөрийн өв соёлын нууц дээд хүчтэй, эрчимтэй. Өв соёлыг дээдлэхийн дээдээр дээдэлж, даяаршлын эринд дангаарших хэрэгтэй. XXI зууны сэхээтэн, нүүдэлчин монголчуудыг бий болгоцгооё.
V үе Хаалтын илтгэл:
Өв соёл гэж ярихаас илүүтэй амьсгалах агаараасаа эхлэх хэрэгтэй. Бид өнөөдөр Улаанбаатар хотод ямар агаар, ямар өв соёлоор амьсгалж байгаа юм? бид юу үзэж байгаа юм, ямар замаар явж байгаа юм? тэрийгээ анхаарч харах хэрэгтэй. Монголчууд өв соёлоо хамгаалах гэж ярьдаг. Утааныхаа асуудлыг шийдэхийн тулд өв соёл руугаа өнгийх хэрэгтэй байна.
Уншигч та бүхэн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээнийг шууд хүлээн авахыг хүсвэл ТэнГэр телевиз дээр орой бүр 21:00 цагаас сувгаа тааруулаарай. Мөн Facebook хуудсаар үзэх боломжтой.
Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.