Ардчилсан нийгмийн амин сүнс нь хүний эрх. Манай улс 1992 онд баталсан Үндсэн хуульдаа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоохоо тунхаглан зарлаж байв. Үүнээс хойш 8 жилийн дараа Хүний Эрхийн Үндэсний Комиссыг (ХЭҮК) байгуулсан. Гэвч өнөөдрийн байдлаар хүүхдийн эрхийн зөрчлийн 90 гаруй хувьд нь бие махбодид халдсан, үл хайхарсан зөрчил бүртгэгдэж байгаагаас гадна ХЭҮК-оос гаргасан судалгаанд таван ахмад настан тутмын нэг нь ялгаварлан гадуурхагдаж байгааг анхааруулж байна.
Нөгөө талд буруутай эсэхээс үл хамааран дур зоргоор барьж хорьдог харгис гэмээр үйлдэл газар авсан ба Монгол Улсад 2020-2021 онд хийгдсэн баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй байсныг НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлөөс онцлон, анхаарвал зохих асуудлын нэгдүгээр эрэмбэлээд байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр л гэхэд 21 байр ухарч, 109-д жагсан, хүнд нөхцөл байдалтай орны тоонд ороод буй нь үүний нэг жишээ.
Тэгвэл хүний эрхийг дээдэлсэн хүн төвтэй ардчилсан улс гэсэн үнэт зүйлс яагаад гээгдээд байна вэ? Бодлогын түвшинд хүний эрхийн зөрчлийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ?
ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?
Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.
1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.
2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.
3-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.
4-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.
5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.
Хэн мэтгэлцэв?
1. Монгол Ардын намаас жагсаалтын 18-д нэр дэвшигч Х.Баасанжаргал
СЭЗИС-ийг бизнесийн удирдлага, Их Засаг олон улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МАН-ын дэргэдэх “Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн”-ийн Захирал.
2. Үнэн ба Зөв намаас 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Бат-Очир
Япон улсын Нагасаки мэдээллийн бизнесийн коллежыг олон улсын харилцаа, бизнесийн удирдлагаар төгссөн. “Аолиша” хуримын салоны Захирал.
3. Үндэсний эвсэлээс 7-р тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт нэр дэвшигч О.Мөнхзаяа
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи орос хэлний багш, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийг олон улсын хүний эрх, Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Grand Circle Corporation-ий Ази Номхон далайн бүсийн бизнесийн захирал, Залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны говийн бүсийн Дэд тэргүүн.
4. Ардчилсан намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Ч.Өнөрбаяр
Шихихутуг хууль зүйн дээд сургуулийг хууль зүйн бакалавр, МУИС-ийн хууль зүйн магистр, ИБУИНВУ-ын Эдинбургийн их сургуульд хууль зүйн магистрантур, МУИС-ийн хууль зүйн ухааны доктор зэрэгтэй. АН-ын Дэд дарга.
5. ХҮН намаас жагсаалтын 13-т нэр дэвшигч Д.Үүрцайх
ХБНГУ-ын Бонн хотын их сургуулийг хууль зүйн магистр, МУИС-ийн хууль зүйн магистр, Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Өмгөөллийн "Де юре партнерс" ХХН-ийн Гүйцэтгэх партнер, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн.
6. Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн намаас 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ч.Нямсамбуу
Орхон их сургуулийг эрх зүйч, МҮИС-ийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэй Удирдлагын академийг төрийн удирдлагаар тус тус төгссөн. Монголын Залуучуудын Холбооны Хяналтын зөвлөлийн дарга, Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн намын Удирдах зөвлөлийн гишүүн, JCI Конгресс салбар байгууллагын Эрх зүйн ерөнхий зөвлөх.
юу ярив?
1-р үе: Нээлттэй индэр
Миний хувьд хууль эрх зүйн салбарт 20 дох жилдээ хуульч өмгөөлөгчөөр ажилласнаас сүүлийн таван жилд хүний эрх, хүүхдийн эрхийн асуудал дээр бодлого, нөлөөллийн чиглэлд төвлөрч байна. МАН нь 2021 онд Бодлогын томоохон шинэчлэл хийсэн ба ингэхдээ Хүний эрхийн дэвшилтэт бодлого буюу төрийн бодлого шийдвэр хүний эрхэд ээлтэй байх зарчмыг баримталж намын дэргэд судалгааны хүрээлэнг байгуулсан. Миний хувьд өнгөрсөн хоёр жилд энэ хүрээлэнг ахлан ажиллаж хоёр том судалгаа хийсэн. Үр дүнгээс нь хуваалцвал, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 300 гаруй хуулинд 800 гаруй хүний эрхийн зөрчилтэй заалт байгаа юм. Иймд мөрийн хөтөлбөрт орсон хүний эрхийн чиглэлийн заалтууд маань судалгаа нотолгоотой байх, олон улсын сайн жишгээс суралцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэхүйц байх болон бусад улс оронд өөрсдийн сайн туршлагаа хуваалцах гэсэн гурван зарчмыг хангаж байгаа.
2-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Иргэд тайван жагсаалт хийхийн тулд зөвшөөрөл авч байгаа нь хүний эрхийн зөрчил мөн үү?
Мэтгэлцэгч тал: Ардчилсан намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Ч.Өнөрбаяр
Өнөөдөр бидний ярьж байгаа “Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль” 1998 онд батлагдсан ба зөвшөөрөл авахаар заасан байсан. 2005 онд нэмэлт өөрчлөлт орох үед мэдэгдэх, бүртгүүлэх гэх үгээр солигдсон. Харамсалтай нь, үг нь солигдсон ч хариуцсан дарга нь тэр мэдэгдлийг хүлээж авах, авахгүйг шийддэг тэр тогтолцоо хэвээр үлдсэн байдаг. МАН-ын хувьд дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөртөө энэ хуулийг үзэл санааны хувьд бүрэн өөрчилж, зөвшөөрлийн тогтолцооноос мэдэгдлийн тогтолцооруу шилжинэ хэмээн тусгасан байгаа.
Мэтгэлцэгч талын хэлсэн үг дээр тоо баримт дурдахад 2005-2012 онд 27 хүн эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бол 2012-2013 13 хүн байсан байна. Ингэж явсаар 2014-2015 онд “Өршөөлийн тухай хууль” гарч, улмаар авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс суллагдсаныг санаж байгаа байх. Үүн дээр хуульчид маш их эсэргүүцэж, үүнээс үүдэн гарах хор хохирлыг тайлбарлаж, төлөөлөл нь Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлээ илэрхийлсэн ч эцэстээ торгуулийн арга хэмжээ авхуулаад дууссан. Тэгэхээр би энэ мэт асуудлууд дээр үе үеийн хуульчдаа хүний эрхийн чиглэлд дуу хоолойгоо нэгтгээрэй гэж хүсмээр байна.
Мэдэгдлийн тогтолцоо Монголд ажиллаж болохыг Дархан-Уул аймгийн жишээн дээрээс харж болно. Тэнд энэ хууль зарчмаараа ажиллаж байгаа. Иргэд жагсаал цуглаан хийхээ мэдэгдэнэ, харин цагдаа, төрийн албан хаагчид очиж бүртгэнэ, аюулгүй байдлыг хангадаг
3-р үе: Иргэдийн асуулт
Асуулт: Ковид 19-ийн үед иргэдийн эрх зөрчигдсөн үү? Ер нь цаашид ийм онцгой нөхцөлд иргэдийн эрхийн баталгааг хэрхэн хангах вэ?
Юун түрүүнд цар тахлын үед авч хэрэгжүүлсэн ажлуудын товч мэдээллийг дурдъя. Үүн дээр Монгол улс хамгийн түрүүнд вакцинтай, бүр 3 төрлийн сонголттой болсон улс. Хамгийн түрүүнд арга хэмжээ авч, хамгийн түрүүнд гарц гаргалгааны эрэлд гарсны ачаар. 1-р тунд хүн амын 90 гаруй хувь, 2-р тунд 80 гаруй хувь, 3-р тунд 60 гаруй хувь нь хамрагдсан. Үүний ачаар цар тахлаас үүдэлтэй нас баралтын тоо бусад улс оронтой харьцуулахад тав дахин бага байсан ба үүнийг ДЭМБ-ын мэргэжилтнүүд биеэр ирж хэлэн, бидний авсан арга хэмжээг сайшаагаад явж байсныг санах хэрэгтэй.
Бизнес, үйлдвэрүүдийн хувьд ч үнэхээр хэцүү цаг үе байсан. Үүн дээр бид нийт ААН-үүдийн тог цахилгааны төлбөрийг төлөх, иргэдийн хувьд ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах зэрэг арга хэмжээ авч байсан. Үнэхээр ч Үнэн ба зөв намын нэр дэвшигчийн хэлдгээр тэр хэцүү үед сөрөг хүчний удирдлага олон нийтэд “Жаргалаа хөөж явсан хүмүүсээс илүү монголд байгаа хүмүүсээ анхаарна” гэж мэдэгдэл хийж байсан юм шүү.
4-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Хүний эрхийн үндэсний байгууллагын хараат бус байдлыг хэрхэн хангах вэ?
Мэтгэлцэгч тал: Үнэн ба Зөв намаас 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Бат-Очир
Хүн аз жаргалтай байхын тулд сонголттой, эрх чөлөөтэй байх ёстой. НҮБ-аас Хүний эрхийн үндэсний байгууллагыг бие даасан, хараат бус байх зорилгоор Парисын зарчмыг баталсан байдаг. Энэ зарчмын дагуу таван жил тутам бие даасан байдалд нь аудит хийж, үнэлгээ өгдөг. Энэ үнэлгээгээр Монгол улсын Засгийн газарт уг байгууллагыг өөрийн байртай болгож, төсөв хуваарилахыг зөвлөсөн. Улмаар бид 2020 онд “Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль”-ийг шинэчлэн найруулж баталсан юм.
Энэ хуулиар Хүний эрхийн байгууллагад тусгай чиг үүргүүд ирсэн. Дурдвал, албан тушаалын томилгоог нээлттэй сонсголоор хийдэг болсон. Саяхан бид түүхэндээ анх удаа УИХ, Байнгын хороон дээр Хүний эрхийн байгууллагын удирдлагуудыг нээлттэй сонсголоор томилсон том үйл явдал болсон. Мөн эрүүдэн шүүлттэй тусгай нэгж байгууллагын байгуулсан. “Хүний эрх хамгаалагчийн тухай хууль”-ийг баталж, хүний эрх хамгаалагчийн хороог Ази тивд анхны удаа байгууллаа. ХЭҮК-ын хажууд Хувийн мэдээлэл хамгаалах хороо мөн байгуулан ажиллаж байна.
Мэтгэлцэгч талын хэлсэн дээр хариулахад 2020 онд баталсан хуулиар ХЭҮК-оос явуулсан мэдэгдлийг үл тоовол тухайн албан тушаалтныг ажлын байрнаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах эрхтэй болсон байгаа.
5-р үе: Хаалтын илтгэл
Энэ танхимд хуульчид цугласны хувьд бид өнөөдөр олон нийтэд өгч буй мэдээлэл, агуулга дээрээ маш хариуцлагатай хандах ёстой. Энэ бол бидний ёс зүй. Тухайлбал, Өнөрцэцэг сэтгүүлчийн хэрэг хянан шийдвэрлэгдээгүй буюу ингэж ярихын тулд бид шүүхийн мэдээллийг нягталж шалгаж байж ярих ёстой. Дараагийнх нь, цар тахлын үеийн вакцин туршилтынх гэж хэллээ. Хэрэв үнэхээр тийм байсан бол энэ нь хүн төрөлхтний эсрэг маш том гэмт хэрэг байх байлаа. Мөн бид, Хүний эрхийн үндэсний комисс гэх маш чухал, үнэ цэнтэй байгууллагыг чадавхгүй байгууллага гээд олон нийтэд зарлачихлаа. Хуульч хүмүүсийн хувьд энэ мэт эмзэг агуулгад болгоомжтой хандах хэрэгтэй болов уу.
Мөн хүний эрх, ардчилал бол бидний дундын үнэт зүйл байх ёстой, хэн нэгэнд л хамаатуулж, нэг л талын хариуцлага мэт ойлгох нь учир дутагдалтай. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид ямагт эдийн засгийн асуудлыг нэгт тавьж, хүний эрхийг хоёрдугаарт тавьж ирсний гор одоо гарч байгаа нь энэ гэж үзэж байна. Нөгөө талаас нэр дэвшигчид, эрх баригчдаас хүсэх зүйл нь асуудлын суурийг хууль тогтоомж гэж хязгаарлалгүй, өөрсдөөсөө шийдлийг эхлүүлж, ирээдүйд гишүүн боллоо гэхэд сэтгүүлчдийн зарим алдаанд хүлээцтэй хандаж, тэр бүр дээр гомдол гаргахгүй асуудалд ул суурьтай ханддаг байхыг уриалж байна.
Бид бол хуульчид, улс төрийн үзэл баримтлалаас үл шалтгаалан нэгдсэн дуу хоолойтой байх хэрэгтэй юм шүү. Төгсгөлд нь хэлэхэд, МАН-ын зүгээс хүний эрхийн хоёрдугаар хөтөлбөрийг дэвшүүлж, мөрийн хөтөлбөртөө Ази тив дэх хүний эрхийн төвийг байгуулахаа тусгасан байгаа.
1-р үе: Нээлттэй индэр
Үнэн ба зөв намын хувьд ард түмнийхээ дуу хоолойг сонсож, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар хүний эрхийг хамгаалахаар зорьж байгаа. Миний хувьд Япон улсад 7.5 жил ажиллаж амьдарсан. Эх орондоо ирээд харж ажиглаж байгаа зүйлс ч их байна. Энэ бүхнийг дараагийн үеүд дээр, шат шатаар нь ярих болно.
2-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Хүний эрхийн боловсролыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Мэтгэлцэгч тал: Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн намаас 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ч.Нямсамбуу
Энэ бол мэндлэх, хүндлэх, хайрлах ёсноос эхлүүлэх ёстой. Хүүхдийн хүний эрхийн боловсрол, мэдрэмж хүүхдийн хөлд орох цагаас эхэлж байдаг. Нөгөө талаас үүнийг эцэг эх нь хүлээж авах, ярилцах ёстой. Бид энэ чиглэлийг сайжруулж, боловсруулахаар ажиллах болно. Монголд тулгамдаж байгаа гол асуудал нь ядуурал байгаа юм. Ядуурлаас үүдэлтэй өөрийгөө илэрхийлэхээс эхлээд олон чадвар орхигдож, үүгээр боловсрол олж явах үйл явц хязгаарлагдаж байна.
3-р үе: Иргэдийн асуулт
Асуулт: Ковид 19-ийн үед иргэдийн эрх зөрчигдсөн үү? Ер нь цаашид ийм онцгой нөхцөлд иргэдийн эрхийн баталгааг хэрхэн хангах вэ?
Би тэр үед Япон улсад амьдарч байлаа. Тэгэхэд АН-ын Дарга С.Эрдэнэ “Олонхийн төлөө цөөнхийг золиослоно” мэдэгдэл хийж байлаа. МАН харин нэгдүгээр сард хилээ хаагаад, наймдугаар сарын 1-нд анх удаа гадаадад байгаа монголчуудад зориулж мэдэгдэл хийсэн. Бүхэл бүтэн найман сарын дараа хийсэн тэр мэдэгдэлдээ “Бид 2021 оны тавдугаар сар хүртэл хилээ нээж чадахгүй. Амьдралаа бодоцгоо” гэсэн. Гэтэл тэр хугацаанд хил дээр гацсан монголчууд үхэх нь үхэж, үрэгдэх нь үрэгдэж, гомдох нь гомдоод хатаад дууссан байсан даа. Хил дээр бүр гүйгээд ирсэн ганц хүнээ ч аваагүй шүү дээ.
Гэтэл Японыг ярья. Тэд цаг үе хэцүү байгааг хүлээн зөвшөөрсөн ч бүрэн хааж боож болохгүй, бизнесүүдээ бодох хэрэгтэй гэж итгэсэн. Тиймдээ ч өдөрт нэг цаг ч болов хүмүүсээ ажиллах боломжоор хангаж, бизнесүүдээ авч үлдье гэж хичээж ажилласан юм шүү. Болж байсан.
4-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Хүний эрхийн үндэсний байгууллагын хараат бус байдлыг хэрхэн хангах вэ?
Мэтгэлцэгч тал: Монгол Ардын намаас жагсаалтын 18-д нэр дэвшигч Х.Баасанжаргал
Миний бие хүний эрхийн байгууллагуудаар багагүй явж байсан туршлагатай. Хүний эрхийн үндэсний байгууллагын гол асуудал нь энэ төрлийн байгууллагууд зөвлөмж өгч, түүнийгээ хүргүүлэхээс өөр ямар ч эрх мэдэлгүй байдал санагдсан. Тэгэхээр зарим тохиолдолд гарч байгаа асуудлын хохирогчийг холбогдох албан тушаалтантай нь уулзуулах хэмжээний эрх мэдлийг энэ төрлийн байгууллагуудад өгөх хэрэгтэй.
Хүн сайхан амьдрахын тулд эхлээд эрүүл байх ёстой. Эрүүл байхын тулд эрхээ хамгаалуулах ёстой. Өнөөдөр дарга нар сэтгүүлчдийг ойртох төдийд “Надад битгий хүр, цаашаа зогс” гэж эрхээ хамгаалдаг. Гэтэл иргэдийг жагсаал цуглаан хийхээр цагдаагаар сүрдүүлж, чирч гудчаад, машинд чихээд аваад явж байгаа нь Хүний эрхийн байгууллага дээрээ очихоор эрүүл мэндэд нь илт хохирол учраагүй гэдэг үндэслэлээр эрх нь зөрчигдөөгүй гэж үздэг. Өөрөөр хийе гэсэн ч эрх мэдэл байхгүй. Энэ ийм хэвээрээ байх уу? Найман жил засаглахдаа хүний эрхийн төлөө ийм зүйл хийж болохгүй байсан уу?
5-р үе: Хаалтын илтгэл
Японд амьдарсан долоон жил гаруйн хугацаанд харсан зүйл бол улс үндэстэн алдахдаа алдаад, онохдоо оноод гол нь хамтдаа урагшилдаг байдал. Харин Монгол улсын хувьд нэг хэсэг нь тасарч, цойлж хөгжөөд, нэг хэсэг нь хэдэн арван жилийн өмнө ямар байсан яг тэндээ гацсан. Өнөөдөр АН, ХҮН сайн сөрөг хүчин байсан бол бид энд ингээд зогсож байхгүй л байсан байх.
Үнэн ба зөв нам бол тэмцэгчдийн дуу хоолой, ард түмний иргэдийн дуу хоолой. Бид хүчтэй сөрөг хүчин байж чадна. Яагаад хүчтэй байх вэ гэвэл бид айдаггүй, зоригтой болохоор. Мэдээж бид алдаа дутагдалтай, гэсэн ч бид сайжраад явна.
МАН анх гарч ирэхдээ татвар нэмэхгүй гэсэн ч өнөөдөр татвар ямар хэмжээнд байгааг та бүгд мэдэж байгаа. Харин бид илүү олуулаа байж, илүү олон шийдэл гаргана.
1-р үе: Нээлттэй индэр
Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдарч, аж төрөх эрх маш их зөрчигдөж байна. Үндэсний эвслийн хувьд энэ сонгуульд “1 улстөрч, 1000 мэргэжилтэн” гэх хүний нөөцийн бодлоготой оролцож байгаа ба үүнийхээ хүрээнд хууль эрх зүйн салбарын 16 залууг нэр дэвшүүлж байгаагийн нэг нь миний бие юм.
Бидний хувьд хүний эрхийн асуудлыг шийдэхдээ бодлогын өөрчлөлт хийж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас эхэлнэ хэмээн үзэж байгаа. Жишээ нь, иргэнийхээ эрхийг хамгаалж чаддаггүй Үндсэн хуулийн цэц ард иргэдийн маргаан гомдлыг эцэслэн шийдэхэд оролцдоггүй хандлагыг агуулгаар нь өөрчлөх ёстой. Ер нь энэ бүх асуудал шийдвэр гаргах түвшинд иргэдийн дуу хоолойг бэлгэдэл төдий байдлаар авч үзэн, улмаар хөрсөн дээр буугаагүй, ард олны амьдралд нийцгүй хуулиуд баталдагтай холбоотой. Иймд шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хуулийн төслүүд дээр иргэдээс санал авах, цахим шийдэл нэвтрүүлэх зэрэгт Үндэсний эвсэл анхаарч ажиллана. Ингэхдээ хүний эрх зөрчигдөж буй энэ үед Хууль эрх зүй, хүний эрхийн яамыг байгуулах хэрэгтэй гэж үзэж байна.
2-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Одоогийн хууль тогтоомжид байгаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хязгаарлалтууд оновчтой юу?
Мэтгэлцэгч тал: ХҮН намаас жагсаалтын 13-т нэр дэвшигч Д.Үүрцайх
Хэвлэлийн эрх чөлөөний индекс ийм хэмжээнд буурсанд гайхах зүйл үгүйг сонгуульт ажлын хүрээнд дөрвөн аймгийн нутаг дэвсгэрээр явж байхдаа мэдэрлээ. Иргэдийн тэр дундаа төрийн албан хаагчдын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө асар боогдмол байгаад хэлэх ч үггүй болтлоо гайхаж байгаа.
Хүний халдашгүй дархан байх эрхийг асар бүдүүлгээр зөрчиж байгааг нийт баривчилгааны 98-99 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдэж байгаагаас харж болно. Үндэсний эвслийн зүгээс иргэнийг хамгаалах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц өнөөдөр эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг болсныг өөрчлөхөд, иргэний асуудлыг чухалчлан авч үздэг болоход нарийн анхаарч ажиллана.
Бид үүнийг хийхдээ мэргэжилтнүүдийн үгийг мэдээж сонсоно. Гэвч үүнээс түрүүлээд иргэний эрхийг хамгаалах үүрэгтэй Үндсэн хуулийн цэцийн гишүүд өөрсдөө эх орондоо болон гаднын оронд ёс зүйн маш том, бүдүүлэг алдаа дутагдлуудыг гаргасаар явж байгаа албан ёсны хуульч мэргэжилгүй хүмүүс байх жишээтэй байгаа. Тэгэхээр бид ажлаа Үндсэн хуулийн цэцийн томилгоо, мэргэжлийн шаардлага, ёс зүйн хэм хэмжээг шахих шаардлагыг тодорхой, нарийн болгож өөрчлөхөөс эхэлнэ.
Мөн “Тайван замаар жагсаал цуглаан хийж болно” гэж Үндсэн хуулиар олгогдсон эрх байхад үүн дээр нэмж журам гарган заавал зөвшөөрөл авдаг болсон нь үндэстний эвсэн нэгдэх эрх чөлөөг боомилж буй хэрэг. Үүнийг бид өөрчлөхийн төлөө ажиллаж байна.
3-р үе: Иргэдийн асуулт
Асуулт: Ковид 19-ийн үед иргэдийн эрх зөрчигдсөн үү? Ер нь цаашид ийм онцгой нөхцөлд иргэдийн эрхийн баталгааг хэрхэн хангах вэ?
Вакцины сонголт гэж ярьж байна л даа. Гэвч тэд нь судалгаа шинжилгээгүй, бараг туршилтын маягтай вакцинууд байсныг 40 гаруйхан насандаа шалтгаангүй нас барж байгаа залуусын амь гэрчилж байна. Эдийн засгийн ядуурлыг бусад нэр дэвшигчид ярьсан тул давтахгүй байя. Дараагийн маш том зөрчил бол иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх. Үүн дээр “яаж ингэж бодож олж чадав аа?” гэмээр маш оновчгүй, бүдүүлэг шийдвэрүүд удаа дараа гаргасны нэг нь хувийн машинаар зорчихыг хориглосон явдал. Бөөнөөр цуглаж болохгүй гэчихээд зөвхөн автобусаар яв гэж тушаан, олон хүнийг нийтээр нэг автобусанд чихэж байсан. Нөгөө талаас гэрээс битгий гар гэсэн. Гэхдээ тэд өмнө нь нэг ч удаа монголчууд ар гэртээ яаж амьдарч байсныг асуугаагүй. Түүнээс болж маш олон хүн сэтгэл гутралд орж, хосууд салж, гэр бүлийн хүчирхийлэл гаарч, амиа хорлох тохиолдол нэмэгдсэн. Нэг ч удаа сэтгэлзүйн дэмжлэг үзүүлээгүй гэх мэт хүний эрхэнд ноцтой халдаж байлаа.
Эцэст нь хэчнээн ноцтой үе байсан ч гаргаж байгаа шийдвэртээ иргэдийнхээ дуу хоолойг сонсож байгаач ээ гэж хэлмээр байна.
4-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг иргэдийн эрхийг зөрчиж байгаа юу?
Мэтгэлцэгч тал: Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн намаас 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ч.Нямсамбуу
Авлига хээл хахуулийн асуудал өнөөдөр иргэдийн бүх суурь эрхийг зөрчиж байгаа. Үүнээс би уул уурхайн нөлөөлөлд өртсөн бүс нутгийн хүн ардын эрүүл мэндийн асуудал нэн хурцаар тавигдаж байгааг онцолмоор байна. Тэр их тоосжилт нэгдүгээрт ажилтнууд, цаашлаад тэр нутгийн малчид, малын эрүүл мэндийг гамшгийн хэмжээнд хүргэснийг хүчтэй мэдэрсэн. Хүнд даацын том нүүрсний болон баяжмалын машинууд газар нутгийг талхалж, шороогоор явж, хөрсийг гэмтээж байгаа ба засмал зам одоо хүртэл тавьж чадахгүй байгаа нь угтаа авлигын л асуудал шүү дээ. Байгалийн баялгийг яаж түргэн хил давуулж, их мөнгө олох нь л чухал байх шиг байна.
Гэтэл авлигаас болж ард олны эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, цаашлаад улс орон ядууралд живдгийг БНХАУ хэдийн ойлгоод 2017 оноос хойш авлигын эсрэг хүчтэй арга хэмжээ авсныг дагаад томоохон хотуудынх нь агаарын бохирдол 21 хувиар буурсан гэдэг үзүүлэлтийг дотоодынх нь эрдэмтэд гаргасан байдаг. Тэгтэл манай “Агаарын чанарын хууль”-нд хүний эрүүл мэндтэй холбоотой заалт ч хэдхэн байгаа шүү дээ.
Үндэсний эвслийн зүгээс бизнесийн салбарт төрийн оролцоо маш их, төр нь бизнесүүдтэйгээ өрсөлддөг байдлыг эсэргүүцэх ба хойшид төрийн өмчийн үйлдвэрүүдийг биржээр арилжиж, шударга тэгш өрсөлдөөнийг хангах замаар ажил эрхлэлтийг дэмжих шийдлийг мөрийн хөтөлбөрөөрөө санал болгож байгаа. Тиймдээ ч “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Үндэстнээрээ баяжъя” уриаг дэвшүүлсэн.
5-р үе: Хаалтын илтгэл
Үндэсний эвсэл бол нийгмийн шаардлагаар төрөн гарсан нам. Одоогоор улс төрийн түвшинд талцал, намчирхал дээд цэгтээ хүрч, үр дүнд нь эрх баригчдад л үйлчилдэг, иргэдийн эрх ашигт нийцдэггүй хуулиуд батлагдсаар байна. Энэ ч утгаараа бид Хууль эрх зүй, хүний эрхийн яам байгуулах боломжтой гэж харж байгаа юм. Цаашлаад аливаа хуулийн хэлэлцүүлгийг мэргэжлийн салбарынхан, экспертүүд, иргэдээсээ санал авах тогтолцоо бүрдэнэ. Энэ тал дээр манай нам “Цахим иргэн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэн утсаараа төрийн үйл хэргийг хянаж, саналаа хэлэх боломжтой болох юм.
Дараагийн асуудал нь үйлдвэр эрхлэгчид, тэднийг дэмжих асуудал. Өнөөдөр төр бизнесийн салбарт хэтэрхий их орж, үйлдвэр эрхлэгчидтэйгээ өрсөлдөж байгаа явдлыг зогсоох хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлаас бусад асуудал дээр үйл ажиллагаагаа аутсорсинг хэлбэрээр, чаддаг хүмүүст нь даатгаж, үйлдвэр эрхлэгчдээ дэмжих байдлаар явах нь зүйтэй. Ингэж чадвал ил тод, шударга тогтолцоо ч бүрдэнэ. Экспортын бараагүй шахуу байгаа өнөөгийн байдалд төр нөлөө их бий.
Дараа нь, Үндсэн хуулийн цэц иргэдийн гомдол саналыг авч хэлэлцдэггүй, тоодоггүй асуудлыг сууриар нь өөрчлөх ёстой.
1-р үе: Нээлттэй индэр
Миний хувьд хууль эрх зүйн мэргэжилтэй, энэ чиглэлээр докторын зэргээ хамгаалсан. Хүний эрхийг хамгаалах чиглэлд хэд хэдэн хуулийн төслийг өмнө нь УИХ-аар батлуулж байсан. Үүн дотроос иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой “Шилэн дансны тухай хууль”-ийг дурдаж болно. Ардчилсан нам бол 1992 оны Үндсэн хуулийг авч ирсэн, төр нь иргэний эрх чөлөөг хамгаалах баталгаа бүхий зохицуулалтыг оруулсан нам.
Харамсалтай нь одоо, төр иргэний эрхийг хамгаалдаг биш, харин зөрчдөг болж хувирчээ. Иргэдийн гарт гав зүүж, үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчдийг торны цаана суулгаж, татварыг тонуул болгож, бизнесүүдтэй уралддаг данхар төрийн бүтцийг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл, сан нэртэй байгууллагуудаар дамжуулж татвар төлөгчдийн мөнгийг шударга бусаар хуваарилж байна.
Ардчилсан намын зарчим бол иргэний хүчтэй болгоё, иргэнээ хамгаалдаг хууль эрх зүйн орчныг бүрдүүлье гэдэгт чиглэж байна.
2-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Иргэд тайван жагсаалт хийхийн тулд зөвшөөрөл авч байгаа нь хүний эрхийн зөрчил мөн үү?
Мэтгэлцэгч тал: Монгол Ардын намаас жагсаалтын 18-д нэр дэвшигч Х.Баасанжаргал
Тайван замаар жагсаал цуглаан хийхийг ардчилсан нийгмийн тогтолцоонд хэнтэй ч хуваалцахгүй онцгой эрх гэж үздэг. Ардчилсан улсад жагсаал цуглаан хийхийн тулд зөвшөөрөл авдаггүй, зүгээр л мэдэгддэг. Харин нөгөө талаас төр аюулгүй байлгах үүрэг хүлээдэг. Гэтэл одоогийн төр хамгаалдаг биш тараадаг, хөөдөг, цагддаг үйл ажиллагаа л явуулж байна. Ер нь Үндсэн хуулийг хамгийн их зөрчигч нь иргэн биш, ААН биш, яг үнэндээ албан тушаалтнууд л байдаг. Одоогоор бол Засгийн газар энэ эрхийн хамгийн том зөрчигч нь болж байна. Ардчилсан намын үед жагсаал цуглааныг нээлттэй орхидог байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд болсон иргэдийн органик буюу цэвэр итгэл үнэмшилд тулгуурласан жагсаал цуглааныг төр өөрөө үймүүлж, хүчийг нь сулруулдаг болсон. Энэ бол орос маягийн бүдүүлэг хандлага.
Ингээд харахад хуулийг хэн давдаг вэ гэвэл эрхтэн дархтанууд. Тэгэхээр энэ тохиолдолд хуулиас гадна хүний эрхийн мэдрэмж, боловсрол гэдэг зүйл яригдана. Харин энэ боловсрол, энэ мэдрэмж өнгөрсөн 8 жилд төрийг засагласан хүмүүст байсан уу? Үгүй юу? Гэдгийг жагсаал цуглаан хийхийг зөвшөөрөх нь бүү хэл хийсэн хүмүүсийг нь хөөж очиж, хэрэг үүсгэж, байцааж шалгадаг явдлаас бэлхнээ харж болохоор.
3-р үе: Иргэдийн асуулт
Асуулт: Ковид 19-ийн үед иргэдийн эрх зөрчигдсөн үү? Ер нь цаашид ийм онцгой нөхцөлд иргэдийн эрхийн баталгааг хэрхэн хангах вэ?
Ковид 19-ийн бол хүний эрх дээд зэргээр зөрчигдсөн үе байсан. Эхлээд гадаадад байгаа монголчуудаа татах асуудал. Сайд дарга нартай холбоо хамаарал бүхий хүмүүс эхний нислэгүүдээр цаг алдалгүй ирсэн бол жирийн иргэд хэдэн сарын хилийн гадна хүлээж, өч төчнөөн мөнгө цаас, цаг хугацаагаараа хохирсон. Ирсний дараа эмчилгээний зардал. Анх найман сая төгрөгөөр эмчилж байсан гэж мэдээлж байсан бол өнөөх нь сүүлдээ явсаар 40 мянган төгрөг дээр буув уу? Дараа нь УОК байна. Ямар ч яам, Засгийн газраас хүчтэй, эрх мэдэлтэй, шийдвэр гаргадаг ийм комисс байдгийг олон улсад ч хараагүй.
Үндсэндээ цар тахлын үе бол тэр чигээрээ хулгай, авилгын сүлжээ болж хувирсан. Эндсэн хүмүүсийн тоог ч бодитоор тайлагнасан гэдэгт итгэдэггүй. Ер нь хүний эрхийг ямар хэмжээнд авч үзэж байгаагаа энэ үед харуулсан. Энэ нарийн хязгаарыг хуулиар зааж өгөх хэрэгтэй.
4-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Олон нийтийн сүлжээнд иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тогтоох нь зөв үү?
Мэтгэлцэгч тал: ХҮН намаас жагсаалтын 13-т нэр дэвшигч Д.Үүрцайх
Цахим сүлжээнд бид хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах ёстой. Харин төр засгийн буруутай шүүмжлэлтэй үйл ажиллагааны тухай үзэл бодлоо хуваалцсаны төлөө байцаах, барьж хорих үйл ажиллагаа огтхон ч байж болохгүй. Учрал сайд нэгэнтээ маш хортой нэг хууль санаачилж байсныг санаж байгаа байх. Энэ дээрээс хэлэхэд сайд, эрх мэдэлтэн болно гэдэг нь иргэн хүний хувьд тодорхой зарим эрхээсээ татгалзаж буй үйл явдал гэдгээ ойлгох ёстой. Сайдын хувьд эрх мэдлээ хэнээр ч хэлүүлэхгүй эдлээд явж байж, шүүмжлэл хүртээд ирэхээрээ “би ч бас иргэн ш дээ” гээд иргэнтэй зэрэгцэх гээд байж болохгүй.
Цахим орчны хувьд хүүхдийн эрхийг л яримаар байна. Төр засаг цахим сүлжээгээр явж байгаа далд эдийн засаг, хууль бус үйл ажиллагаа, хүүхдүүдэд очиж буй зүй бус контентууд дээр анхаарч ажиллах ёстой. Гэтэл одоо бол шүүмжлэл өгсөн хүмүүст бяраа гаргаж байна. Жишээ нь, эмч, багш нарыг цахим орчинд улс төрийн үзэл бодлоо илэрхийлэхийг хаасан юм билээ. Ийм зүйл байж болохгүй шүү дээ. Тэд бол төрийн жинхэнэ албан хаагч биш, тангараг өргөөгүй. Ийм төрлийн хязгаарлалт хийх бол тэр нь төрийн жинхэнэ албан хаагчдад л үйлчлэхээр байх ёстой.
Ер нь бид гэмт хэрэг хийсэн бол түүнээс учирсан хохирлыг төлүүлж, барагдуулж сурах хэрэгтэй байна. Иргэн бол төлөөд байдаг, төр болохоор жишим ч үгүй явж байдаг. Төгсгөлд нь хэлэхэд, эрх баригчдын гаргаж буй тоо мэдээ, статистик бүгд худлаа шүү. Үүний нэг жишээ нь, цар тахлын үеийн үхлийн тоо.
5-р үе: Хаалтын илтгэл
МАН 2-3 жилийн өмнө Хүний эрхийг хамгаалъя гээд том хурал хийсэн. Харамсалтай нь, хуралдлаа гээд үр дүн байсангүй. Тэд хамгийн том хэлмэгдүүлэгч байж, хүний эрхийг зөрчсөөр байсан. Өнгөрсөн сонгуулиар сөрөг хүчнийхээ нэр дэвшигчдийг сонгуулийн үеэр нь байцааж, барьж хорьж байсан нь үүний нэг жишээ. Дээрээс нь МАН-ын хийлгэсэн аудит нь байнга худлаа гардаг. Сүүлд гэхэд өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 70 гаруй хувийн биелэлттэй гэж гарсан байсан. Аудит нь үнэн бол өдийд бид түгжрэлийн асуудалгүй, агаарын бохирдолгүй, дэд бүтцээ шийдчихсэн байх гээд байна. Даанч тийм зүйл аль нь ч алга шүү дээ. Энэ бүхэнд би өнөөдөр МАН-ыг төлөөлж ирсэн хуульч Баасанжаргалыг буруутгахгүй. Үүний ард байгаа, энэ бүхэнд хүргэсэн далд эрх мэдэлтнүүдийг буруутгана.
Тэгэхээр АН-ын хувьд төрийн албан тушаалтанд хариуцлага тооцдог системийг батлуулъя гэж байгаа юм. Ингэж дээрээс нь эхэлж тогтолцоог сайжруулахгүй бол доороо юу болдгийг бид маш аюултай жишээгээр олж мэдсэн. Иргэнийг хамгаалах үүрэгтэй цагдаагийн байгууллагын ажилтнууд нь өөрсдөө хүчингийн хэрэгт холбогдлоо шүү дээ. Дээрээ хариуцлагагүй, хүний эрхийн мэдрэмжгүй, цадиггүй болсны том жишээ нь доороо ингэж илэрч байгаа юм.
Хүний эрх бол хамгийн нандин, хамгийн дээд зүйл. Үүнийг хамгаалах нэрийн дор зөрчиж, халдаж байгаа төрийг одоо бид солих хэрэгтэй байна. Хариуцлага тооцдог хуулийг нэн даруй батлах хэрэгтэй байна. Хэвлэлийн эрх чөлөөний индекс 21 байраар ухарна гэдэг бол энэ асуудал ямар хэмжээнд хүндэрснийг илтгэх гол жишээ.
1-р үе: Нээлттэй индэр
Хүний эрхийн асуудал дээр баталгааг нь хэн хангах вэ? Хэнээс хамгаалах вэ? гэх асуулт чухал. 1992 онд батлагдсан манай Үндсэн хууль бол хүний эрхийг төрөөс хамгаалахад чиглэсэн байдаг. Үүнээс хойшх 32 жилийн хугацаанд МАН давамгай засагласан ба өнгөрсөн хугацааг дүгнээд харахад Үндсэн хуулийн хэрэгжилт маш асуудалтай, дарангуй төрийн хэлбэрт шилжсэн байна. Үүний суурь шалтгаан нь эрх мэдлийн зөв хуваарилалт. Иймд ирээдүйд бид төрийн эрх мэдлийг зөв хангаж, төрийг ажиллагаатай болгох, мөрдөж буй хууль дүрмээ эргэн харах зайлшгүй шаардлагатай тулж байна.
МАН сэтгүүлчдийг хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хянаж шалгадаггүй болъё гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан байсан. Заригийн Өнөрцэцэг өөрөө нэг жишээ нь.
2-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Одоогийн хууль тогтоомжид байгаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хязгаарлалтууд оновчтой юу?
Мэтгэлцэгч тал: “Үндэсний эвсэл”-ээс 7-р тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт нэр дэвшигч О.Мөнхзаяа
Бид дарангуйллын нийгэм рүү алхам алхмаар явж байна. Зарим хүмүүс хуучин Орос хэлбэр, зарим нь бүр Тайвань маягийн 5 засаглалт тогтолцоо гэх мэт Үндсэн хуулийн баримтлалаас гажсан зүйл ярьж байгаад нуух зүйл байхгүй. Тэр намуудыг үндсэн хуульд үнэнч биш гэж үзэхэд болно. Сэтгүүлчийг үүргээ гүйцэтгэсний төлөө барьж хорьдог энэ тогтолцооны эсрэг манай нам зогсох болно.
Ардчилал тогтохын тулд ардчилагчид байх хэрэгтэй. Ардчилагчид ямар үед байдаг вэ гэвэл улс төрийн хувьд хараат бус буюу үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй үед бий болдог. Тэгэхээр энэ нөхцөлийг бий болгохын тулд манай нам “Хэвлэлийн эрх чөлөөний хууль”-ийг баталж, тайван замаар жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг өгөхөөр ажиллах болно.
Өнөөдөр монгол хүн асуудлаа ердийн шүүхээр шийдүүлээд, цаашлаад Улсын дээд шүүх дээр очдог. Гэвч Улсын дээд шүүх ямар нэг алдаа гаргаж, хүний эрхийг зөрчсөн шийдвэр гаргалаа гэхэд цааш ямар зам мөр, гарц гаргалгаа байхгүй болж байгаа юм.
ХҮН нам 2023 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж, идэвхтэй ажилласан. Засгийн газраас өргөн барьсан үндсэн хуулийн төсөл дээр бид Үндсэн хуулийн цэц дээр хүний эрхийн асуудлыг хэлэлцдэг болох, бие даасан байдлыг нь хангах чиглэлд заалтууд оруулж ирсэн боловч УИХ дээр батлагдаж чадаагүй. Угтаа энэ өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиар авч үзэхгүй бол ердийн хуулиар шийдэж чадахгүй. ХҮН намын хувьд энэ суурь өөрчлөлтийг хийх зорилготой.
3-р үе: Иргэдийн асуулт
Асуулт: Ковид 19-ийн үед иргэдийн эрх зөрчигдсөн үү? Ер нь цаашид ийм онцгой нөхцөлд иргэдийн эрхийн баталгааг хэрхэн хангах вэ?
Хүний эрхийг хязгаарлахад зорилгодоо хүрэхүйц бас эрх зүйн хэм хэмжээнд байх ёстой. Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн бодлого зөв байсан эсэхийг, гарсан хохирлыг, шийдвэрүүд үнэхээр зорилгодоо хүрсэн үү, эрх зүйн хэм хэмжээнд байсан уу гэдгийг дараа дараагийн Засгийн газар шүүх ёстой. Иргэд ч үүн дээр хэрсүү байж шаардлагатай тохиолдолд заргалдаж, хариуцлага нэхэж явах идэвхтэй байх хэрэгтэй.
ХҮН намын хувьд эрх барьвал үүн дээр хариуцлага тооцож, тэр үеийн зардлын зарцуулалт, хуваарилалт зэргийг ил гаргаж тавих болно.
4-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Олон нийтийн сүлжээнд иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тогтоох нь зөв үү?
Мэтгэлцэгч тал: Ардчилсан намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Ч.Өнөрбаяр
Энэ тал дээр “Учралын” гэх тодотголтой маш аюултай хууль батлагдахаа шахсан. Сүүлдээ өөрөө буруугаа ойлгоод буруугаа хүлээгээд татаж авсан. Яагаад буруу вэ гэхээр энэ нь ардчиллын суурь зарчимтай харшилдсан юм.
Ардчилал ямар үед ажилладаг вэ гэвэл нэгдүгээрт хууль тогтоох шүүх гэж бий. Одоо бол бүр хажууд нь мэргэшсэн төрийн алба гэж байгуулагдаад улс төрчдийг хязгаарладаг, хянадаг, хариуцлага нэхдэг болж байгаа. Дараа нь хэвлэлийн эрх чөлөө байна. Энэ бол ардчиллын маш том институц. Сүүлийнх нь иргэний нийгэм. Өөрөөр хэлбэл ардчилалд хэн нэгэн үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлэх нь суурь зарчим байдаг. Ардчилсан улсад үг хязгаарлах бол байж боломгүй зүйл. Тиймээс цахим орчинд хүний үгийг, үзэл бодлыг хааж боож, хязгаарлах ёсгүй.
Харин манай намаас үзэж буйгаар шийдэл нь иргэдийн боловсрол л гэж харж байгаа. Төр засаг иргэдээ хааж бооход биш харин боловсрол олгож, мэдлэгжүүлэхэд төсөв хуваарилж, зардал гаргах ёстой. Үнэн мэдээллийг шүүж олох, худал мэдээллийг таних, шүүн хэлэлцэх, зөв дүгнэлт хийх боловсролыг л олгох хэрэгтэй. Хязгаарлах гэдэг арга зам нь нэгдүгээрт өөрөө зөв биш, хоёрдугаарт дийлэх ч үгүй.
5-р үе: Хаалтын илтгэл
Дахин хэлье. Бид үндсэндээ дарангуй төр лүү чиглээд явж байна. Асуудал энэ хүртлээ хүндэрсний гол суурь шалтгаан нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, буруутай үйлдэлд нь хариуцлага хүлээлгэдэггүй байдлаас үүдэн гарч байгаа. Үүн дээр МАН-ынхан УИХ-ын гишүүнийг иргэдийн саналаар эргэн татаж болно гэдэг заалт оруулаад ирсэн. Үнэндээ энэ нь улам их бужигнаан л үүсгэхээс цаашгүй сонголт. УИХ бол хамтын хариуцлага хүлээдэг байгууллага. Тийм учраас УИХ-ыг шаардлагатай тохиолдолд тараадаг тэр зохицуулалтыг оруулж ирэх шаардлагатай. Дараа нь Үндсэн хуулийн цэц, цаашлаад шүүхийн байгууллагыг хараат бус, бие даасан байдлыг сайжруулах гэх мэтээр суурь шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй байна.
Ер нь МАН бол сүүлийн найман жил дийлэнх олонхоор засаглахдаа, энэ бүхнийг шийдээгүй, боломж байхад ухарсан зэргийг харвал цаашид ч эргэлзээтэй. Иймд Бид МАН-ын мөрийн хөтөлбөрийг хууран мэхлэлт хэмээн харж, олон нийтийг ч дэмжихгүй байхыг уриалж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд иргэд, сэтгүүлчдийн эрхэд ингэж их халдаж байснаа, одоо ийм гоё сайхан зүйл бичиж орж ирж байгааг нь харахад үүнийг монголчуудыг доромжилж буй үйлдэл гэж харж байна. Сүүлийн жишээ, Монполимет Группийг дурдаж болно. Иймд сонгогчдоо хэрсүү байхыг уриалж байна. Бидэнд олдож буй том боломж сонгууль юм шүү. Өөрчилнө, цаг нь болсон.
1-р үе: Нээлттэй индэр
Бид бол хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилготой ард түмэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хөгжүүлээд байна уу, нухчин дараад байна уу, үгүй юу гэдэг нь мэдэгдэхээ больтлоо хүний эрх зөрчигддөг болжээ. Манай нам энэ тал дээр хүний эрхийн ойлголтоо дахин нэг харж үзэж, үндэсний онцлог, өв уламжлалтайгаа нийцсэн эрх зүйн орчныг бий болгохгүй бол шууд нутагшуулах байдлаар явж ирсэн нь алдаа байв уу хэмээн харж байгаа. Тиймдээ ч бид хүний эрхийг ямар нэг байдлаар дарангуйлж буй зүйлсийг үгүй хийхийг зорих болно.
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 21 байр ухарсан нь ч үүний нэг жишээ. Ер ганц хэвлэл гэлтгүй бүх л индексүүдэд жигд ухарч байгаа шүү дээ. Тэгэхээр үнэт зүйлээ ойлгодог, эрх ашгийн дарааллаа зөв тавьж чаддаг хүмүүсийг сонгох хэрэгтэй байна.
2-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Хүний эрхийн боловсролыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Мэтгэлцэгч тал: Үнэн ба Зөв намаас 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Бат-Очир
Бид мөрийн хөтөлбөртөө иргэний боловсролыг сууриас нь, үндсээс нь өгөх ёстой юм байна хэмээн харж “Сайн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тусгасан байгаа. Өмнө нь “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” гээд хэрэгжүүлж л байсан. Гэвч яагаад энэ бүрэн бүрэн хэрэгжихгүй байна вэ гэвэл эрх зүйгээр хязгаарласан байгаа юм. Суурь боловсрол, суурь хүмүүжлийн тухай ярихгүйгээр эрх зүйг дангаар нь ярих боломжгүй. Бид үүнийг харж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.
Энэ хөтөлбөр мрнгол ёс заншил, монгол ухагдахуунаар дамжуулж хувь хүний халдашгүй дархан байдал, хүний эрх, ухамсарт байдлыг бий болгох зорилготой. Ингэж хувь хүний боловсролыг ахиулснаар ирээдүйн нийгмийн том асуудлыг шийднэ гэж харж байна. Одоогийн асуудал бол ерөөс үнэт зүйлийн дарааллыг нарийн сайн тавьж чаддаг хүмүүсийг сонгох хэрэгтэй ахин сануулъя. Бид хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засгийг хүсэж байгаа.
3-р үе: Иргэдийн асуулт
Асуулт: Ковид 19-ийн үед иргэдийн эрх зөрчигдсөн үү? Ер нь цаашид ийм онцгой нөхцөлд иргэдийн эрхийн баталгааг хэрхэн хангах вэ?
Үнэхээр л анх найман саяар эмчилж байсан зардал сүүлдээ 80 мянга болох нь тогтоогдсон. Тэгэхээр тэр зардлыг баталж байна аа гэдэг нь ард нь нэг хүн байна л гэсэн үг. Энэ бол тэр чигээрээ эрх үүргийн тэнцвэртэй байдал, хариуцлагын тогтолцооны асуудал. Бид үүнийг л сайжруулна. Энэ эмчилгээний зардлаас ургуулаад харахад ковидын үед эрх баригчид иргэдийнхээ эдийн засгийг боож, халдашгүй байдалд халдаж, нэр төр алдар хүндийг бүр уландаа гишгэсэн. Зүгээр УБ паласт тоглолт үзсэн хүний хоёр өдрийнх маршрут бүхий бүх хувийн мэдээллийг нь улс даяар цацаж байх жишээтэй. Хүний эрх мэдрэмж маш муу. Цаашлаад ялгаварлан гадуурхаж, чөлөөтэй зорчих эрхийг хассан. Үнэхээр бүгд ийм байна уу гэтэл эрх баригчид өөрсдөдөө бичиг гаргуулж аваад чөлөөтэй зорчсон.
Энэ бол тэр чигээрээ хариуцлагын тогтолцоо. Үүнийг шийдэхгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй.
4-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг иргэдийн эрхийг зөрчиж байгаа юу?
Мэтгэлцэгч тал: “Үндэсний эвсэл”-ээс 7-р тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт нэр дэвшигч О.Мөнхзаяа
Төрийн эрх мэдэл хуваарилалт бие даасан, хараат бус байх ёстойг нэрт сэтгэгчид хэдийн хэлсэн байдаг. Хэрвээ үүнд шүүх засаглал, хууль тогтоох чиг үүрэг холилдвол ямар сөрөг нөлөөтэйг ч дурдсан. Монгол улсын хувьд энэ асуудал бүр сууриасаа, илүү нарийвчилбал албан тушаалтнуудын томилгоон дээрээс л харагддаг.
Манай намын хувьд энэ дээр “Сайн сонголт” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байгаа. Бүх л асуудлыг бүх гатанд илүү сайн руу дөхүүлье, чиглүүлье гэдэг санаа. Ингэхийн тулд асуудлуудаа жагсааж, авлига хээл хахуулийн шалтгааныг онолын үндэслэлтэй тодруулж, тэр бүрд шийдлийн хувилбаруудыг боловсруулж, тохирохыг нь олох зарчимтай. Монголд алдагдаад байгаа ихэнх тогтолцоо шууд хуулбарласнаас болдог бол бид монголчуудад тохирох тогтолцоог боловсруулах, соёл онцлогоо түүнд шингээх бодлого баримтална.
5-р үе: Хаалтын илтгэл
Манай намын үүсгэн байгуулагч Б.Жагар гэж хүн бий. Хүмүүс түүнийг Тэмцэгч Жагар гэдгээр нь танина. 10 гаруй жилийн турш “төрийн бодлого болохгүй байна” гээд тэмцээд байсны учир утга нь өнөө хүний эрхийн л төлөө. Гэвч 10 гаруй жил тэмцээд ч дээд түвшинд дорвитой өөрчлөлт гарсангүй. Тэгэхээр бид тэмцлээс хальж шийдэл санал болгодог болъё гэж байгаа юм.
Тэгэхээр бид аливаа асуудлыг сууриас нь ярьж өөрчлөхөд л гол анхаарлаа хандуулж, эрдэмтэд, судлаачдын дуу хоолойг тусгаж ажиллах болно. Бид олон улсын тохирохгүй хууль, жишгийг дуурайх албагүй арвин үүх түүх, соёл онцлогтой ард түмэн. Асуудлыг сууриас нь авч хэлэлцэхдээ ямагт үндэсний ялгарлаа тусгаж ажиллана.
Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль эрх зүйн баталгааг хангана” гэсэн байгаа. Гэтэл наанадаж барилгын салбар дээр орон сууц захиалаад хохироод үлдсэн мянга, мянган иргэнийхээ эрхийг л хамгаалж чадахгүй байгаа шүү дээ. Төрийн чадавх ийм л түвшинд байна.
Сэтгэгдэл бичих