Одоогоос 29 жилийн өмнө манай улс нийгмийн халамжийн анхны бие даасан хуулийг баталж байв. Уг хуулийн гол зорилго нь зайлшгүй дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдэд төрөөс халамж үзүүлэхэд чиглэдэг. Гэвч хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр халамж хүртэгсдийн тоо олширч, зөвхөн хууль журмаар зохицуулагдаад зогсохгүй төсөл, хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлэх болжээ. Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар нийгмийн халамжийн бодлогын хүрээнд нийт 72 хөтөлбөр хэрэгжиж, үүнд 2.7 сая иргэн хамрагдсан бөгөөд энэ нь өмнөх жилээс 27.7 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Үүний зэрэгцээ нийгмийн халамжийн төсөв сүүлийн дөрвөн жилд 12 хувиар өсөж, тэр дундаа хүүхдийн мөнгөн тэтгэмж хоёр дахин нэмэгдсэн гэх. Энэ нь нэг талаараа халамжийн бодлого гол зорилгоосоо хазайж, зайлшгүй шаардлагатай гэхээс илүү нийт өрхийг хамарсан хэтийдсэн халамжийн шинжтэй болсныг “Нээлттэй нийгэм” форумын судалгаанд дурджээ. Нөгөөтээгүүр, халамж хүрэх ёстой хүндээ хүрч байгаа эсэх нь ч эргэлзээтэй.
Иймд бодлогын мэтгэлцээний 17 дахь дугаарт хавтгайрсан нийгмийн халамжийн бодлого үргэлжилсээр байх эсэх талаар нам, эвслийн төлөөллүүд мэтгэлцсэн юм.
ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?
Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.
1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.
2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.
3-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.
4-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.
5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.
17-Р ДУГААР “НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН БОДЛОГО”
ХЭН МЭТГЭЛЦЭВ?
ХҮН намаас жагсаалтын 7-д нэр дэвшигч Д.Гантулга - МУИС-д математикийн бакалавр, магистр, Их Британийн Манчестерын Метраполитанийн бизнесийн сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. Актуарч, тэтгэврийн мэргэжилтэн тэрээр ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн, НИТХ-ын ХҮН намын бүлгийн дарга.
Монгол Консерватив намаас 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч У.Хосбаяр - ШУТИС-ийг уул уурхайн менежмент, бизнесийн удирдлагын магистраар төгссөн. ESG брэндийн үүсгэн байгуулагч, Канадын зан чанарын холбооны сургагч багш, илтгэгч, боловсрол хүмүүжлийн бодлогын судлаач.
МАН-аас 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Х.Булгантуяа - АНУ-ын Йелийн их сургуулийг олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засаг, Дундад Хятадын шинжлэх ухааны их сургуулийг эдийн засгийн бакалавраар төгссөн. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд.
Монголын хүний төлөө намаас жагсаалтын 1-т нэр дэвшигч Х.Бат-Ялалт - Цагдаагийн дээд сургуульд эрхзүйч, хуульч, АНУ-ын Оклохамагийн Их сургуульд эрүүгийн эрхзүй удирдлага мэргэжил эзэмшсэн. "Иргэдийн шударга шүүх" ТББ болон Монголын хүний төлөө намыг үүсгэн байгуулагч.
Сайн Ардчилсан Иргэдийн нэгдсэн намаас 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ч.Нямсамбуу - Орхон их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч, МҮИС-ийг хууль зүйн ухааны магистр, Удирдлагын академийг төрийн удирдлагаар төгссөн.
Ард түмний хүч намаас 4-р тойрог буюу Хөвсгөл, Орхон, Булган аймагт нэр дэвшигч Л.Гүндалай - Зүүн Германы Халле хотын Мартин Лютерийн нэрэмжит Халле-Виттенбергийн Их сургуулийг Эмчийн мэргэжлээр төгссөн, Ард түмний хүч намын дарга.
ЮУ ЯРИВ?
1. Тэтгэврийн шинэчлэл гэдэг бол ахмадуудын тэтгэврийг нэмэх, залуучууд хуримтлалтай болох асуудал. Мөн тэтгэврийн сангууд өсөж, тэдгээр нь хөрөнгийн зах зээлээр дамжин хөрөнгийн захыг идэвхжүүлж, иргэд өөрсдөө томоохон төсөл, ялангуяа уул уурхайн төсөл, компаниудын эзэд болсноор энэ шинэчлэл биеллээ олох юм. (1-р үе Нээлттэй индэр)
2. ХҮН намын мөрийн хөтөлбөрт зааснаар манай улс гурван давхаргат тэтгэврийн тогтолцоотой болох хэрэгтэй. Нэг дэх нь одоогийн байгаа тогтолцоог суурь тогтолцоо болгоно. Хоёр дахь нь албан журмын хуримтлалын тогтолцоотой болно. Гурав дахь нь сайн дурын хуримтлалын тогтолцоотой болох юм. (2-р үе Халз мэтгэлцээн “Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх тал дээр ямар бодлого хэрэгжүүлэх вэ?”)
3. Манай намын мөрийн хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэл хийж, ахмадуудын тэтгэврийг нэмнэ гэж заасан. Мөн байгальд ойр зорилтын хүрээнд ногоон байгууламж, дугуйн зам, явган замыг сайжруулж, өндөр настнуудыг хүрээлэн буй орчиндоо тав тухтай алхах боломжийг бүрдүүлж өгнө. (3-р үе Иргэдийн асуулт “Өндөр настнуудын нийгмийн харилцааны хүрээнд ямар бодлого баримтлах вэ? Ач, зээгээ бүтэн хардаг, нийгмийн харилцаа хязгаарлагдсан бүлгийн асуудлыг төрөөс ямар бодлогоор зохицуулах вэ?”)
4. Халамжийн хэмжээг аваад үзвэл 2023 онд 2.1 их наядыг халамжид зарцуулсан. Үүнээс 1.5 их наяд нь хүүхдийн мөнгө, үлдсэн 600 тэрбум орчим нь халамж байгаа юм. Энэ нь 2023 оны ДНБ-ий 2.5 хувийг эзэлж байгаа. Өнгөрсөн он болон энэ онд тараасан Эрдэнэс таван толгойн ашгаас нэг хүнд 360 мянган төгрөг тараалаа. Эдгээр мөнгийг нийлүүлээд халамж хавтгайрлаа гэж яриад байгаа юм. Гэтэл яг халамж авч байгаа зорилтот бүлгийнхэнд энэ халамж чинь юу ч болохгүй байна. (4-р үе Халз мэтгэлцээн “Халамжийн давхардлыг яаж арилгах вэ?Зорилтот хүндээ хүрсэн нийгмийн халамжийн бодлогыг яаж боловсруулах вэ?”)
Энэ хэсгийн баримтыг шалгаж үзэхэд үнэн байв.
5. ХҮН нам МАН, АН-ын явсан замаар явахгүй. Бид тэдний явж ирсэн замаас өөрөөр явъя гэж эрс шийдсэн залуучуудын нэгдсэн нам. Одоо шинэ салхи оруулах цаг нь болсон. (5-р үе Хаалтын илтгэл)
1. Манай намын үзэл баримтлал бол язгуурын төрийн бодлогын хувьсгал хийх, өнөө цагт Монгол Улсад нэн шаардлагатай байгаа хоёр танхимтай парламентыг байгуулахад чиглэж байгаа. Ингэж байж бид бүхний ирээдүйн баталгаа, гарц гаргалгаа, төрийн оролцоо, хувь хүний хөгжил зэрэг бүхий л зүйлийг нэгтгэж, нийлүүлж өгч чадна. (1-р үе Нээлттэй индэр)
2. Өнөөдөр бид худалдан авалт хийхэд и-баримт гардаг. Үүнтэй ижил Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас халамж олгогдож байгаа хөтөлбөрүүдээс гарч буй зардал бүр дээр баримт гаргах, аудитаар шалгуулах, үйлдэл бүрийнхээ хойноос баримтаа үйлддэг байх хэрэгтэй байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Нийгмийн халамжийн бодлогын үр дүнтэй байдлыг хэмжих, үйл ажиллагаа болон зардлын хяналтыг хянах хүрээнд ямар механизм манай улсад хэрэгтэй вэ?”)
3. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон нийтийн оролцоот үйлдвэрийг нэмэгдүүлнэ. Бид үйлдвэрлэгч орон биш учраас гаднаас авч байгаа бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, нэмэгдэл, инфляцтай холбоотойгоор олон асуудлыг давж гарч чадахгүй байгаа учраас өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрч байгаа юм. Мөн нийгмийн халамжийг хүмүүст өгмөөр байвал үүнийг ирээдүйн залуучуудынхаа боловсрол, тэдний өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд зориулах хэрэгтэй. (3-р үе Иргэдийн асуулт “Өндөр настнуудын нийгмийн харилцааны хүрээнд ямар бодлого баримтлах вэ? Ач, зээгээ бүтэн хардаг, нийгмийн харилцаа хязгаарлагдсан бүлгийн асуудлыг төрөөс ямар бодлогоор зохицуулах вэ?”)
4. Халамж хөдөлмөрийг бууруулж байгаа гэж бодохгүй байна. Харин цалингийн үнэлэмж доогуур байгаа болохоор тэр юм. Тэгвэл манай намын зүгээс олон нийтийн оролцоот үйлдвэрүүдийг байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Жишээлбэл, Монголоор дүүрэн хог байна. Гэтэл эдгээрийг дахин боловсруулах үйлдвэр, химийн хортой хог хаягдлыг дахин боловсруулах, хадгалах үйлдвэр байхгүй. Бодит байдал дээр ажиллах хүчнийг энэ тийш бэлтгэх хангалттай нөөц, хүч бололцоо бий. (4-р үе Халз мэтгэлцээн “Халамжийн бодлогын үр дүнтэй байдлыг хэрхэн хангах вэ?”)
5. Өнөөдөр төрийн оролцоо иргэдийн амьдралд маш бага байна. Төрөөс халамж хүлээдэг, төр нь халамжлах ёстой гэж боддог буруу үзэл баримтлал бидний дунд үүсжээ. Тиймээс хүн бүр хөдөлмөрч байж, хүүхдийг багаас нь үүнд сургаж чадваас энэ бол иргэдийнхээ ухамсарт үзүүлж буй хамгийн том халамж юм. (5-р үе Хаалтын илтгэл)
1. Цаашид бидний хувьд хамгийн чухал нийгмийн хамгаалал бол хөдөлмөр эрхлэлт. Гэхдээ нөгөө талдаа хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгаанаар хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа хүмүүсийг халамжлах үүргийг төр засаг хүлээх ёстой. Энэ бол дэлхийн хаана ч хэрэгжүүлж буй зүйл. Гагцхүү халамжийн бодлого зохистой түвшинд байна уу, нөгөөтээгүүр энэ бодлого байгаа мөртлөө яагаад ядуурал хангалттай хэмжээнд бууж өгөхгүй байгааг нухацтай бодож үзэх хэрэгтэй. Халамж их байгаа учраас ядуурал их байна уу эсвэл манай улсын эдийн засгийн өсөлт хөдөлмөр эрхлэлтийг хангалттай дэмжиж чадахгүй байна уу, хөдөлмөрийн бодлого нь иргэдийн амьжиргааг дэмжиж чадахгүй байна уу гэсэн олон асуултыг үүсгэж байна. (1-р үе Нээлттэй индэр)
2. Хүүхдийн мөнгийг МАН дэмжиж байгаа. Цар тахлын үед 20 мянган төгрөг байсныг 100 мянга болгож тав дахин нэмэгдүүлсэн. Мөн 2016-2020 оны хооронд валютын сангийн хөтөлбөртэй, эдийн засаг нэлээн хүнд өр, зээлээ дарж байсан ч гэсэн “таван төгрөг” цааш далд хийсэн тулдаа цар тахлын үеэр хүүхдийн мөнгөө тав дахин нэмэгдүүлж чадсан. Энэ бол хүн амын өсөлтийн бодлого бөгөөд Халамжийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, хүүхэд, одонтой ээж, насны хишиг, цалинтай ээжийн мөнгийг тусд нь гаргах ёстой. (2-р үе Халз мэтгэлцээн “Хүүхдийн мөнгөний талаар танай нам ямар бодлого баримтлах вэ?”)
3. Тэтгэврийн тогтолцооны тухайд дэлхий даяар 2-3 систем бий. Д.Гантулга гишүүний хэлснээр гурван шатлалт нийгмийн даатгалын тогтолцоог шинэ хуулиар хоёр шатлалтай байсныг албан журмын даатгал, сайн дурын шимтгэл, хувийн тэтгэврийн сан гэж гурав болгосон. Мөн энэ оноос эхлээд Нийгмийн даатгалын тухай багц хуулиар 1979 оноос хойш төрсөн хүмүүсийг 100 хувь өөрийнхөө нэрийн дансан дээр төлсөн шимтгэлээ буцаан тэтгэвэр болгож авах тухай тусгасан. Харин 1960-1979 онд төрөгсдийн хувьд сонголттой буюу хамгийн өндөр таван жилээ сонгоод түүнийхээ 45 хувьтай тэнцэх тэтгэвэр авна. (3-р үе Иргэдийн асуулт “Өндөр настнуудын нийгмийн харилцааны хүрээнд ямар бодлого баримтлах вэ? Ач, зээгээ бүтэн хардаг, нийгмийн харилцаа хязгаарлагдсан бүлгийн асуудлыг төрөөс ямар бодлогоор зохицуулах вэ?”)
4. Манай улс шимтгэлд суурилсан хуримтлалын тогтолцоонд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс шилжиж эхэлсэн. Энэ нь та өөрийнхөө нэр дээр ажил хөдөлмөр эрхэлж байхдаа хэр их хуримтлал үүсгэнэ, тэр нь буцаад таны тэтгэвэр болно гэсэн үг. Жишээлбэл, би 30 жил шимтгэл төллөө гэхэд дараа нь намайг тэтгэвэрт гарахад 30 жилийн өмнөх инфляцтай уялдуулж тооцоод тэтгэвэр олгоно. Ирээдүйд таван хүн тутмын нэг нь ахмад настан болох гэж байгаа учраас бид энэ тогтолцоо руу шилжихээс өөр аргагүй болсон. Өнөөдрийн хуваарилалтын тогтолцоогоор явбал бидний хүүхдүүд ирээдүйд бидний тэтгэврийг тавьж чадахгүй байж мэднэ. Иймд эргэлт буцалтгүй шинэ тогтолцоонд орсон. (4-р үе Халз мэтгэлцээн “Халамжийн давхардлыг яаж арилгах вэ? Зорилтот хүндээ хүрсэн нийгмийн халамжийн бодлогыг яаж боловсруулах вэ?”)
5. Халамж үргэлж мөнгөн хэлбэрээр, халамж хэрэгтэй юм чинь гээд амьжиргааг нь дэмжээд мөнгөн дэмжлэг үзүүлээд байдаг зүйл биш. Харин яаж тэр хүнийг халамжаас хөдөлмөр эрхлэгч рүү шилжүүлж болох вэ гэдэгт анхаарах нь чухал. Тийм ч учраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийхээр үзэл баримтлалаа батлуулчихсан. Дараагийн парламентаар олон намын төлөөллүүдтэй хамт үүнийг халуун сэдэв болгож, хамтдаа батална гэж бодож байна. (5-р үе Хаалтын илтгэл)
1. Манай намын үндсэн зорилго нь Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чаддаг төрийг бүтээх юм. Үндсэн хуулийн 19-р зүйл дээр “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүй болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн заасан. Гэтэл өнөөдөр ядуурлыг бий болгосон байна гэдэг нь эрх баригчид өнгөрсөн 32 жилийн турш нэг бол ажлаа хийж, үүргээ биелүүлээгүй эсвэл манай улсын нөхцөл байдал ядуурах хэмжээний хүнд байсан гэж хэлэхээр байгаа юм. (1-р үе Нээлттэй индэр)
2. Манай намын зүгээс нэгдүгээрт, иргэдээ амьдрах хүсэлтэй болгох, хоёрдугаарт, өнөөгийн ардчилсан тогтолцоонд тохирсон хэлбэрээр төрийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг механизмыг бий болгох, гуравдугаарт, хамгийн чухал зүйл болох шүүхийг шударга болгох ёстой юм байна гэж үзэж байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Нийгмийн халамжийн бодлогын үр дүнтэй байдлыг хэмжих, үйл ажиллагаа болон зардлын хяналтыг хянах хүрээнд ямар механизм манай улсад хэрэгтэй вэ?”)
3. Бид энэ тал дээр яг одоо ажил хийж байгаа залуучуудыг дэмждэг, Монголдоо сайхан амьдрах боломжийг нь хангалттай олгодог тэрхүү бодлогыг баримтлан ажиллана. Үүний тулд шударга ёсны зарчим зайлшгүй шаардлагатай. “Амьдрах хүслийг дэмжих хууль”-ийн тухай та бүхэн гайхаж байж магадгүй. Энэ бол өндөр хүү, өндөр түрээс, зөвшөөрлийн систем, авлига хээл хахууль, зөрчлийн хууль, татварын оновчгүй систем зэрэг залуучуудын урам зоригийг мохоож байгаа хүчин зүйлс юм. Үүний цаана өрөө дарж, түрээсээ төлөхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа залуучууд болон тэдний хүүхдийг харж буй өндөр настнууд бий. (3-р үе Иргэдийн асуулт “Өндөр настнуудын нийгмийн харилцааны хүрээнд ямар бодлого баримтлах вэ? Ач, зээгээ бүтэн хардаг, нийгмийн харилцаа хязгаарлагдсан бүлгийн асуудлыг төрөөс ямар бодлогоор зохицуулах вэ?”)
4. Давхардсан тоогоор биш зорилтот бүлэгт өгөх халамжийн мөнгийг нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна. Манай намын зүгээс хүүхдийн мөнгийг амьжиргаанд бус хөгжилд зориулсан байх боломжтой гэж харж байгаа. (4-р үе Халз мэтгэлцээн “Нийгмийн халамжийн зардлын төсөвт хэмжээн дээр ямар бодлого баримтлах вэ? Одоогийн халамжийн зардлын хэм хэмжээ зохистой түвшнээс өндөр байна уу, нам байна уу?”)
5. Монголын хүний төлөө намаас “Шүүхийг шүүе” гэсэн уриан дор шүүх засаглалын байгууллагыг эрүүлжүүлэх үйл ажиллагааг хийх болно. Гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагууд нь ажлаа хийхгүй байгаа учраас ХҮН нам, сэтгүүлчид тэргүүтэй хүмүүс гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд дэлгэж байна. Арай гэж албадан шахаж цагдаагийн байгууллага эрүү үүсгэж, прокурорын байгууллага нь шалгасан ч шүүх дээр очоод хэрэгсэхгүй болдог ийм л дүр зураг бий. (5-р үе Хаалтын илтгэл)
1. Бид алдаатай, гэм буруутай, хууль зөрчсөн, зөрчлийн шинжтэй, ашиг сонирхлын зөрчилтэй харилцаа бий болсон л бол түүнд заавал хариуцлага, шийтгэлийг нь оногдуулдаг хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй. САЙН намын зүгээс эрх үүргийг тэнцвэртэй болгох, хариуцлагын тогтолцоог сайжруулна хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан. (1-р үе Нээлттэй индэр)
2. Мөрийн хөтөлбөр дэх манай намын гол үзэл баримтлал нь хариуцлагын тогтолцоог сайжруулах юм. Илүү тодруулбал, нийгмийн халамжийн бодлогын эрхзүйн орчныг боловсронгуй болгох бөгөөд ингэхдээ зорилтот түвшинд аваачна гэж мөрийн хөтөлбөртөө заасан. (2-р үе Халз мэтгэлцээн “Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх тал дээр ямар бодлого хэрэгжүүлэх вэ?”)
3. Манай намын зүгээс эрхзүйн орчныг боловсронгуй болгох замаар тодорхой шийдэл дэвшүүлж буй нь өвлөгддөг тэтгэвэр юм. Мэдээж бүгд биш, зөрүүгээрээ тогтоогдоно. Тодруулбал, хэдэн жил ажилласан, хэдэн жил НДШ улсад төлсөн, тэтгэвэрт гарснаасаа хойш хэдэн жил тэтгэвэр авсан байна вэ гэдгийг тооцоолж, цаашид хамгийн багадаа хэдий хэр хугацаанд тэтгэвэр авах боломжтойг мөн тооцоолоод тэр хугацаандаа хүрээгүй байвал зөрүүг үр хүүхдүүдэд нь өвлүүлдэг тогтолцоог урт хугацаанд үе шаттайгаар бодлогын түвшинд гаргаж ирэх юм. (3-р үе Иргэдийн асуулт “Өндөр настнуудын нийгмийн харилцааны хүрээнд ямар бодлого баримтлах вэ? Ач, зээгээ бүтэн хардаг, нийгмийн харилцаа хязгаарлагдсан бүлгийн асуудлыг төрөөс ямар бодлогоор зохицуулах вэ?”)
4. Юун түрүүнд нийгмийн халамж зорилтот иргэддээ очиж байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, хүүхдийн мөнгөний үндсэн зорилго нь тухайн хүүхдийн боловсрол, хөгжил, наад захын хэрэглээнд зориулагдах ёстой боловч бодит байдал дээр зарим аав, ээж хүүхдэдээ зориулах бус ахуйн хэрэглээндээ зарцуулж байна. Тэгэхээр төрийн зүгээс зорилгоо биелүүлж, хүүхдэд мөнгө нь очиж байна уу гэдгийг аудит, дүгнэлтээр гаргах хэрэгтэй. Ингэснээр халамжийн зардлын хэм хэмжээг зохистой байлгаж, дүнг нь илүү бодитой болгох боломжтой гэж манай намын зүгээс үзэж байна. (4-р үе Халз мэтгэлцээн “Нийгмийн халамжийн зардлын төсөвт хэмжээн дээр ямар бодлого баримтлах вэ?Одоогийн халамжийн зардлын хэм хэмжээ зохистой түвшнээс өндөр байна уу, нам байна уу?”)
5. Манай намын мөрийн хөтөлбөрийн хамгийн гол амин сүнс нь иргэдийн амьдралын чанар дээшилж, төрөөс баримталж байгаа бодлого шийдвэр, түүнийг хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж, дүрэм журмын нөлөөлөл, үйлчлэл нь иргэдийн асуудлыг шийдвэрлэдэг байх ёстой хэмээн үзэж байгаа. (5-р үе Хаалтын илтгэл)
1. Манай нам МАНАН бүлэглэлийг устгахын төлөө, түүний үр дүнд Монголоо хөгжүүлэхийн төлөө зорьж байна. (1-р үе Нээлттэй индэр)
2. Хүүхдийн мөнгө гэдэг энэ ариун нандин, зөв хөрөнгө оруулалтыг халамж хэмээн нэрлэж болохгүй. Яагаад гэвэл хүүхэд бүр байнгын төрийн анхааралд байж, нэг нь ч зовж зүдрэх ёсгүй. Тэгэхээр 100 мянган төгрөг өгснийгөө халамж өглөө гэж ярьж болохгүй. Миний хувьд энэ хүүхдийн мөнгийг санаачилсандаа туйлын их баярладаг. (2-р үе Халз мэтгэлцээн “Хүүхдийн мөнгөний талаар танай нам ямар бодлого баримтлах вэ?”)
Уншигч та бүхэн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээнийг шууд хүлээн авахыг хүсвэл ТэнГэр телевиз дээр орой бүр 21:00 цагаас сувгаа тааруулаарай. Мөн Facebook хуудсаар үзэх боломжтой.
Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.