Технологийн салбар энэ онд урьд өмнөхөөсөө чанга чимээ шуугиантай байлаа. Шалтгаан нь мэдээж хиймэл оюун. Хөгжүүлэгч стартап, судалгааны байгууллагуудаас гадна том гүрнээс жижиг аж ахуйн нэгжүүд хүртэл хиймэл оюуны уралдаанд нэгдэж, хоцрох вий гэхээс эмээцгээж байна. Хүн төрөлхтөн эрчим хүчийг эзэмшсэн ололттой жишигдэж буй уг технологи эргэлт буцалтгүйгээр дэлхийн эдийн засагт нэвчиж эхэллээ.
Түүнчлэн робот, ухаалаг шил, жолоочгүй такси, квант зэрэг ирээдүйн гэмээр технологиудыг бодит эсвэл мөрөөдөл гэдгийг ялгах хугарлын цэг нь энэ жил байв. Unread Wrapped-ийн хүрээнд ярих, бичих, дуулгах сонин ихтэй өнгөрсөн 2025 оныг дараах 25 үйл явдлаар тоймлолоо.

2025 оны бусад Unread Wrapped нийтлэлтэй танилцах:
Unread 100: Шинэ жилийн бэлгийн хөтөч 2025

Өнөөгийн бидний хиймэл оюун гэж нэрлэж буй технологийн суурийг нь тавьсан эрдэмтэд Google-ээс гаралтай. Гэвч ChatGPT-гийн нээлтээс хойш тус компанийн бүтээгдэхүүнүүд хэд хэдэн удаа бүтэлгүйтэж нэг л учраа олж өгөхгүй байв. Харин энэ онд Google-ийн судалгааны багийнхан гартаа байсан нууц хөзрүүдээ дэлгэж, өрсөлдөгч нараа сандаргаж эхэллээ.
Тэд энэ жилийн сүүлчээр мэдлэг, чадварыг хэмждэг жишиг үзүүлэлтүүдээр рекорд эвдсэн Gemini 3.0 загвараа танилцуулж, хэрэглэгчдийн дунд өндрөөр үнэлэгдэж байна. Salesforce-ийн гүйцэтгэх захирал Марк Бениофф хүртэл хоёр цаг Gemini 3.0-г ашиглаж үзээд ChatGPT-г ашиглахаа больсон гэж жиргэсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан юм. Мөн уг загварыг сургахдаа Ironwood нэртэй өөрсдийн тусгайлан хөгжүүлсэн (custom) чипийг ашигласан нь бүр ч онцгой байв. Яагаад гэхээр хиймэл оюуны чипний зах зээлд Nvidia ганцаараа ноёлж, жинхэнэ дураараа дургиж буй. Гэтэл Google-ийн багийнхан тэдэнд чангахан анхааруулгыг өгсөн нь энэ.
Үүнээс гадна хөрөнгө оруулалтын салбарын амьд домог Уоррен Баффет-ын Berkshire Hathaway компани 4,9 тэрбум доллароор Google-ийн хувьцааг авсан нь тус компанийн гарт буй технологиудад итгэж буйн баталгаа юм.

ChatGPT-г бүтээгчид тавдугаар үеийн загвараа танилцуулав. OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман “докторын түвшний хиймэл оюун” гэж тодорхойлсон нь хиймэл оюун мэдлэгийн оройд ойртож буйг илтгэх дохио байлаа.
Нам гүмхэн байсан хиймэл оюуны салбарт өрсөлдөөн авчирсан тус компани энэ жил дэд бүтэц, хөрөнгө оруулалтдаа анхаарал хандуулж сар болгон том гэрээнүүдэд гарын үсэг зурав. Хамгийн сүүлд гэхэд л 500 тэрбум долларын үнэлгээтэйгээр 6,6 тэрбум долларын санхүүжилтийг татсан бол дахин 830 тэрбум долларын үнэлгээтэйгээр 100 тэрбум долларыг босгох ажилдаа хэдийн оржээ. Тэдний энэхүү санаанд багтамгүй мөнгөн дүнгүүдийн ард нь Softbank байгааг онцлох хэрэгтэй.
Холбоотой нийтлэл: Дэлхийг өөрчлөх GPT-5 төрлөө + Цаашид юу болох вэ?
Түүнчлэн тус компани энэ жил удаан хугацаанд яригдсан бүтцийн шинэчлэлтээ хийж албан ёсоор ашгийн статус руу шилжлээ. Үүний дараагаар Microsoft (28%) хамгийн том хувьцаа эзэмшигч нь болж, зургаан жилийн өмнөх ухаалаг хөрөнгө оруулалтынхаа үр шимийг хүртэв.
Дэд бүтцийн тухайд гэвэл С.Алтман ирэх 8 жилд 1,4 их наяд доллароор үнэлэгдэх дата төвийн ажлууд хийхээр төлөвлөж буйгаа саяхан ам алдсан. Үүнийг хүний оюун ухаантай дүйцэх хиймэл оюуныг ажлуулах бэлтгэл ажил гэхэд болно. Гэхдээ оны төгсгөлд С.Алтман баг дотроо “Code Red” зарласан нь их хачирхалтай. Энэ нь бусад зүйлд сатаарахгүйгээр зөвхөн гол бүтээгдэхүүндээ анхаарахыг сануулсан дохио юм. Нэг ёсондоо гурван жилийн турш өрсөлдөгч нараа төдийлөн ойшоодоггүй байсан тэд ийнхүү сандарч эхэллээ. Өрсөлдөөн улам ширүүсэж байна.
Холбоотой нийтлэл: Бялууны хэрчим бүрийг бүтээгч OpenAI

Та Sora гэж дуулсан уу?
OpenAI-ийн текстээс дүрс бичлэг үүсгэх чадвартай уг хиймэл оюуныг тусгайлан онцолж буй нь хоёр шалтгаантай. Эхнийх нь сошиал медиаг тэр чигт нь өөрчлөх потенциал түүнд бий. Энэ жил апп нь гарч интернэтийг шуугиулж, хэдийн 3 сая удаа татагдаад байна. Гэхдээ хэдхэн оронд нээлттэй байгаа гэдгийг нь санах хэрэгтэй.
Уг технологи хиймэл оюунаар үүсгэсэн хог хаягдлаар биднийг булах эрсдэлийг дагуулж буй. Хүмүүст босоо форматтай богино бичлэг дур зоргоороо үйлдвэрлэх түлхүүр атгуулсан нь сошиал орчин Sora-гийн бүтээсэн бичлэгүүдээр дүүрэх шалтгаан болов. Эндээс хэрэглэгчид бид “reel үздэг зомбиноос үйлдвэрлэдэг зомби” болох вий гэдэг болгоомжлол бий болж байна. Үүнийг анхаарууштай.
Нэмж хэлэхэд энэ оны сүүлчээр Sora-гийн хэрэглэгчид Disney-ийн 200 гаруй дүрийг ашиглах боломж бүрдэв.

Технологийн салбарын байлдан дагуулагч сүнсийг Apple-аас Nvidia булаачхав уу гэлтэй л өдрүүд байлаа. Тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуангийн илтгэлийг танхим дүүрэн хүмүүс сонсож, интернэт дээр хэдэн сая үзэлттэй болжээ.
Тэдний бүтээгдэхүүний төлөө дансандаа тэрбум доллартой компаниуд үүдэнд нь дугаарласаар байна. Тэд хиймэл оюуны чипний зах зээлийн 90 хувийг атгаж буйгийнхаа ачаар 4 болон 5 их наяд доллароор үнэлэгдсэн анхны нээлттэй компани болов. Хөрөнгө оруулагчид Nvidia-гийн чипний эрэлт саарах биш улам эрчимжинэ гэдэгт итгэж байгаа нь хэд хэдэн томоохон уналтаас тэр даруй сэргэлт авснаас нь харагдана.
Ж.Хуанг цахиурын хөндийн томчуудаас гадна улс орнуудын хиймэл оюуны дэд бүтцэд гар бие оролцож байна. Энэ жилийн онцлох олон улсын түнш нь Өмнөд Солонгос байв. Үүнийхээ ачаар ирэх онд 500 тэрбум долларын борлуулалт хийнэ гэж амлав
Холбоотой нийтлэл: Ирээдүйг өөрчлөх Nvidia-ийн нууц хөзөр

OpenAI-ийн хуучин инженерүүдийн үүсгэн байгуулсан Anthropic стартап хамгийн хүчтэй өрсөлдөгч нарынх нь нэг болжээ. Тэдний хамгийн сүүлд танилцуулсан Claude Opus 4.5 загвар нь код бичих чадвараараа хөгжүүлэгч нарын дунд хамгийн өндрөөр үнэлэгдэж буй. ChatGPT харилцан яриандаа гаргууд бол Claude даалгавар гүйцэтгэхдээ гарамгай.
Тиймдээ ч байгууллагуудын хэрэглэж буй хэлний том загварын (LLM) 32 хувийг Anthropic Claude бүрдүүлж байна. Хөрөнгө оруулалтын хувьд хамгийн сүүлд 350 тэрбум долларын үнэлгээтэйгээр Microsoft болон Nvidia-гаас нийт 15 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаад байна. Мөн IPO хийхээр бэлдэж буй.

И.Маск-ийн OpenAI-гийн тэсрэлтийг сөрж байгуулсан компани бол XAI билээ. Тус компанийн Grok 4 загвар энэ зун бенчмаркууд дээр рекорд эвдэж олныг гайхшируулав. Мөн энэ жил сошиал медиа Х платформ, XAI хоёр нэгдэж буйг зарласан. Үүнээс гадна Wikipedia-тай өрсөлдөх хиймэл оюунд суурилсан Grokpedia мэдлэгийн санг хэрэглээнд нэвтрүүлэв. Уг платформ хиймэл оюунаар үүсгэсэн 1 сая гаруй нийтлэлтэй болжээ.
Холбоотой нийтлэл: Unread туршив: Wikipedia vs Grokipedia

Энэ жил технологийн гигант компаниуд Энэтхэг улс дахь амбицуудаа ил болгов. Google, Amazon, Microsoft тус улсад ирэх жилүүдэд нийт 67,5 тэрбум долларын хөрөнгө оруулахаа зарлалаа. Эдгээр хөрөнгө оруулалтын ихэнх нь дэд бүтэц, дата төв, хиймэл оюуны боловсрол олгоход зарцуулагдах юм. Энэтхэг улсын хувьд эдийн засгийн тогтвортой өсөлт, залуу боловсон хүчин, англи хэлний ур чадвар нь хөрөнгө оруулалт татах үндсэн шалтгаанууд нь болж байна.
Түүнчлэн хиймэл оюуны технологи хөгжүүлэгчид тус улсад төлбөртэй үйлчилгээгээ үнэгүй болгосон нь бүр хачирхалтай. OpenAI, Perplexity, Google компаниуд Энэтхэг улсад зориулсан үнэ төлбөргүй тусгай үйлчилгээнүүдийг санал болгож эхлээд байгаа.

Энэ жилийн хамгийн халуухан сэдэв Warner Bros. Discovery-гийн дараагийн эзэн хэн байх вэ гэх асуултын хариулт болоод байна. Холливүүдийн хамгийн том таван студийн нэгийг эзэмших нь медиа салбарт том давуу талыг өгөх нь дамжиггүй.
Эхлээд тус компани Netflix-ийн 78 тэрбум долларын саналыг хүлээж авсан ч Paramount Skydance бүх бизнесийг нь худалдан авах илүү өндөр дүнтэй “дайсагнасан” 108 тэрбум долларын саналыг тавиад буй. Аль ч саналыг нь хүлээн авсан бай зохицуулагч байгууллагуудын хатуу шаардлагуудыг давах ёстой.
Гэхдээ Warner Bros. Discovery-гийн удирдлагууд Paramount-ийн саналыг санхүүгийн найдваргүй гэж үзэн татгалзаж буйгаа зарлав. Гэсэн ч яг энэ нийтлэлийн бичиж байх үед Paramount-ийн эзэн Ларри Эллисон 40 тэрбум доллар гаргахад бэлэн гэдгээ илэрхийлээд байна. Ирэх онд эцэслэгдэх энэхүү хэлцлийн дараа 100+ жилийн түүхтэй, дэлхийд алдартай шилдгийг шилдэг 100 гаруй бүтээлүүдийг эзэмшдэг студийн эзэн тодорхой болно.
Холбоотой нийтлэл: Warner Bros.-ийг өөрийн болгох өрсөлдөөнд хэн ялах вэ?

Японы хөрөнгө оруулалтын Softbank хиймэл оюуны технологид томоохон бооцоо тавьж байна. Тэд оны эхэнд Stargate төсөлд оролцохоо зарласан бол оны дунд гэхэд OpenAI-ийн хамгийн том санхүүжүүлэгч болов. OpenAI 300 тэрбум долларын үнэлгээтэйгээр босгосон 40 тэрбум долларын хөрөнгө оруулалтын 30 тэрбумыг нь Softbank даахаар болсон. Тэд үүнийгээ санхүүжүүлэхийн тулд бусад компанийн хувьцаануудаа зарж, зах зээлээс бонд босгож байна.
Үүнээс гадна хагас дамжуулагчийн дизайн зохион бүтээгч Ampere Computing, хиймэл оюуныг эрүүл мэндийн салбарт ашиглаж буй Isomorphic Labs зэрэг компаниудад IPO хийхээс нь өмнө хөрөнгө оруулаад байна. Түүнчлэн ABB robotics-г 5.4 тэрбум доллароор худалдан авах тохиролцоонд хүрэв. Эндээс харахад тус банк нэг компанид биш бүтэн экосистемээр нь хөрөнгө оруулаад эхэлжээ.

Samsung-ийн Project Moohan нэртэй төсөл биеллээ олж, эхний бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлсэн нь Galaxy XR байсан юм. Тэд бусад эвентүүдтэйгээ харьцуулахад харьцангуй даруухан нээлт хийж виртуал бодит байдлын зах зээлд хөл тавьж буйгаа зарлав.
1,799 доллароос эхлэн зарагдаж буй уг төхөөрөмж эхний сардаа 15 мянган ширхэг зарагджээ. Үйлдлийн системийн хувьд өнгөрөгч онд анх танилцуулсан Google-ийн Android XR-г ашиглаж байгаа бөгөөд Gemini-д суурилсан функцүүдээр баяжуулсан гэдгээрээ онцлог. Ирэх жилүүдэд Samsung, Google хоёрын хамтрал энэ салбарыг ямар түвшинд авчрах вэ гэдэг ихэд сонирхол татаж байна.
Холбоотой нийтлэл: Galaxy XR: Samsung-ийн анхны VR төхөөрөмжийн талаар мэдэх ёстой бүх зүйл

Samsung-ийн дараагийн шийдэмгий алхам нь ухаалаг гар утасны шинэлэг төрөл болох гурав эвхэгддэг дэлгэцтэй гар утасны зах зээлд хөл тавьсан явдал байлаа. Galaxy Z Trifold нэртэй уг загвар дэлгэгдсэн үедээ 10 инчийн дэлгэцтэй бол эвхэгдсэн үедээ энгийн ухаалаг гар утас шиг хэмжээтэй.
2,440 доллароос эхлэн борлуулагдах бөгөөд тэд энэ зах зээлд Huawei, Oppo-той шууд өрсөлдөнө. Сонирхуулахад эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг гар утасны зах зээл жил бүр 13,5 хувиар тэлж байна. Apple ч мөн адил энэ төрлийн анхны бүтээгдэхүүнээ ирэх онд зах зээлд гаргах төлөвтэй байна.

Нимгэн ухаалаг гар утасны моод эргэн ирж байна. Төхөөрөмж үйлдвэрлэгчид хамгийн нимгэн загвараараа өрсөлддөг байсан цаг саяхан. Нэг хэсэг нам жим болоод байсан энэ өрсөлдөөнд салхи орж эхэллээ.
Хавар Samsung S25 Edge нэртэй нимгэн загвараа танилцуулсан бол Apple намар нь өрсөлдөгч хувилбарыг танилцуулав. iPhone Air про загваруудтайгаа ижилхэн хүчин чадалтай ч ердөө 5,6 мм зузаан. Хэдийгээр энэ хоёр бүтээгдэхүүний борлуулалт өндөр байгаагүй ч ирэх жилүүдийн ухаалаг гар утасны өнгийг тодорхойлов. Гэвч хамгийн өндөр үнэлгээ авсан iPhone энгийн стандарт загвар нь байлаа.
Холбоотой нийтлэл: 2025.09: Биднийг унтаж байхад Apple-ийн танилцуулсан бүх зүйл

Meta гар утсыг орлох дараагийн төхөөрөмж ухаалаг шил гэдэгт итгэдэг хүмүүсийн магнайг тэнийлгэв. Тэд энэ жил анхны дэлгэцтэй ухаалаг шилээ танилцуулж, ямар их потенциалтай бүтээгдэхүүн хөгжүүлж буйгаа харууллаа. Нүдний шилэнд шууд орчуулга, зүг чиг олох, орчны дуу чимээнээс ангижрах гэх мэт олон гайхалтай функцүүдийг шингээж чаджээ.
Эдгээрээс хамгийн онцлохуйц нь Meta Neural Band нэртэй тусгай бугуйвч. Үүний тусламжтайгаар ухаалаг шилнийхээ дэлгэцийг бүрэн удирдах боломжтой. Энэ бол технологитой харьцах интерфейсд шинэ өөрчлөлт оруулсан үйл явдал байв. Эдгээрээс гадна ухаалаг шилний үйлдлийн системийн гол функц нь хиймэл оюун болох нь улам тодорхой боллоо.
Холбоотой нийтлэлүүд: Meta Connect 2025-ийг тоймлох нь: Виртуал ертөнц улам ойртлоо

Оны эхээр Хятадын DeepSeek стартап цахиурын хөндийг сандаргав. Улмаар технологийн компаниудын зах зээлийн үнэлгээнээс хэдхэн өдөрт 1,2 их наяд доллар арчигдахад Nvidia хамгийн ихээр өртсөн билээ. Шалтгаан нь урьд өмнө дуулдаж байгаагүй компани 5,6 сая доллар буюу асар бага өртгөөр тэргүүлэх хэмжээний хиймэл оюуны загвар сургаж чадсанд байв. Технологийн гигантууд ийм хэмжээний загвар сургахын тулд хэдэн тэрбум долларыг зарцуулж байлаа.
Үүнийг цахиурын хөндийнхөн “Хиймэл оюуны спутник агшин” гэж хүлээн авч, судалгаандаа анхаарлаа хандуулах цаг болсныг дор бүрдээ анхааруулж байв. Хэдийгээр оны төгсгөлд DeepSeek-ийн нөлөө арилсан ч Alibaba, Baidu, ByteDance зэрэг Хятадын технологийн гигантууд ээлж дараалан хүчирхэг загваруудаа танилцуулсаар байна.
Холбоотой нийтлэл: Unread туршив: ChatGPT VS DeepSeek

Жолоочгүй машин энгийн хэрэглээ болж хэдэн зуун мянган хэрэглэгчтэй боллоо. И.Маскийн олон жил ярьсан мөрөөдөл биеллээ олж, Tesla жолоочгүй такси үйлчилгээгээ эхлүүлэв. Гэхдээ одоогоор цөөн тооны төмөр хүлгүүд Остин хотод нэвтэрч, компанийн зүгээс зөвшөөрсөн хэдхэн хүмүүс л ашиглаж болох хязгаартай байгаа юм.
Харин Google-ийн эзэмшдэг Waymo-г долоо хоног тутам 250 мянга хэрэглэдэг болов. Нийтдээ 10 сая гаруй зорчигчид үйлчилсэн Waymo ирэх жилээс Японд такси үйлчилгээгээ нэвтрүүлэх бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Харин Хятадын хайлтын гигант Baidu-гийн жолоочгүй такси хэдийн 15 хотод нэвтэрчээ.
Холбоотой нийтлэл: Биднийг сонгуульдаж байхад Tesla-гийн танилцуулсан бүх зүйл

2025 онд анхны хүн дүрс робот зарагдаж эхэлсэн бөгөөд 2026 онд хүн дүрс робот анх удаагаа гэрийн ажил хийж эхлэх нь. Neo гэх нэртэй 20 мянган долларын үнэтэй тус роботыг Норвеги улсад төвтэй 1X Technologies компани бүтээжээ. Тэдний робот хувцас эвхэх, аяга таваг угаах, тоос соруулах зэрэг гэрийн бүхий л ажлыг хийх чадвартай. Гэхдээ зөвхөн танилцуулга бичлэг дээр ингэж чадах бөгөөд бодит байдал дээр хэр бүтээмжтэй ажиллаж чадах нь одоог хүртэл эргэлзээтэй. Мөн танилцуулга бичлэг дээр оператор роботыг удирдаж байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ажлаа авсныхаа дараахан түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй хиймэл оюуны дэд бүтцийн төслийг танилцуулсан нь Stargate байсан юм. Нийтдээ 500 тэрбум долларын санхүүжилтээр баригдах уг нүсэр бүтээн байгуулалтад хиймэл оюун хөгжүүлэгч OpenAI, дэд бүтцийн Oracle, хөрөнгө оруулалтын Softbank болон MGX сангууд гар бие оролцоно.
2029 он хүртэл үргэлжлэх уг нүсэр ажлыг алдарт Манхаттен төсөлтэй зүйрлэж буй. Эх сурвалжуудын мэдээллээр одоогоор 50 гаруй тэрбум доллар нь бүрджээ. Энэхүү дэд бүтцийн дийлэнх нь OpenAI-ийн хиймэл оюунд ашиглагдах магадлал тун өндөр.
Үүнээс гадна Их Британи, Европын холбоо, АНЭУ, БНХАУ, БНСУ-ууд томоохон дата төв байгуулах төслөө зарлаад байна.

Дата төв барих хамгийн тохиромжтой газар нь сансарт гэдэгт хэд хэдэн технологийн компаниуд санал нийлж байна. Nvidia-гийн хөрөнгө оруулалттай Starcloud стартапын дэлхийн тойрог замд дата төв байгуулах төслийн туршилт хэрэгжиж эхлэв. Тэд H100 график картыг сансарт ажлуулж буй.
Мөн Google сансарт дата төв барих төлөвлөгөөгөө танилцуулав. Тус компани 2030 гэхэд 81 хиймэл дагуул хөөргөсөн байх бөгөөд хоёр жилийн дараа туршилтын нислэгүүд эхэлнэ. Түүнчлэн Amazon-ийн Жефф Безос, SpaceX-ийн Илон Маск нар ч ирээдүйд сансарт дата төв барих бодолтой явдгаа яриад амжив.

Цахиурын хөндийд хиймэл оюуны судлаачид мэргэжлийн топ лигүүдийн супер од тамирчны хэмжээнд үнэлэгдэх боллоо. Тэдний цалин, бонус хэдхэн жилийн дотор хэдэн зуун сая долларыг давах болсон нь технологийн гигантууд асар том өөрчлөлт тун дөхсөнийг мэдэрч эхэлсэн үү гэлтэй.
Сошиал медиа гигант Мета сүүлийн саруудад санаачилгыг гартаа авч, өрсөлдөгч нарынхаа топ судлаачдыг агнаж эхлэв. Хамгийн түрүүнд Scale AI стартапад 14,3 тэрбум долларын хөрөнгө оруулж CEO Александр Ванг-ийг нь багтаа нэгтгэж супер баг бүрдүүлэх амбицаа ил болгов. Тэд “Meta Superintelligence Unit” нэртэй нэгжийн дор хиймэл оюуны судалгаа хөгжүүлэлтээ нэгтгэхээр болсон билээ. Сүр дуулиантайгаар зарлагдсан тус багийн эхний бүтээгдэхүүн өндөр хүлээлт дагуулах нь дамжиггүй.

Хүний тархины нейроноор ажилладаг CL1 нэртэй анхны биокомпьютер 35 мянган доллароор зарагдаж эхэллээ. Австралийн Cortical Labs уламжлалт цахиур суурьтай чип болон хүний тархины нейронтой хослон ажилладаг компьютер бүтээж чадсан нь энэ юм. Тус компанийн үүсгэн байгуулагч өөрсдийн бүтээж буй биокомпьютероо “хайрцаг доторх бие” гэж тун чиг оновчтой тодорхойлжээ. Тэд хүний тархины нейроныг лабораторид өсгөж, түүнийгээ биокомпьютер бүтээхэд ашиглажээ. Ийнхүү ойролцоогоор 800 мянган тархины нейроныг багтааж чадсан байна. Уг компьютер нь тооцоолол хийх, хиймэл оюуны загвар сургах чадамжтай.

Сүүлийн таван жилийн турш яригдсан ТикТок-ийн хориг нэг тал руугаа шийдэгдлээ. Дэлхий даяар тэрбум гаруй хэрэглэгчтэй уг платформын АНУ дахь бизнес нь 14 тэрбум доллароор үнэлэгдэв.
Oracle, Silver Lake, MGX компаниуд ихэнх хувийг эзэмшинэ. Харин Хятадын толгой компани болох Bytedance-д 20-оос ялимгүй бага хувь нь үлдэхээр болов. Гэхдээ эцсийн шийдвэр ирэх сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар гарах юм. TikTok тус улсад 130 сая хэрэглэгтэй, онлайн худалдааны хамгийн чухал платформуудын нэг юм. Цаашид Америк дахь бизнесийнх нь контент хяналт, алгоритмын аюулгүй байдлыг шинэ хамтарсан компани бие даан удирдах юм.
Нийтлэлийнхээ төгсгөл хэсэгт Монголын технологийн салбарт болсон онцлох үйл явдалуудыг тоймлон хүргэж байна.

Манай улс төлбөрийн системийн шинэ эрин үетэй золголоо. Тодруулбал, Монгол Улсад Apple Pay, Google Pay нэвтэрснээр дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломж хэрэглэгч бидэнд олдов. Мөн HBO Max монголд албан ёсоор нэвтэрлээ.
Холбоотой нийтлэл: HBO Max Монголд нээгдлээ + Алдалгүй үзэх 10 кино

Сүүлийн жилүүдэд манай улсад шинэ содон, сонирхолтой апп цөөхөн гарсны нэг нь Philosophy App байлаа. Философийн санаануудаар цэнэглэгдсэн уг апп хэдийн олон үнэнч хэрэглэгчтэй болжээ. Та эндээс бүх цаг үеийн агуу сэтгэгч нарын эшлэлүүдийг уншиж болохоос гадна өөрийн “бодлоо” бусадтайгаа хуваалцаж болно.
Мөн энэ оны онцлох апп Teso-ийн Tino супер апп байлаа. Тус компанийн зүгээс Grab-ийн дэд бүтцийн системд суурилсан такси үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тэд энэ зах зээлд UBCab болон ABA-тай шууд өрсөлдөх юм.
Түүнчлэн Egune хиймэл оюун аппликейшн хувилбартай боллоо. Монгол хэл дээрх хэлний суурь загварыг хөгжүүлж буй тус компани хэрэглэгчидтэйгээ улам ойртож буй нь энэ юм. Үүнээс гадна автомат хадмал орчуулгын Subchimege-г хэрэглээнд нэвтрүүллээ.

AND Global: 100 сая долларын үнэлгээнд хүрч, Series B ангилалд багтсан анхны Монгол стартап болов.
EguneAI: 3,5 сая долларын хөрөнгө оруулалтыг татаж, дотоодын хамгийн өндөр үнэлгээтэй AI стартап болов.
MazaalAI: Агентийн системийг гадны зах зээлд нэвтрүүлж, 4 сая доллароор үнэлэгдэж байна.
ProhostAI: Монгол үүсгэн байгуулагчтай тус стартап YC-ийн төгсөгч болж, 2,6 сая долларын хөрөнгө оруулалт авав.
Oneplace.hr: Узьбекстаны 5 сая хэрэглэгчтэй супер апптай хамтын ажиллагаа эхлүүлж, тус улсын IT Park-аас 50 мянган долларын санхүүжилт татлаа.

Олон улсын хиймэл оюуны олимпиадаас Ч.Ирмүүн, С.Хангэрэл нар хос хүрэл медаль хүртлээ. Нийт 61 улсын 284 сурагч хоёр өдрийн турш машин сургалт, хиймэл оюунтай холбоотой зургаан бодлогоор өрсөлдсөн юм.
Холбоотой нийтлэл: ОЛИМПИАДЫН ОДОД

Сэтгэгдэл бичих (1)


З ЗОЧИН 2025.12.24 202.9.46.205
Хиймэл оюун ухаан их хөгжих юм байж. Хүн бид өөрсдөө юу болхов. Аймшигтай л сэтгэлд бууж байна. Хэт хөгжил юу авчирах бол. Дэхий. Од гараг минь бас дагаж хөгжих үү. Аймшиг л сэтгэлд бууж байна.