Манай улс 1992 онд анхны Үндсэн хуулиа баталснаас хойш 32 жилийн хугацаанд 18 Засгийн газрын нүүр үзжээ. Засгийн газрын дундаж наслалтыг авч үзвэл 1.9 жил. Энэ нь улсын хөгжлийг урагшлуулахгүй, харин ч арагш чангааж буй хамгийн том шалтгаан гэж судлаачид шүүмжилж буй бөгөөд ийнхүү төрийн залгамж халаа алдагдаж, өмнөх хийж байсан ажлуудын үр дүн нь гарч амжаагүй байтал ахиад л шинэ зүйл санаачилдаг байдал үргэлжилсээр.
Сайн засаглалтай улсын нэг шалгуур үзүүлэлт болсон авлигын индексээр өнгөрсөн онд манай улс таван байр ухарч, 180 улсаас 121-т жагссан. Мөн ардчиллын индексээр дөрвөн байр ухарч, 81-т эрэмбэлэгджээ. Ингэснээр ардчилсан бус орнуудтай ижил түвшинд ирчхээд байгаа юм. Тэгвэл цаашид тогтвортой сайн засаглалыг бий болгоход юу хийж болох талаар бодлогын мэтгэлцээний 18 дахь дугаарт хэлэлцлээ.
ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?
Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.
1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.
2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.
3-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.
4-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.
5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.
18-Р ДУГААР “ЗАСАГЛАЛЫН АСУУДЛУУД”
ХЭН МЭТГЭЛЦЭВ?
9-р тойрог буюу Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшигч Г.Нямдаржаа - Отгонтэнгэр их сургуулийг аж ахуйн эрхзүйч, хууль зүйн магистраар төгссөн. Хатантуул голоо хамгаалан үндэсний хөдөлгөөний тэргүүн, “Тэнгэрийн гэгээ” компанийн захирал, “Глобал статус” компанийн хуулийн зөвлөхөөр ажилладаг.
Ардчилсан намаас жагсаалтын 9-д нэр дэвшигч Х.Тэмүүжин - МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйн бакалавр, магистраар төгссөн. Хуульч, судлаач, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн.
Шинэ нэгдсэн эвслээс 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч А.Бархүү - Уралын техникийн Их сургуулийн барилгын дулаан агааржуулалтын инженерийн магистр, СЭЗИС-ийг банкны зээлийн эдийн засагчаар төгссөн. Монголын банкируудын холбооны үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирлаар ажилладаг.
ХҮН намаас жагсаалтын 13-т нэр дэвшигч Д.Үүрцайх - ХБНГУ-ын Бонн хотын их сургуулийг хууль зүйн магистр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хууль зүйн магистр, Шихихутуг их сургуулийг эрхзүйчээр төгссөн. Өмгөөллийн ХХН-ийн гүйцэтгэх партнер, ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн.
Үнэн ба зөв намаас 1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшигч А.Отгонбаатар - ХААИС-ийг инженер, багш мэргэжлээр төгссөн. Үнэн ба зөв намын дарга.
Монгол Ардын намаас жагсаалтын 18-д нэр дэвшигч Х.Баасанжаргал - СЭЗИС-ийг бизнесийн улирдлага, Их Засаг олон улсын их сургуулийг эрхзүйчээр төгссөн. МАН-ын дэргэдэх Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал.
ЮУ ЯРИВ?
1. УИХ-д бие даан нэр дэвших болсон гол зорилго маань Монгол Улсын хөгжлийн гарцыг түргэн шуурхай явуулах, байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хүртээх, энэ баялгийг зөв зохистой ашиглан хөгжих, нийслэл хотынхоо гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах, тохилог амины орон сууцтай болох, инженерийн шугам сүлжээ татах, орон сууцнуудын ундны усны асуудалд одоогийн мөрдөгдөж байгаа стандартыг дэлхийн жишигт нийцүүлэх зэрэг ажлыг хийх юм. (1-р үе Нээлттэй индэр)
2. Төрийн ил тод байдал ард түмний хувьд хязгаарлагдмал байна. Учир нь маш олон байгалийн баялаг өдөр шөнөгүй урсаж байна. Өнөөдөр гарч байгаа статистик тоог худлаа гэж үзэж байгаа. Тэгэхээр юун түрүүнд хуулиас давсан журам, шийдвэрийг таслан зогсоох ёстой. (2-р үе Халз мэтгэлцээн “Танай нам төрийн шийдвэр гаргах үйл явц, төсвийн зарцуулалтын ил тод байдлыг хэрхэн хангах вэ?”)
3. Нэгдүгээрт, шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг хараат бус байлгаж, ард түмнээсээ сонгодог байх ёстой. Хоёрдугаарт, шүүгчдийг чадавхжуулах хэрэгтэй. Гуравдугаарт, шинэ, залуу боловсон хүчнийг шүүгчээр ажиллуулах ёстой. Мэдээж цалинг тодорхой хэмжээнд нэмж байж авлига, албан тушаалын хэрэг буурна. (3-р үе Иргэдийн асуулт “Шүүхийн байгууллага хараат байж, шударга шийдвэр гаргаж чадахгүй байгаа тохиолдлууд олон. Хэзээ бид шударга шүүхтэй болох вэ?”)
4. Өнөөдөр төрийн өмчит компаниудад хариуцлагын тогтолцоо байхгүй болсон. Үүний зэрэгцээ төр, хувийн хэвшлийн түншлэл байхгүй болжээ. Төрийн өмчит компаниуд олширсноор улсын төсвийг үргүй зарцуулах явдал үлэмж нэмэгдсэн. (4-р үе Халз мэтгэлцээн “Төрийн өмчит компаниудын засаглалыг хэрхэн сайжруулах вэ?”)
5. Монголын ард иргэд минь, 33 жил төр ээлжилж барьсан эрх баригчдыг халцгаая. Шинэ залуу хүмүүсээ сонгоё. Бие даагчдын төлөөллийг оролцуулъя. Өнөөдөр бие даагчид парламентад гарах юм бол хяналт тавьж, шударга тэмцдэг ард түмний төлөөлөл байх болно. (5-р үе Хаалтын илтгэл)
1. АН үзэл баримтлалынхаа хувьд гурван тулгуур зарчимтай. Нэгдүгээрт, хувь хүний эрх чөлөө буюу хувь хүний сонголт, хувь хүн өөрийнхөө амьдралыг шийдэх эрхтэй байх тухай юм. Энэ үзэл санаанд тулгуурлаж, манай мөрийн хөтөлбөр, бодлого, бүх түвшний үйл хэрэг төвлөрч явдаг. Хоёрдугаарт, эдийн засгийн эрх чөлөө. Хувийн өмчид суурилсан, иргэний санаачлагад түшиглэсэн, олон хүний оролцоо дээр солилцоо хийгддэг, зах зээлийн зарчмаар эдийн засаг өсөж, томрох ёстой гэдэгт бид итгэдэг. Эдийн засгийн энэхүү бизнесийн эрх чөлөөнд суурилж, боломжид түшиглэж байж улс оронд хөгжил ирнэ. Бидний энэ итгэл засаглалтай холбоотой гурав дахь зарчмыг тодорхойлдог юм. АН засаглалтай холбоотой асуудалд нэг том зарчимтай. Тодруулбал, хязгаарлагдмал засаг буюу бага оролцоотой, үр нөлөөтэй ажилладаг ЗГ, төрийн байгууллагыг чухалчилдаг. (1-р үе Нээлттэй индэр)
2. Сайн засаглалын хамгийн том илэрхийлэл бол иргэдийнхээ хүсэл сонирхлыг мэдрэх, түүнийг ойлгож хүлээн авч, түүнд зориулж үйл хэргээ зориулах юм. (2-р үе Халз мэтгэлцээн “Төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хариуцлагыг нэмэгдүүлэхэд ямар бодлого баримтлах вэ?”)
3. Нэг зүйл дээр би үнэхээр харамсаж байна. 2012-2016 оны үед хийсэн шүүх, хүний эрх, хуулийн үйл явцын шинэтгэлтэй холбоотой олон асуудлыг 2016 оны сонгуулийн дараа эрх баригч нам бүгдийг нь нураасан. Тэгээд 2020 оны сонгуулийн дараа шинэтгэлийн асуудалтай холбоотой цэнхрээр бичсэн зүйлсийг улаанаар бичиж, өөрчлөхийг л оролдсон. Зарим нэг санааг нь буцаан дэлгэрүүлэх гэж оролдож байгаа. Тун харамсалтай. Хожуу ч гэсэн ухаарч байгаа нь дэвшил юм даа гэж би хувьдаа үзэж байна. (3-р үе Иргэдийн асуулт “Шүүхийн байгууллага хараат байж, шударга шийдвэр гаргаж чадахгүй байгаа тохиолдлууд олон. Хэзээ бид шударга шүүхтэй болох вэ?”)
4. Юун түрүүнд авлигыг бий болгож буй сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг шийдэх ёстой. МУ-д Сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдсан ч үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй Авлигатай Тэмцэх Газар энэ ажлаа огт хийхгүй байна. Нэг жишээ татахад, ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд дунджаар нэг тэрбум орчим төгрөг авсан асуудалтай холбоотойгоор дээрх хуулинд “ЗГ болон УИХ-ын гишүүн төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байж болохгүй” гэдэг зүйл заалт байсан. Энэ зүйл заалтыг хэрэгжүүлээч хэмээн АТГ-т өгөхөд “Та энэ хэргийн оролцогч биш учраас танд мэдээлэл өгөх албагүй” гэдэг хариу өгч байв. Би гэмт хэргийн тухай бус зөрчлийн тухай ярьж байна. Энэ жишээнээс гарсан шийдэл нь АТГ-ыг дахин шинэчилж, өөрчлөх юм. Соён гэгээрүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг салгаж өгөхгүй бол АТГ том загасчлал болоод хувирчихжээ. (4-р үе Халз мэтгэлцээн “Монгол Улсад авлигыг бууруулахад ямар арга хэмжээ авах вэ?”)
5. Нэгдүгээрт, улс төр, нийгэмд тулгамдаж байгаа асуудлын шийдэл бол make-up биш. Нүүрнийхээ цаана жижиг хувийн ашиг сонирхлоо үндэсний эрх ашигтай холбоотой төслүүдийг гацаадаг, нэг нэгэндээ өширхөж, өс хонзонгоо хуулийн байгууллагаар авдаг хүмүүсийг нуучхаад наанаа залуучуудаа гаргаж ирж, гоё будаг шунхтай make-up-аар улс төр хийнэ гэж байгаа бол эндүүрэл. Хоёрдугаарт, цээжээ чанга дэлдээд хэн чанга хашхирсан нь асуудлыг шийдчихдэг бол ахиухан шиг хувин шидээд дориухан дуугаар нийгмийн олон асуудлыг шийдэж болох л байх. Гэхдээ хэн чанга дуугарсан нь асуудлыг шийддэггүй юм. Асуудлыг толгойгоо ажиллуулж, төлөвлөж байж шийддэг. (5-р үе Хаалтын илтгэл)
1. Манай эвсэл энэ удаагийн сонгуульд төрийн шинэ бодлого, хөгжлийн эдийн засгийн шинэ бодлого, нийгмийн шинэ бодлого гэсэн гурван заалт бүхий 81 заалттай мөрийн хөтөлбөрийг бэлтгэсэн. Төрийн шинэ бодлого гэсэн бүлэг, заалтууд дунд хууль тогтоох засаглал буюу парламентын засаглалыг хэрхэн өөрчлөх, түүний хууль эрхзүйн чадамжийг хэрхэн сайжруулах, ЗГ-тай холбоотой бүхий л заалтуудыг сайжруулах, бүх үргүй зардлыг хасах, танах, аль болох ухаалаг бөгөөд бага зардлаар хандах ажлуудыг багтаасан. (1-р үе Нээлттэй индэр)
2. Төрийн алба мэргэшсэн байх, төрийн бодлогын залгамж чанаруудыг авч явах, ямар нэг улс төрийн хүчин засгийн эрхэнд гарсан ч төрийн албан хаагчид нь солигддоггүй байх бүтцийг бий болгох ёстой. Тэгэхээр авлигын асуудалд хамгийн амархан өртдөг төрийн албаны нэрийг цэвэрлэхийн тулд тэднийг шударга бөгөөд өндөр цалинтай болгох хэрэгтэй. Мөн төрийн албан хаагчдын асуудлыг ярихаас урьтаад төрийн алба буюу Засгийн газрын бүтцийг оновчтой болгох нь чухал. (2-р үе Халз мэтгэлцээн “Төрийн шийдвэр гаргах үйл явц, төсвийн зарцуулалтын ил тод байдлыг хэрхэн хангах вэ?”)
3. Гүйцэтгэх засаглалаас томилогддог шүүгч нар эзэндээ л үйлчилдэг. Манай эвслээс шүүх засаглалыг шударга, ард түмэнд ээлтэй болгох тал дээр олон шийдлийг санал болгож байгаа. Жишээ нь, яагаад Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг ард түмнээсээ сонгож болохгүй гэж? Адилхан сонгууль явуулаад сонгох боломжтой шүү дээ. Үүнтэй ижил нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчийг нийслэлийнхэн өөрсдөө сонгож болно. (3-р үе Иргэдийн асуулт “Шүүхийн байгууллага хараат байж, шударга шийдвэр гаргаж чадахгүй байгаа тохиолдлууд олон. Хэзээ бид шударга шүүхтэй болох вэ?”)
4. Компанийн сайн засаглалыг сайжруулахын тулд олон нийтэд нээлттэй болгох, хувьцааг нь хяналтын багцтай болгох, хувьчлах зэрэг олон арга ашиглаж болно. Ер нь төсөв ашигтай ажиллаж, орлого нь нэмэгдэх үед төрийн өмчит компаниудын тоо нэмэгддэг. Энэ нь цаад талдаа ойр дотнын, таньдаг хүмүүсээ ажилд оруулах нэрийдлээр хэрэгтэй, хэрэггүй төрийн өмчит компаниудыг байгуулах шалтгаан болдог гэж би хувьдаа боддог юм. (4-р үе Халз мэтгэлцээн “Төрийн өмчит компаниудын засаглалыг хэрхэн сайжруулах вэ?”)
5. Шинэ нэгдсэн эвслийг сонгосноор бид бүхэн тогтолцооны өөрчлөлтийг хийж чадна. 76 гишүүнийг 126 гишүүн болгосон нь тогтолцооны өөрчлөлт биш. Гагцхүү төрийн тогтолцоотой холбоотой бүхий л шатны зүйлсийг хяналттай болгох тухай асуудал юм. (5-р үе Хаалтын илтгэл)
1. ХҮН намын зүгээс төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөв болгох, төрийг ажиллагаатай байлгах, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг бодитойгоор хангах, бүтээх эрх чөлөө болон улс төрийн эрх чөлөөг нь нээх, хамгаалах, хангах, авлигаас төрөө салгах, хүний эрхийг дээдэлсэн цомхон, чадварлаг төрийн албыг бий болгох зорилгыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. (1-р үе Нээлттэй индэр)
2. Эрхзүйт төр, ардчилал оршин тогтнохын тулд төрийн эрх мэдлийн хуваарилалт зөв байх ёстой. Тэгж байж иргэн амьдралаа төлөвлөх, хуулийн хүрээнд амьдрах орчин бүрддэг. Амьдралаа төлөвлөх боломжтой иргэн л хүчтэй, зоригтой байж, цааш хичээж, зүтгээд сайхан амьдрах боломжтой. (2-р үе Халз мэтгэлцээн “Төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хариуцлагыг нэмэгдүүлэхэд ямар бодлого баримтлах вэ?”)
3. Ерөнхийлөгч гэдэг хүнээс шүүхийн байгууллагыг салгах хэрэгтэй. Үндсэн хуулинд заасан Ерөнхийлөгчийн эрх бол батламжлах эрх болохоос томилохоос татгалзах, огцруулах эрх биш юм. Тэгэхээр Үндсэн хуулийнхаа үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн байдлаар ойлгож, тайлбарлаж, шаардлагатай бол ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. (3-р үе Иргэдийн асуулт “Шүүхийн байгууллага хараат байж, шударга шийдвэр гаргаж чадахгүй байгаа тохиолдлууд олон. Хэзээ бид шударга шүүхтэй болох вэ?”)
4. УИХ-ын гишүүн, улстөрчдөд хариуцлага хүлээлгэх механизмыг яаж хийх вэ гээд ярихаар нэг УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай асуудал ярьдаг. Гэтэл УИХ чинь хамтын шийдвэр гаргадаг, хамтын удирдлагатай байгууллага шүү дээ. Мэдээж хууль зөрчсөн болон гэмт хэрэг, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг эргүүлэн татах боломж байх ёстой. Гэхдээ энэ боломж нь тухайн сонгуулиар өгсөн сонгогчдын саналын үр дүнг өөрчлөх, улс төрийн зорилготой ашиглах нүх сүв болчихвол төрийн тогтвортой байдалд аюул учирна. (4-р үе Халз мэтгэлцээн “УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг тогтоож, хариуцлагын механизмыг хэрхэн бий болгох вэ?”)
5. ХҮН нам өнгөрсөн хугацаанд сөрөг хүчин ямар чухал вэ гэдгийг харуулж чадсан байх. Тийм учраас одоо иргэдтэйгээ нийлээд, хамтаараа хяная. Парламентын ардчилал, тусгаар тогтнолоо мэдлэг, туршлага, хичээл зүтгэлээр бэхжүүлцгээе гэж уриалмаар байна. (5-р үе Хаалтын илтгэл)
1. Бид энэ удаагийн сонгуульд “Мөнгөгүй сонгууль” гэсэн үзэл санааг дэвшүүлж байгаа. Мөн бид Монголын парламентад сүүлийн 30 жилд байгаагүй хүчтэй сөрөг хүчин байх болно. Ард түмнийхээ асуудлыг ярьдаг, АН, МАН-аас амласан зүйлийг нь нэхэж ажилладаг сөрөг хүчин байхаар зорьж байна. Харин үүний эхний зам бол мөнгөгүй сонгууль юм. (1-р үе Нээлттэй индэр)
2. Төрийн ил тод байдлыг ярихаас урьтаад төр яах гэж шийдвэр гаргаж байгаа юм бэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Мэдээж төр ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх гэж шийдвэр гаргадаг. Гэхдээ Монголын төр ард түмний алгыг биш нурууг нь тэнийлгэх шийдвэр гаргах ёстой. Тиймээс Үнэн ба зөв намын зүгээс ард түмнийхээ нурууг тэнийлгэх шийдвэрийн тухай ярьж байна. Монголын төрөөс хэн ч хулгай хийж чадахааргүй тогтолцооны тухай бид ярьж байгаа юм. (2-р үе Халз мэтгэлцээн “Танай нам төрийн шийдвэр гаргах үйл явц, төсвийн зарцуулалтын ил тод байдлыг хэрхэн хангах вэ?”)
3. Шүүх засаглалыг зөв болгоё гэвэл парламентаа зөв болгох хэрэгтэй. Тэр парламент дээр чинь шүүгчдийн мөрдөөд буй хуулийг бичдэг юм. Тиймээс эндээс л өөрчилж эхлэх хэрэгтэй. (3-р үе Иргэдийн асуулт “Шүүхийн байгууллага хараат байж, шударга шийдвэр гаргаж чадахгүй байгаа тохиолдлууд олон. Хэзээ бид шударга шүүхтэй болох вэ?”)
4. Бид өнөөдөр УИХ-ын гишүүнийг эргэн татахаас илүү улс төрийн намынхаа төлөвшлийн асуудлыг ярих хэрэгтэй. Мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй улс төрийн нам дараагийн сонгуульд ордог хэвээрээ л байх уу? Иймд манай намын зүгээс мөрийн хөтөлбөрийнхөө 80 хувийг биелүүлээгүй намыг дараагийн сонгуульд оруулдаггүй байх тухай хууль эрхзүйн зохицуулалт хийхээр зорьж байна. (4-р үе Халз мэтгэлцээн “УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг тогтоож, хариуцлагын механизмыг хэрхэн бий болгох вэ?”)
5. Монголчууд улс төрөө өөрчилье гэж ярьж байгаа боловч улстөрчдөө өөрчлөхгүй, хадгалж авч үлдээд байна. Өнөөдрийн мэтгэлцээний сэдэв дээр шударга шүүхийн талаар ярьж байна. Гэхдээ шударга хууль баталдаг их хурлын тухай хэн ч ярихгүй байна. Манай нам Монголынхоо ард түмнийг хоёр намын туг дор хуваадаг биш монгол төрийнхөө далбаан дор нэгтгэхийг хүсэж байна. Энэ үзэл санаа маань ялах хэрэгтэй байна. (5-р үе Хаалтын илтгэл)
1. Өнгөрсөн 30 жилийн алдаа оноон дээр үндэслэж, дараагийн 30 жил энэ алдааг давтахгүйн тулд хийж буй маш том өөрчлөлт бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Энэ бол тогтолцооны өөрчлөлтийн маш том шийдвэр байсан. Мэдээж МАН дангаараа хийгээгүй, улс төрийн 22 нам, эрдэмтэн судлаачид, ард иргэдтэйгээ хамтарч хийж чадсан. (1-р үе Нээлттэй индэр)
2. Төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаа гэхээс илүүтэй тогтолцооны томоохон өөрчлөлт, шинэчлэлийг эхлээд хийх хэрэгтэй. Тэдний нийгэм, ажлын байр, эдийн засгийн баталгааг тогтолцооны шинэчлэлүүд бий болгодог юм. Тогтолцооны өөрчлөлтийг хийхэд хол мэт сонсогдож магадгүй ч эсрэгээрээ тун ойрхон, бидний амьдралд мэдрэгддэг зүйл. Тийм учраас ард иргэд та бүхнийг төрийн бодлого, шийдвэр, тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлд идэвхтэй хандаж, оролцдог байгаасай гэж хүсэж байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Төрийн шийдвэр гаргах үйл явц, төсвийн зарцуулалтын ил тод байдлыг хэрхэн хангах вэ?”)
3. Нэгэнт эрх барьж байгаа нам учраас шүүхийн шинэтгэлтэй холбоотой өмнө нь хийж, хэрэгжүүлсэн ажлаа дурдах нь зүй. Бид шүүхийн багц хуулийг шинэчлэн найруулж, дахин баталсан. Үүний хүрээнд 2024 оны тавдугаар сард Шүүхийн хөгжлийн бодлого буюу арван жилийн төлөвлөгөөг нь баталсан юм. Өөрөөр хэлбэл, цаашид шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус бие даасан байдлын үндсэн суурь бодлого, баримт бичгүүд бүрдсэн. Мөн цалин болоод нийгмийн асуудлыг эдгээр хуулийг дагалдуулж шийдвэрлээд байна. (3-р үе Иргэдийн асуулт “Шүүхийн байгууллага хараат байж, шударга шийдвэр гаргаж чадахгүй байгаа тохиолдлууд олон. Хэзээ бид шударга шүүхтэй болох вэ?”)
4. МАН-ын мөрийн хөтөлбөрт авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлж, уг хөрөнгийг нийтийн сайн сайхны төлөө зарцуулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ гэж заасан. Үүнийг 2022, 2023 онуудад ЗГ-ын түвшинд шийдэж үзсэн. Илүү тодруулбал, авлигын гэмт хэргээс хураасан энэ мөнгийu нийтийн сайн сайхан, хүүхдийн эрүүл мэнд, эрхтэн шилжүлэн суулгах шаардлагатай мэс заслын зарим нэг төлбөр, аппаратанд зарцуулж, сайн жишгүүдийг тогтоогоод байна. (4-р үе Халз мэтгэлцээн “Монгол Улсад авлигыг бууруулахад ямар арга хэмжээ авах вэ?”)
5. Үеийн үед дараагийн дөрвөн жил гэж ярьдаг байсан бол бид энэ удаа 30 жил гэж ярьж буй нь бодлого тогтвортой болж байгаагийн илрэл юм гэдгийг онцолъё. Бусад улс төрийн намуудын хийсэн сайн ажлыг цааш үргэлжлүүлэн авч явах нь зүйтэй гэж боддог. Тийм ч учраас Х.Тэмүүжин багшийн дурдсан Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа АН-ын хийсэн сайн зүйлсийг авсан байна гэж хэлсэнтэй санал нэг байна. Нам үл харгалзан зарим нэг үнэт зүйлүүд дээрээ бид нэгдмэл байх ёстой. (5-р үе Хаалтын илтгэл)
Уншигч та бүхэн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээнийг шууд хүлээн авахыг хүсвэл ТэнГэр телевиз дээр орой бүр 21:00 цагаас сувгаа тааруулаарай. Мөн Facebook хуудсаар үзэх боломжтой.
Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.