Шинжлэх ухаан, технологийн салбар бол аливаа улсын хөгжил дэвшлийн суурь билээ. Тиймдээ ч энэ салбартаа ач холбогдол өгдөг улс орнууд түүнийхээ үр шимийг хэд дахин нугалж авдаг. Дэлхийн дунджаар бусад улсууд ДНБ-ийнхээ хоёр орчим хувийг судалгаа хөгжүүлэлтдээ хөрөнгө оруулахад зарцуулдаг бол манай оронд энэ тоо ойролцоогоор 0.1 хувь буюу дунджаас 20 дахин бага байгаа юм. Үүний улмаас эрдэмтдийн ажиллах орчин хязгаарлагдах, лаборатори, тоног төхөөрөмжийн дутагдалд орох, чөлөөт судалгаа, шинэ инновац багасах, боловсон хүчний дутагдалд орох эрсдэл бий болж байна. 

Хэдийгээр манай эрдэмтэн мэргэжилтнүүд дэлхийн томоохон лаборатори, судалгааны хүрээлэн, технологийн компаниудад өндрөөр үнэлэгддэг ч Монголдоо ирж ажиллах сонголт хийхгүй байгаа нь энэ салбар хангалттай үнэлэгдэхгүй байгаа учраас тэр юм. Шинжлэх ухаанд суурилаагүй шийдвэрүүд үр ашиггүй зардал гаргахад хүргэж, улмаар нийгмийн бусад салбаруудад сөргөөр нөлөөлж буй. Иймд шинжлэх ухаан, технологийн салбараа дэмжиж, ач холбогдол өгөх цаг нэгэнт болжээ.  

Судалгаа хөгжүүлэлт, боловсон хүчин, аж үйлдвэрлэл хоорондын хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй болгох вэ? 

1-р дугаарын тойм
2-р дугаарын тойм
3-р дугаарын тойм
4-р дугаарын тойм
5-р дугаарын тойм
6-р дугаарын тойм
7-р дугаарын тойм
8-р дугаарын тойм
9-р дугаарын тойм
10-р дугаарын тойм
11-р дугаарын тойм
12-р дугаарын тойм
13-р дугаарын тойм
14-р дугаарын тойм
15-р дугаарын тойм
16-р дугаарын тойм
17-р дугаарын тойм
18-р дугаарын тойм

ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?

Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.

1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.

2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.

3-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.

4-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.

5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.

19-р дугаар “Шинжлэх ухаан, Технологийн асуудлууд”

хэн мэтгэлцэв? 


1. ХҮН намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Р.Бадмаанямбуу

Техникийн их сургуулийг техникийн ухааны магистр, ХБНГУ, Аахены технологийн их сургууль (DWI-RWTH Aachen, Germany) дэргэдэх ноос судлалын институт болон ШУТИС-д докторантур, ШУТИС-ийн техникийн ухааны доктор, текстилийн инженер, ШУТИС-ийн багш, “Бүүвэй” кашмерын үүсгэн байгуулагч

2. Үндэсний эвслээс жагсаалтын 10-т нэр дэвшигч Ц.Байгалмаа

Японы Токиогийн Био технологийн их сургуульд мэдээлэл зүй, систем инженер чиглэлээр магист, докторын зэрэг хамгаалсан, электроник мэдээлэл зүйн инженер мэргэжилтэй. Дэлхийн Банкны төслийн зохицуулагч

3. Ардчилсан намаас жагсаалтын 25-д нэр дэвшигч Э.Энхпүрэв

“Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийг багш, бага ангийн боловсрол, “Орхон” их сургуулийг боловсрол судлалын менежмент, Удирдлагын академийг нийгмийн удирдлагын магистрын зэрэг, “Орхон” их сургуульд боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан. Багш мэргэжилтэй, Ардчилсан намын Боловсролын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга.

4. Үнэн ба зөв намаас жагсаалтын 14-т нэр дэвшигч С.Майцэцэг

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, магистрын зэрэгтэй. Үнэн ба зөв намын нийслэлийн намын дарга, “Top genius” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байна.

5. Монголын Социал Демократ намаас 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч А.Эрдэнэбилэг

Хууль эрх зүйн дээд сургуулийг хуульч эрх зүйч мэргэжлээр төгссөн. “Хуулийн цоорхой” нэвтрүүлгийн хөтлөгч.

6. Монгол Ардын намаас жагсаалтын 47-д нэр дэвшигч Н.Жавхлан

СЭЗИС-ийг бизнесийн удирдлагаар, Удирдлагын академийг төрийн захиргааны магистраар. БНХАУ-ын Цинхуа их сургуулийг төрийн удирдлагын магистраар төгссөн. МАН-ын ажлын албаны Технологи, цахим шилжилтийн хэлтсийн дарга, Biznetwork.mn-ийн хамтран үүсгэн байгуулагч.


Юу ярив? 

ХҮН намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Р.Бадмаанямбуу

1-р үе: Нээлттэй индэр

Миний хувьд шинжлэх ухаан, технологийн салбарын хүн. Хөнгөн аж үйлдвэрийн салбарын инженер, ноолуурын технологийн доктор. 20 гаруй жил ажилласан туршлага, судалгаандаа үндэслэн энэ салбарт инновацыг бий болгож, түүнийгээ бизнес болгохоор ажиллаж яваа эрдэмтэн, судлаач.

ХҮН намын мөрийн хөтөлбөрт хөгжлийн гурван тулгуур бодлогыг дэвшүүлсэн. Нэгдүгээрт, “Дэлхийн монгол хүн” буюу боловролтой, эрүүл, бүтээлч сэтгэхүйтэй монгол хүнийг төлөвшүүлэх, тэдэнд хөрөнгө оруулах зорилготой. Хоёрдугаарт, технологи. Монгол хүнийг дэлхийд гаргах морь нь технологи гэж бид үзэж байна. Гуравдугаарт, “Байгальд ойр Монгол”. Өөрөөр хэлбэл уламжлалт соёлыг орчин үеийн технологитой хослуулсан хөгжлийн загварыг боловсруулж, салбар бүрд дэлгэрүүлэх зорилготой. Дээрх стратегийн үндсэн гурван тулгуур бодлогыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх нөхцөл боломж бий гэж үзэж байна.

2-р үе: Халз мэтгэлцээн

Асуулт: Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг хэрхэн нэмэгдүүлж, үр дүнтэй хуваарилах вэ?

Мэтгэлцэгч тал: Үндэсний эвслээс жагсаалтын 10-т нэр дэвшигч Ц.Байгалмаа

Шинжлэх ухаан технологийн хөгжил бол улс орны үндэс суурь. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд жишээлбэл, Израйль ДНБ-ийнхээ 5.5 хувийг шинжлэх ухаанд зарцуулж байна. Дэлхийн дундаж 2.7 хувьтай байгаа. Монголын хувьд энэ тоо 0.1 байгаа нь манай улс хэр шинжлэх ухаанч биш орон бэ гэдгийг дэлхий нийтэд харуулж байгаа юм.

Өнөөдөр манай эдийн засаг уул уурхайгаасаа 95 хувь хамааралтай. Хэрэв бид өнгөрсөн хугацаанд уг салбараас төвлөрсөн төсвийг шинжлэх ухаан, технологи, боловсрол, аж үйлдвэрийн салбартаа зарцуулж байсан бол монгол хүн өнөөдөр зөв төлөвшиж боловсрох, монгол орноо хөгжүүлэх боломж байсан.

Харамсалтай нь бид шинжлэх ухаанаа хөсөр хаяснаар өнөөгийн нөхцөл байдал үүссэн. Манай намын мөрийн хөтөлбөр дээр эхний ээлжинд шинжлэх ухаанд зарцуулах төсвийг нэг хувьд хүргэх зорилт тавьсан. Одоогийн байдлаар 12 тэрбум төгрөгийг судалгааны төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулж байгаа нь дэндүү чамлалтай дүн.

3-р үе: Иргэдийн асуулт

Асуулт: Манай эрдэмтэн судлаачид гадаадын томоохон их дээд сургуулиудад ихээр ажилладаг. Эдгээр хүмүүсийг эх оронруугаа яаж татах вэ?

Эрдэмтэд, мэргэжилтнүүд бол Монголд шууд болон шууд бусаар байнга эерэг хөрөнгө оруулалт хйидэг чухал хүмүүс. Хэдий олонх нь гадаадад ажиллах сонголт хийдэг ч тэднийг зайнаас буюу хаана байгаагаас үл хамааран эх орныхоо төлөө ажиллах, туршлага мэдлэгээ монголчуудтайгаа хуваалцах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Олон улсын судалгаа, бүс нутгийн судалгаануудад татан оролцуулахаас эхлээд боломж олон бий. Ер нь манай “тархины гоожилт” буюу сэхээтнүүд нь гадагшаа гарч ажиллах энэ хандлага Октябрын хувьсгалаас л эхэлсэн. Хэлмэгдүүлэлтийн үе ч бас үүний нэг хэсэг. Эдгээр үйл явдлаас болж бид том сэхээтнүүд, эрдэмтдээ эх орных нь төлөө ажиллуулж чадалгүй алдсан. Энэ бүхний гол шалтгаан юу вэ гэвэл хээл хахууль, ашиг сонирхол. Тэгэхээр бид авлига, хээл хахуультай тэмцэх замаар эрдэмтэн мэргэдээ үнэлэх, хамтрах боломжоо нэмэгдүүлж болно хэмээн харж байгаа.

4-р үе: Халз мэтгэлцээн

Асуулт: Боловсролын системийг шинжлэх ухаан, технологийн салбартай хэрхэн уялдуулах вэ?

Мэтгэлцэгч тал: Ардчилсан намаас жагсаалтын 25-д нэр дэвшигч Э.Энхпүрэв

Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улс 55 мянган дээд боловсролтой мэргэжилтэн бэлдсэн. Үүний 38 мянга нь нийгмийн чиглэл. Энэ бол маш том асуулт. Оюутнууд инженерийн чиглэлээр суралцах хүсэл сонирхолгүй болчихож. Шинжлэх ухаанд дур сонирхолтой хүүхдийн тоо жилээс жилд буурч байна. Манай намын баримталж буй бодлого бол “Хүн төвтэй-Дэлхийн монгол.”

Бид монгол хүүхдэд тохирсон боловсролын системээр шинжлэх ухаанд дурлуулах чиглэлээр бодлого баримтлах ёстой. Түүнчлэн инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг тэтгэлэгтэй болгох шаардлагатай хэмээн үзэж байгаа.

5-р үе: Хаалтын илтгэл

Монголд бол гурван баялаг байна. Үргэлж хөгжиж байдаг хүн баялаг. Малын гаралтай нөхөн сэргээгдэх баялаг, газрын доорх эрдэс, уул уурхайн баялаг. Эрх баригчид сүүлийн 30 жилийн хугацаанд эхний хоёр баялгийг орхигдуулснаас өнөөгийн хямрал үүссэн. Тэгэхээр ХҮН намын зүгээс мөрийн хөтөлбөртөө монгол хүнийг боловсролтой, эрүүл, бүтээх эрх чөлөөг нь дээдэлнэ хэмээн тусгасан.

Өнөөдөр бид дэлхийн зах зээлд ХАА, мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ экспортолж байж тодрон гарч ирнэ. Үүний тулд баялагт суурилсан эдийн засгаас бүтээмжид суурилсан эдийн засаг руу шилжих бодлогыг баримталахаас өөр гарцгүй.


Үндэсний эвслээс жагсаалтын 10-т нэр дэвшигч Ц.Байгалмаа

1-р үе: Нээлттэй индэр

Миний хувьд электроник, мэдээлэл зүйн инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ Япон болон АНУ-ын Харвардын их сургуулийн Анагаахын их сургуульд систем хөгжүүлэлт, инновацын чиглэлээр 10-аад жил судалгааны ажил хийж байсан туршлагатай. Мөн энэ хугацаандаа анагаахын инженерчлэлийн салбарт автоматжуулалт, систем хөгжүүлэлтийн агуулгаар олон улсын долоон патентыг эзэмшиж байна. Монголдоо эргэн ирснээс хойш Японы Технологийн Үндэсний хүрээлэн буюу Коосэн агентлагийн Монгол дахь салбарыг үүсгэн байгуулалцсан.

Үндэсний эвсэл энэ удаагийн сонгуульд “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” уриатай оролцож байгаа.

Юун түрүүнд шинжлэх ухаанд дуртай дараагийн үеийг бэлтгэх, салбарын шинэ мэргэжилтнүүдийг бэлтгэж, эх орондоо ажиллах нөхцөлөөр хангах, технологийн байгууллага, гарааны компаниудад хөрөнгө оруулах, хөгжлийн экосистемээр хангах зэрэг агуулгууд багтсанаас гадна их дээд сургуулиудын сургалтын агуулгад бизнесийн чиг баримжааг багтаах зэрэг ажлууд орсон бий. Мөрийн хөтөлбөрийн дэлгэрэнгүйтэй Үндэсний эвслийн аппаас танилцаж болно.

2-р үе: Халз мэтгэлцээн

Асуулт: Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг хэрхэн нэмэгдүүлж, үр дүнтэй хуваарилах вэ?

Мэтгэлцэгч тал: ХҮН намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Р.Бадмаанямбуу

Манай улсын шинжлэх ухааны салбарт зарцуулж байгаа төсөв сүүлийн 30 жилд огт нэмэгдээгүй. Уг төсвийн 70 хувь нь урсгал зардал болон Шинжлэх ухааны академид ажиллаж байгаа долоон мянган ажилтны цалин төдийхнөөр дуусаж байна. Яг бодитой судалгаанд бол ДНБ-ийн ердөө 0.012 хувийг л зарцуулж байгаа. Энэ төсвийг зайлшгүй нэмэгдүүлэх төрийн зүгээс нэмэгдүүлэх ёстой.

Мөн энэ салбар одоог хүртэл төр нь манлайлж авч явдаг салбар хэвээр байгаа болохоор тогтолцооны доголдолоос улбаатай хөгжихгүй байна. “Үндэсний эвсэл”-ийн зүгээс Шинжлэх ухааны парк, Инноваци судалгааны хүрээлэн байгуулах, уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг ажлын байр олноор бий болгодог хөдөө аж ахуй, био технологийн судалгаанд зарцуулах ёстой гэдэг талаас мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.

3-р үе: Иргэдийн асуулт

Асуулт: Манай эрдэмтэн судлаачид гадаадын томоохон их дээд сургуулиудад ихээр ажилладаг. Эдгээр хүмүүсийг эх оронруугаа яаж татах вэ?

Миний хувьд монгол залуус мэдлэг чадварын хувьд олон улсад өрсөлдөхүйц хэмжээний чадал чансаатай гэж боддог. Гэвч ид хийж бүтээх насаа гаднын улс оронд өнгөрүүлдэг нь харамсалтай. Ер нь төрд суурилсан ямарваа тогтолцоо зардлаа хянахгүй байгаа учраас буруу замаар будаа тээх магадлал маш өндөр байгаа юм. Үүнийг сүүлийн үед эрхгүй ажиглагдаж байгаа цахим хөгжил, И-Монголиагийн хэтийдсэн их идэвхжүүлэлт, PR-аас харж болно.

Гадаадад ажиллаж буй мэргэжилтнүүдээ татахын тулд судалгаагаа хийх орчныг нь хангаж өгөх ёстой болов уу хэмээн боддог. Ингэхдээ хувийн хэвшлүүдийн уялдаа холбоог сайжруулж, шинээр шинжлэх ухааны хүрээлэн, инновацын төвүүдийг байгуулж, үүний тодорхой хувийг төрөөс санхүүжүүлэх боломжтой. Ер нь нарийн мэргэшлийн мэргэжилтнүүд цалингаа л голж гаднын оронд ажилладаг. Манай улсын жишээн дээр бол их дээд сургуулийн багш нар, эрдэмтэд, тэр мэт нарийн мэргэшилтэй, түүнийг эзэмшихээр олон жил хөдөлмөрлөсөн хүмүүсийнхээ цалинг дорвитой нэмж чадаагүй байж хэн ч хийж чадах буюу нарийн мэргэшил шаарддаггүй ажлын байруудын (Үүнд ТҮК-ийн ажилтнуудыг буруутгаж байна гэж бүү бодоорой) цалинг нэмж байгаа нь өнөөдрийн үр дүнд хүргэж байгаа болов уу?

4-р үе: Халз мэтгэлцээн

Асуулт: Технологийн парк, инкубаторуудын экосистемийг хэрхэн хөгжүүлэх вэ?

Мэтгэлцэгч тал: Монголын Социал Демократ намаас 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч А.Эрдэнэбилэг

Үндэсний эвслийн мөрийн хөтөлбөр бол мэргэжилтэн бэлтгэх хүрээнд “1 улс төрч, 1000 мэргэжилтэн” уриан дор аль болох аж үйлдвэрийн салбарт хувийн хэвшлийн манлайллыг бий болгох зорилготой.

Технологийн парк, инкубаторуудын экосистем бол өндөр хөгжилтэй улс орнуудад хувийн хэвшил, академик байгууллагуудын хамтын ажиллагаан дээр тогтдог. Судалгааг нь академик салбарт хийж болно, хөрөнгө оруулалтыг төр шийднэ. Бэлэн болсон судалгааны үр шимийг хувийн хэвшил дээр нэвтрүүлж, нутагшуулах ажлыг хийдэг. Өнөөдрийн Монгол Улсад судалгаа хийгдэж байгаа ч гэсэн зах зээлд нэвтрүүлэх, нийгэм эдийн засгийн өгөжтэй инноваци болгох тал дээр дутагдалтай байна.

Тиймээс манай эвсэл мөрийн хөтөлбөртөө “Бизнес эрхлэгчдийн экосистем, инновацийг нэн тэргүүнд дэмжих, оюуны өмч-ийн эрхийг хамгаалах, судалгааг арилжааны болгох үйл явцыг хялбарчлах, судалгаа хөгжүүлэлт, гарааны бизнест хөрөнгө оруулалт бий болгох, инкубатор, хурдасгуур шинжлэх ухааны парк-ийг боловсронгуй болгоно.” заалтыг тусгасан.

5-р үе: Хаалтын илтгэл

Монголын эдийн засгийн бүхэлдээ уул уурхайгаас хамааралтай гэж болно. Цаашид бид эдийн засгаа солонгоруулж ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэж, уул уурхайгаас олсон орлогыг инновац, технологийн салбартаа хуваарилах ёстой. Гэтэл эрх баригч нам 2012 онд баталсан “Инновацын тухай хууль”-иа ч шинэчилж чадалгүй, сонгууль болгоноор хоосон амлалт өгсөөр өдийг хүрлээ. Энэ оны тавдугаар сарын байдлаар нийт мөнгөний нийлүүлэлт 39 их наяд буюу, өмнөх үеийн мөн үеэс 28 их наяд орчмоор ихэссэн байна. Гэтэл энэ их мөнгө энэ салбарт орсон уу? Халамжаар тараагдсан уу? Гэдгийг та бид бүгд харсан.

Ер нь энэ мэт асуудлыг сонгуультай холбохгүй байхыг хүсэж байгаа ч үнэн хэрэгтээ тэгэхээс өөр арга алга. Жишээ нь, өчигдөр Үндэсний эвслийн сонгуулийн штабыг цагдаа нар хааж, нэгжлэг хийж, сонгуулийн үйл ажиллагааг доголдуулж, улс төрийн халдлага үйлдсэн бөгөөд энэ нь СЕХ-ны ч, Улсын прокурорын ч зөвшөөрөлгүйгээр үйлдэгдсэн юм. Иймд иргэддээ уриалахад эрх баригчдыг сонгох энэ сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Монгол улс зөнгөөрөө хөгжихгүйг, энэ хэвээрээ байвал байгалийн баялаг, оюуны өндөр потенциал байгаад ч олон шударга буй зүйлсийн золиос болсоор байна гэдгийг өнгөрсөн найман жилд хангалттай харлаа. “Хүний хөгжлийг төрийн бодлогын төвд байлгана” гэдэг хуурмаг лоозонгоос өөр юу ч байхгүй байна. Хувийн хэвшлийн орлогоос цуглуулсан мөнгө өнөөдөр намын санхүүжилтэд л зарцуулагддаг болжээ. Тэгэхээр дөрвөн жилд нэг удаа олгогддог, энэ бүгдийг засах боломжоо эдлээрэй.


Ардчилсан намаас жагсаалтын 25-д нэр дэвшигч Э.Энхпүрэв

1-р үе: Нээлттэй индэр

Ардчилсан нам сүүлийн жилүүдэд шинэ залуу үеэ идэвхтэй дэмжиж байгаагийн төлөөлөл нь миний бие. Намын дэргэд байгуулагдсан Боловсролын зөвлөл маань өнгөрсөн хугацаанд салбарын томоохон судалгаануудыг мэргэжилтнүүдийн хамтаар хийж, түүндээ үндэслэн ажлын төлөвлөгөө боловсруулж ажилласан. Энэ нь ч мөрийн хөтөлбөрт тусгагдсан.

Жишээ дурдвал, шинжлэх ухаан, технологийн салбарт оруулж байгаа ДНБ-ий 0.1 хувийн санхүүжилтийг ирээдүйд нэг хувьд хүргэх, эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг бий болгох, бизнестэй уялдсан шинжлэх ухааны тогтолцоог бий болгох зэрэг заалтууд багтаж байна.

2-р үе: Халз мэтгэлцээн

Асуулт: Шинжлэх ухааны академийн үйл ажиллагааг цаашид ямар байдлаар авч явах вэ?

Мэтгэлцэгч тал: Монгол Ардын намаас жагсаалтын 47-д нэр дэвшигч Н.Жавхлан

Шинжлэх ухааны академи гэдэг байгууллага сүүлийн 30 жилийн турш Их сургуулиудтайгаа нэгдмэл интеграцид орж чадахгүй байдалтайгаар өдий хүртэл явж ирсэн. Шинжлэх ухаан гэдэг бол судалгаа шинжилгээ, оюуны бүтээл инноваци гээд өргөн утгаараа их олон салбарыг хамардаг. Одоогийн байдлаар Монгол Улсын Шинжлэх ухааны академи 50,60-аад хүрээлэнтэй. Нийтдээ 42 тэрбум төгрөгийн төсөвтэй. 20-25 хувийг НЬ урсгал зардалдаа зарцуулдаг. Үлдсэн хувь нь цалингийн зардалд шилждэг.

МАН-ын мөрийн хөтөлбөрт шинжлэх ухаан гэдэг тусдаа бүлэг байхгүй бөгөөд боловсролын хэсэг дээр зөвхөн хоёр заалт туссан. Нэг нь Судалгааны Их сургуультай болох, нөгөөх нь дотоодын Их сургуулиа дэлхийн 1000 шилдэг их сургуульд багтаах. Шинжлэх ухааны академи нь хажуудаа Их сургууль байгуулж, шинжлэх ухааныг хөгжүүлнэ хэмээн зорьж буйг манай намын зүгээс буруу шийдвэр хэмээн үзэж байгаа.

3-р үе: Иргэдийн асуулт

Асуулт: Манай эрдэмтэн судлаачид гадаадын томоохон их дээд сургуулиудад ихээр ажилладаг. Эдгээр хүмүүсийг эх оронруугаа яаж татах вэ?

Өмнөх үед хэлж амжаагүй зарим санаануудаа гүйцээе. АН-ийн энэ удаагийн мөрийн хөтөлбөрт Шинжлэх ухааны академийг хөгжүүлэх тухай ямар нэг заалт байхгүй. Өнөөдөр тус академи 7000 гаруй судлаач эрдэмтэд, 60 гаруй хүрээлэнтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Оршилд хэлсэнчлэн Монгол улс ДНБ-ийхээ 0.1 хувийг л судалгаа шинжилгээнд зарцуулж байгаа ба энэ бага төсвийг тэр болон байр байгууламж, хүнд хувааж өгч хүчээ маш их тарамдаж байгаа нь ажиглагддаг. Тэгвэл энэ асуудлыг эхний ээлжинд их сургуулиудын судалгаа шинжилгээний лабораториудад төвлөрүүлэх байдлаар шийдэж болно. Харин дараа нь, докторын судалгааны бүтээлүүдийн чанарыг сайжруулах, түүнийг зах зээл, эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар үр ашгийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй.

Ер нь шинжлэх ухааныг хөгжүүлэх таван тогтолцоо байдаг. Үүнд, тогтолцоо, санхүүжилт, хүний нөөц, дэд бүтэц, хамтын ажиллагаа багтана. Ардчилсан нам хэрвээ олонх болвол энэ салбарт хуваарилагдах санхүүжилтийг нэг хувьд хүргэнэ гэсэн байгаа. Санхүүжилт нэмэгдэж, бүтэц сайжраад ирэхэд аяндаа эрдэмтэд маань эх орондоо ирэхийг сонгох болно. Өөрөөр хэлбэл бүтцээрээ татах заалт мөрийн хөтөлбөрт орсон байгаа.

4-р үе: Халз мэтгэлцээн

Асуулт: Боловсролын системийг шинжлэх ухаан, технологийн салбартай хэрхэн уялдуулах вэ?

Мэтгэлцэгч тал: ХҮН намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Р.Бадмаанямбуу

Сүүлийн жилүүдэд байгалийн ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын тоо эрс цөөрсөн. 2022 оны байдлаар таван мянга орчим оюутан докторын түвшинд суралцаж байгаагаас 70 хувь нь нийгэм, хүмүүнлэгийн салбар байгаа юм. Ихэнх хүний нөөцүүд маань байгалийн шинжлэх ухаанаас хөндийрөөд байна. Өнгөрсөн жил гэхэд PISA шалгалтаар манай сурагчид 81 улсаас матемакийн хичээлээр 51, физикийн хичээлээр 54 дүгээрт жагссан төдийгүй хоёр хүүхэд тутмын нэг нь математикийн анхан шатны мэдлэггүй хэмээх харамсалтай дүн гарсан.

Энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл улс орны аюулгүй байдалд заналхийлэх аюултай. Бид нэн даруй инженерүүдээ бэлдэж, шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийж, судалгаагаанд суурилсан инноваци бүтээлүүдийг үйлдвэрлэх ёстой. Мөнхөд байгалийн баялгаа ухаад амьдарч чадахгүй, тийм боломж ч байхгүй.

5-р үе: Хаалтын илтгэл

Ардчилсан намын хувьд 2012-2016 оны үед “Мянган инженер” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 1000 инженерийг Японд сургасан. Харамсалтай нь, тэдгээр инженерт төгсөж ирээд ажлын орчин, ажлын байр байхгүй байсан. Энэ үйл явдал бол Монгол Улс тогтолцооны хувьд гажуудсан байгааг илэрхийлж байгаа юм.

Харин бид энэ жилийн сонгуульд 1000 багшийг академик англи хэлтэй болгоно гэдэг зорилт тавьсан. Олон улсын сэтгүүлд судалгааны өгүүлэл бичихээс өгсүүлээд анги хэлний чадвар зайлшгүй чухал. Шинжлэх ухааны салбар өөрөө тогтолцооны хувьд улс төрөөс хараат бус байх ёстой. Мөн санхүүжилтийн хувьд дор хаяж ДНБ-ийн 1 хувийг шинжлэх ухаан, технологийн салбарт төсөвлөх учиртай.


Үнэн ба зөв намаас жагсаалтын 14-т нэр дэвшигч С.Майцэцэг

1-р үе: Нээлттэй индэр

Бид мөрийн хөтөлбөртөө дөрвөн хувьсгалын тухай оруулсан. Үүнд, сэтгэлгээний хувьсгал, сонгуулийн хувьсгал, хариуцлагын хувьсгал, хөгжлийн хувьсгал зэрэг багтсан ба өнөөдрийн сэдэв хөгжлийн хувьсгал хэсэгт хамаарна. Мөн хоёрдугаар бүлэгт шинжлэх ухаан, технологи, инновацын тухай заалтуудыг нарийн тусгасан нь энэ салбараар дамжуулан эдийн засгаа 10 бүр 100 дахин өсгөх боломжийг санал болгож буй.

Өнөөдөр Монгол улсын хүн амын 70 хувь нь ядууралтай, улсын төсөв 6.6 тэрбум ам.доллар байхад гадаад өр нь 35 тэрбум буюу төсвөөсөө 5 дахин их байгаа. Үүний бараг тал нь буюу 14 тэрбум ам.доллар нь Засгийн Газрын өр байх жишээтэй. Экспортын 90 гаруй хувь нь түүхий эдээрээ буюу манай экспортод ямар ч нэмүү өртөг шингэдэггүй, үйлдвэрлэл бараг л байхгүй гэж болохоор байна.

Иймд манай нам уул уурхай бус шинжлэх ухаан, технологиор улсаа хөгжүүлэхийг уриалж байгаа юм.

Энэ үед тэрээр “Манай улсын Засгийн газрын гадаад өр 14 тэрбум ам.доллар байна гэсэн нь худлаа байсан ба оны эхний гурван сарын байдлаар Засгийн газрын гадаад өр 7.9 тэрбум ам.доллар байна. Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

2-р үе: Халз мэтгэлцээн

Асуулт: Шинжлэх ухаан, инновацын судалгааны төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Мэтгэлцэгч тал: Монголын Социал Демократ намаас 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч А.Эрдэнэбилэг

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд манай намын зүгээс үндсэн гурван асуудал дэвшүүлж байгаа.

1-рт, аливаа шинжлэх ухаан бизнестэйгээ хамтран ажиллаж байж инноваци бий болдог жамтай. Инноваци нь шинжлэх ухааны мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг хэлж буй. Зөвхөн нэг шинжлэх ухааны нээлт хийснээ инноваци гэж хэлж болохгүй.
2-рт, мөрийн хөтөлбөртөө бид бүсчилсэн хөгжлийн зургаан бүс тус бүр дээр Инновацын төвүүдийг байгуулна гэсэн заалт оруулсан.
3-рт, Төр нь бизнесийн байгууулагуудтай хамтран сан байгуулж, тэрхүү хөрөнгийг шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний төслүүд рүү хөрөнгө оруулна.

3-р үе: Иргэдийн асуулт

Асуулт: Манай эрдэмтэн судлаачид гадаадын томоохон их дээд сургуулиудад ихээр ажилладаг. Эдгээр хүмүүсийг эх оронруугаа яаж татах вэ?

Инновацыг зөвхөн судалгаа шинжилгээгээр харах нь явцуу бөгөөд үүнд зайлшгүй бизнесийн салбарыг ярих шаардлагатай болно. Ер нь бизнесийг оролцоог нэмэгдүүлж санхүүжилтийг босгох энэ арга барил олон улсад ч хэрэгждэг. Жишээ нь, Google компанийн үүсгэн байгуулагчид өөрсдөө шинжлэх ухаан, технологийн сандаа хандив өгч тасралтгүй хөгжих нөхцөлийг бүрдүүлдэг байх жишээтэй. Манай нөхцөлд уул уурхайн томоохон компаниуд инновацын салбартаа хөрөнгө оруулах боломжтой гэж харж байна. Ингэж санхүүжилт босгосноор гаднын улс оронд ажиллаж байгаа хүмүүсээ эргүүлэн татах, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх боломжтой болно. Гол асуудал нь үнэлэхгүй, дэмжихгүй, амьдрах орчинг бүрдэхгүйд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ салбарын мэргэжилтнүүдийн цалин хөлсийг 5000-10000 ам.долларт хүргэх хэрэгтэй.

4-р үе: Халз мэтгэлцээн

Асуулт: Технологи, инновацын салбарыг хөгжүүлэхийн тулд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх вэ?

Мэтгэлцэгч тал: Монгол Ардын намаас жагсаалтын 47-д нэр дэвшигч Н.Жавхлан

Инноваци технологийг хөгжүүлэхэд төрөөс зайлшгүй оролцоотой байх ёстой. Төр, хувийн хэвшил, бизнес, шинжлэх ухаан бүгдээрээ цогцоороо байж гэмээнэ инновацийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан дангаараа инновацийг бий болгох боломжгүй. Манай улсын өнөөгийн нөхцөл байдал яг энэ холбоосыг бий болгоогүй алдаанаас үүссэн.

Тиймээс “Шинжлэх ухаан, технологийн парк”-ийг нэн даруй барих ёстой. Шинжлэх ухаан бол манай улсын тархи гэсэн үг. Энэ тархийг бид бизнесийн орчиндоо ашиглах учиртай.

5-р үе: Хаалтын илтгэл

Улс орны хөгжлийг хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, түүнд шингээсэн инновац тодорхойлдог. Гэтэл экспортынх нь 87 хувь нь түүхий эдээр гадагшилдаг манай улсад одоог хүртэл үйлдвэрлэл хангалттай хэмжээнд хөгжөөгүй л байна. Гэхдээ бидэнд төлөвлөгөө, гарц гаргалгаа бий.

Шинжлэх ухаан, инновацаар дамжуулан эдийн засгаа 100 дахин, багадаа 10 дахин нэмэгдүүлэх боломж бидэнд байна. Тэгэхээр зарим шийдлүүдээсээ танилцуулъя. Нэгдүгээрт, энэ салбарт ДНБ-ий 2-5 хувийн санхүүжилтийг олгоно, зургаан бүсийн хэмжээнд бүс бүрийн онцлог соёлтой нийцсэн шинжлэх ухааны парк байгуулна.

Манай улс соёл, газар нутаг, зан заншлын асар өргөн нөөц бололцоотой. Үүнийгээ ашиглан мал аж ахуй, эмийн ургамлын тариалалтуудаар биотехнологийг хөгжүүлнэ. Мөн бид төмөр, төмрийн хүдрээр арвин нөөцтэй. Иймд гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, барилгын салбар дахь арамартурын хэрэгцээг 100 хувь дотоодоос хангаж ажиллана. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараар дамжуулан улсын төсөвт 100,100 сая ам.долларыг олох боломж бүрэн байна. Итали улсын дуурийн театр үүний нэг жишээ. Энэ мэтээр бид төрөл бүрийн салбарын хөгжлийг инновацаар дэмжиж, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх болно.


Монголын Социал Демократ намаас 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч А.Эрдэнэбилэг

1-р үе: Нээлттэй индэр

Хүн бүр л сонссон байх, МУИС-ийн химийн ангийг гуравхан хүүхэд төгссөн гэх харамсалтай мэдээг. Математик, физик ч ялгаагүй маш цөөн оюунтантай байсан. Энэ бол эмгэнэл л дээ. Улсын хөгжил суурь шинжлэх ухаанаасаа хамаардаг юм. Математик, хими, физик бол шинжлэх ухааны бас хөгжлийн суурь. Гэтэл өнөөдөр хуульч, эдийн засагч тэргүүтэй нийгмийн шинжлэх ухаанруу бүгд шуурч байна. Мэдээж буруутгаж үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ суурь шинжлэх ухаанаа орхиж хөгжинө гэж байхгүй ээ.

Мөн хувь хүнийхээ хувь Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнг татан буулгаж, энэ салбарыг дутуу үнэлснийг эсэргүүцдэг. Тиймдээ ч бид энэ чиглэлд анхаарч ажиллах болно.

2-р үе: Халз мэтгэлцээн

Асуулт: Шинжлэх ухаан, инновацын судалгааны төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Мэтгэлцэгч тал: Үнэн ба зөв намаас жагсаалтын 14-т нэр дэвшигч С.Майцэцэг

Манай улсын хувьд цахим хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэж байгаа гэх судалгаа бий. Гол асуудал нь одоогийн дунд сургуулийн боловсролын хөтөлбөр нь ердөө компьютерийг хэрхэн асааж, унтраах вэ гэдэг ядмагхан хүрээнд л хязгаарлагдаж байна. Асар хурдтай хөгжиж байгаа мэдээллийн технологийн боловсролыг бид хүүхдүүддээ дунд сургуульд байхаас нь зааж эхлэхгүй бол дэлхий дахины уралдаанд хойно нь хоцрох аюултай. Тиймээс манай намын зүгээс код бичих зэрэг мэдээллийн технологийн боловсролыг бүх сургуулийн насны хүүхдүүдэд 3,4-р ангиас нь заах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Бусад улс оронд энэ ажил хэдийнээ эхэлчихсэн. Энэ салбарт ажиллах, үнэ цэн бүтээх ажилтнуудаа эртнээс бэлдэхгүй бол үр дүн гарахгүй.

3-р үе: Иргэдийн асуулт

Асуулт: Манай эрдэмтэн судлаачид гадаадын томоохон их дээд сургуулиудад ихээр ажилладаг. Эдгээр хүмүүсийг эх оронруугаа яаж татах вэ?

Эрдэмтдийн хажууд өссөн хүний хувьд тэдний сэтгэлийг татах зүйл мөнгө биш гэдгийг мэднэ. Хамгийн гол нь тэдэнд орчин үеийн жишигт нийцсэн лаборатори, дарамтгүй ажлын орчин, өндөр технологиор тоноглогдсон шинжлэх ухааны парк байх хэрэгтэй. Бид орчныг нь бүрдүүлж өгөхгүй байж яаж ганц цалингаар татах вэ? Ажлын орчны асуудал л байгаа, үүнд цалин ерөөс чухал биш.

4-р үе: Халз мэтгэлцээн

Асуулт: Технологийн парк, инкубаторуудын экосистемийг хэрхэн хөгжүүлэх вэ?

Мэтгэлцэгч тал: Үндэсний эвслээс жагсаалтын 10-т нэр дэвшигч Ц.Байгалмаа

Монголын лабораторийн дүгнэлтийг олон улсад хүлээн зөвшөөрдөггүй. Энэ асуудлаас үүдэж манай үйлдвэрлэгчид олон улсад бүтээгдэхүүнээ экспортонд гаргах гэхээр бэрхшээл тулгардаг. Ийм нөхцөлд гадаадаас бэлтгэгдсэн инженер, эрдэмтдээ эх орондоо авчрах боломжгүй. Тэдний ажиллах орчин, нөхцөл энд байхгүй байна шүү дээ.

5-р үе: Хаалтын илтгэл

Социализмын жилүүдэд манай улсад “Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн” хэмээх нэртэй, зөвхөн сурах бичиг зохиодог хүрээлэн, эрдэмтэд байлаа. Гэвч ардчилал гарснаар энэ хүрээлэнгийн үйл ажиллагаа зогсож, хаа хамаагүй хүмүүс сурах бичиг зохиодог болсон. Улмаар “Сурган хүмүүүжүүлэх ухаан” гэдэг шинжлэх ухаан устаж үгүй болсон.

Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхийн тулд мэргэжилтнүүд юун түрүүнд шаардлагатай. Гэтэл өнөөгийн Монголд химич, физикч, матетамикч алга. Ийм байхад яаж Монгол Улс хөгжих юм бэ?


Монгол Ардын намаас жагсаалтын 47-д нэр дэвшигч Н.Жавхлан

1-р үе: Нээлттэй индэр

Цаг давчуу байгаа тул энэ сэдэв дээр МАН-ын мөрийн хөтөлбөрөөс хоёр л зүйлийг онцлон ярья.

Нэгдүгээрт, бид өнгөрсөн хугацаанд цаасан дээр байсан хүнд суртлыг халж чадсан. Тодруулбал, цахим үйлчилгээ, цахим технологийг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой 109 хуульд өөрчлөлт оруулж, энэ төрлийн хэрэглээг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон өөрчлөлтийг хийсэн байна. Энэ бол И-Монголиа. Одоо энэ платформд 86 байгууллагын 1200 гаруй үйлчилгээ орж, хүн амын 73 хувь нь үйлчлүүлдэг болсон байна. Энэ бол суурь өөрчлөлт болсон.

Хоёрдугаарт, бид цаашид мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой венч хөрөнгө оруулалтыг тогтолцоог хөгжүүлнэ. Энэ бол хэдийн эхлээд явж буй ажил. 2021 онд СЗХ дээр хийгдсэн Sandbox-ын орчин бол зохицуулалт хийхэд ойлгомжгүй байгаа талбарт тест хийх талбар бөгөөд энэ зорилгыг нэг бүрдэл нь. Энэ мэт сайн туршлагууд хэдийн үүсээд явж байна.

2-р үе: Халз мэтгэлцээн

Асуулт: Шинжлэх ухааны академийн үйл ажиллагааг цаашид ямар байдлаар авч явах вэ?

Мэтгэлцэгч тал: Ардчилсан намаас жагсаалтын 25-д нэр дэвшигч Э.Энхпүрэв

Өнгөрсөн хугацаанд бид ДНБ ийн 0.1 хувийг бид шинжлэх ухаанд зарцуулсан. Гэхдээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд зарцуулсан мөнгөний хэмжээ ихэссэн гэдгийг дурдах нь зүй. МАН намын мөрийн хөтөлбөрт шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор Судалгааны Их сургууль байгуулж, улмаар Их сургууль болон Шинжлэх ухааны академи хамтран үйл ажиллагаа явуулах талаар төлөвлөсөн.

Зарим хүмүүс Шинжлэх ухааны академи хичээл зааж эхлэх юм уу? гэж буруугаар ойлгож магадгүй. Энэ шийдвэрийн хүрээнд Их сургууль нь судалгаа хийх, мэдлэгжүүлэх ажлаа хийж, харин академи нь Research and Development буюу шинэ бүтээгдэхүүн, оновчтой санаа гаргах тал дээр төвлөрөн ажиллах юм. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд АШУҮИС-ийн дэргэд байгуулагдсан эмнэлэг бол энэхүү төлөвлөгөө бодитоор хэрэгжиж болох сайн жишиг юм.

3-р үе: Иргэдийн асуулт

Асуулт: Манай эрдэмтэн судлаачид гадаадын томоохон их дээд сургуулиудад ихээр ажилладаг. Эдгээр хүмүүсийг эх оронруугаа яаж татах вэ?

МАН-ын хувьд жагсаалтын эхний 10 нэр дэвшигчдээрээ дамжуулан энэ асуултад хариулсан байх гэж бодож байна. Бид аль болох олон улсад ажиллаж буй мэргэжилтнүүдээ эх оронд нь татахыг, ажиллах нөхцөл бүрдүүлэхийг хичээдэг. Үүнээс гадна мөрийн хөтөлбөрт маань нэг онцлог заалт байгаа нь эрдэмтэн, мэргэжилтнүүдээ бүтэн гэр бүлээр нь авч ирж чадахгүй гэхэд зочин профессороор урьж болно гэж үзсэн явдал. Ерөөс энэ бүх зорилгуудаа үг биш үйлдлээрээ харуулахаар хичээж байгаагийн илрэл нь юм. Тэгэхээр УИХ-д, манай төрд бодлого боловсруулагчид гарч ирэх ёстой, хэрэгцээ ч их байна. Иймд мэтгэлцээний дараагийн үеүд дээр нэр дэвшигчдээ бодлого ярьж, зорилго зорилтуудаа хэрхэн үйл хэрэг болгож буйгаа ярихыг хүсэж байна.

4-р үе: Халз мэтгэлцээн

Асуулт: Технологи, инновацын салбарыг хөгжүүлэхийн тулд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх вэ?

Мэтгэлцэгч тал: Үнэн ба зөв намаас жагсаалтын 14-т нэр дэвшигч С.Майцэцэг

Ман мөрийн хөтөлбөртөө ЕБС, Их дээд сургуулийн түвшинд суралцах чадавхийг нэмэгдүүлнэ гэдэг заалтыг оруулсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаад авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцсэний дүнд төсвийн орлого сайжирсан. Энэ жилийн хувьд боловсролын салбарт төсөвлөсөн төсөв 4.2 их наяд байгаа. Энэ төсвөөс 10 хувийг нь лаборатори байгуулахад зарцуулна.

5-р үе: Хаалтын илтгэл

Бидэнд асуудал байгаа ч нэг зүйлийг дурдахыг хүсэж байна. Олон улсад ICT development index гэж үнэлгээ бий. 2023 оны судалгаанд нь Монгол улс 85.9 хувийн үнэлгээтэй байсан бол дэлхийн дундаж 72.8 хувьтай байгаа юм. Тэгэхээр бидэнд дэлхийн дунджыг даван гарах нөөц бололцоо байна. Нөгөө талаасаа энэ бол сүүлийн гурван жилийн ажлын үр дүн.

Бид цаашид технологийн орчныг дараах гурван зүйлээр дамжуулан дэмжинэ. Нэгдүгээрт, холболтын хүртээмжийг нээх, хоёрдугаарт ур чадварыг хөгжүүлэх, гуравдугаарт аюулгүй байдлыг сайжруулах. Дараа нь Sandbox шиг виртуал орчин дахь зохион байгуулалт, зохицуулалтыг сайжруулахад анхаарах болно. Бидэнд энэ бүхнийг хийж үзсэн туршлага, сургамж, төлөвлөгөө бүгд байна.

Цаашлаад үндэсний хэмжээнд томоохон хиймэл дагуултай болох зорилтуудыг тавьж байгаа. Монгол улсын нутаг дэвсгэрийн 25 орчим хувь нь сүлжээнд холбогдсон байгаа, үүнийг 65 хувьд хүргэхийн тулд 32 мянган бааз станц хэрэгтэй, үүнийг ажиллуулъя гэж бодоход л 12 тэрбумын хөрөнгө хэрэгтэй болно. Тэгэхээр энэ боломж тун хязгаарлагдмал нь ойлгомжтой. Үүнд бид технологи, инновацыг бий болгох суурь шийдлүүдийг оруулж ирээд, эрдэмтэд өөрсдөө салбарын бодлогоо боловсруулах Sandbox-ын орчинг бэлтгэж өгнө.