Өнгөрсөн онд манай редакц 500 гаруй нийтлэл бүтээжээ. Олон улсад нэрээ цуурайтуулж буй уран бүтээлч, Улаанбаатар хотын нэгэн асуудлыг технологиор шийдсэн Орос залуу, Эверестийн оргилыг эзэлсэн монгол уулчид гээд урам зориг сэргээсэн, ухаарал дагуулсан олон түүхийг өгүүлсэн байна.
Үүгээр ч зогсохгүй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, цахилгаан автомашин, ном, дарс, шинэ жил, цагаан сар гээд утга учиртай олон сэдвийг хөндөж, чанартай мэдээллийг царайлаг дизайнаар чимж уншигчдадаа хүргэжээ.
Улиран одож буй 2023 оноо дүгнэн манай редакцыг чимсэн, уншигчдад хамгийн их хүрсэн 23 нийтлэлийг хуваалцаж байна.

1. Сар шинийн баяр бидний нүдээр: Уламжлал шинэчлэлийн огтлолцол
Бид бүх нийтлэлдээ нийгмийн олон талын үзэл бодол, мэдлэг туршлагыг багтаахыг зорьдог. Уншигчдад зочин бүртэй биечлэн уулзаж буй мэдрэмж төрүүлэхийн тулд зураг, бичвэр, яриа, дүрслэл гэсэн олон хэлбэрийг агуулсан энэхүү нийтлэлээ онцолж байна.
Бүрэн нийтлэлийг унших

2. Цахилгаан автомашины тухай таны мэдэх ёстой бүхнийг а-я үсгэнд
А-Я тайлбарлах нь булангаар дамжуулан аливаа сэдвийг хялбар, зугаатай, цогц хэлбэрээр хүргэдэг. Учир нь уншиж ойлгоход хүнд, төвөгтэй ямар ч агуулгыг зөв хэлбэрээр буулгаж чадвал уншигчид илүү ихийг богино хугацаанд хүлээн авч, ойлгож чадна гэдэгт итгэдэг. Агаарын бохирдол, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, тогтвортой амьдралын түлхүүр болсон цахилгаан автомашины тухай А-Я үсгэнд багтаан бичих явцдаа бид өөрсдөө ч уг сэдэвт дурлаж байлаа.
Бүрэн нийтлэлийг унших

3. яг одоо үзэх 20 дугаар зууны шилдэг 100 монгол кино
Unread-ийн редакц богино бичвэр, бичлэгүүдэд татагдах болсон өнөө цаг үед ул суурьтай сэтгэх, шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлэхэд туслах урт бичвэрүүд ихээхэн хэрэгтэй гэдэгт бүрэн итгэдэг. Энэ ч утгаараа бид "100 жагсаалт"-уудыг багаараа хүч гарган боловсруулдаг билээ. Эдгээрийн нэг нь "20 дугаар зууны 100 монгол кино" жагсаалтаа онцоллоо. Уг жагсаалтаар дамжуулан бид дотоодын кино урлагийн салбарын хөгжил хийгээд өөрсдөө дутуу үнэлдэг сан хөмрөг маань ямар арвин болохыг харуулахыг зорьсон билээ.
Бүрэн нийтлэлийг унших

4. Вино 101 + Монголчуудын виноны соёл хэзээнээс эхлэлтэй вэ?
2023 оны "Зочин нийтлэлчийн булан"-гийнхаа онцлох нийтлэлээр Францын Парис хотод Sommelier буюу виноны мэргэжилтнээр ажилладаг Ө.Төрболдын бичсэн виноны талаарх хураангуй тайлбар болон Монголчуудын виноны соёлын талаарх бичвэрийг онцоллоо. Бие даасан соёл болтлоо хөгжсөн уг тансаг хэрэглээг ойлгож, шимтэн таашаахад уг нийтлэл гарцаагүй тусална.
Бүрэн нийтлэлийг унших

5. Google Map-д автобусны маршрутыг оруулсан Александр Бакалов
Хөндөгдөөгүй түүх, яригдаагүй сэдвийг гаргаж ирэх нь бидний ажил. Тиймдээ ч өнгөрсөн жил Google Map-д автобусны маршрутыг оруулж, нийслэлчүүдэд нэгэн том тус хүргэсэн Александр Бакаловын түүхийг хуваалцсан нь олон хүнд хүрсэн юм.
Бүрэн нийтлэлийг унших

6. Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2023
2018 оноос хойш тасралтгүй нийтэлж буй “Улаанбаатарын хамгийн таатай оффис” буланд маань өдгөө 40 гаруй байгууллага, хамт олон оролцож ажлын соёлын сайн жишээ, санаа авууштай оффисын орчноо хуваалцсан байна. 2022 онд бид уг жагсаалтаа өргөжүүлэн “Улаанбаатарын таатай хотхон” цувралаа эхлүүлсэн ба 2024 ондоо ч улам бүр сайжруулан хүргэхээр ажиллаж байна.
Бүрэн нийтлэлийг унших

7. Үндэсний номын баяраас онцлох бүтээлүүд
Unread байгуулагдсан цагаасаа хойш “Номын тухай” буланг долоо хоног бүр тасралтгүй хөтөлж, энэ хүрээлэлд онцгой идэвхтэй байхыг анхаарч чухалчилсаар өнөөг хүрсэн билээ. Номын тухай, Номтой яриа, Юу уншив?, Номын баярын эргэн тойронд нийтлэлүүдээр маань дамжуулан мянга мянган уншигчид ямар ном сонгохоо төвөггүй шийдэж, шийдсээр ч байгаа гэдэгт эргэлздэггүй.
Бүрэн нийтлэлийг унших

8. Өвлийн цэцэрлэгээс зуны амтыг мэдэрсэн нь
Аливаа байгууллага тасралтгүй, тууштай үйл ажиллагаагаа явуулахад тэдний онцлог, ялгарлыг бүрнээ хүлээн зөвшөөрдөг харилцагчид чухал үүрэгтэй. Тэр ч утгаараа бид харилцагч, уншигчдадаа харилцан үнэ цэнтэй нийтлэл бүтээхийг, тухайн нийтлэлийнхээ хэлбэр, агуулгыг хамгийн оригинал, чанартай байлгахад сэтгэл оюунаа чилээдэг юм. 2019 онд анх хамтарч асан Sky Garden хотхоны өвлийн цэцэрлэг ийнхүү дөрвөн жилийн дараа биеллээ олж, үр дүнг нь сурвалжилсан нь бидний хувьд ч таатай, уншигчдын хувьд ч мэдүүштэй сэдэв байлаа.
Бүрэн нийтлэлийг унших

9. Таныг эрдмийн оргилд хүрэхэд гарцаагүй туслах 100 апп
Хичээлийн шинэ жилийг угтан “Таныг эрдмийн оргилд хүрэхэд гарцаагүй туслах 100 апп” нийтлэлээрээ өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй уншигчдадаа зориулж боловсролын 100 аппыг жагсаав. 10 биш, 50 биш, 100 шүү.
Бүрэн нийтлэлийг унших

10. Туршилт: Цахилгаан автомашин Улаанбаатарт тохиромжтой юу?
Өнгөрсөн онд Монголд цахилгаан автомашины айсуй давлагаа мэдрэгдэж эхэллээ. Олон брэндүүд албан ёсоор нэвтэрч, хэрэглэгчдэд сонголт хийх эрх чөлөө нэмэгдэж, хотын гудмаар нам дуутай, хээнцэр төрхтэй төмөр хүлгүүд давхилдах болов. Тэдгээр брэндүүдийн нэг болох BYD-тай өнгөрүүлсэн нэг өдрөө нийтлэл болгосон буулгасан юм.
Бүрэн нийтлэлийг унших

11. Нобель 2023-ийн эзэд: Хэн, яагаад?
2023 онд “Мэдүүштэй” буланд маань нийт 142 нийтлэл оржээ. Сонсууштай, анхаарууштай санаа, сэдвийг хүргэхийг зорьдог уг булангийнхаа нэгэн нийтлэлээр 2023 оны Нобелийн шагналтнуудыг танилцуулсан билээ.
Бүрэн нийтлэлийг унших

12. Утаснаас уяатай түүхүүд
Бид “10 ертөнц 10 өнцөг” булан хэзээд уншигчдын хайртай булан байх бололтой хэмээн өвөр зуураа ярилцдаг юм. Үнэхээр ч хөнгөн, хөгжилтэй түүхүүдийг нэг дор цуглуулах боломж бөгөөд оройн зай энэ буланд маань байдаг. Гар утаснаас эхлээд бүтэлгүйтлийн түүхээ хүртэл хуваалцах боломжтой эл буланд нэг л өдөр уншигч та ч зочноор уригдаж магадгүй шүү.
Бүрэн нийтлэлийг унших

13. би хэрхэн ажилладаг вэ?: Хэлбичгийн ухааны доктор, Монгол Хятадын Найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн, МУИС Күнзийн институтийн зөвлөх, орчуулагч М.Чимэдцэеэ
Манай редакцын нэрийн хуудас болсон “Би хэрхэн ажилладаг вэ?” буланд энэ жил 60 шинэ дугаар нийтлэгдэв. Тэдгээрээс Хэл бичгийн ухааны доктор М.Чимэдцэеэ гуайн ярилцлагыг онцоллоо. Салбартаа түүчээлэгчдийн ажлын арга барил, амьдралын ухааныг өгүүлэх энэхүү булан 2024 онд ч үргэлжилж, олно эрхмүүдтэй уншигч таныг уулзуулах болно.
Бүрэн нийтлэлийг унших

14. өртөөлөгчид: Н.Баярмаа- Тайзны урд гялалзах хувь заяаны эзэн
Зураг авалт талаасаа хамгийн “царайлаг” бас “хүнд” булан бол гарцаагүй Өртөөлөгч. Энэ булангаар бид гол дүрийнхээ түүхийг гэрэл сүүдэр, үг өгүүлбэрийн тусламжтай хүүрнэн өгүүлдэг юм. Жүжигчин Н.Баярмаагийн “Тайзны урд гялалзах хувь заяаны эзэн” нийтлэл бол 2023 оны урдаа барих хөрөг нийтлэл эргэлзээгүй мөн.
Бүрэн нийтлэлийг унших

15. онцлох бизнес: ОНОШМЕД лаборатори - Дэлхийн стандарт, баталгаажсан чанар, шилдэг технологи
2023 онд Unread нийт 43 бизнесийг уншигчдад танилцуулжээ. Бизнес бүрийн ард өрнөх түүх, сорилт бэрхшээл, сэдэл ялгарлыг хуваалцахдаа бид үргэлж тус нийтлэлээ тухайн хамт олны түүхийн нэгэн архив, хожим “ийм байж” хэмээн дурсах нэгэн дурсамж байгаасай хэмээн хүсдэг билээ.
Бүрэн нийтлэлийг унших

16. Tesla-ийн анхны Монгол инженер Жавхлангийн “журнал”
Бид утга учиртай санаа түгээхийн тулд цаг үеэ мэдрэн, ярилцлагын шинэлэг хэлбэрүүдийг нэвтрүүлэхийг ямагт зорьдог. Уг зорилгынхоо хүрээнд 2023 онд зочныхоо нэгэн өдрийг цаг бүрээр нь хүүрнэдэг Журнал буланг эхлүүллээ. Теслагийн анхны Монгол инженер Жавхлангийн журналтай танилцаарай.
Бүрэн нийтлэлийг унших

17. Бэлгийн хөтөч: Шинэ жилийн ид шидийг түгээх 100 бэлэг
Бэлгийн хөтөч цуврал нийтлэл өнгө төрхөө шинэчилж, агуулгаа нэмэгдүүлж, шинэ оны баярын уур амьсгалыг түгээх 100 бэлгийн санааг уншигчдадаа хүргэв. Энэ онд таван удаагийн бэлгийн хөтөч нийтлэл орох бөгөөд эдгээр нийтлэл манай редакцын хувьд хамгийн баяр баясалтай бүтээдэг контентуудын нэг нь билээ.
Бүрэн нийтлэлийг унших

18. Атаархлын жагсаалт: 2023 оны онцлох нийтлэлүүд
Бусдын хийж буй зүйлийг эхлээд гайхан биширч, дараа нь даган дуурайж, эцэстээ өөрөө бүтээдэг нь хорвоогийн бичигдээгүй хууль. Хэвлэл мэдээллийн салбарт туйлын их хөл хөдөлгөөн болсон энэ жилийн төгсгөлд “Атаархлын жагсаалт” нийтлэлээ гаргаж мэргэжил нэгтнүүдийнхээ бүтээлүүдийг онцлов.
Бүрэн нийтлэлийг унших

19. 2023 оны онцлох үйл явдлууд
Он оны сүүлч, арванхоёрдугаар сард редакц бүр “Онцлох”-уудаа тодруулдаг. Тэр дундаас 2015 оноос хойш нэг ч удаа тасраагүй “7 хоногийн тойм” булангийн дүгнэлт нийтлэл уншигчдад маань тэр хэмжээгээрээ үнэ цэнтэй, утга учиртай байдаг гэдэгт эргэлзэхгүй байна.
Бүрэн нийтлэлийг унших

20. "Stolen Focus"- Бид яагаад анхаарлаа төвлөрүүлж чадахаа больсон бэ?
Аливаа нийтлэл уншигчдадаа мэдлэг мэдээлэл өгөхийн ялдамд гоо зүйн таашаалыг мэдрүүлдэг байвал нэн сайн. 2023 онд “Бүх нийтлэлдээ энэ зарчмыг барьсан” хэмээн даваадуулан дуугарахгүй ч Unread үүний төлөө хичээдгийг энэхүү номын тухай нийтлэлээс харж болно.
Бүрэн нийтлэлийг унших

21. Дэлхийн зулай өөд тэмүүлсэн аялал: Эверестийн оргилд гарсан монгол уулчдын түүх
Түүх өгүүлэх аль ч цаг үед хамгийн эрэлттэй, хамгийн сонирхолтой, хамгийн өгөөжтэй бичвэрийн төрөлд ордог. Тэсвэр хатуужил, адал явдлын бодит жишээ болох Эверестийн оргилыг эзэлсэн монгол уулчдынхаа нүсэр аяллыг энэхүү нийтлэлдээ багтаасан юм.
Бүрэн нийтлэлийг унших

22. Долоодугаар сард автомашины ертөнцөд юу болов? + Goodwood-ийн тусгай дугаар
Нэг цэгээс нөгөөд хүрнэ гэдэг хүн төрөлхтний түүхийн салшгүй нэг хэсэг байсаар иржээ. Энэ л хөдөлгөөнийг дагаж хөгжил дэвшил өрнөдөг. Тиймдээ ч бид энэ жилээс тээврийн хэрэгсэл, тэр дундаа автомашинтай холбоотой агуулгуудыг түлхүү хүргэх болов. Тэдний дундаас долоодугаар сарын автомашины ертөнцийг хураангуйлсан нийтлэлээ онцоллоо.
Бүрэн нийтлэлийг унших

23. Хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нь
Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран бэлтгэдэг 2030 цахим товхимолдоо бид НҮБ-ын 17 зорилгын хүрээнд нийгмийн олон талт сэдвийг хамруулан авч үздэг. 2023 онд гаргасан 25 дугаараас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн тухай дурдсан уг нийтлэлээ онцолж байна.
Бүрэн нийтлэлийг унших

2024 онд илүү олон үнэ цэнтэй нийтлэлээр уулзацгаая.

Сэтгэгдэл бичих

