Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахтай зэрэгцэн манай редакцын зүгээс “Unread Wrapped” нэрийн дор цуврал нийтлэлээ уншигчдадаа хүргэсээр байна. Өнөөдрийн нийтлэл бол Unread Media-ийн нэрийн хуудас болсон “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын булан. 2015 оноос хойш долоо хоног бүр тасралтгүй шинэ дугаараа хүргэсээр ирсэн тус буланд маань энэ онд төрөл бүрийн салбарын төлөөлөл болсон 47 зочин оролцсоноос бид шинэ оны эхний дугаартаа онцлох хариултуудыг түүвэрлэн бэлтгэлээ.
Шинэ ондоо илүү бүтээлчээр ажиллах, бизнес эхлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхээр төлөвлөж буй хэн бүхэнд эдгээр эрхмүүдийн туршлага, зөвлөгөө багахан ч болов тус болох биз ээ.

2025 оны бусад Unread Wrapped нийтлэлтэй танилцах:
Unread 100: Шинэ жилийн бэлгийн хөтөч 2025
Unread Wrapped 2025: Оны онцлох кинонууд
Unread Wrapped 2025: Оны онцлох стартапууд
Unread Wrapped: 2025 оныг түйвээсэн технологийн 25 үйл явдал

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Ub.life, “Гэрэг” сэтгүүлийн тоймч, сэтгүүлч Б.Энхцэцэг

Ирээдүйн мэргэжлээ сонгож байх эрэлд би өөрийгөө сэтгүүлчээр огт төсөөлж байгаагүй. Арван жилдээ ер нь дажгүй сурлагатай ч орос хэл, уран зохиол, монгол хэл, нийгмийн ухааны хичээлүүдээ илүү сонирхдог байлаа. Тэр үеийн мөрөөдөл Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд элсэн суралцах байсан юм л даа. Биднийг дунд сургуулиа төгсөх 1992 онд Монгол Улсын Их Сургуулийн харьяа Олон Улсын Харилцааны Дээд Сургууль хоёр дахь элсэлтээ авч байв. Тэгэхэд гадаад хэлээр элсэлтийн суурь шалгалтаа өгөхөөр бэлдэж байсан бараг бүх хүүхэд энэ сургуульд өрсөлдсөн байх. Би ч бас тэдний нэг.
Тийнхүү 1992-1996 онд Слав судлаач, гадаад харилцааны мэргэжилтнээр их сургуулийн боловсрол эзэмшсэн. Оюутны он жилүүд минь социализмаас ардчилалд дөнгөж шилжээд байх ороо бусгаа үе. Тухайн үед ойлгомжгүй олон нөхцөл тулгарсан, эмх замбараагүй байсан ч ирээдүйд юу ч болж мэдэхээр, би хэн ч байж болох тун сонирхолтой, залуу хүнд бол олзуурхам, ёстой л романтик цаг юм. Монгол Улсын түүхэн нөхцөл байдлыг олон улсын харилцааны нэн шинэ өрөг дээр харах боломж, хувьсан өөрчлөгдөж буй дэлхийг ойлгох системтэй мэдлэгийг тэр үед олж авсан маань хожмоо сэтгүүлчээр ажиллахад маш сайн суурь болсон юм билээ.
Дөнгөж их сургуулиа төгсөөд би Чех улсын консулын газарт хагас цагаар ажиллаж эхэлсэн. Оюутан байхдаа уртын дадлагаа Чехийн ЭСЯ-нд хийж байсан болохоор ажиллах боломж гарсан нь тэр. Тэгж явахдаа 1996 оны арваннэгдүгээр сард UBS телевизээс “Өнөөдөр сонинд утга зохиолын ажилтан авна” гэх ажлын зарыг олж хараад залгасан юм. Тэд сэтгүүлч, сурвалжлагч хайж байгаа бөгөөд заавал мэргэжлээрээ сурсан байх шаардлагагүй гэв. “Өнөөдөр” сонин надад юу хийж чадахаа харуулах гурван сарын хугацаа өгснөөр тэнд орчуулгын нийтлэл нийлүүлэх ажилтай боллоо.
Чехийн консулд чех хэл дээрх тогтмол хэвлэлүүд ирдэг нь орчуулах гол эх сурвалж минь болж, тухайн үед дэлхий даяар алдаршиж эхэлж байсан Celine Dion, Toni Braxton нарын ярилцлага, яг манайтай ижил улс төрийн сонголт хийсэн Чехэд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил хэрхэн өрнөж буй болон энэ сонгуулийн гол нэр Вацлав Хавелын тухай гээд гурван материал бэлдэж өгөв. Үр дүнд нь гурван сар намайг турших биш харин арваадхан хоногийн дотор үндсэн ажилтнаар авсан. Ингэж л би 1997 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Монголын анхны өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины гадаад мэдээний ажилтан болсон юм. Энэ цаг хугацаа зөвхөн бидний ч биш дэлхий ертөнцийн “романтик үе” байлаа. Олон улсын харилцааны нэн шинэ хуудаст улс төрийн олон шинэ лидер тодорч, дэлхий ертөнцөд өөрсдийн дүрмээ тогтоохоор өрсөлдөж байв. Монгол Улс хэнийг анзаарах, ямар халуун цэгийг ойлгох ёстой вэ гэдгийг уншигчдад хүргэхэд олон улсын харилцааны мэргэжил маань надад сайн түшиц болсон нь мэдээж.
2004 оноос сониныхоо Улс төрийн албанд сэтгүүлч, тоймч, албаны дарга зэргээр дэвшин ажилласан. Ц.Балдорж эрхлэгч тухайн үеийн хэвлэлийн хамгийн шилдэг сэхээтнүүдээр багаа бүрдүүлж чадсан, үнэхээр харизмтай удирдагч байлаа. Би тэнд 20 жил ажиллахдаа Б.Пүрэвдаш, Б.Лигдэн, Б.Монхоо, А.Мягмаржав, С.Батбаатар, Л.Болормаа зэрэг сайн редакторуудын ачаар мэргэжлийн талбарт тэнцэж үлдэх амбицтай болж чадсан юм.
Одоогийн ажиллаж буй Ub.life, “Гэрэг” сэтгүүлтэй хэрхэн холбогдсон бэ гэвэл "Өнөөдөр" сонины 1-р орлогч эрхлэгчээр ажиллаж байсан С.Батбаатар надад санал тавьж байв. Сониноосоо гараад сэтгүүл эрхлэн гаргаж байсан үе нь л дээ. Удахгүй контент үйлдвэрлэдэг вэбсайттай болох тухайгаа ч хэлж байлаа. Тэгээд би саналыг нь хүлээн авч, 2016 оны хоёрдугаар сараас хойш Ub.life, “Гэрэг” сэтгүүлд тоймч, сэтгүүлчээр ажиллаж байна.
Дэлгэрэнгүйг: “Би хэрхэн ажилладаг вэ?” - Ub.life, “Гэрэг” сэтгүүлийн тоймч, сэтгүүлч Б.Энхцэцэг
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
KMG Creative Group-ийн Гүйцэтгэх захирал Т.Энхбаясгалан

Надад нэг хэвийн өдөр гэж байдаггүй. Урьд нь өглөө босоод сошиал медиа нээж, зурагт асаан өдрийг эхлүүлдэг байсан бол сүүлийн долоон жил мэдээлэл авах эх үүсвэрээ өөрчилж, интернэт хэрэглээгээ бууруулаад зогсохгүй гэртээ зурагтгүй айл болсон.
Ерөнхийдөө өглөө сэрээд гар утсан дээрээ BBC Radio асаадаг дадалтай. Телевиз болон сошиал хэрэглээг бүрэн орлуулж байгаа. Радио сонсох нь анхаарал төвлөрүүлж, мэдээллийг эмх цэгцтэй авахад туслахаас гадна телевиз, сошиал платформууд шиг донтуулдаггүй. Одоогоор сошиал хаягуудаа долоо хоногт нэг удаа шалгаж, хүмүүст хариу захидал илгээн, сард нэг удаа аав, ээжийндээ очихдоо зурагт үзэж байна.
TEDx-ээс үзсэн зөвлөгөөний дагуу мэдээллийн эх үүсвэрээ солих туршилтыг 2018 онд хийсэн юм. Үүнээс хүний амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөж болдгийг анзаарсан. Сүүлийн нэг жил гэхэд л Сингапурын гол мэдээллийн суваг болох CNA Radio түлхүү сонсож байна. Энэ телевиз, радио нь Ази Номхон далайн орнуудад тулгамдаж буй асуудлуудыг илүү бодитой, ойроос харах боломжийг олгож, Монголтой төстэй улсууд эдийн засгийн сорилтоо хэрхэн даван туулж байгааг харуулдаг. Гадаад мэдээний эх сурвалжууд монголчууд бидэнд суралцах зүйлс маш их байгааг өглөө бүр сануулдаг юм.
Миний өдрийн ерөнхий хэмнэлийг тоймлон авч үзвэл, өглөө 06:30 орчимд босож радиогоо асаана. Дараа нь 09:00-13:00 цагийн хооронд стратегийн уулзалт, салбар компаниудын үйл ажиллагаатай холбоотой зөвлөлдөх ажлууддаа онлайнаар оролцдог. Улаанбаатар хот дотроо түгжрэлтэй, машины зогсоолын хүрэлцээ багатай, гадагшаа нислэг цөөхөн, өртөг өндөртэй учраас онлайн уулзалтууд миний хамгийн үр дүнтэй хурлын шийдэл гэх үү дээ. Биечлэн хийх уулзалттай тохиолдолд 14:00-16:00 хооронд хийдэг. Оройн цагаар илүү бүтээлч ажлууд дээрээ төвлөрдөг юм. Миний хувьд хамгийн чухал нь тухайн өдрийг судалгаа хийж, төвлөрч бодох цаг өөртөө гаргах явдал.
Дэлгэрэнгүйг: “Би хэрхэн ажилладаг вэ?” - KMG Creative Group-ийн Гүйцэтгэх захирал Т.Энхбаясгалан
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ ХАУ?
Кино найруулагч Ж.Сэнгэдорж

Кино бүтээх нь нэг талаасаа математик гэж хэлэхэд буруудахгүй. Тиймээс бүх ажил нь төлөвлөгөөний дагуу, яг Excel-ийн програм шиг л явагддаг. Бүх ажлын нарийн төлөвлөгөөгөө нэг бүрчлэн гаргасныхаа дараа буюу кино цаасан дээр бүрэн дууссаны дараа л мотор дуугардаг.
Хөндлөнгөөс хүн харахад нэг их хурдан, амархан зураг авалт явагдаад байгаа мэт харагдаж болох ч гэлээ энэ нь өөрөө маш сайн төлөвлөснийг л харуулж байгаа хэрэг. Тийм болохоор би залуучууддаа “маш сайн төлөвлө, кино гэдэг зураг авалтаар дуусдаг юм биш, харин эхлээд цаасан дээр 100 хувь дуусдаг ажил. Зураг авалт бол зүгээр гүйцэтгэлийн ажил гэж л ойлгоорой” гэж хэлдэг юм.
Дэлгэрэнгүйг: “Би хэрхэн ажилладаг вэ?” - Кино найруулагч Ж.Сэнгэдорж
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Esportsnews.mn-ий Үүсгэн байгуулагч Ю.Ариунзаяат

Байнгын хэрэглэдэг апп гэвэл эрүүл мэнд, бясалгалын Headspace. Энэ апп нь бясалгалаас гадна шөнө нойр хүрэхгүй байгаа бол сонсох хөгжим, бүх төрлийн тайвшруулах дасгал, подкастуудтай. Нэмж хэлэхэд, бясалгалыг зааж байгаа, подкастаар ярьж байгаа хүмүүс нь англи хэлний бүх төрлийн аялгатай тул англи хэл сурах гэж байгаа хүмүүст ч их хэрэгтэй байх болов уу.
Утас, компьютер, чихэвч гурав бол миний байнга авч явдаг зүйлс. Уух усаа мартчихвал “за яахав” гэж боддог атлаа энэ гурвыгаа мартчихвал заавал буцах шаардлагатай болдог. Ухаалаг утас гэдэг гайхалтай зүйл юм. Мэдээлэл авах бас өгөх хэрэгсэл, сонин сэтгүүл, зургийн аппарат, ном дэвтэр гээд л асар олон зүйлийг орлож байна. Ташрамд дурдахад, утас заавал сүүлийн үеийнх байх албагүй шүү. Чиний хэрэгцээг хангадаг, хангалттай багтаамжтай, гол нь чи өөрөө утсаараа хийх боломжтой үйлдлүүдийн ядаж тал хувийг нь ягштал мэддэг байхад л болно.
Мөн Kindle-ээ байнга чирч явна. Сүүлд ном бичиж байхдаа нэг юм анзаарсан нь Kindle-ээр ном уншаад байхаар номын хавтас, хавтасны зургийг ерөөсөө санадаггүй юм байна лээ.
Дэлгэрэнгүйг: “Би хэрхэн ажилладаг вэ?” - Esportsnews.mn-ий Үүсгэн байгуулагч Ю.Ариунзаяат
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Чингис хаан Үндэсний музейн ахлах тайлбарлагч О.Энхцолмон

Монголд цөөнгүй музей үйл ажиллагаагаа явуулж байна. Чингис Хаан музей бол отгон музей гэдгээрээ, тэр дундаа дэлхийн түүхэнд өөрсдийнхөө түүхийг үлдээж чадсан нүүдэлчдийн түүхийг сурталчилж байгаа гэдгээрээ онцлог. Дэлхийн хүн төрөлхтний дийлэнх нь Монголд айлчилж ирээд Монголчуудын түүхийг Эзэн богд Чингис хаанаар төсөөлдөг байсан бол их хаанаас өмнө ямар хаад ноёд амьдарч байсан, угсаа гарал, уламжлалаа тэд хэрхэн хадгалж ирсэн цогц түүхийг бид өгөхийг хичээдэг.
Тийм ч учраас манай музейг зорьж ирж буй зочид төлөөлөгчид тодорхой хэмжээний цагийн баримжаатай ирж байгаа. Тэр хугацаанд нь тааруулж цаг хугацаагаа төлөвлөнө, нөгөөтээгүүр ямар онцлогтой зочид ирж байгааг харгалзан аль үзвэрүүдийг түрүүлж үзүүлэх үү гэдгийг тайлбарлагч өөрөө шийдэх байдлаар аль болох цагаа хэмнэхийг хичээдэг. Музейн 3-9 давхарт нийтдээ 7 танхим ажиллаж байгаа бөгөөд үзвэр бүрийн булан тохой болгоныг нарийн тайлбарлахад нэг өдөр ч хангалтгүй. Тиймээс товч, тодорхой тайлбар, ухаалаг маршрутаар зочдын цагийг үр дүнтэй зарцуулж, музейн гол үзмэрүүдийг оновчтой хүргэхийг чухалчилдаг.
Дэлгэрэнгүйг: “Би хэрхэн ажилладаг вэ?” - Чингис хаан Үндэсний музейн ахлах тайлбарлагч О.Энхцолмон

Ташрамд дурдахад Unread-ийн хамт олон редакцынхаа арван жилийн ойг угтаж, арван жилийн турш үл тасарсан "Би хэрхэн ажилладаг вэ" цувралын ярилцлагуудаа ном болгон хэвлүүлсэн билээ. Үүнээс 500 гаруй мэргэжилтний ажлын арга, амьдралын зарчмыг уншиж, сонирхох боломжтой. Худалдаж авах бол ЭНД дараарай.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Уран бүтээлч Күранүки Торү

Аливаа уран бүтээлээ хийж дуустал ямар бүтээл төрөхийг нь мэддэггүй. Мэдээж бодож бясалгадаг ч нүдэндээ төсөөлж, төлөвлөдөггүй. Тиймдээ ч тухайн чулуугаар зурж эхлэхэд ямар дүрс, ямар зураас гарч ирэх бол гэдэг өөрт минь ч сонирхолтой байдаг. Эрж хайсан зүйлээ олж, өөр нэгэн шинэ зүйлийг бүтээх шиг санагддаг юм.
Хийх ажлаа төлөвлөхтэй холбогдуулан хуваалцахад Монголд ирээд монгол чулуугаар бүтээл туурвихаасаа өмнө бөөгөөр дамжуулан газар усны эздээс гуйж, зөвшөөрөл авсан. Монголчууд чулуунд их хүндэтгэлтэй ханддаг болохоор чулууг байрнаас нь хөдөлгөж болдоггүй зэргээс эхлэн олон соёлд хүндэтгэлтэй хандаж байгаа.
Дэлгэрэнгүйг: “Би хэрхэн ажилладаг вэ?” - Уран бүтээлч Күранүки Торү
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Gate сүлжээ рестораны үүсгэн байгуулагч П.Мөнхсайхан

Сагс: Оюутан цагаас хойш миний амьдралын хэв маягт үргэлж байсан зүйл бол сагсан бөмбөг.
Бишрэлт Металл багт ерөнхий менежерээр ажиллаж байв. Одоо бол албан ёсны үүрэг хариуцлага байхгүй ч тухайн багтай холбоотой ямар нэгэн ажилд идэвхтэй оролцдог, дэмжигч гэх үү дээ.
Аялал: Залуу байгаа дээрээ олсон хэдэн төгрөгөө сүртэй байшин барилга гэхээс илүүтэй аялалд л их зориулж байна. Аялах аялахдаа нэг бол гэр бүлээрээ эсвэл ажлын хамт олноороо. Одоогоор манайхаас 20 гаруй хүүхэд аялсан байна. Манайд нэгээс дээш жил ажиллавал аялах эрх нь үүсдэг бөгөөд ингэхдээ би өөрөө аяллын төлөвлөгөө гаргаж, хөтөчлөн хамт явдаг. Ер нь хэн ч сайн ажиллаж чадвал аялна гэсэн бичигдээгүй дүрэмтэй.
Хөгжим: Хоол, уух зүйлээсээ дутахааргүй ач холбогдол өгдөг зүйл бол хөгжим. Colors хамтлагийн Тогтуун, DJ Тэнүүн гэх мэт уран бүтээлчдэд төлбөр төлж, ресторанынхаа плэйлистийг хийлгэдэг. Ингээд нийт долоон хүний плэйлисттэй болчихвол меню гаргана. “Өнөөдөр мягмар гараг тул та DJ Тэнүүний мэдрэмжээр аялах болно” гэх мэт.
Дэлгэрэнгүйг: “Би хэрхэн ажилладаг вэ?” - Gate сүлжээ рестораны үүсгэн байгуулагч П.Мөнхсайхан
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган

Саяхнаас би монгол бичгээр хичээллэж эхэлсэн. Эртний монгол бичгийн нарийн нягт, үзэсгэлэнт дүрслэл нь надад тун онцгой санагддаг. Нөгөөтээгүүр, уран бичлэгээр хичээллэх нь тэвчээр, нямбай байдлыг шаарддаг нэг төрлийн бясалгал болохоор тайвшралыг мэдэрдэг юм. Энэ сонирхол маань гарцаагүй монгол соёлд улам гүнзгий шимтэн дурлаж, баялаг уламжлалыг нь бишрэн үнэлэх нэгэн арга болж байгаа.
Дэлгэрэнгүйг: “Би хэрхэн ажилладаг вэ?” - АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БОЛОН БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Mesmerism сувгийн хамтран үүсгэн байгуулагч Д.Ганцогт

Хамгийн том онцлог нь нэг удаа амьдарч байгаагийнх дуртай зүйлээ хийх боломж юм уу даа. Тиймдээ ч ядрах, шантрах мэдрэмжгүй өнөөг хүртэл ажилласаар байна. Нөгөөтээгүүр Монголын YouTube контентын салбарыг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсандаа баяртай байдаг. Ялангуяа энэ салбарын хөгжил манай улсад асар хурдан өрнөж байна. Англи хэл дээр контент бүтээхэд л сарын дотор сая захиалагчтай болох бүрэн боломжтой байна шүү дээ. Энэ ч утгаараа жил бүр хийдэг YouTube Champ контентоор бид контент бүтээгээд сайхан амьдарч болдог юм шүү гэдгийг өөрсдөөрөө үлгэрлэх, цаашлаад хүсвэл хэнд ч ийм боломж бий гэдгийг харуулахыг зорьдог.
Контент бүтээгч байхын эерэг тал гэвэл видео контентоороо дамжуулж олон төрлийн зүйл хийж үзэх, хүссэн цагийн хуваариараа ажиллах, өөрөө ажлаа төлөвлөдөг болохоор өөртөө болон гэр бүлдээ хангалттай цаг гаргах гэхчлэн давуу талуудтай. Харин сул тал бараг л байхгүй болов уу.
Дэлгэрэнгүйг: “Би хэрхэн ажилладаг вэ?” - Mesmerism сувгийн хамтран үүсгэн байгуулагч Д.Ганцогт
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
НҮБ-ын Энхийг дэмжих MINUSCA ажиллагааны тагнуулын тасгийн офицер Д.Эрдэнэбилэг

Миний хувьд ойрын хамгийн чухал төлөвлөгөө бол энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон албан тушаалынхаа үндсэн үүргийг алдаа мадаггүй биелүүлж, эрүүл энх эх орондоо эсэн мэнд очих явдал.
Буцаж очсоныхоо дараа дарга, удирдлагууддаа энхийг сахиулах ариун үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн тухайгаа илтгэх мөчийг тэсэн ядан хүлээж байна. Үүний дараа сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх зэрэг урт хугацааны төлөвлөгөөндөө анхаарал хандуулна гэж бодож байна. Гэхдээ эхний ээлжинд даалгавраа нэр төртэй биелүүлж, эх орондоо очих нь хамгийн чухал.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Монгол Улс дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Чинюнь Дяо

Би жил бүр хувь хүнийхээ хувьд хөгжих, ур чадвараа нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргадаг. Тэгэхдээ унших номын жагсаалт гаргадаг юм. Өнгөрсөн жил би Жаред Даймондын “Галт зэвсэг, нян, ган” номыг уншсан. Энэ жил харин Лян Сычэнгийн “Хятадын эртний архитектурын түүх” номыг уншсан. Тэр номд эртний Хятадын барилгачид, архитектурын тухай, түүнчлэн Европын чулуун архитектур болон Хятадын модон архитектурын ялгааг тайлбарласан байна лээ. Би хувьдаа 10 гаруй жил зөгийн аж ахуйн музей удирдаж байсан туршлагатай болохоор музейн менежментэд их сонирхолтой. Ер нь би өөр өөр салбарын тухай уншиж судлах, харах өнцгөө тэлэх, мөн нээлттэй сэтгэлгээтэй байхыг хүсдэг.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Mazaal AI компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Энхболд

Ном унших дуртай ч амархан уйддаг төрлийн хүн болохоор олон ном зэрэг уншдаг. Сүүлд гурван ном зэрэг эхлүүлсэн. Тэдгээрийг санал болгоё. Эхнийх нь “The Courage to Be Disliked”. Гуравдагч өнцгөөс хоёр хүний яриаг харуулдаг нь таалагдсан. Дараагийнх нь стартаптай холбоотой “Influence: The Psychology of Persuasion” номыг уншаад үзээрэй. Хүний худалдан авах зан үйлийг шинжлэх ухаанчаар тайлбарладаг. Сүүлийнх нь “$100M Leads”. Танай бүтээгдэхүүнийг сонирхож байгаа хүмүүст ямар сувгаар, хэрхэн хүрэх тухай өгүүлнэ.
Дууны тал дээр Freddie Joachim-ийн хип хоп, жазз хольсон хөгжмүүдэд дуртай.
Киноны тухайд HBO-ийн White Lotus цувралын гуравдугаар улирлыг үзэж байгаа. Мөн удахгүй гарах The Last of Us 2-р улирал, Black Mirror 7-р улирлыг тэсэн ядан хүлээж байна.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг

Бяцхан Батчимэгт тохиолдсон хөгтэй ч гэмээр сургамжтай үйл явдлыг хуваалцъя. Бага байхдаа, нэг өдөр шинэхэн пальтоныхоо товчийг товчилж чадахгүй, ааваасаа “товчлоод өгөөч” гэж гуйхад аав над руу харснаа “Чад” гэж хэлчхээд зүгээр л хараад зогсчихсон. Тухайн үед жаахан гомдсон ч, оролдсоор байгаад өөрөө товчилж чадсан юм даг. Одоо бодоход, энэ ганцхан үг, гуравхан үсэг ямар их хүчтэй үг байгаа вэ? Магадгүй тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар ч бэрхшээл тулгарахад “би чадахгүй” гэж бодохын оронд “яаж чадах вэ?” гэж өөрөөсөө асуудаг дадалтай болсон байх.
Дэлгэрэнгүйг: “Би хэрхэн ажилладаг вэ?” - Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад дипломатч Д.Цахилгаан

Монголоороо байгаарай л гэж хэлмээр байна. Энэ нь гаднын зүйлсийг битгий сур гэсэн үг биш. Харин битгий дуурайгаарай л гэсэн үг.
Гаднын соёлд автаж байгаа залуу үеийн буруу гэж байхгүй ээ. Тэр нөхцөлийг нь бүрдүүлж байгаа хүмүүс л буруутай. Гэтэл монгол хүнд бурхнаас үнэхээр гайхалтай оюун ухаан, бас зовлон бэрхшээлийг давдаг үнэнхүү гүргэр гэмээр сэтгэлийн хат заяасан байдаг. Энэ чанаруудаа л битгий алдаасай гэж боддог.
Түүнчлэн, монгол зүйр цэцэн үгсээ ухаарвал ухаан нь аяндаа тэлээд ирнэ шүү. Тэгээд эцэст нь, үг дааж, ачаа дааж сураарай гэж хэлье.
Өмнөх оны нийтлэлүүд:
Шинэ оны тусгай дугаар - 2024
Шинэ оны тусгай дугаар - 2023
Шинэ оны тусгай дугаар - 2022
Шинэ оны тусгай дугаар - 2021
Шинэ оны тусгай дугаар - 2020
Шинэ оны тусгай дугаар - 2019
Шинэ оны тусгай дугаар - 2018
Шинэ оны тусгай дугаар - 2017

Сэтгэгдэл бичих

