Юун түрүүнд 2025 онд Unread-тай хамт байсан уншигч та бүхэнд талархал илэрхийлье. Энэ онд бид 691 нийтлэл бичсэн нь 2024 оныхоос чамгүй давсан үзүүлэлт болж байна. Тэр ч утгаараа энэхүү нийтлэлийг бэлтгэхийн тулд агуулгуудаа сорчилж, тав хүрэхгүй хувийг нь шигшинэ гэдэг амаргүй байлаа.
Энэ онд биднийг чимсэн 25 нийтлэлээ танилцуулахын өмнө энэхүү агуулгуудыг бэлтгэсэн редакцын хамт олноо алдаршуулах нь зүйтэй.

Оффисын баруун урд буланг оюуны бүтээлийнхээ агуй болгосон, хийж бүтээхийн хэнхэглэл, зохиож туурвихын зожигролтой Түшигт-Эрдэнэ болбоос угтаа Сүхбаатарын угшилтай, хурдан удмын хээр үрээ болой. Тэрээр энэ онд технологи, испорт, номын агуулгуудад тоос манарган түрүү магнайд давхиж, 76 нийтлэлд туурайгаа тамгалжээ.
Манай редакцын 2024 оны их олз омог, биотехнологийн салбараас шүүрсэн Гэрэлчимэг болбоос Unread-ийн шинжлэх ухааны агуулгуудыг базагч билээ. “Хэн хамгийн уран яруу гарчиг олох вэ?” тэмцээний хоёр удаагийн тэргүүн байрын шагналт тэрээр энэ онд хамгийн олон нийтлэл буюу 133 нийтлэл бичиж, шинжлэх ухаан болон медиа салбарт шагшим амжилт үзүүллээ.
Редакцад өнгөрүүлсэн он жил, цаг хугацаагаар нь тооцвоос хамгийн урт нас, удаан жаргалтай нэгэн болбоос эфир, редакц хоёрыг холбон тоглогч, магнаг үсгээр бичигдэхүйц маналзуулан ажиллагч Мажигсүрэн билээ. Тэрээр энэ онд 82 нийтлэл “алгаджээ”.
Монгол Итали хоёрын хооронд мориор жим гаргаж мэдэхүйц, үндсэрхэг агаад үгийн урантай бичээч болбоос Пүрэв гарагт төрсөн Доржоо хүү билээ. Бямбын Ренчин гуайн италижсан хувилбар тэрээр энэ онд мөн 82 нийтлэл бичиж, ард олноо ангайлгалаа.
Unread-ийн сүүлийн үеийн арга хэмжээний тойм, онцлох бизнес булангийн нийтлэлүүдийг арван хуруугаараа атгаад буй, шинэчүүдийн нэг болох Саранчимэг одоогийн байдлаар 24 нийтлэлийн ард гарчээ.
Хуулийн сургуулиас хүч түрэн орж ирсэн, Unread-ийн AI хочит Анужин болбоос бидний хамгийн сүүлд эгнээндээ нэгтгэсэн бялзуухай билээ. Тэрээр өнгөрөгч есдүгээр сараас хойш маналзсаар 23 нийтлэлийг машиндсан байна.
Мөн 2025 оныг хамтдаа бүрдүүлж, бичсэн нийтлэл, бүтээсэн агуулгуудаараа бидэнд үнэ цэн нэмсэн бусад бүх бичээч нартаа баярлалаа.
1. анир чимээгүйн шинжлэх ухаан

Товчлуур дарж, төхөөрөмж чихэнд хүргэмэгц орчлонгоос тасрах мэт болж, анир чимээгүйд автуулдаг технологи гэж бий. Энэ бол бидний мэдэх ANC буюу дуу тусгаарлах технологи. Бодит туршлагаас үзэхэд, дуу тусгаарлагчтай олон цагаар явсны дараа толгой өвдөх, тархи манантах шинж тэмдэг илрэх нь олонтоо. Тэгвэл энэ нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн үг үү? Ер нь энэ технологи хэрхэн ажилладаг, дуугарах боловч дуулдахгүй байдаг нь чухам ямар ид шидийн үйлчлэл гэдгийг шинжлэх ухаан талаас нь авч үзлээ.
2. Шинэ нээлтийг шинжлэх нь: Хавдрыг устгаж биш ухрааж эмчлэх арга

Маш энгийнээр тайлбарлавал, биеийн эсүүд “зогс” гэсэн дохиог сонсохоо больж, хэт олширсноор хавдар үүсдэг. Тус нийтлэлд дурдсанаар хавдрыг хүн төрөлхтөн хими болон туяа эмчилгээгээр аргалсаар ирсэн ч өнгөрөгч хоёрдугаар сард “Advanced Science” сэтгүүлд Өмнөд Солонгосын судлаачдын нэгэн судалгаа нийтлэгдсэн нь анагаах ухааны салбарт гойд чухал үйл явдал болоод байгаа юм. Тодруулбал, хавдрын эсийг шууд устгах командтай хими, туяа эмчилгээ нь бусад эд эрхтнийг ноцтой гэмтээдэг тул бараг л нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох дөхдөг. Харин энэхүү “ухрааж” эмчлэх арга гээд буй нь хавдрын эсийг шууд устгахын оронд эсийн хуваагдлыг тодорхой үе шат дээр нь зогсоож, эрүүл эс болгон хувиргах боломжийг нээсэн гэсэн үг.
Аливаа эрсдэлийн үр дүнд нь хариуцлага тооцох бус уг гарлыг нь таслан зогсоох нь хамгийн чухал. Тэгвэл энэ ухагдахуун анагаах ухаан, тэр тусмаа хавдрын өвчлөлд хэрэгжвэл ямар гээчийн гайхамшиг үйлчилж эхлэх бол?
3. Хиймэл оюунаар Ghibli зураг бүтээхгүй байх 3 шалтгаан

Шулуухан хэлэхэд, хэнбугайн ч оюуны өмчийг хиймэл оюун бут цохидог цөвүүн цаг үед бид амьдарч байна. Нөгөөтээгүүр хүн төрөлхтөн сайн муу, зөв бурууг нь тунгаалгүй сохроор хуулирдаг “трендлэг” ард түмэн юмсанж. Үүний нэгэн жишээг эл нийтлэлд сөргүүлэн хөнджээ. Хүн бүхэн OpenAI GPT‑4o загварын тусламжтайгаар зургаа бүтээлгэж байхад “Хиймэл оюунаар Ghibli зураг бүтээхгүй байх 3 шалтгаан” гэдэг нийтлэлийг Unread л бичих биз ээ.
Хэрвээ та оюуны өмчийг дээдэлдэг, хэн нэгэн уран бүтээлчийг хүндэлдэг, байгаль орчинд анхаардаг бол энэ төрлийн трендийг алгасаарай гэж зөвлөе.
Хиймэл оюун хөгжүүлж байгаа нь ч, хэрэглэж байгаа нь ч тэр хариуцлагатай, хүндэтгэлтэй байдлыг үл сахиваас ёс зүй гэдэг ойлголт ёроолдоо тулах нь байна шүү та минь ...
4. 10 мянган жилийн дараа “GOT”-ийн аймшигт чоныг амилуулсан нь

Нэгэнт технологийн эрин зуунд амьдарч буйнх, юм юм л үзэх шинжтэй. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 7-нд “Game of Thrones цувралаар алдаршсан Старкын гэр бүлийн аймшигт чоныг (dire wolf) амилуулсан” гэх мэдээ тус киноны шүтэн бишрэгчид болон технологи, кино салбарынхны дунд түймэр шиг дэгдсэн билээ.
Мөхсөн амьтдыг эргэн амилуулах технологи төдий шинэ биш бөгөөд 1990-ээд оноос хойш биотехнологийн салбарт мэрэгдсээр буй сэдэв ийнхүү бодит үр дүнгээр өндрийг аваад байна. Цухуйлгахад, аймшигт чонын 13 мянган жилийн настай шүд, 72 мянган жилийн настай гавлын яснаас гарган авсан ДНХ буюу удамшлын мэдээллийг сайтар судалснаар эл ажил эхэлжээ. Чухам үргэлжлүүлэн ямар үйл явц өрнөж, хэрхэн уг чоныг амилуулсан тухай бүтэн нийтлэлээс уншиж сонирхоорой.
5. Монголд ирсэн стриймэр Speed гэж хэн бэ? + Яагаад хамаатай вэ?

Бидний мэдэх нэгэн алдартай монгол кинонд “амьдрал гэнэтийн учралаар дүүрэн юм даа” гэдэг сэн, үнэхээр л тийм юм. Бичээчийн тодорхойлсноор стриймийн суутан хэмээн нэрлэж болох шинэ үеийнхний шүтээн болсон контент бүтээгч “iShowSpeed” Монголд зочилсон нь яах аргагүй өнгөрөгч дөрөвдүгээр сарыг өнгөлсөн үйл явдал боллоо.
Гэхдээ над мэтээс эхлээд түүнийг чухам хэн болох, ямар учраас, яагаад Монголд ирснийг төдийлөн мэдэхгүй хүмүүст зориулан түүний тухай байж болох хамгийн сонирхолтой өнцгүүдийг дөвийлгөн танилцуулсан нь энэ нийтлэлийг онцгой болгосон билээ.
6. Тусгай ярилцлага: Монголоос сэдэвлэсэн видео тоглоом 2 тэрбум төгрөг босголоо

Өнгөрөгч тавдугаар сард Монголын түүхээс сэдэвлэсэн “Windstorm: The Legend of Khiimori" нэртэй видео тоглоом Kickstarter платформоос 500,000 евро буюу хоёр тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг татаж чадсан. Шударгаар хэлэхэд, монголчууд өөрсдөө нэртэй, сүртэйдээ бус гагцхүү морь нь л Монголыг өнө эртэд ч, өдгөөд ч дэлхийд тамгалж буй тод жишээ энэ биз ээ.
Тус тоглоомд XIII зууны үеийн Монголын өртөөнд ажилладаг улаач охины адал явдал (action, adventure)-ыг харуулахын зэрэгцээ өргөн уудам нутгаар хэсэн (open world), олон төрлийн ер бус үзэгдлийн учрыг олдог (mystery).
Манай редакц тус тоглоомыг бүтээгч Aesir Interactive студийн маркетингийн ахлах менежер Руперт Очснертой ярилцаж, тоглоомын сэдэл, үйл явдал, компанийн тухай гээд олон талын мэдээллийг нэг дор багтаасныг тус нийтлэлээс уншаарай. Эл ярилцлага монгол уран бүтээлчдэд ташуур болно хэмээн найдаж байна.
7. Бурхад дайтах цагаар: Японы Эзэн Хааны айлчлалын эргэн тойронд

Энэ жил бидний орчуулан хүргэсэн хамгийн онцгой нийтлэл энэ байлаа. Учир нь миний хувьд уг нийтлэлийн эх хувилбарыг анх уншаад маш сонин өнцгөөс бичигдсэн нийтлэл шиг санагдаж, манай вебсайтад нийтлэгдэх ёстой эсэхэд эргэлзэж байснаа нуух юун. Учир нь уг нийтлэлийн бичээч Олон улсын эдийн засгийн дээд сургуулийн зочин профессор Икэда Норихико нь Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарын энэ удаагийн Монгол дахь айлчлалын үр нөлөөг тэр бүр хөндөөд байдаггүй шашны талаас эргэцүүлэн тайлбарласан нь яг л алимыг сансар судлал талаас нь, гэрлийн чийдэнг сонгодог урлаг талаас нь тайлбарлах гэж байгаа мэт санагдсан хэрэг. Гэлээ ч орчуулсан хувилбар нь нийтлэгдээд таван сарын хугацаанд 63,583 хандалт авсан нь шаардлагагүй эргэлзээ байсан гэдгийн нотолгоо болох биз ээ.
Бидний бусад нийтлэлтэй харьцуулахад улс төр, түүх, шашин шүтлэг гээд олон талын үзэл санаа, ухагдахуун хөндөгдсөн байх тул хэн нэгэн бичээчийн нийтлэлийг хэн нэгэн бичээч дүгнэн нурших нь илүүц гэж үзээд бүтэн нийтлэлийн холбоосыг шуудхан хүргэж байна.
8. Шинэ нээлтийг шинжлэх нь: Эрэгтэйчүүдийг жирэмснээс "хамгаалах" нь

Гарчгийг хошин байдлаар өнгөц дүгнэвэл, энэ нээлтийг барьцамтгай зантай эмэгтэй хүн нээсэн байх магадлал өндөр.
Дааврын хавсарсан эм, умайн хөндийн ерөндөг (IUD), дааврын наалт, тариа, бугалгын суулгац гээд жирэмснээс хамгаалах сонголтуудыг дагалдах гаж нөлөөнүүдийн хамт эмэгтэйчүүд олон аравны турш хольж сольж, хоршуулж хавсарсаар өнөөг хүрчээ. Өөрөөр хэлбэл, жирэмслэлтээс хамгаалах аргуудын ихэнхийг эмэгтэйчүүд дангаараа үүрсээр ирсэн гэсэн үг. Харин эрэгтэйчүүдийн жирэмснээс хамгаалах арга уртаашаа хоёр байдаг нь өргөөшөө нэгээр нэмэгдэж, бэлгэвч ашиглах, үрийн суваг боолгохоос гадна тэдний бие физиологийн онцлогт тохирсон, дааврынх нь зохицуулалтад үл оролцох байдлаар ажиллах жирэмснээс хамгаалах эмийг бүтээжээ. Эхний шатны туршилт нь амжилттай болсон тэрхүү эм хэрхэн ажилладаг тухай энэ нийтлэлд өгүүллээ.
9. 38 дахь удаагийн Номын баяраас онцлох 38 бүтээл

Эхний өдөр нь талбай асраар дүүрэн
Хоёр дахь өдөр нь тавиур номоор дүүрэн
Гурав дахь өдөр нь тархи оюунаар дүүрэн, тэр ямар өдөр вэ? Мэдээж үндэсний номын баяр. Уламжлал ёсоор бид 38 дахь удаагийн номын баяраас онцлох 38 номыг энэхүү нийтлэлээрээ танилцууллаа. Энэ удаа Unread редакцаас “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын түүвэр, “Гэж Юу Вэ?” шинжлэх ухааны сэтгүүл, “Тогоруйт агуй” шидэт реалист роман гэсэн гурван бүтээлээр номын баярт оролцсон. Мөн бидний эчнээ танил хэвлэлийн газруудаас гадна “AUM, Ритм, Хар муур” зэрэг шинэ залуу хэвлэлийн газруудын бүтээлийг сорчлон танилцуулснаараа онцлогтой.
10. unread-ийн нэгэн арван

Бид редакцынхаа 10 жилийн ойд зориулан сонины тусгай дугаар гаргасны сацуу өөрсдийн замнал, түүх, алдаа оноог дэнсэлсэн гурван нийтлэл бэлтгэн хүргэснийг онцлох нь зүйн хэрэг.
Огноо: “Unread-ийн нэгэн Арван” нийтлэлд бидний замнал, онцлох үйл явдлуудыг цаг хугацааны дарааллаар товч хүүрнэсэн.
Тоо: 10 жилийн түүхэндээ бид уншигч, хамтрагч байгууллага, салбарынхандаа үзүүлсэн үр нөлөө, чухал тоонуудыг энэхүү нийтлэлдээ онцолсон.
Үг: Unread-ийн Хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Ундрал онцгойлон уншигч та бүхэнд зориулан бичсэн захидал. Энэ бол зөвхөн манай редакцын баяр биш. Энэ бол багийнхан, түншүүд, уншигчдын минь ч баяр. Бяцхан санааг оч болгон үсэргэж, түүнийг гал болтол нь дүрэлзүүлсэн та бүхний баяр билээ.
Бүтэн нийтлэл унших:
10 жилийн түүхт Unread-ийн нөлөөллийг 10 тоонд
Unread-ийн 10 жилийн ойд: Уншигчдадаа хүргэх захидал
11. "OK" гэдэг үг хаанаас үүсэлтэй вэ?

Магадгүй бид нэрнээсээ ч олон удаа хэлдэг бас сонсдог үг бол “ок”. Гэхдээ бид энэ удаа зүгээр хэлээд өнгөрөх биш үүсэл гарлыг нь судлаад үзтэл нийтлэлийн дайны сонирхолтой агуулга гарч ирсэн нь эл бичвэрийн сэдэл болсон билээ.
1830-аад оны үед АНУ-ын Бостон хотын иргэд “all correct” буюу алдаа мадаггүй гэсэн үгийг хэргээр дүрмийн алдаатай товчилж (Oll Korrect) хэрэглэснээр бие даасан үг гэж тодорхойлоход ярвигтай “ок” гэх хоёр үсгийн хоршил үүссэн гэж үздэг. Гэхдээ үүсээд зогсохгүй өнөөг хүртэл бидний хэрэглээнд амьд байсаар буй нь ямар учиртай юм бол? Бас нийтлэлийн оршилд дурдсанчлан саран дээр ч цуурайтаад амжсан гэдэг нь ямар учиртай вэ гэдэгт бүтэн нийтлэл танд цэгцтэй тайлбар өгөх болно.
12. нобель 2025-ын эзэд


Уламжлалт нийтлэлүүдийн буухиа үргэлжилсээр. Бичээчийн тодорхойлсноор, Нобель бол “Хүн төрөлхтөн оюун санааныхаа хил хязгаарыг хэр их ахиулсан бэ?” гэх асуултын хариултыг сонсдог хамгийн догдлом үе билээ. Энэ жил бид Нобелийн шагналт нээлтүүдийг байгалийн шинжлэх ухаан буюу физиологи ба анагаах ухаан, физик, хими мөн нийгмийн шинжлэх ухаан болох утга зохиол, энх тайван, эдийн засаг гэсэн төрлүүдээр нь хоёр нийтлэлд хуваан танилцуулсан.
Ингэхдээ мэдээж төрөл тус бүрд шалгарсан бүтээлүүдийг энгийнээр тайлбарлахын сацуу шагналын эздийг ч салбар чиглэлтэй нь холбон танилцуулахаа мартсангүй.
Бүтэн нийтлэл унших:
13. Мачаны тухай 4 үнэн, 4 худал

2017 онд Брэд Питт GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өглөөний кофегоо мачагаар сольсноо дурдаж, цаашлаад Гвинет Пэлтроу, Кайли Женнер, Рианна зэрэг алдартнуудын байнгын хэрэглээ болсон энэ ундаа 2023-2024 онд жинхэнэ “бүүм” болсон билээ. Энэ үеэс л мача нь зөвхөн уламжлалт япон ундаа төдийгүй орчин цагийн эрүүл амьдралын хэв маягийг тодорхойлогч шинэ “соёл” болон дахин мэндэлсэн гэхэд хилсдэхгүй.
Анх Японы сүм хийдэд хэрэглэгддэг байсан энэ ундаа өнөөдөр бар, кафенуудын цэсний тэргүүн эгнээнд залрах болсон нь түүний эрүүл мэндийн эерэг олон ач холбогдол, зан үйл мөн дээрээс нь маркетингтай холбоотой. Тэгвэл мача яг ямар төрлийн ашигтай бодис агуулдаг вэ? Эсвэл зүгээр л зөвхөн маркетингийн ухуулга уу? гэдгийг энэ нийтлэлд төрөл бүрийн өнцгөөс товчлон бичлээ.
14. Улаанбаатарын хамгийн таатай оффис: Нано Интернэйшнл

Unread-ийн брэнд контентуудын нэг “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд” жагсаалт долоо дахь жилдээ уншигчдад хүрч байна. Энэ удаа Монголын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний зах зээлд 18 жилийн турш тэргүүлэгчийн байр сууриа хадгалж буй “Нано Интернэйшнл” компанийн шинэхэн төв оффисоор зочиллоо. Нано Интернэйшнл дэлхийд тэргүүлэгч 25 гаруй олон улсын корпорацийн 70 гаруй брэндийн 3,500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын бүх аймаг, сумын 8,000 гаруй худалдааны цэгт хүргэдэг. Бараг монгол хүн бүрийн гэрт, гал тогоонд, ариун цэврийн өрөөнд тэдний бүтээгдэхүүн байдаг гэсэн үг. 400 гаруй ажилтантай тус компанийн гол дүрүүд бол тэдний 360 төлөвлөлттэй оффис ба Сонсголонд байрлах агуулах юм.
15. Монгол бахархлын өдөрт: Б.Ринчен гуайн Холбоо үгийн хосгүй чадвар

Хоёрхон чавхдасаар хорвоог уяраагаад зогсохгүй холбоо үгээр хосгүй чадвараа гайхуулдаг ард түмэн бол монголчууд ажээ.
Эзэн богд Чингис хаан болон эх хэлний домогт суутан Бямбын Ринчен гуайн төрсөн өдөр ижил өдөрт болдог содон тохиолтой. Манай редакц эл Монгол бахархлын өдрийг эх хэлээ эрхэмлэн дээдлэх учиртайг эргэн санах өдөр хэмээн сэтгэж тус нийтлэлийг бэлтгэсэн билээ.
Бид нөхдийн дундаас хамгийн “эх хэлжүү” нөхөр нэрт орчуулагч Г.Аким гуайн нэгэн ярилцлагаас “алдарт эрдэмтэн Б.Ринчен гуайн “Монгол хэлний зүйн дөтгөөр дэвтэр: Өгүүлбэр зүй” хэмээх номыг нэг бүрчлэн уншиж судлах хэрэгтэй” хэмээхийг сонсоод тус номын эрэлд гарчээ. Ингээд хэсэг хугацаанд эрэл хайгуул хийж, хэдэн өдөр хайр дурлал болон уншиж дуусгасан номоосоо олж авсан сонирхолтой санаа, ухагдахууныг хуваалцсан нь энэ юм.
Энэ цагийн залуус бид эх хэлний эрхэм эзэд билээ.
16. Unread 100: Шинэ жилийн бэлгийн хөтөч 2025

Томоохон баяр бүрээр манай редакцын зүгээс уншигчдадаа барьдаг бэлэг бол “Бэлгийн хөтөч” нийтлэл юмсанж. Энэ удаа бид уламжлал ёсоор шинэ жилийн баяраар барьж болох 100 бэлгийг жагсаалаа. Ингэхдээ онцлох 10 бэлгийг нэмэлт мэдээлэл, зургийн хамт багтаасан, мөн зориулалт, өртөг зэргээр нь ангилсан тул сорчлоход хялбар, сонголт хийхэд дөхөм байна гэдэгт найдаж байна.
17. Unread Wrapped 2025: Оны онцлох стартапууд

Оны төгсгөлд боож баглах, нэгтэж цэгцлэх зүйлс олон бий. Unread Wrapped 2025 цуврал нийтлэлүүд хэдийнээ найман нийтлэлээ уншигч танд хүргээд байна. Бэлгийн сонголтыг тань хялбарчлах бэлгийн хөтөч, хамгийн “үзээтэй” хариултуудыг нэгтгэсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын булан, оны онцлох кино, ном гэх мэт. Тэр дундаа энэ онд гарааны бизнесийн ертөнц олз омог арвинтай байжээ хэмээн харж байна. Бидний онцлох зочдын санал болгосон стартапууд болон бусад wrapped нийтлэлүүдийг манай вебсайтаар зочлон уншаарай.
18. Онцлох төсөл: Ганган хөгжим

Хивсэн бүтээлэгт ширээ, хүрэн өнгийн чемодан, хоршин доргих ганган хөгжимчид. Дуу хөгжимд хайртай залуус энэхүү дүр зураглалыг инстаграмаас нэг удаа ч болов олж харсан нь гарцаагүй. Сошиал суурьтай, богино форматтай контентын салбарыг цөм өшиглөн орж ирсэн хоршил бол “Ганган хөгжимчид”. Нийгэмд ээлтэй, нийтэд эерэг зүйлс түгээсэн төслүүдийг танилцуулдаг “Онцлох төсөл” булангийн энэ оны тод өнгө нь яах аргагүй тэд байлаа. Тус булангийн форматын дагуу төслийн сэдэл, ялгарал, зорилго, саад тотгор зэрэг агуулгыг энэ нийтлэлээс унших боломжтой.
19. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад дипломатч Д.Цахилгаан

Бичих, орчуулах үйлсэд тэмүүлж явдаг залуусын дотроо амирлаж явдаг их багш нь тэрээр билээ. Түүний ажлын арга барил, амьдралын үзэл баримтлалаас хуваалцах зол завшаан тохиосон нь бидний хувьд нэр төрийн хэрэг байв. Нийтлэлийн гарчгийн дор нэмэлт үгэн зүүсгэл илүүц гэж үзээд бүтэн нийтлэлийн холбоосыг шуудхан хүргэж байна.
20. Бид яагаад уншиж буй номоо дуусгаж чадахаа больсон бэ?

Үр дүнтэй нь тэмцэх биш уг гарлыг нь таслан зогсоох гэж хичээсэн нийтлэл. Бид буруу бодоогүй бол залуусын унших дадал сошиал ертөнцийн давамгайллын сүүдэрт дарагдаж үлдээд байх шиг. Гэхдээ бид залуусын саруул ухаан, асуудлыг шийдвэрлэх чадвар бөхчхөөгүй гэдэгт итгэж байгаа тул уншиж буй номоо хэрхэн дуусгах тухай зааварлах бус чухам “яагаад” гэдэг асуултад нь хариулт өгөх замаар эерэг өөрчлөлтөд чиглүүлэхийг зорилоо.
Тус нийтлэлийг ч болов дуустал нь уншиж чадна гэж найдаж байна.
21. бидний эрхлэн гаргасан номуудын тухай


Бидний эрхлэн гаргасан “ХҮН: Нэгэн арван” номын тухай
Арванхоёрдугаар сар манай редакцын хувьд оюуны бүтээлийн хур арвинтай байлаа. “unread books” нэрийн дор улс төрийн түүхэн чиглэлийн нэгэн бүтээлийг эрхлэн гаргасан нь ХҮН намын өнгөрсөн арваны түүхийг өгүүлэх “ХҮН: Нэгэн арван”. Бид энэхүү номыг бүтээх явцдаа төөрөгдөл, гуйвуулга гарах эрсдэлээс зайлсхийсэн ба болсон үйл явдлыг хэтрүүлэх эсвэл багасгахгүйгээр, аль болох бодит баримтад түшиглэн хүүрнэхийг зорив.
Цахим Алт номын шинэчилсэн 3.0 хэвлэлийн тухай
2017 онд анхлан хэвлэгдэж, 2021 онд Нэпко хэвлэлийн газраас шинэчлэгдэж, энэ удаад гурав дахь шинэчлэлтээ хийж буй “Цахим Алт” ном бидний энэ оны отгон бүтээлүүдийн нэг болж байна. Энэхүү хувилбар нь блокчэйн экосистемийн сүүлийн жилүүдийн эрс шинэчлэл, технологийн огцом дэвшил, дэлхийн болон Монголын бодит хэрэглээ, зах зээлийн эрсдэл ба боломж, хууль эрх зүйн шинэ чиг хандлагыг цогцоор нь тусгаж, илүү өргөн хүрээг хамарснаараа онцлогтой.
22. Б.Маргад-Эрдэнэ - Өв соёлыг өдөр тутмын урлаг болгох нь

“Өртөөлөгчид” буланд хамаарах хөрөг нийтлэлээ бид энэ онд харьцангуй цөөн удаа “нэрсэн” ч ор хоосон ч бас байсангүй. Юутай ч "Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал бөгөөд энэ онд албан ёсоор нийтлэгдсэн гурван хөрөг бүтээлээс дархан мэргэжилтэй Маргадын нийтлэлийг онцолж байна.
Есөн минут урсах энэхүү нийтлэлээс олон нийтэд төдий л бүрэн утгаараа, дэлгэрэнгүй тайлбарлагдаагүй гэж хэлж болох дархан мэргэжлийг хайрлах, хүндлэх мэдрэмжийг авч үлдэх болов уу гэж найдаж байна. Хүний түүх, амьдралын замнал ямагт сонихон байдаг хойно доо.
23. Хүйсээс үл хамаарах карьер: Хөдөлмөрийн зах зээлийн хувьсал

Тогтвортой хөгжлийн агуулгад дурлагчдыг мэдээллээр тэтгэдэг “Тогтвортой хөгжил -2030” цахим товхимлыг дурдахгүй өнгөрч болохгүй. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, "Монгол цэргийн өдөр" (бидний нэрлэж заншсанаар Цэргийн баяр) давхар тохиодог гуравдугаар сард хүйсийн тэнцвэрт байдал, хүний эрхийн тухай асуудлуудад жилийн аль ч үеэс илүү анхаарал хандуулан авч үздэг. Энэхүү нийтлэлд “Бид жендэрийн тэгш эрхийг хангаж чадаж байна уу?”, “Хөдөлмөрийн зах зээл дэх хүйсийн тэнцвэргүй байдал”, “Ажлын байрны хүйсийн ялгаа ба цалингийн зөрүү” зэрэг сэдвийг хөндөж, бодит хариултыг эрэлхийллээ.
24. Бид ямар хотод амьдрахыг хүсэж байна вэ?

Утаа, түгжрэл, шатахууны хомсдол, ханиад томуу гээд аливаа улсын нийслэлд байж болох бүх муу муухай шинж Улаанбаатар хотод бүрдсэн мэт. Гэсэн хэрнээ “Энэ жил утаа арай танагтай байна уу? Ноднин бүр хоолой хорсож, хамар цоргиод байсан сан” гэж ярих нь хөөрхийлөлтэй. Тэгвэл бид чухам ямар хотод амьдарвал сэтгэл тэнүүн байх вэ? Магадгүй тэр хот шиг гээд жишээд хэлэх хот байна уу? Үүнд ул суурьтай, бодит боломжийг таниулсан хариулт өгч чадах нь гагцхүү энэ талын мэргэжилтнүүд. Тиймээс бид хот төлөвлөлт, архитектур, байгаль орчин, үл хөдлөхийн салбарын 10 төлөөллийг оролцуулан энэхүү асуултыг тавьсан юм. “Та ямар хотод амьдрахыг хүсэж байна вэ?”
25. Breitling Lands in Mongolia: 140 Years of Swiss Watchmaking Legacy

Энэ онд бид англи сонины 20 дугаар эрхэлж, дотоодын агуулгыг дэлхийн хэлээр, дэлхийн агуулгыг тэр хэлээр нь бичжээ. Швейцарийн тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч Breitling брэнд өнгөрөгч долоодугаар сарын 9-нд Монголд анхны албан ёсны дэлгүүрээ нээсэн тухай нийтлэлийг энэ удаа онцолъё. Цагны зах зээл 2030 он гэхэд 62.25 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд Монголын хэрэглэгчид дэлхийн хамгийн нэр хүндтэй, домогт цагны брэндүүдийн нэгийг эх орондоо албан ёсоор туршиж үзэх, худалдан авах онцгой боломж ийнхүү нээгджээ.
Унших соёлыг биечлэн биелүүлж яваа уншигч танд хамгаас их баярлалаа. Бид нийтлэл бүрдээ сэтгэл гаргаж, хянуур ажиллах болно. 2026 онд илүү чанартай агуулгуудаар уулзъя.
Unread Wrapped 2025 цуврал нийтлэл:
- Unread Wrapped 2025: Оны онцлох кинонууд
- Unread Wrapped 2025: Оны онцлох стартапууд
- Unread Wrapped: 2025 оныг түйвээсэн технологийн 25 үйл явдал
- Unread Wrapped 2025: Би хэрхэн ажилладаг вэ? - Шинэ оны тусгай дугаар
- Unread Wrapped 2025: Шинжлэх ухааны онцлох 5 нээлт

Сэтгэгдэл бичих (2)


З Зочин 2025.12.29 103.168.34.53
Chanartai gants wrapped gargachij boldogq yumu daa, hen ch unshihgui baahan olon yum gargahiinnnnnnn
З Зочин 2025.12.28 95.64.136.198
Баярлалаа Анрид <3 Нийтлэл бүр нь чанартай, сонирхолтой, хэрэгтэй байдаг даа <333 Мөн энэ нийтлэлийн эхэнд редакцийн хамт олныхоо яруу алдарыг "онц бөгөөд алиа" бичсэн нийтлэлч Э. Цэнгэгтээ баярлалаа<3